Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

САЛБАРЫНХНЫГ АЖИЛТАЙ БОЛГОСОН ШИНЭЧЛЭЛ

Шинэчлэлийн Засгийн газрын боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл", “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Тэгвэл эдгээр хөтөлбөрөөс хамгийн үр дүнтэй яваа нь "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл". Ингээд бүтэн жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид юу хийж бүтээсэн талаар сонирхлоо. Тус хөтөлбөр тусгайлсан 40 сургууль дээр хэрэгжээд бүтэн хичээлийн жилийн нүүр үзэж байна. Ингэж сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийснээр гадаадын аль нэг сургалтын хөтөлбөрийг даган дуурайсан биш, зөвхөн Монгол хүүхдэд зориулсан үндэсний хөтөлбөр бий болох юм.
Өмнө нь хэн нэгэн мэргэжилтний дан ганцаараа гаргасан сургалтын хөтөлбөрөөр сурах бичгийг боловсруулдгаас Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сурах бичиг боловсруулагчид ч нэг их хийсэн ажилгүй төрийн мөнгийг хүртэж суудаг байсан бол тэр цаг ард хоцорчээ.

Сурах бичгийг зохиох биш боловсруулдаг болов

Энэ удаа Үндэсний хөтөлбөрийн хүрээнд лаборатор 40 сургуулийг түшиглэн туршилтын сурах бичгүүд боловсруулсан. Одоогоор тэд 1-5 дугаар ангийн 32 төрлийн сурах бичиг гаргажээ. Ингэхдээ улирал бүр багш, сурагч, эцэг эхчүүдийн саналыг тусгаж, судалгааны үндэслэлээр зохиосон юм. Сурах бичиг бүрт багшийн заах аргын номыг дагалдуулан гаргаад байна. Өмнө нь сурах бичгийг зохиогоод, хянуулж, хэвлээд тараадаг байсан бол энэ удаа судалгаан дээр үндэслэн зохиогоод, хянуулж, хяналтын явцад дутуудсан болон илүүдсэн алдаануудыг дахин сайжруулаад хэвлэлийн эх бэлтгэж лабаратор 40 сургуульд тараагаад дахин багш, сурагч, эцэг эхчүүдийн саналыг сонсоод сая хэвлэсэн гэдгийг сурах бичгийг боловсруулагчид хэлж байсан юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтынхэн хөдөлгөөнд оров

Ингэж шинэ хөтөлбөрөөр шинэ сурах бичиг ашиглаж байгааг дагаад багш нэг бүрийн чадварыг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтынхэн ажилд дарагдав.  
БШУЯ, БМДИ хамтран багш нарын дунд сар бүр сургалт зохион байгуулж байгаа. Эдгээр сургалтын нэг нь өчигдрөөс эхэлсэн. Багшийн хөгжлийн ордонд гурван өдөр үргэлжлэх тус сургалтын гол онцлог нь лабаратор 40 сургуулийнхан ажлынхаа үр дүнг тодорхойлж, санал солилцох. Мөн боловсролын салбарыг хөндлөнгөөс идэвхтэй ажиглагчдын үгийг сонсох байсан. Энэ удаагийн сургалтын нэгэн хүндтэй хүн нь Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц байлаа.
Тэрээр эцэг эхийн хурлын үр дүнг сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. “Эцэг эхчүүдээс мөнгө нэхэх биш, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах тал дээр нь зааж сургавал хэрэгтэй юм. Сүүлийн үед хүүхдүүд багшийнхаа өмссөн хувцсаар дүгнэдэг болж” гээд тухайн багшийн ямар боловсрол эзэмшсэнийг сурагчдад нь ойлгуулж хэлвэл багшийгаа хүндлэх сэтгэл төрнө гэдгийг хэлж байлаа.

Багш өөрийгөө үнэлнэ

Энэ удаагийн салбарын шинэчлэлийн хамгийн гол алхам бол багш нар өөрийгөө үнэлэх болсон нь. Гэхдээ үүн дээр нь сургууль болон эцэг эхийн зүгээс хяналт тавина. Хэн нэгэн өөрийн хийсэн ажлынхаа үр дүнг хамгийн ихээр мэддэг. Тэгвэл багш нар хүүхдүүдийг дүгнэдэг шигээ өөрийгөө ч дүгнэх болсон. Өмнө нь багшийн бичсэн хичээлийн хөтөлбөрийг хараад хэр сайн багш гэдгийг нь дүгнэдэг байсан бол одоо сурагчдын сурлагын амжилтаар нь үнэлдэг болж.
Багш өөрийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд эцэг эхийн дүгнэлтийг авах ёстой. Ингэхийн тулд эцэг эхийн оролцоог ч мөн сайжруулах хэрэг гарна. Энэ нь багш цаасан дээрх хөтөлбөрт анхаарлаа хандуулах бус хүүхэд бүрийн хөгжилд санаа тавина гэсэн үг. 

Эцэг эхийн оролцоо

Багш хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн арга барил боловсруулах ёстой. Ингэхдээ хүүхдийг үнэлдэг журмыг ч гэсэн шинэчилсэн. Өмнө 60 хувийн амжилт үзүүлсэн сурагч муу авдаг байсан бол одоо 30 хувийн амжилт үзүүлсэн ч түүнийг үнэлэх болж байгаа. “Танай хүүхэд муу авсан. Хичээлийг нь сайн давтуул” гэдэг үгийг сонсох эцэг эхээс “Танай хүүхэд энэ удаа 30 хувийн амжилт үзүүлчихлээ. Дараагийн удаа илүү амжилт гаргахад нь таны оролцоо хэрэгтэй байна” гэдэг үгийг сонссон эцэг эхийн оролцоо эрс нэмэгдэж байгаа нь туршилтаар батлагджээ.
Нэг ангид 30-50 хүүхэд суралцдаг манай нөхцөлд “Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэдэг саяхан л амьдралын хөрсөн дээр буухгүй мэт сонсогдож байсан ч бүтэн нэг жилийн хугацаанд боломжтой гэдэг нь батлагдсан. Багш нар өөрсдөө хичээлийн хөтөлбөр, үр дүнгээ төлөвлөх биш хүүхдээр өөрөөр нь төлөвлүүлж сургалт явуулж байгаа нь энэ хөтөлбөрийн гол хөшүүрэг. Эхний улиралд 20 эх зохиож, минутанд 100 үг уншдаг байсан сурагчийн амжилтыг бусдынхтай харьцуулж үнэлээд орхих биш, өөрөөр нь дараагийн улиралд амжилтаа хэр зэрэг ахиулж чадахыг нь төлөвлүүлээд түүндээ хүрсэн байдлыг нь үнэлдэг болсноор хүүхэд бүр хөгжиж байгаа юм.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан