Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БАТБОЛД: БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БҮРЭН ЗАРЦУУЛНА

БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Д.Батболдтой ярилцлаа.

-Байгалийн нөөц ашиг­ласны төлбөрийн тухай хуу­лийн журам батлагдсан. Журмаар юуг зохицуулсан бэ?
-Өнгөрсөн баасан гарагт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтыг хянах нэртэй журам батлагдан гарлаа. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарч буй энэхүү журамд ой, ус, ан амьтан, байгалийн ургамал, газар гэсэн таван бүрэлдэхүүний нөхөн төлбөрийг нэлээн нарийн тусгаж өгсөн юм. Энэ талаасаа маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, 2000 онд батлагдсан журамтай харьцуулахад зарчмын том ялгаатай.
-Тухайлбал?
-Жишээ нь, журмаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөрийн асуудлыг тусгасан. Нэг ёсондоо, хуримтлагдсан төлбөрөөр нь эргүүлэн яаж байгалиа нөхөн сэргээхэд ашиглах вэ гэдгийг нь нарийн зохицуулж өгсөн. Ерөнхийдөө, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа жирийн бүсийнхээс гурав дахин их төлбөр төлөх ёстой байдаг. Харин тэр орж ирсэн төлбөрийнх нь 30 болон түүнээс дээш хувь нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийг хамгаалах, нөхөн сэргээхэд нь зарцуулагдах ёстой. Энэ утгаараа цоо шинэ асуудал. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд ч том боломж нээж өгч байна гэсэн үг.
-Ер нь, Богд уулын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд  өмнө нь газар ашигласны төлбөрөө төлдөг байсан юм уу. Төлдөг бол хэдэн төгрөг төсөвт төвлөрдөг юм бэ?
-Төлөлгүй яахав. Богд уулын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн газрын төлбөр гэж жилдээ ойролцоогоор 5-6 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт ордог. Гэхдээ эргээд байгаль орчныхоо нөхөн сэргээлт, тохижилтод зарцуу­лагд­даггүй байсан. Энэ орхигд­сон зүйлийг л энэ журмаар цаашдаа зохицуулж явах юм.
-Газар ашигласны төл­бө­рийн хэдэн хувь нь байгальдаа эргээд зарцуу­лагдана гэсэн үг үү?
-Төлбөрийн 30 хувь буюу дунджаар 1-2 тэрбум төгрөг Богд уулын нөхөн сэргээлт, цэвэрлэгээ тохижилтод зарцуулах ёстой. Энэ бол том боломж. Учир нь, явган аялал хөгжиж буй өнөө үед аялагчдад зориулж тэмдэгжүүлэх, цэвэрлэгээ, тохижилт хийхэд шаардлагатай хөрөнгийг энэ журмаар гаргаж өглөө. Өмнө нь хуулиараа тодорхой хэмжээний мөнгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан ч, яг юунд зориулагдах нь тодорхойгүй байсан. Нарийн ч зааж өгөөгүйгээс орон нутгийн удирдлагууд хөрөнгийг нь байгаль орчны төлөө гэсэн нэр барьж янз бүрийн зүйлд зарцуулж байсан удаатай.
-Өнгөрсөн жил гэхэд хэдэн төгрөг төвлөрсөн юм. Энэ мөнгө эргээд байгалийн нөхөн сэргээлтэд 100 хувь зарцуулагдсан болов уу?
-2013 оны тооцоогоор 48 тэрбум төгрөг төвлөрсөн. Гэхдээ тусгай хамгаалалттай газрын тооцоо, бүртгэл бүрэн гараагүй байж магадгүй. Жишээ нь, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар ойн нөөц ашигласны төлбөрийн 85 ба түүнээс дээш хувийг нь нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой гэж заасан байдаг.
Харин байгалийн ургамлын тухайд 30 хувь, ангийн нөөц ашигласны төлбөр 50 болон түүнээс дээш, ус бол 55 хувь, газар бол 30 хувь болон түүнээс дээш хувиар төлнө гээд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил байгалийн нөөц ашигласны төлбөрт төвлөрсөн мөнгийг байгалийн таван бүрэлдэхүүнд хуваахаар байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд 24 тэрбум төгрөг зарцуулах ёстой юм. Гэтэл энэ мөнгө бүрэн зарцуулагдаагүй. Ойрол­цоогоор 5-6 хувь нь бай­галийнхаа нөхөн сэргээлтэд зарцуулагдсан. Энэ бол  маш бага хувь.
-Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн учраас цаашдаа байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө мөнгөний гачаал гарахгүй юм байна гэж ойлголоо?
-Орон нутгийн удирдла­гуудын сэтгэл л мэд­нэ. Уг нь, хуулиар орон нутгийн удирдлагад байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 57 үүрэг өгсөн. Үүргээ биелүүлэхэд нь хөшүүрэг болсон хөрөнгө мөнгө нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг дагаж гарсан журмаар асуудалгүй төвлөрөх нь байна шүү дээ. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд ус, ой, ан, байгалийн ургамал, газрын нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгөтэй болж байгаа учраас асуудалгүй байх аа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан