Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БААТАРЦОГТ: ЛИЦЕНЗИЙН ХУГАЦАА НЬ ДУУСЧ ХАЙГУУЛЫН КОМПАНИУД ҮҮДЭЭ БАРЬСААР БАЙНА

Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос геологийн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн онд хэдэн орд шинээр нээсэн бэ?

-Ашигт малтмалын газ­рын геологийн албанаас на­рийв­чилсан мэдээлэл гар­даг. Өнгөрсөн жил ашигт малтмалын 250 орчим ордын нөөцийг  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  хэлэлцсэн. Үүнээс 200 орчим ордын нөөцийг улсын эрдэнэсийн санд бүртгэж авсан.
-Хайгуулын лицензүү­дийн хугацаа дуусч байна гэсэн. Одоо олгож эхлэх болов уу?
-Хайгуулын бүх лицензийн хуга­цаа гурван жилийн да­раа дуусна. Нэг ёсондоо тэр үед Монгол Улсад нэг ч хай­гуулын лиценз эзэмшигч байхгүй болно гэсэн үг.  
Учир нь, хайгуулын лицен­зийн  хам­гийн урт хугацаа нь  есөн жил байдаг. Үүнээс цааш сунгах боломжгүй.
Тиймээс хайгуулын ажил үндсэндээ зогсоно. Цаашид хайгуулын лиценз олгож эхлэх үү үгүй юу гэдгийг УИХ шийдэх юм. Манай яамнаас Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачлан зохион байгуулж байна. Үүнийг Засгийн газарт танилцуулна. Тэгээд УИХ-д өргөн барих юм.
-Лиценз олгохгүй боло­хоор хөрөнгө оруулалт нь зогсчихсон байгаа. Тэгэхээр лиценз олгохоос гадна хө­рөнгө оруулалт татах ямар арга байна вэ?
-Бид “Төрөөс эрдэс баял­гийн талаар баримтлах бодлого”-д тусгаж өгсөн. Геологийн салбар нь уул уурхайн салбараас 15-20 жилийн өмнө явж байх ёстой. Ашигт малтмалын нөөц баялгийг тогтоох ёстой учраас. Тогтоосон нөөцийг хэрхэн үр ашигтай, яаж олборлох вэ гэдэг нь уул уурхайн асуудал болдог. Гэтэл энэ бланс алдагдаад ирэхээр өнөөдөр шинээр орд, илрэл нээгдэх боломж  цөөрч байна. Хайгуулын лиценз олгох асуудал юуны түрүүнд тавигдаж буй юм. Олгохдоо нэлээд учиртай цэгцтэй, ил тод, олон нийтийн оролцоотой болгох учиртай. Ийм байгаагүйгээс сүүлийн гур­ван жилд хайгуулын лиценз олголгүй зогсоосон.   Хөрөнгө оруу­лалт татах, тогтвортой байлгах үүднээс хэд хэдэн зүйл хийх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал манай улс геологийн суурь судалгааг үнэн зөв, найдвартай хийх шаардлагатай. Үүнд нутаг дэвсгэрээ бүрэн хамруулах учиртай.  Ингэснээр  геологийн суурь мэдээлэл дээр хөрөнгө оруулагчид хайгуулын тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Мөн эрх зүйн орчны тогтвортой байдал хөрөнгө оруулалтад шууд нөлөөлнө. Ялангуяа тус­гай зөвшөөрөл олгох, үүний да­­­раа хайгуул  тогтвортой хийх, ил тод байх нөхцөл бүр­­­дүүлэх нь чухал. Энэ орчныг Ашигт малтмалын ту­­­хай хуулиар тодорхой хэмжээгээр. Гэхдээ үүнийг боловсронгуй болгох, баялаг бүтээгчдээ дэмжих өөрчлөлт оруулах шаардлага байгаа.
-Монгол орны нутаг дэвс­гэрийн хэдэн хувь нь өнөө­дөр геологийн судал­гаанд хамрагдаад байна вэ?
-Манай орны нутаг дэвс­гэрийн 30 орчим хувьд  нь 1:50 мянганы геологийн зураг­лал хийсэн. Үүнийг 2016 онд 40 хувьд хүргэх төлөв­лө­гөө бий. Энэ судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалт сан­­хүүжилтийг нэмж бай­гаа. Гэвч 40 хувь гэдэг нь чамлалттай. Цаашид үе шаттай нэмэг­дүүлж нийт нутгаа хамруулах шаардлагатай юм. Гэхдээ дээрх зураглал бол тийм ч их нарийвчилсан су­далгаа биш. Өөрөөр хэлбэл, 500 метр тутамд геологийн судал­гаа тодорхой хэмжээгээр хийх л ажил. Үүнийг бүр на­рийвчлалтай болгох шаард­лага бий. Төрөөс 1:50, 1:200 мянганы суурь судалгаа маш сайн хийж өгөх юм. Тэр на­рийв­чилсан судалгааг ху­вийн хөрөнгө оруулагчид өөрсдөө лиценз авч хийх ёстой. Одоо­гоор 1:200 мянганы зураг­лалд Монгол орны нутаг дэвсгэр бараг бүрэн хамрагдаад байна. Хийсэн зураглалаа нэгтгэх ажлыг 2016 онд дуусгана.
-Одоо хайгуулын лиценз хэд байна вэ?
-Хайгуулын тусгай зөвшөө­рөл жил бүр буурч ирлээ. Ту­хайлбал, 4-5 мянгад хүрч бай­сан. Одоогоор хайгуулын 1600 орчим тусгай зөвшөөрөл бий. Энэ тоо цаашид буурна. Хугацаа нь дуусч буй тусгай зөвшөөрөл олон бий. Манай улсад байгаа нийт тусгай зөвшөөрөл нутаг дэвсгэрийн 16 хувийг эзэлж байгаа. Өнөөдөр геологи хайгуулын олон арван компани үүдээ барьж байна. Энэ хэрээр геологичид ажилгүй болж буй юм. Мөн өрөмдлөг, гео­фи­зикийн компаниуд, ла­бо­­­ра­тор зогсонги байдалд орсон.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан