Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахиад томхон алхаач

Монгол Улс 1.565.000 ам.км талбайтай. Энэ нь Франц шиг гурван улс, Англи шиг зургаан улсын нутаг дэвсгэр гэсэн үг. Үнэндээ Израйль, Данийн нутаг л тус улсын Баян-Өлгийн аймгийн нутагтай тэнцэнэ. Гэвч Монгол Улс тариалангийнхаа талбайн нэг хувийг ашигладаг. Тэд буудай төмс тарьдаг хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд бичиж байсан нь саяхан. 2005 онд газар тариалангийн салбар үндсэндээ уналтад орж, гурил буудай төмс хүнсний ногооныхоо 80 орчим хувийг импортоор авч байлаа. Тэгвэл 5 жилийн дараа буюу 2010 онд бид хэрэгцээт буудайнхаа 90 орчим хувийг, төмснийхөө 100 хувийг дотооддоо тариалж чадсан.

Өнөөдөр тариалангийн 1.2 сая га эргэлтийн талбайтай, үүнийхээ 600 мянган га-г ашиглаж байна. Атрын III аяны хүрээнд  улсын төсөв, гадаадын зээл усламж эх үүсвэрээс 70 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн дүн бий.
Цаашид ч тариаланчид улсаас дотаци горьдож суугаа. Учир нь энэ жил дотоодынхоо хэрэгцээт буудайн бүрэн хангана гэж газар тариалангийнхан маань ам гарч байгаа. Гэхдээ эрс тэс уур амьсгалаа тооцох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Уг нь дотоодын нийт буудайн хэрэгцээ нь 400 орчим мянган тонн гэдэг нь бусад улс оронтой харьцуулахад инээдтэй тоо.  Хэрвээ энэ жил бид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадах юм бол ахиад таван жилийн дараа 80 хувиар давуулж биелүүлэх боломж нь байна. Газар тариалангийн салбарын өнөөдрийн техник, технологиор бодоод тэр шүү дээ. Хэрвээ дэлхийн хөгжиж буй зарим улс орны технологийг ашиглавал бидэнд үүнээс илүү нөөц бий.
Яагаад ийнхүү газар тариалангийн салбарыг онцлоод байна вэ гэхээр дэлхий өнөөдөр ирээдүйд идэх хоолоо хэрхэн олох, хаана ямар нөөц боломж байна вэ хэмээн эрэлхийлж эхлээд байна.

“Их-20” найман тэрбум хүнийг тэжээх арга хайж байна

Ирэх сард “Их-20”-ийн уулзалт Дакарт болно. Тэд хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнийн талаар ярилцахаар төлөвлэжээ Сүүлийн жилүүдэд Африкийн хүн ам маш хурдацтай өсч байгаа нь дэлхийн хүн ам удахгүй найман тэрбумд хүргэх нь гэсэн тооцоо хийхэд хүргэжээ. Тэгэхээр энэ олон ангайсан амыг хэрхэн тэжээх вэ гэдэг гарцыг өнөөдрөөс олж байх хэрэгтэй гэдгийг Францын газар тариалангийн судалгааны институтийн захирал онцолсон.
 Гэхдээ дэлхий нийтээрээ цаашид хэрхэн хоол хүнсээ бий болгож боловсруулах вэ гэдэг асуудал улам хэцүүхэн болох нь гэдэг нь тодорхой. Африкийн улс орнуудад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн бууралтыг нь зогсоох, өөрсдөө өөрсдийгөө тэжээх чадвартай болгох, боловсролгүй ард түмнийг шинэ үеийн техник, технологитой танилцуулах гээд энэ бүх ажил хөгжилтэй орнудаас шалтгаална гэдгийг “Их-20” зөвшилцөх бололтой. Газар тариалан эрхлэх газар цөөхөн хэдэн улсад л үлдсэн гэдгийг аль талдаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ялангуяа манай хойд хөршийн нутаг дэвсгэр болоод Латин Америкийн улс орнуудад бага зэрэг газар үлдсэн юм.

Гэвч Сибирь болоод Латин Америкийн ширэнгэн ойн хувьд тариалан эрхэлнэ гэдэг хүндхэн.  Орост бол 10-12 сая га талбайд газар тариалан эрхлэх боломжтой юм.Хэрвээ Орос улс өөрийн нөөц талбайгаа ашиглаж чадвал дэлхийд үр тариан болоод гахай, тахиан махны экспортоор дэлхийд тэргүүлэх боломжтой юм. Гэвч өнгөрсөн жил болсон гайт ган гачигийн улмаас Орос улс үр тариан экспортоо зогсоосон нь олон улсын эдийн засагт багагүй цохилт болсон юм Яг үүнтэй адил АНУ буурцагныхаа экспортыг зогсооход Латин Америк тэргүүлж байсан түүхтэй.
Францын хувьд хөдөө аж ахуйн салбар нь бас л тийм ч таатай биш байна.”Хэдэн жилийн өмнөө Францын Засгийн газраас энэ салбарт олгодог байсан дотациа зогсооход  олонх аж ахуй эдийн засгийн хүндрэлд орж, цөөнгүй фермер амиа хорлосон гэдэг. Өнөөдөр Францын Засгийн газраас хөдөө аж ахуйдаа багагүй мөнгө өгөхөөр ахин төсөвлөж эхэлжээ. Мөн “Их-20”-ийн зарим улс орон ч иймэрхүү аргаар хөдөө аж ахуйн салбараа дэмжих бодлого барьж байгаа бололтой. Гэхдээ ямар ч байсан ирэх саруудад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр бага зэрэг буурах нь. Сүүлийн нэг жилийн дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү огцом өссөний гол буруутан нь зөвхөн эрэлт, хомсдол биш. Бирж дээрх наймаачид, тэднээс хэрэглэгчид хүртэлх шат дамжлагууд буруутан нь аж. Тэд мөнгө олох энэ л боломжийг алдахгүй гэсэндээ үнийг бага багаар өсгөсөөр.

Тэгэхээр Дакарт болох уулзалтаар энэхүү үнийн хөөрөгдлийн давалгаатай тэмцэх аргыг хамтаа эрэлхийлэх юм  Хэдийгээр үнэ буурна гэдэгт итгэлтэй байгаа ч хямралын өмнөх хүнсний бүтээгдэхүүний үнийг цаашид бид олж харахгүй, мэдрэхгүй гэдэг нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Эхлээд өрх гэртээ, дараа нь улс орондоо, тэгээд эх дэлхийдээ…
Газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол монголчуудын хувьд экспортлогчоор дэлхийд бүртгүүлэх хамгийн том боломж. Одоогоор дэлхийд санаа зовох чадал бидэнд алга. Хэдийгээр Халх гол суманд 270 мянган га газарт тариалан эрхэлж, экспортод гаргах судалгаа хийж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байгаа ч тус суманд өнгөрсөн жил лав эхэлсэн ажил харагдаагүй. Уг нь Монголын нийт ажиллах хүсний 40 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байгаа гэсэн баримт бий. Гэсэн ч энэ салбарт өнөөдөр экспорт гээч нь өчүүхэн хувийг эзэлдэг.  Харин биднээс авах сонирхол урд хөршид ч, хойд хөршид ч байна, тэднээс илүүтэйгээр хөгжиж буй Азийн орнууд томоохон хэрэглэгч болоход бэлэн байна. Харамсалтай нь энэ тал дээр ХХААХҮЯ гэж малгай нь томдсон газар л санаачилж, хийж байгаа нь харагдахгүй юм даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан