Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЙСАНГИЙНХАН 135 ХУДГААР ГҮНИЙ УС АШИГЛАДАГ

Дэлхий дээр тэрбум хүн усаар хомсдож балга усны төлөө “дайн” хийж байхад монголчууд говь руу усны хоолой татаж, “умбаж, шум­бах” талаар хэлэлцэж байна. Нэг талаасаа уул уурхайн ашиглалт, хүнд, хөнгөн үйлд­вэрлэлээ сэргээх манай улсын баримтлах бодлого хэ­дий ч нөгөө талаасаа усны нөөц, түүний ашиглалтын та­лаарх өргөн хүрээтэй эмзэг асуу­дал юм. Өөрөөр хэлбэл, ус ба эрчим хүчний салшгүй холбоо нь цэвэр усны байгалиас сэр­гээг­дэх ердийн меха­низмыг алдагдуулж бол­зошгүй байдаг. Гэтэл бид Улаанбаатар хотдоо ундны усны асуудлаа бүрэн шийдэж ч амжаагүй байна. Ийм тохиолдолд голоос говь руу ус татахаас илүүтэй дэд бүтэц дагасан усны эрэлтийг хэрхэн хангах ёстой вэ гэдэгт анхаар­лаа төвлөрүүлэх ёс­той. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц төсөл хэрэг­жихэд усны асуудлыг хэрхэн шийдэх вэ. Гэр хороо­лол болон орон сууцны айлуудын усны хэрэглээний түвшинг хэрхэн зохицуулж, үнэ тарифыг ямар түвшинд аваачих вэ, ашигласан бохир усыг зарим салбарт дахин ашиглаж болох уу зэрэг өдөр тутам тулгарч байгаа асуудлыг бүрэн зохи­цуулах шаардлага үүсч байна.
Тиймээс жил бү­рийн гуравдугаар сарын 21-22-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ма­най улсын ус хангамж, усны ариун цэвэр, байгалийн нөөц, ус ашиглалт, голын сав газрын захиргаа зэрэг чиг­лэлээр үйл ажиллагаа явуул­даг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Дэлхийн усны өдрөөр ус­ны хөгжлийн дэлхийн тай­ланг жил бүр гаргадаг бөгөөд энэ жил “Ус ба эрчим хүч-2014” сэдвийн дор Олон улсын суд­лаачид хуралдах юм. Харин өчигдөр дотооддоо хийсэн хэлэлцүүлгээр дээрх сэдвийн талаар хөндсөнгүй. Учир нь ус, усны үнэ тойрсон асуудал, олон байгууллагын уялдаа холбоогүй байдал зэргээс үүдэн “Улаанбаатар хотын усны хангамж” сэдэв өргөн хүрээнд яригдаж чадсангүй. Усны үнийг нэмж, нөөцийг шинэчлэн тогтоох шаардлагатай
1980 оны зургадугаар сарын 20-ны өдрийн нөө­цийн комиссын тогтоолоор Улаанбаатар хотын усны нөө­цийг 280 мянган метр куб/хоног гэж заа­жээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн нэг өдөрт дээд талдаа дээрх хэм­жээ­­ний ус ашиглах нормтой юм байна. Гэсэн хэдий ч хүн ам өсч, үйлдвэрлэл, үйл­чилгээ, орон сууцны барилга нэмэгдсэн өнөө үед 30 гаруй жилийн өмнө тогтоосон хоногт хэрэглэх усны нөөцийн нормыг ашиглаж байгаа нь өдөрт хэрэглэх усны нөөцийг шинэчлэн тогтоох шаардлагыг бий болгож байгаа аж. Өнгөрсөн онд БНСУ-аас манай улсад судалгаагаар хэрэглэж байгаа гүний усыг нөхөн сэргээгдэх байдал нь 2015 он гэхэд багасна гэсэн тооцоог гаргажээ. Тиймээс Ус сувгийн удирдах газраас гадаргын усыг нөөц болгож ашиглах тал дээр анхаарч, Туул гол дээр усан цогцолбор, далан байгуулж, гадаргын усыг хуримтлуулах ажлыг хийх юм байна. Харин ирэх сардаа багтаан Яармагт усны шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах бол энэ онд Буянт ухаад мөн усны эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тиймээс Улаанбаатар хо­тын усны нөөц бүр мөсөн шав­хаг­даж дуусах бус нөхөн сэргээх нөөц нь дундарч байгаа хэмээн ойлгож болох юм. Өнөөд­рийн байдлаар бид өдөрт 160 мянган метр куб цэвэр усыг хэрэглэж байгаа албаны тоо байна.
Харин энэ хэмжээний усыг нийслэлийнхэн харил­цан адилгүй хэрэглэдэг ч үнийн хувьд олон жилийн турш өөрчлөгдөөгүй ороогүй гэд­гийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөв­лө­лийнхөн хэлж байна. Тэд усны үнийг өсгөх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд ШӨХТГ-т 2012 оноос эхлэн хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Харин улсын хэмжээнд усны үнэд 2010 онд өөрчлөлт орж байжээ. Тухайн үед угаасаа бага байсан үнийг бага зэрэг өсгөсөн гэж тус зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэлсэн бөгөөд цахилгаан эрчим хүч, бараа бүтээгдэхүүн зэрэг бүх зүйлийн үнэ өссөн байхад усны үнэ дөрвөн жил тогтвортой байсаар ирсэн нь хүн амд хүргэж байгаа ус, хангамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг хамгийн доод түвшинд хүртэл бууруул­сан гэж үзэв. Мөн үйлчилгээг хүргэж байгаа байгууллагууд санхүүгийн хүнд байдалд орсон гэлээ. Харин сүүлд өөрчлөлт орсон үнийг тод­руул­бал, гэр хорооллын хэ­рэг­лэгчид нэг литр усыг нэг төг­рөгөөр, орон сууцны хэрэг­лэгчид 32 мөнгөөр,  үйлд­вэр, албан байгууллага дунд­жаар 50 мөнгөөр нэг литр усыг худалдаж авдаг бай­на. Харин хэрэглээний хувьд гэр хорооллын иргэд хо­ногт нэг хүн 8-10 литр, орон сууцны иргэд 200 гаруй литр ус хэрэглэдэг. Тиймээс орон сууцны хэрэглэгчдийн ус­ны үнийг нэмж, нэг төгрөгт ойр­туулбал, усны хэрэглээгээ ба­гасгах гарц байгаа гэж үзжээ.
Харин АСF Олон Улсын байгууллага болон Монго­лын усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Басан­дорж нар шаталсан тариф тогтоох нь зөв гэж үзэж байна. Улс орнууд ус ихээр хэрэглэж байгаа газруудад шаталсан тарифыг тогтоосон туршлага байдаг байна. Жишээлбэл, 30 мянгаас дээш хэрэглэж байгаа бол нэг үнийн тариф мөрдөнө. Үүнээс дээш бол хоёр дахин өндөр үнэ төлнө гэв. Ингэхээр үйлдвэрүүд ус хэмнэх технологи авч нэг тарифаар хэрэглэсэн усны үнээ төлөх эрмэлзэлтэй болдог. Юутай ч, олон жилийн турш өөрчлөгдөөгүй усны үнийг нэмэх нь зүйтэй гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрлөө.

 Хэрэглэсэн усыг дахин ашиглах боломжгүй

Ашигласан буюу саарал усыг автомашин угаалгын газарт дахин ашиглах тухай нийслэлээс гаргасан бодлогыг бүтэхгүй санаа гэдгийг хувийн байгууллагынхан хэллээ. Тодруулбал, саарал усыг дахин цэвэршүүлж гаргаж ирэх төхөөрөмжийг ашиглан нэг литр ус гаргахад 270 төгрөг болдог байна. Гэтэл цэвэр усны литрийн үнэ дунджаар 50 мөнгө учраас бизнесийн байгууллагынхан ашигласан усыг дахин ашиглахгүй нь тодорхой болж байгаа юм. Нэг автомашин угаахад 70-90 литр ус ашиглаж дунджаар 25 мянган төгрөгийн ашиг олдог байна. Харин гарсан зардалд 2-3 мянган төгрөг аж. Тиймээс автомат машин угаалгын газар ашиглах нь зөв гарц болоод байгаа гэв.

Хүнээс гадна байгаль өөрөө ус хэрэглэнэ

Ус байгаа орчинг эко системийнх нь түвшинд ашиглах асуудал хурцаар тавигдаж байгаа талаар Хөдөө аж, ахуйн сургуулийн төлөөлөл онцоллоо. Улаан­баатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь нь Туул голын сав газарт хамаарагддаг байна. Гэтэл голын эрэг дээр газар олголт явагдаж байгаагийн улмаас бургас, зүлэг, ногоо зэрэг нь устаж гадаргын ус нь хажуу талруугаа нэвчих буюу гадаргын ус алдагдах үзэгдэл явагддаг байна. Өөрөөр хэлбэл, ус байгалиа хамгаалах гол хүчин зүйл учраас байгалиа хамгаалах нь усыг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм байна.
Харин бургас, бут зэргийг устгаж барилга байшин барьсан тохиолдолд хөдөлмөрийн хөдөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлэн төлөх шийтгэл хүлээдэг байна. Усны эко системд нөхөшгүй хохирол учруулсан ч тийм хэмжээний мөнгө төлж байгаа нь харьцангуй асуудал гэдгийг ХААИС-ийн төлөөлөл онцлов. Тиймээс экологийн боловсролыг дээшлүүлэх нь чухал асуудал гэв.

Бид энэ үеэр зарим асуултад хариулт авлаа.


-Туул гол дээр цогцол­бор барих асуудал хэзээнээс эхлэх вэ. Ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ гэдэгт Ус сувгийн удир­дах газрын техникийн бод­логын хэлтсийн дарга В.Батсүх хариулт өгнө үү?

-Олон жилийн турш яриг­даж байгаа асуудал. Өнгөрсөн онд Эдийн засгийн, хөгжлийн яаман дээр ажлын хэсэг бай­гуулагдаж, холбогдох яам, тамгын газар бүгд оролцсон. 10 гаруй хоногийн өмнө бүх мэргэжлийн байгууллага оролц­сон уулзалт зохион бай­гуул­сан. Энэ үеэр зайлшгүй гадаргын усыг ашиглах шаард­лагатай бөгөөд Туул гол дээр цогцолбор ба­рих хэрэгтэй гэдгийг хү­лээн зөвшөөрцгөөсөн. Ой­рын үед хэрэгжинэ гэж тө­лөв­лөж байна. Харин хө­рөнгө мөнгөний хувьд олон байгууллага судалгаа хий­гээд дунджаар 300 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хэрэгтэй гэсэн урьд­чилсан дүн гарсан. Нарийв­чилсан судалгааны эцэст энэ мөнгөн дүн өөрчлөгдөх байх.
-Хот, суурины ус хан­гамж, ариутгах татуур­гын ашиглалт, үйлчилгээг зохи­­цуулах зөвлөлийн дар­­га Ч.Эр­дэнэчимэгээс асууя. Ус­ны үнийг хэзээнээс нэ­мэг­дэхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай зохицуулах зөв­лөлийн 2013 оны арван­хоёр­дугаар сарын тогтоолоор усны үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гарчихсан. Гэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны дараа энэ тогтоол бодитоор хэрэгжинэ. Бид ШӨХТГ-т үнэ өөрчлөх тухай саналыг 2012 оноос эхлээд олон удаа тавьсан. Энэ оны нэгдүгээр сард тус байгууллага хуралдаж, тодорхой хугацаагаар хойшлуулсан. Тиймээс усны үнэ нэмэгдэх тодорхой хугацааг хэлж мэдэхгүй байна.
-Монголын усны түнш­лэл ТББ-ын гүйцэтгэх за­хирал Д.Басандорж “Усны асуудлаа шийдээгүй байж, олон мянган айлын орон сууц барих асуудал ярьж байна, Усны хэрэглээг хаа­наас бүрдүүлэх вэ” гэж хэл­сэн. Зөвхөн Зайсангийн аманд жишээ 135 худаг гү­ний усыг шахуургадаж ус­ны хэрэгцээгээ хангаж байна гэсэн.  Энэ дээр  тайлбар өгөхгүй юу. Энэ ус ашиглаж байгаа зөв хэлбэл мөн үү?
-Үүнийг судлахгүй бол болохгүй. Байшин, барилга барихын тулд Ус, сувгийн удирдах газраас зөвшөөрөл авдаг. 3000 гаруй худаг одоогоор байгаа. Гэтэл яг бодит хэрэглээ нь хэд вэ гэдгийг хэн ч хэлж чадахгүй байна. Түүнээс гадна бүх үйлдвэрүүд хулгайн худагтай. Батлагдсан нөөцийн хэмжээнд бол ашиглаж болно. Гол нь байгаа нөөцөө хэтрүүлж ашиглах юм бол Зайсанд байгаа айлууд алсдаа усны дутагдалд орно. Ер нь шинээр барилга байшин барихад усны нөөцийг нь судалж, зөвшөөрөл олгосны эцэст баригддаг.  

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хайран сайхан эх орон БОГДХАН уул минь дээ,Хойч үе маань сүйрч байна даа,Энэ хэдэн шунлын бузраас болох юм даа ,хөөрхий минь дээ
Хамгийн их уншсан