Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОХИР ДУНДАА ӨВӨЛЖСӨН ХАН-УУЛЫНХНЫ МАГНАЙ ТЭНИЙХ НЬ

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн заасан. Гэвч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн хувьд хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй, бүтэн зургаан сарын нүүр үзэж байна. Учир нь, тус хорооны нутагт байрлах  “UB town” гэх хотхоны ойролцоо өнгөрсөн есдүгээр сард бохирын шугамны бохир хальж, хөрс, агаар бохирдуулан өнөөдөртэй золгожээ. Урин дулааны цаг айсуй энэ үед хөлдсөн бохир нь хайлбал элдэв халдварт өвчин дэгдэх магадлал өндөр. Энэ асуудлыг “Эх орон” телевизийнхэн хөндөхдөө дүүргийн удирдлага, ИТХ-ын дарга нар ажлаа хийсэнгүй, бохир хальчихаад байхад юу ч мэдээгүй юм шиг сууж байна гэсэн утгатай сурвалжлага гаргасан удаатай.
Тиймээс бодит мэдээллийг авахаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Бас-Оргилоос тодруулаа.  

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт бохир халиад удаж байгаа гэж дуулдсан. Үүнийг цэвэрлэж зассан уу?
-Өчигдөр /уржигдар/ дүүргийн Засаг даргын орлогч Отгонбаатараар удирдуулсан УСУГ, ашиглалт хариуцсан “Wizard” ХХК-ийн мэргэжилтнүүд багтсан  ажлын хэсэг хуралдаж  арга хэмжээ авсан. Тэр хавийн орон сууцнуудын цэвэр усыг хоёр өдөр хааж, бохирын нацосыг нь солих шаардлагатай байгаа. Мөс цэвэрлэх, бохир соруулах, ариутгал хийх гээд олон ажил бий. Үндсэндээ, өнөө орой гэхэд дуусгахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Дахиж бохир халихааргүй болгоно.
-Жил бүр ингэж бохир халиад байдаг гэл үү?
-Өнгөрсөн жилүүдэд бохир хальж байгаагүй. Бохирын цооног нь ачаалал ихтэй ч, даагаад ажилладаг байсан. Харин өнгөрсөн зун “Тайж” бил үү, нэг компани 120 айлын орон сууц барьж, бохирын шугамаа тэр цооногт холбосон юм. Техникийн нөхцөл аваагүй байж холбосон байхад уг орон сууцыг хүлээж авсан Улсын комиссынхонд хатуухан хариуцлага тооцох үүргийг нийслэлийн Засаг дарга Бат-Үүл өгсөн. Тэр бүү хэл, хүлээж авсан Улсын комисст ажилласан албан хаагчдын нэрсийг зарлахаар болоод байгаа.
-Юунаас болсныг тог­тоосон уу. Намраас хойш яагаад арга хэмжээ авалгүй өнөөг хүрсэн юм бэ?
-Ойр орчимд нь барилга барихдаа 200 айлыг холбох хүчин чадалтай бохирын цооногт 1200 гаруй айлыг холбон, норм стандартаа зөрчсөнөөс инженерийн шугам сүлжээ хүчин чадлаа дийлэлгүй эвдэрсэн хэрэг. Холбох зөвшөөрлийг өмнөх хотын удирдлагын үед албаныхан өгсөн байдаг. Анх хальснаас нь хойш арга хэмжээ огт аваагүй биш дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага өгч байсан. ИТХ-ын тэргүүлэгчид ч газар дээр нь очиж танилцсан удаатай. Гэтэл УСУГ,  ашиглалт хариуцсан компани, СӨХ гээд хэд, хэдэн газар хариуцлагаас зайлсхийж “Манайх хариуцахгүй, чи хариуцна, би зөвшөөрөл өгсөн, чи өгөөгүй“ гэхчлэн бие бие рүүгээ чихсээр хугацаа алдсан. Ингэж  явсаар хамгийн сүүлд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шаардлагатай хөрөнгийг нь шийдэж өгснөөр өнөөдөр арга хэмжээ авч чадлаа.
-Ямар хэмжээний хө­рөн­гө шаардагдсан юм бол?
-Газар доорх бохирын дөрвөн ширхэг өргөх станц шинээр солиход нийслэлээс 15 сая төгрөг гаргасан. Мөс цэвэрлэх, ариутгал хийх, бохир соруулах зэрэг ажилд зориулж дүүргээс нэмж таван сая төгрөг гаргасан байгаа.
-Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг газар дээр нь очиж үзэхээс татгалзан тайлбар өгөлгүй зугатлаа гээд телевизээр гарсан. Та нар үнэхээр асуудлаас зугтсан юм биш үү?
-Зугатсан юм байхгүй. Хурлын дарга бол удирдах үүрэг хүлээсэн хариуцлагатай хүн. Өдрийн ажлын хуваар нь цаг, минутаар төлөвлөгдсөн байдаг. Гэтэл сэтгүүлч урьдчилж цаг тохиролгүйгээр ирээд дайрч давшилж, илт буруутгасан, тулган шаардах байдал гаргахаар хэний ч уур хүрнэ биз дээ. Хурлын даргын өрөөнд ярилцаад гарсныхаа дараа гарч буй зургийг нь авангуутаа зугатлаа маягийн буруутгасан мэдээлэл цацсан. Хоёр хүний хоорондын харилцааны асуудлыг дэвэр­гэж мэдээлсэнд би хувьдаа харамсч байна.
ИТХ-ын тэргүүлэгчид Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Харин Засаг дарга хуульд заасан үүргийнхээ дагуу иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Гэтэл эрх үүргийн хувьд шууд хамааралтай биш хүнийг буруутгах нь ёс зүйгүй үйлдэл. Мэдээж, хэвлэл мэдээллийн байгууллага дөрөв дэх засаглал гэдэг утгаараа төрийн байгууллагад гарч буй хүнд суртал,  хариуцлагагүй байдлыг шүүмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хэт нэг талыг барьж, шууд хамааралтай биш хүнийг буруутгаж болохгүй л дээ.

Г.Болортунгалаг

0 Сэтгэгдэл
za,setgvvlchig bitgii ulain caim gvtgeed bai??mash muuhai darga bilee?bid tw harj bsn sh de,ene darga archaagvi ene muuhai zangaa zaswal zvgeer dee,setgvvlch chamas asuult asuusn blhs hel amaar doromjloogvi,yostoi hvvhdvvdin yaridg bantana gedeg l ene bh daa
Хамгийн их уншсан