Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тулга тойрсон хэрүүл үүгээр төгсгөл болоосой


Утга, уянгын жүжгийн үзэгчдийг татах шижим нь эерэг, эсрэг дүр болон зүрх шимшрүүлэх эмгэнэлт үйл явлууд ар араасаа цуврах үзэгдлүүд байдаг. Үзэгч дуусан дуустал сайн сайхны төлөө тэмцэх баатрыг хайрлаж, эсрэг талынхыг нь үзэн ядах сэтгэлд автуулан өр нимгэн нэгний нулимсыг унагах нь найруулагчийн шийдэл. Тэгвэл монголчуудыг яг л ингэж талцуулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн утга уянгын мелодрам энэ сард хаалтаа хийх бололтой.

Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгчийн жинхэнэ бодит мелодрамын эзэн болсон тэд худалч хүнд бараг жил дамнан цэрэг нь даргадаа, даргад нь цэрэг таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр маргаж, эцэс сүүлдээ хэрүүл нь тогооноосоо халин өвчтөнөө хөлдөө чирэх шахсан. Хүний эрүүл мэндийн энхийн манаанд ашиг сонирхлын зөрчлөөс ангид өдөр, шөнөгүй ажиллана хэмээн тангараг өргөсөн тэдний маргаан хэрээс хэтэрсэн тул салбарын яамнаас тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарласнаар эл хэрүүл, маргаанд “цэг” тавих нь хэмээн монголчууд амьсгал авахтайгаа болсон нь саяхан.

Ингээд сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр буюу 86,1 оноо авсан А. Мөнхтайваныг ГССҮТ-ийн даргаар томилох сайдынх нь тушаал гарч, маргааш тамгаа хүлээж авах нь гэсэн “шум” сайтуудаар хөвөрсөн. Гэвч эрүүл мэндийн салбарынхнаас хамгийн хурдан хэвлэлийн баатар болж, олон түмний сэтгэлд  мартагдахааргүй хоногшсон Ц.Энхбаяр дарга удтал зүүгдсэн сандлаасаа ховхроход хэцүү байв уу эсвэл үнэхээр өвдсөн үү бие чилээрхүү байна гэсэн шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаагаас шинэхэн дарга ажлаа авч чадсангүй гэх мэдээлэл сайтуудын бас л хамгийн их уншигчтай мэдээлэл байсан  гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа, “Тамгаа аван зугтдаг “мода” эрүүл мэндийн салбараас угшилтай юу”, “Ц.Энхбаяр дарга тамгаа аван зугтжээ” гэх гарчигтай мэдээллийг хамгийн олон хүн уншжээ. Үнэхээр үүрэг гүйцэтгэгч нь А.Мөнхтайваныг хулхидсан эсэхийг шинэхэн даргаас тодруулбал “Би ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн. Сайдын тушаал ч гарсан гэж сонссон. Гэхдээ надад албан ёсоор ажлаа тэдэнд хүлээж ав гэсэн мэдээлэл өгөөгүй. Ц.Энхбаяр даргын хувьд өвчтэй байгаа гэж дуулсан. Өнөөдөр/өчигдөр/ намайг ажлаа ав гэж хэн ч, юу ч хэлээгүй” гэлээ. Ц.Энхбаяр даргын бие чилээрхүү байгаагаас салбарын сайд тушаалаа эмнэлгийн захиргаанд өгөхөө түр хойшлуулсан бололтой. Тэрнээс арай ч хэдэн сар хэвлэлээр баалуулж, сайн, муугаа  дуудуулсан Ц.Энхбаяр дарга өвчтэй гэдгээ шалтаглан тамгаа аван зугтах ёс суртахуун байхгүй гэдэгт итгэнэм.

Учир нь, эрүүл мэндийн салбар гэлтгүй төрийн бүх байгууллагын дарга нарт олдмол чанарын гэмээр өвчнөөр шалтаглан тамгаа авч зугтдаг эрүүл бус үзэгдэл гараад буй. Хамгийн сүүлд гэхэд салбарын сайдынх нь туслах бүсгүй тамгаа хэдэн хоног  авч явсанаас албан бичиг, тушаал шийдвэрээ баталгаажуулж чадахгүй байгаа тухай мэдээлэл олон хүнийг гайхашруулсан. Тэр байтугай хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг умартсан нэгэн эмнэлгийн дарга хэдэн хоног ор сураггүй алга болж байсан хөгтэй гэмээр түүх ч бий. Ямар ч гэсэн хэнээс угшилтайг нь мэдэхгүй ч, эрүүл мэнд гэлтгүй улс төрийнхөнд халдварласан сүүлийн тохиолдол нь Багануур дүүргийн ИТХ-ын дарга асан Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга  М.Даваасүрэн хурлын ажлын албаны өрөөнүүдийг лацдан тамгаа аваад зугтсан явдал үүгээр дуусаасай билээ дээ гэж залбиръя.

Ямартай ч, түүний мэдлэгт итгэдэг олон өвчтөн нь хүлээж буй нь тодорхой. Тиймээс эрүүл энхийн манаанд зогссон түүнээс тамгаа авч зугтах эрүүл бус үзэгдэл гарахгүй байх.  Тэр эмч хүн. Бас бүсгүй хүн шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан