Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” зэсийн баяжмалаа эцсийн хэрэглэгчид шууд нийлүүлнэ


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд нэг жилийн ажлын тайлангаа саяхан тавьсан билээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд 567.9 мянган тонн зэсийн, 3984 тонн молибденийн баяжмал экспортолсноор зэсийн баяжмалын төлөвлөгөөгөө 101.5 хувиар  биелүүлсэн аж. Нийт экспортолсон бүтээгдэхүүний борлуулалт нь 1.1 их наяд төгрөг болжээ. Тэгэхдээ Экспортын гэрээний нөхцөлийн дагуу 95-100 хувийн урьдчилгаа төлбөр авч худалдан авагчдад зэс, молибденийн баяжмалаа нийлүүлэв. Тэд энэ онд 114 мянган тонн цэвэр зэс, 1365 тонн молибдени  үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 6930, молибден 23.5 мянган ам.доллар байна. Өнгөрсөн онд нэг тонн цэвэр зэсийн дундаж 6900-7000 ам.доллар байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” сар бүр дэлхийн зэсийн зах зээлийн төлөв, нөөцийн судалгааг хийдэг. Ялангуяа Хятадын зах зээлийн байдал, зэсийн импорт, үйлдвэрлэлийг тандан судалдаг юм. Ингэж гэмээнэ зэс молибденийн баяжмалын үнийн тооцоо хийдэг. Тус  үйлдвэрийн баяжмалыг Америк, Европ, Япон, Солонгос, Хонконгийн 10 гаруй худалдааны компани авдаг ажээ. Тэд  “Эрдэнэт” үйлдвэрээс авсан  түүхий эдийг Хятадын зах зээлд худалдаалдаг. Өөрөөр хэлбэл манай зэсийн баяжмал олон орны худалдааны компаниар дамжиж урд хөршийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн үг.  Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч, үнэ  ханшийг нь сар тутам шинэчилдэг. Тэгэхдээ  Лондонгийн металлын биржийн зэсийн ханшийг суурь үнэ болгодог ажээ.

Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Худалдааны асуудал эрхэлсэн орлогч Х.Өлзий-Оршихын өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаас түүвэрлэн өгүүлье.

-Өнгөрсөн онд дэлхийн өнгөт металлын зах зээлийн төлөв байдлын судалгаа, зэс, мөнгө, молибденийн оксидын үнийн хэлбэлзэлийн төсөөллийн бүрэн хэмжээний 36 мэдээлэл бэлтгэсэн. Ингэснээр үнэ ханшийн мэдээллийн баялаг сантай боллоо.  Үүнээс гадна зэс, молибденийн Экспортын гэрээний нөхцөлийг сайжруулах судалгаа хийж санал боловсруулж,  бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид шууд нийлүүлэх харилцаа тогтоох, хамтран ажиллах эхлэл тавигдсан байна.

-“Эрдэнэт” үйлдвэр шаардлагатай бараа материал худалдан авахаар өнгөрсөн онд 123 сая ам.долларын 391 гэрээ байгуулсан аж. Үүнийг 2012 оныхтой харьцуулбал худалдан авалт 37.7 хувь буюу 74.6 сая ам.доллараар бууруулав. Зөвхөн өдөр тутмын хэрэгцээт бараа, материал, зайлшгүй хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл худалдан авах зарчим баримталжээ. Тухайлбал, түлш шатахуун, ган бөмбөлөг, химийн урвалж, тэсэлгээний материал, дугуй зэргийг худалдан авсан байна. Иймд өнгөрсөн онд нийт худалдан авсан бараа материалын нийт гэрээний 57.8 хувийг үйлдвэрлэлийн үндсэн технологийн хэрэгсэл эзэлж буй юм.

-Бараа, материал сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй гэрээ байгуулах зарчим баримтлав. Мөн гадаадын үйлдвэрлэгчидтэй байгуулж буй гэрээний зайлшгүй шаардлагатай урьдчилгаа төлбөрийг  хамгийн бага хэмжээнд тогтоожээ. Үүний үр дүнд 2012 онтой харьцуулахад авлага 21 хувиар буурсан аж.
-Өнгөрсөн оны эхэнд байгуулсан гэрээнүүдийн үнэ, нөхцөлийг эргэн судлалаа. Судалгааны үндсэн дээр  үнийг нь буулгах, зарим гэрээг хүчингүй болгосон байна. Үнийн бодлого хэрэгжүүлж худалдан авсан бараа материалын үнийн бууралтаас 38 тэрбум төгрөг хэмнэв. Шууд үйлдвэрлэгчээс худалдан авсан бараа материал нийт үнийн дүнгийн 25 хувийг эзэлжээ. Энэ нь 2012 онд 10 хувьтай байсан аж.

-Үйлдвэрийн материал техник хангамжийн бааз, цехүүдийн агуулахад байгаа  хөрөнгийн үлдэгдэл, хэрэглэх хугацааг тогтоосон байна. Тэгээд үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгаа бараа, материалыг борлуулаж, актлав. Иймд 139 тэрбум төгрөгийн бараа материал 30 тэрбумаар буурч 109 тэрбум төгрөг болжээ.
Энэ онд тавьж буй гол  зорилтоо тэрээр ингэж тодорхойлов

-Бүтээгдэхүүний худалдааны нөхцөлийг сайжруулна. Зэс молибденийн баяжмалыг дэлхийн зах зээлд борлуулахдаа эцсийн хэрэглэгчид нийлүүлэх боломжийг судалж хэрэгжүүлнэ. Мөн баяжмалын сав баглаа боодлыг орчин үеийн шаардлагад нийцүүлж,  барааны бүрэн бүтэн байдлыг харгалзан шинэчлэх юм.

-Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Тэр дундаа Орхон аймгийн үйлдвэрлэгчийг дэмжих бодлого баримтлана. Хамгийн гол нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл байх шаардлагатай. Өөрөө үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан үйлдвэрлэгч бараа санал болговол гэрээ байгуулж хамтран  ажиллахад бэлэн гэсэн үг юм.

-Гадаадын үйлдвэрлэгчтэй шууд хамтран ажиллах зорилго бий.  Товчхондоо гадаад харилцаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх  ажээ.
-Ажилтны ур чадварыг дээшлүүлэх бодлого баримтлах юм. Худалдааны хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, ажлын хувиарлалтыг боловсронгуй болгох, ажилтнуудын мэдлэг ур чадварыг хөгжүүлнэ. Төлөөлөгчийн газруудад үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ.

-Бараа материалын үлдэгдлийг бууруулна. Үйлдвэрлэлд ашиглах бараа материалын  оновчтой тоо хэмжээг тогтоох судалгаа хийх ажээ. Өөрөөр хэлбэл агуулах дахь үлдэгдэл барааг бууруулах бодлого үргэлжилнэ гэсэн үг.
-Логистикийг сайжруулж, оновчтой болгоно. Эрдэнэтийн овоо ордын Хаалтын менежментийн бодлогыг боловсруулсан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн Материал техникийн хангамжийн баазыг Төвийн бүсийн худалдааны логистикийн төв болгох судалгааны  ажлаа эхлэх юм. Мөн вагоны сул зогсолтын цагийг багасгаж ашиглалтыг нь нэмэгдүүлэх болжээ.
Дашрамд дурдахад, манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг Эрдэнэтийг хагас  зууны тэртээ Орхон Сэлэнгийн сав газарт Монгол Чехийн геологичид хийсэн хайгуулын үр дүнд нээсэн билээ.

Өөрөөр хэлбэл тэд 1964-1968 оны хооронд Эрдэнэтийн овоо зэс, молибденийн ордыг нээв, Харин нөөцийг нь оросууд 1971 онд тогтоосон байна. Уг орд  25  км урт, гурван км  өргөн, зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон. Үүнээс хойш “Эрдэнэт” үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явуулаад 36  жил болж байгаа юм. Тус үйлдвэр жилд 500 мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг гээд бодохоор өнгөрсөн 35 жилийн хугацаанд 17.5 сая тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. 


100 сая тонн зэстэй хүдрийн таамаг нөөцтэйг тогтоожээ 

“Эрдэнэт” үйлдвэрийн хөгжил, уурхайн хаалтын менежментийн талаар өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаа Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу тавьсан юм. Түүний тайлангаас товчлон хүргэе.
-Дулааны цахилгаан станцад 2.5 мВт хүчин чадалтай хоёр ширхэг турбингенератор суурилуулж ашиглалтад өгчээ. Ингээд өнгөрсөн онд 36.56 сая кВт цахилгаан үйлдвэрлээд байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 2013 оны гуравдугаар сарын 19-ний  өдрийн А/161 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зэс хайлах үйлдвэр барих судалгааны ажил хийж буй юм. Тус ажлын хэсэг Автсралийн ”Ausmelt” компанийн “TCL” технологийг сонгон авч зэс хайлах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Мөн үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль, Шинжилгээний төв лаборатор, Инженерийн зураг төслийн төв болон хөгжлийн хэлтсийг өргөжүүлж эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбор болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

-Эрдэнэтийн овоо ордын Төвийн хэсгийг ашиглах ТЭЗҮ, инженерийн зураг төслийг гүйцэтгэж, хүдэр олборлож эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд тус хэсгээс 1275 мянган шоо метр уулын цул олборлосон байна. Үүний 625 мянган тонн нь 0.42 хувийн зэс агуулсан исэлдсэн хүдэр юм.

-Ордын Баруун хойд хэсгийг Төвийнхтэй хамт олборлохдоо баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн захын агуулгыг 0.15 хувь болгох тооцоо хийжээ. Үүнийг дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэтэй уялдуулан хэрэгжүүлснээр уурхайн ашиглах хугацаа таван жилээр нэмэгдэх боломжтой болно. Дээрх хоёр хэсгийг хамт олборлосноор уурхайн ашиглах хугацаа хүдэр дэх зэсийн захын агуулга 0.15 хувь бол 42, 0.25 хувь гэвэл 37 жил болох ажээ.
-Одоо ашиглаж байгаа уурхайн хил хязгаарыг өргөтгөх ТЭЗҮ, инженерийн зураг төсөл хийснээр уг ордын Баруун хойд хэсэгт батлагдсан хүдрийн нөөцийг бүрэн олборлох боломж бүрдэнэ.

-Төвийн хэсгийн хүдрийн нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулжээ. Үүнд 206.7 сая тонн хүдрийн нөөц багтсан байсан. Өнгөрсөн оны геологи техникийн даалгаврын дагуу гүйцэтгэсэн өрөмдлөг, физикийн ажлын үр дүнд Төвийн хэсгийн үндсэн хүдрийн биет нь одоо ашиглаж байгаа уурхайн хүрээнээс зүүн урд тал руу гурван км үргэлжилж буйг тодруулсан байна.  Энд 100 сая тонн зэстэй хүдэр хүдрийн таамаг нөөц байгааг тогтоожээ. 

-Үйлдвэрийн ажилчдын нийгмийн тулгамдсан асуудал бол орон сууц. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр-Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Эко хороолол”, гадаад мэргэжилтний “Москва-300” орон сууцны хотхон байгуулна. Орхон аймгийн ЗДТГ-аас үүнийг дэмжиж газрыг нь олгожээ.
-Энэ оноос “Эрдэнэт зах зээлийн индикатор”, “Эрдэнэт Эйрлайн” нисэх онгоцны буудал зэрэг төсөл хэрэгжүүлэх боллоо.  Нисэх онгоцны буудал байгуулахдаа урд нь ашиглаж хаягдсан буудлыг бүрэн засч тохижуулах аж.

-Хаалтын менежментийн бодлогын хүрээнд “Уурхайн хаалтын чиг баримтлалын төсөл” боловсруулна. Ингэснээр уурхайн төлөвлөлт бүрэн болох төдийгүй менежмент хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Уг ажлын хүрээнд Эрдэнэт хотод ирээдүйд аж үйлдвэр бизнесийн цогцолбор байгуулах ажээ. Жишээлбэл Засвар механикийн заводыг машин угсрах /үйлдвэрлэх/  төв, механик судлалын хүрээлэн болгоно. Үйлдвэрийн замын байгууламжийг хэвээр хадгалж авто спорт хөгжүүлэх цогцолбор болгоход бэлдэх юм.

0 Сэтгэгдэл
tniltsuulggui kompan
Хамгийн их уншсан