Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ХАРЖ БАЙЖ ШИЙДНЭ

Энэ долоо хоногийн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаараа Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хийсэн ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Захын хорооллоор ша­та­хууны хомсдолтой байгаа гэсэн мэдээлэл байна. Газ­рын тосны газраас хэ­вийн гэсэн атлаа Гачуурт орчимд АИ92 хомсдоод байна?
-Нефть импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах яриа хэлэлцээр цаашдаа үргэлжилнэ. 5, 10  төгрөгийн хэлбэлзэл гарна гэж хэлсэн шүү дээ. Тийм асуудалд гэрээний дагуу ажиллана. 10-20 төгрөгийн хэлбэлзэл дээр Засгийн газар заавал тэд байлга гэж шаардахгүй хэлэлцэнэ. Үүнийг мушгиж 10, 20-иор нь нэмээд 100 төгрөг болгох нь ч гээд байгаа. Тийм зүйл байхгүй. Хомсдолыг зохиомлоор үүсгэж байна.
-Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг хэзээ шийдэх вэ?
-Оюу толгойд Монголын Засгийн газраас хамаарч байгаа зүйл нэг ширхэг ч байхгүй. Дэлхийн зах зээлийн байдал зэргээс хамаарч өнөөдөр хөрөнгө оруулах шаардлага бий юү гэж “Рио Тинто” компани эргэлзэж байгаа. Ажил огт зогсоогүй. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад далд уурхайн ажлаа эхлүүлье гэж байгаа. Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж, гүний уурхайд хийх хөрөнгө оруулалтаас бусад ойрын үед хийх ажлуудаа ярьсан. Эдийн засгийн байдлыг харж байгаад шийднэ.
-“Буянт-Ухаа-1” хороол­лын орон сууцанд хэдэн хүний хүсэлтийг хүлээж аваад байгаа вэ. Зарим иргэ­ний хурууны хээг танихгүй байна гэсэн асуудал гарсан?
-ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгасан чухал үйлчилгээ болсон. “Буянт-Ухаа-1” хорооллын захиалгыг яаж авах вэ гэж их ярьсан. Хуучнаараа авсан бол зодоон болох байсан юм. Улаанбаатарт 48 ТҮЦ машин ажиллаж байна.  
-Төсвийн орлого тасалдсан гэх мэдээлэл бий. Мөн нүүрсээ гаргах ёстой хэмжээнд нь экспортлохгүй байгаа юм уу?
-Төсвийн орлого тасалдаагүй. Нүүрс гаргаж л байна. Нүүрсний үнэ буусан учир ихийг гаргасан атлаа орж ирдэг мөнгө нь хэвээрээ.  
-Ухаалаг төрийн чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-ТҮЦ машин, “11-11 төв“ хэрэгтэй юм хийсэн. Ерөнхий сайдын дэргэд мэдээллийн технологийн зөвлөл байгуулж, жил гаруй ажиллалаа. Нийслэлийн автобусны үйлчилгээг сайжруулахаар арваннэг, арванхоёрдугаар сараас картаар үйлчилнэ. Мөн хэдэн цагт ямар чиглэлийн автобус буудалд ирэх мэдээлэл гардаг, диспетчер нь хаана явааг нь харж, мэдээлдэг систем нэвтрүүлнэ. Хүнд сурталтай холбоотой зүйлүүдийг мэдээллийн технологиор дамжуулж хийх юм.
-ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарсан. Эргүүлж томилох уу?
-Шүүхийн шийдвэрт би юм ярьдаггүй.
-Валютын ханшийг зохиомлоор өсгөсөн ажил­тан, байгууллагыг олж, хариуцлага тооцох юу болов?
-Найман шарга, зарим арил­жааны банкуудын үйл­дэлд ажлын хэсэг гарсан. Нэг өдөр юм уу, нэг сар хийх ажил биш.  
-Зам, тээврийн сайд А.Гансүх энэ онд 1800 км автозам барих ч  санхүүжилт байхгүй учир бүтээн байгуулалт хийж чадахгүй гэж мэдэгдсэн?
-Дөрөвдүгээр сараас замын ажил эхэлнэ. Энэ жил баригдах замын ажлын ихэнх  нь үргэлжилж байгаа. Өнгөрсөн жил 570 орчим тэрбум төгрөг гаргахаар тооцоолсон. Энэ жил өнгөрсөн жил эхэлсэн, мөнгө тавьсан ажлуудаа хийнэ. Говь-Алтай хүртэлх, Завханы зам хоёрт эзэн байхгүй, мөнгөгүй байгаа нь үнэн. Концессын гэрээгээр тэр ажлууд явна.
-Төмөр замын царигаа шийд гэсэн үүрэг АН-ын бүлгээс Засгийн газарт өгсөн байтал яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна вэ?
-УИХ-аар төмөр замын царигийг оруулж шийдэх ёстой. Манай хоёр сайд, БНХАУ-ын хоёр сайд оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Эндээс тодорхой дүгнэлтүүд гарч ирэхээр бид УИХ-д оруулна.
-Төрийн өмчийг хувьч­лахгүй бол болохгүй гэсэн болгоомжлол ауди­тынхан хэлдэг?
-Төрийн өмчийг эзэн­жүүлэхээр бид ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганд бид төрийн өмчийг нэг жилээр биш 4-5 жилийн хугацаатайгаар эзэнжүүлэхээр бодлогын баримт бичиг гаргаж оруулахаар болсон.
-Яамдад түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтай хүмүүс олон байна. Жишээлбэл, ЗТЯ-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга Б.Жаргал гэж хүн түр орлон гүйцэтгэгчээр хоёр жил ажиллалаа. Энэ хүмүүсийг яах вэ?
-Мэдэхгүй байна шүү дээ, би. Анх маш олон хүн түр орлон гүйцэтгэгч байсан. Одоо бол цөөрсөн байх. Маш цөөхөн болсон. Хууль журмынхаа дагуу шийдэгдэнэ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
ЗАР:АКСЕНТ МАШИН ЗАРНА ЯАРЛТАЙ: ХАРИЛЦАХ УТАС: 88961364-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан