Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ГАНПҮРЭВ: ХОВД НУТГАА ӨМНӨГОВЬ ШИГ БОЛГУУЛАХГҮЙ

Ховд аймгийн Мөст сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Ганпүрэвтэй ярилцлаа.

-Ашигт малтмал даган хөрөнгө оруулах компаниуд олширлоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг сүүлийн үед төрийн түшээд ам нээх болгондоо хөнддөг болж. Том хэмжээний хөрөнгө оруулах нь гээд л. Энэхүү яриа нь худал зүйл бөгөөд гадаадын компаниуд л манайхаас маш их хэмжээний хөрөнгө авч байгаа хэрэг. Яахаараа тэд Монгол Улсын хөрс шороон дор олон зуун жил хадгалагдсан ашигт малтмалыг ухахын тулд оруулж ирсэн техник хэрэгслээ хөрөнгө оруулалт гээд байна гэдэг нь хачирхалтай. Нэгэнт л ухах гэж байгаа бол техникээ өөрсдөө авчрах ёстой биз дээ. Гэтэл бид хөрөнгө оруулалт хийлээ гэж баясаад л, татварын хөнгөлөлт үзүүлээд байдаг. Сонгодог хөрөнгө оруулалтын жишээ Монголд бэлээхэн бий шүү дээ. Оросын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт” үйлдвэр байна. Улсын төсвийн чамгүй хувийг ч бүрдүүлж, ил далдаар хэчнээн улс төрчийг тэжээж буйг иргэд мэдэх биз. Хотжилт, хөгжлийн чиглэлээр гэрээ хэлэлцээрээ хийж болно. Гэвч асуудалд өөр өнцгөөс хандаж, өнгө мөнгөөр л шийдээд байх шиг.

-Ашигт малтмал олборлох нь Монгол Улсад ашиггүй гэж хэлэх гээд байна уу?
-Үгүй л дээ. “Эрдэнэт” шиг хэмжээний цогц байдлаар шийдэх юм бол уул уурхай шиг хэрэгтэй зүйл байхгүй. Харин хөрөнгө оруулалт гээд техникээ нэрлээд, хөрс ховхлож хаячихаад алга болоод байвал уул уурхай шиг хэрэггүй юм алга.

-Баялгийн хараал гэж ярих боллоо. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Газар нутаг их хэмжээгээр сүйдэж буйг их гоёор “Баялгийн хараал” гэж ярьдаг болж. Ингэж хэлдэг нь яах ч аргагүй болсон улс орнууд юм. Ямар нэг зүйл рүү бурууг өгөх шаардлагатай болсон учраас л хараал тусчихлаа гэж байгаа нь тэр. Энэ  үгийг хэлж, эртнээс тийм байдал үүснэ гэж бэлтгэн иргэдийн чихэнд хоногшуулж, дасал болгоод эцэст нь яах ч арга байгаагүй гэж хэлэхээр төр, засгийнхан яваад байгаа хэрэг. Ер нь, тавхан тонн алтны төлөө хэдэн арван га газрыг сүйтгээд яах юм бэ. Олборлож байгаа нь энэ гээд ухаж хаяад нөхөн сэргээж байгаа зүйл алга. Хөрсийг хуулж, химийн хорт бодисоор хордуулсан газар, ухсан нүх, овоолсон шороо л үлддэг. Өнөөдөр байгаль орчны талаарх хэдэн арван хууль байна гэдэг ч хэрэгждэггүй. Уг нь, хуулийн дагуу бүх зүйл явагдах ёстой байтал хаа хаанаа хайнга хандан, уландаа гишгэсээр байна. Миний хувьд уул уурхайг сонирхдоггүй, мэргэжлийн хүн биш ч газар нутаг, унаган байгалиа сүйтгүүлж байгааг хараад чимээгүй сууж чадахгүй нь.

-Лицензийн наймаа замбаараагаа алдлаа, газар нутгаа гадаадынханд худалдаж байна гээд л ярьж байгаа ч хаах ямар ч арга хэмжээ авахгүй байна. Энэ талаар?
-Газар нутгаа харийнханд худалдах эрхийн цаас л даа. Ерөөсөө А4 хэмжээтэй лиценз  нэртэй зүйл. Дотроо А, Х гэсэн хоёр ангилалтай байдаг гэж хэвлэлд гарсан мэдээллийг харсан. А-гаар нь хайдаг, Х-гээр ухаж төнхөн, олборлодог юм уу даа. Тэгэхээр хэдэн үг дээр нь бичсэн, бичгийн цаасаар л газар нутгаа худалдаад байна гэсэн үг. Одоогийн байдлаар Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувийг лицензээр худалдсан тоо байдаг юм билээ. Бид маш жижигхэн нөхцөлтэйгөөр, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөн хариуцлагагүй үйлдэл гаргах юм. Жаахан ч гэсэн эх оронч сэтгэл гаргаад, эцэг өвгөдөөс үе дамжин ирсэн хөрс шороогоо хайрлаж болно доо. Гэтэл мөнгөний хойноос хөөцөлдөн алгын чинээ цаасаар газар нутгаа худалдаж, харийнханд сүйтгүүлэх юм. Өнөөдөр тухайн хүн өнгө мөнгөтэй болж байгаа ч маргааш харамсах болно. Үе үеийн залуучууд ч харамсч халаглана. Нутаг орныг минь сүйтгэж байгаа гадаадынхан хайрлах сэтгэл гаргахгүй. Эцэг өвгөдийн булш бунхан байсан ч тоохгүй л ухна.
Магадгүй эртний зүйл олдвол хил давуулан аваад л явчихна. Ийм зүйл хийж, хил давуулан гаргахгүй байгаа гэхэд хэцүү. Тэгэхээр бид ашигт малтмалаа өгөөд зогсохгүй, дээр нь эртний ховор зүйлээ ч алдаж байгаа гэж хардаж байна. Ард аюуш шиг л хамгаалах хэрэгтэй.

-Яагаад энэ хүний нэрийг дурьдах болов. Нутаг нэг болохоор тэр үү?
-Монгол даяар алдартай “Ард Аюуш” хэмээн нэрлэгддэг Алдаржавын Аюушийн төрсөн нутаг бол Ховд аймаг. Би энэ түүхэн хүний дөрөв дэх үеийн төлөөлөл, ач нь гэж хэлж болно. Энэ хүнийг иргэний хөдөлгөөний анхдагч нь гэж ч болохоор. Учир нь, газар шороогоо худалдсан хошуу ноёдынхоо эсрэг тэмцэн, иргэдийг уриалан дуудаж дугуйлан байгуулж байсан болохоор ийнхүү хэлж байгаа хэрэг. Тухайн үед хошуу ноёд нь данжаадуудтай сүлбэлдэн, иргэдийн мал, хөрөнгийг цөлмөн, газар нутгаа зарах болсон учир Аюуш эсэргүүцсэн гэж түүх бичлэгт байдаг.
Ер нь, эх орон, мал сүргийнхээ төлөө уйгагүй тэмцэн, эрүү шүүлт болгоныг давж гарсан юм билээ. Тэрээр хорь гаруй жил тэмцлээ өрнүүлсэн.

-Эрт үед тэгж тууштай тэмцэж байсан юм байна. Харин өнөө цагт туйлбартай явах хүн цөөн байх шиг. Хэвлэлийн хурал зарлаад нэг шуугиулаад л өнгөрөх болж?
-Одоо хүссэн, эс хүссэн ч тэмцэхээс өөр гарцагүй болчихоод байна. Яагаад гэвэл өдрөөс өдөрт ард түмэн ядуурч, газар нутаг сүйдэж мал сүрэг бэлчээрлэх аргагүй боллоо. Эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхлэн ирсэн монголчуудын амин зуулга болсон таван хошуу малаасаа салбал оршин тогтнох, амьдрах боломжгүй болно. Уул уурхай буруу замаар хөгжвөл улс орны хөгжил зогсч, иргэдийн амьжиргаа навс унадаг гэсэн үзүүлэлт дэлхийд бий. Яг л ийм зам руу бид явж байна. Одоо л засч, залруулахгүй бол оройтож ч мэднэ. Хэрэв цаг алдан алгуурлаж суувал Монголын эдийн засаг дахин сэргэхэд бэрх. Магадгүй Африкын орон шиг болж ч мэднэ.

-Эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайг зогсоох нь тийм ч оновчтой биш байх. Харин өөр тулгуур бий болгох нь чухал гэдэг?
-Бүр зогсоох талаар огт яриагүй. Ганцхан эмх цэгцтэй болгох зайлшгүй шаардлагатай болчихоод байна. Ашигт малтмалын салбартай эн зэрэгцэхүйц, өрсөлдөх чадвартай мал аж ахуй бий. Өнөөдөр уул уурхайн эсрэг мал аж ахуй нь жаахан чангарах гээд ирэхээр эргүүлээд нам дарах бодлого хэрэгжүүлэх юм. Тодруулбал, арьс шир, ноос, ноолуур, махны ханш өсч байна. Гадаадад дээрх бүтээгдэхүүнээ арилжиж, валют олбол уул уурхайгаас ашигтай байх талтай. Яагаад гэвэл ашигт малтмал нөхөн төлжихгүй дуусна. Төлжлөө гэхэд хэдэн арван зуун жил шаардлагатай. Харин мал ахуй бол өөр. Жил бүр ашиг шимээ авна. Гэтэл энэ том салбараа хөгжүүлэх, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнийг нь гаргах талаар бодохгүй л байна. Яахав тийм ийм зүйл хийнэ гэж цаасан дээр буулгасан ч ажил хэрэг болох нь ховор. Саяхан махны ханш өсөхөд төрөөс нухчин дарлаа. Уг нь, манай нэг ч гэсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байж, дэлхийн зах зээл дээр брэнд болох ёстой. Чанартай мах нь өөрийн үнэ ханшаа хадгалах нь илүү чухал.
Гэтэл ийм боломж бололцоог олгохгүй дарах юм. Ер нь, мал аж ахуйн бүтээгдэхүүн гэхээрээ л ганц хоёр мянган төгрөгийн үнэтэй байх ёстой юм уу. Яагаад тав, арван  мянган  түүнээс дээш ханштай байж болдоггүй юм бэ. Зарим нэг хүн махны ханш дэлхийн зах зээлээс үнэтэй болох нь гэж хэлснийг гайхаж байна. Яагаад монгол малын мах, бидний тогтоосон ханш зах зээлд ноёлж, махны үнэ цэнийг тодорхойлж болохгүй гэж. Гадаадын том гүрнүүд л бүх ханшийг тодорхойлох ёстой юм уу. Уг нь, ханшаа тогтоон, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад байвал тэр хэмжээгээр л гадаадаас мөнгө хүүлнэ. Үүнийг олж харсан ч хэрэгжүүлэх хүсэлгүй яваа юм болов уу даа.

-Малчид хөрөнгө, мөнгөтэй болж байгаа нь сайн хэрэг ч хот суурингийнханд хүнд тусна?
-Тийм л дээ. Суурин газрынханд хямд мах нийлүүлэх нь зүй ёсны хэрэг. Өндөр настнууд, амьжиргаа доогуур иргэдийн худалдан авах чадварыг бодох нь чухал. Төрөөс купон, хөнгөлөлтийн карт гаргаж,  зорилтод иргэддээ өгөх хэрэгтэй.
Харин ажлын чадвартай ч залхуур ч суугаа хүмүүсийг харж үзэж болохгүй. Миний харж байгаагаар залхуур ч суугаа хүнийг харж үзэхийн төлөө л төр засаг ажиллаж, махны ханшаа бууруул гэж байх шиг. Өнөөдөр өдрийн 20 мянган төгрөг өгч, гурав хооллох ажилд авна гэхэд ирж ажиллахгүй, ирсэн нэг нь голоод явж байна. Ийм байхад ханшийн өсөлт инфляц гэж ярих шаардлага байна уу.

-Ярианы сэдэв хазайх нь шиг байна. Газар нутгаа хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах нь төрийн бус байгууллагуудын үүрэг мэт болж. Төрөөс энэ талаар ямар бодлого гаргавал зохимжтой вэ?
-Өмнөговь аймгаар хөндлөн гулд долоо хоног явж, газар нутгийн байдалтай танилцсан үзсэн. Миний хувьд уул уурхайг нь сонирхож яваагүй. Зөвхөн түүнтэй холбоотойгоор газар нутаг хэрхэн сүйдэж буйг нь үзэх зорилготой байсан юм. Газар нутгийг нь маш аймшигтай болгож, хөрс шороог эргүүлсэн байна билээ. Ухаж төнхсөнөөс болж экологийн тэнцвэрт байдал нь алдагдаж, хуурайшилт явагдаж, хур буухаа байсан байна. Цаашид бусад нутгаа тухайн аймаг шиг болгохгүйн тулд бэлтгэлээ хангах хэрэгтэй болов уу. Ховд аймагт байх Сутай хайрханы бэлд буюу 14 км зайд орших, Цэцэг нуураас найман км-т Хөшөөтийн уурхай бий. Уг уурхайгаас олборлолт явуулаад эхэлсэн. Нээлтэнд нь УИХ-ын дарга Дэмбэрэл оролцсон. Энэ уурхайг буруу ашиглавал нуур ширгээд зогсохгүй хайрхны мөнх цас нь ч хайлна.
Тэгэхээр хэрхэн ашиглуулах талаар лиценз эзэмшигч гадаадын компани нь ярилцаж, гэрээ хийх шаардлагатай болж байна. Гэвч төр засгийнхан үүнд анхаарал хандуулахгүй юм. Ордын лиценз нь Хонгконгийн бирж дээр хэдэн жилийн өмнө арилжаалагдсан юм билээ. Хэн арилжсан нь ч тодорхой байгаа. Тухайн газар нь Ард Аюушийн төрж өссөн, дугуйлан хийж байсан нутаг. Тэгэхээр ирээдүйн Өмнөговь болгочихгүйн тулд төр анхаарч уул уурхайд чиглэсэн цэгцтэй бодлого явуулах хэрэгтэй. Улс орныхоо өмнөх хэсгээ сүйтгүүлчихээд байхад баруун хязгаар руу гар сунган довтолчихлоо. Яахав олборлолт явуулж болно. Гэхдээ аймаг суманд ашигтай, байгальд ээлтэй байх нь чухал. Гэтэл тийм зүйл огт алга.

-Нэлээн таагүй хандаж байгаа бололтой. Та тэмцэл өрнүүлэх гэж байгаа хэрэг үү?
-Улсад хэрэггүй, байгальд халтай, зөвхөн ашгийн төлөө явах хэлбэрээр ухаж байгаа. Бидэнд үр өгөөжгүй болохоор тодорхой шаардлага тавина. Гэхдээ улс төрийн сонгуулийн дараа энэхүү ажлаа хийнэ. Учир нь, одоо тэмцээд эхэлбэл эсрэг өнцгөөс нь харах болно. Ер нь, нэгэнт л олборлолт явуулж байгаа бол бүтээн байгуулалт, дэд бүтэц гээд бүх асуудлыг шийдэх ёстой. Эцэг өвгөд маань мах цусаараа хамгаалан байж үлдээсэн тэрхүү газрыг зүгээр өгчихөж болохгүй. Газар доороо баялагтай болохоор үр хойчдоо үлдээх л гэж тэмцэн, хамгаалсан хэрэг.

-Ард Аюуш гэдэг хүний үр хойч болохоороо газар нутгаа хамгаалан тэмцэх гээд байна уу?
-Юу гэж харах нь чухал биш. Өнөөдөр газар шороо маань сүйдэж байхад зүгээр хараад сууж байх нь зөв үү. Хойч үе маань бидэнд гомдож, даанч яав даа та нар минь гэнэ шүү дээ. Тийм зүйл гаргахгүйн тулд л одооноос тэмцэж, эх орон, иргэдэд тустай байлгахын төлөө явна. Хууль тогтоох дээд байгууллагад ч хөх Ааяагийн маань үр ач бий. Бас л байгаль орчин, уул уурхайн талаар хүчтэй дуугардаг гишүүдийн нэг. Тодруулбал, Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн. Тэгэхээр үр ач нь ч гэсэн уул усныхаа төлөө тэмцсээр явна гэж хэлж болно. Монголын төрд орсон нь бахархал.

-Тус уурхайн талаар тодорхой мэдээлэл авсан байх. Хэчнээн жил ашиглах, нөөцийн хэмжээний талаар болон улстай хийсэн гэрээ гэж бий юү?
-Тоо хөөцөлдөх нь чухал биш. Хамгийн гол нь, газар нутгаа сүйтгүүлэхгүй байх нь нэн тэргүүний асуудал. Тэгээд ч уул уурхайн тоонууд байнга л өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр нэг зүйл хэлж байхад маргааш өөр байх жишээтэй. Тэр бүхнийг нь цээжлээд байх нь хэцүү. Яг олборлоод эхлэхээрээ эхний дуугарч байснаасаа 50 дахин бага тоо хэлдэг. Бид энэ талаар мэдлэг хомс учир байнга л гадаадынхны үгээр явдаг. Монголын бүх уурхай, орд ийм замаар л гадаадынханы гарт ордог. Хөшөөтийн уурхайн талаар улстай хийсэн гэрээ гэж огт сонсоогүй юм байна. Огт байхгүй гэхэд болно. Тиймээс аймаг сумын хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн асуудал ярихгүй байх. Иймд тухайн компанид тодорхой шаардлага тавина гэсэн бодолтой яваа.

-Гэхдээ шаардаад ч нэмэргүй юм биш үү. Төр оролцож, гэрээ хийгээгүй байхад та бүхнийг авч хэлэлцэхгүй биз?
-Тийм байж болохгүй. Нутаг орны хүмүүс гэж бий. Зүгээр нэг тийм зүйл хийж гэж шаардахгүй ул суурьтай ажил хэрэг болох санал, шаардлага тавих болно. Увс нутгийн залуус, бизнес эрхлэгчдийн нэг яриа бий. Бид уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали зэрэг орноос экспертүүд авчран судлуулж, ямар зарчмаар явах концепцийг нь боловсруулуулна. Уурхай ашиглах хугацаанд юу хийх, нөхөн сэргээлтийг ямар маягаар явуулах гээд бүх зүйл орно. Ийм зүйлийг хийхгүй бол ухаж төнхчихөөд арилаад өгнө шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан