Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зовлон туулсан амьдрал” –ын тухай аймшигт дуртгал

Найман настайдаа эцэг эхийнхээ өрийн төлөөсөнд бусдад худалдагдан дөрвөн жилийн туршид хоногт 20 цаг хөдөлмөрлөсөн охин энэ тухайгаа “Зовлон туулсан амьдрал” ном бичиж олны хүртээл болгожээ.

Египетийн Шиима Холл охин египетийн Александрии хотын ядуусын хороололд 11 хүүхэдтэй гэр бүлд төрсөн юм байна. Хэдий гэр бүлээрээ ядуу ч гэсэн эцэг нь түүнийг өвөр дээрээ авч өсгөх үед түүн шиг жаргалтай хүүхэд байсангүй. Гэтэл түүнийг найман настай байхад 1998 онд төрсөн эгч нь нутгийн нэгэн баян, ажил олгогчийн гэрээс хулгай хийгээд баригджээ. Хэрэг заргын улмаас дуудагдсан ээжийгээ бяцхан Шиима Холл охин дагаад тэр айлд очиж.

Нутгийн баян охиныг хараад хэрэв энэ охиноо надад зарц болгоод өгвөл яахав, зарга заалихай бололгүй, хулгайлсан эд зүйлийг ч нэхэхгүй ингээд өнгөрье гэсэн байна. Гэтэл ээж нь “За яахав тэгье” гэж хэлэхэд бяцхан охин арай л ухаан алдаж унасангүй. Охин хэчнээн чарлаж танихгүй айлд битгий үлдээгээч гэж гуйсан ч ээж нь “Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө” гэснээр хэрэг нэгэнт шийдэгдэх нь тэр.  

Ингээд л баян айлд зарцлагдаж өнгөрүүлсэн дөрвөн жилийн амьдралаа одоо 24-тэй Шиима бүсгүй “Зовлон туулсан амьдрал” нэртэй ном болгон хэвлүүлсэн байна. Тэрээр “Ийм зүйл байдгийг хүмүүс мэдээсэй гэж би бодсон юм. Энэ номд өгүүлсэн амьдрал,  боолчлол  бол түүх биш. Зүгээр л хажуу дэргэд чинь байгаа зүйл” гэж Шиима өөрөө People сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна.

Номд өгүүлснээр тэрээр дөрвөн жилийн туршид харанхуй оромжинд торон дотор амьдарч хоногт 20 цаг ажиллаж байжээ.
Өөрөө наймхан настай тэрээр баян эзний гурван настай хоёр ихрийг харж өглөөнөөс орой болтол зүтгэхийн зэргэцээ хар бор ажил хийнэ. Тэгэхэд гэрийн эзэн түүнийг байнга зодож, эхнэр нь болохоор “Тэнэг боол” гэж харааж яншина.

Ингээд хоёр жил өнгөрөхөд баяны гэр бүл Калифорнид шилжин ирснээр охины амьдрал бүр ч дордсон байна. Тэр өглөө 5,30 цагт босч хүүхдүүдийг сургуульд явахад нь бэлтгэж арай гэж явуулаад дараа нь гэрийн бүхий л ажлыг хийнэ. Түүнийг өдөрт нэг удаа жаахан амарч, нэг удаа гэр бүлийнхний идсэнээс үлдсэн хоолноос идэхийг л  зөвшөөрдөг байж. Тэр яг л нохой шиг жижигхэн торон дотор зөвхөн гудсан дээр л унтдаг байсан гэнэ. Охиныг өөрийнхөө хувцасыг угаалгын машинаар угаахыг зөвшөөрдөггүй, гэрийн ард хашаан дотор хувинд л угаадаг байжээ.

Гэтэл азаар 2002 онд хэн нэгэн нь энэ тухай мэдэж өргөдөл бичиж хүүхэд хамгаалах төвд илгээснээр цагдаа, нийгэм хамгаалал, цагаачлалын албаны хүмүүс баяныд ирэн охиныг сулласан байна.
Шиима охин суллагдаад эцэг эхтэйгээ холбоо барихад охиныг хэдийнээ өөрийгөө боомилж нас барсан гээд хэлчихсэн гэрийнхэн нь уй гашуу болчихсон байж байсан гэнэ. Эцэг нь охиноо Египет рүү эргэн ирээч гэсэн ч охин өөрөө сонгож Америкт үлдэхээр шийджээ.
Түүнийг хүүхэд асрах төвөөс нэг айл үрчилж авснаар тэр Америкийн иргэн болж коллеж төгсөөд одоо нэгэн дэлгүүрийн менежерийн туслахаар ажиллаж байна.

Үүнийхээ зэрэгцээ Шиима Холл хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймаа, боолчлолын асуудлаар мэдээлэл түгээх ажил хийж нэг нартай сайхан өдөр Цагаачлал болон гаалийн цагдаагийн ажилтан болно гэж мөрөөдөж явна.

Тэр хэдийгээр зовлонт бэрх амьдрал туулсан ч гэсэн өнөөдөр жаргалтай нэгэн болж эрх чөлөөтэй сайхан амьдарч явна. Тэр гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадаагүй байтал эцэг нь нас барсан гэнэ. Гэхдээ тэр нэг л сайхан өдөр ах эгч нартайгаа уулзана гэж иртгэж яваа.

Харин түүнийг дөрвөн жилийн турш мал шиг зарцалж байсан гэр бүлийнхэн хуулийн хариуцлага хүлээж гурван жил хоригдоод эхнэр нь Египет рүүгээ буцаж, харин нөхөр нь өмнөд Калифорнид амьдарч байж магадгүй гэнэ. Гэхдээ  аз жаргалаа олсон Шиима бүсгүйд энэ бүхэн юуны хамаа байхав дээ.

0 Сэтгэгдэл
booltoi bolmoor bna
Хамгийн их уншсан