Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Габриэль Гарсиа Маркес: Надаас хойш ном зохиол минь алдаршсан бол сайн байхсан

Өнөө бидний цаг үед амьдарч буй хамгийн алдартай, агуу зохиолчдын нэг Габриэль Гарсиа Маркесын ид алдаршиж байх үе буюу Нобелийн шагнал авахын өмнөх жил, 1981 онд “Paris Review” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Өнгө өнгийн цэцэгс алагласан Мехико хотын хамгийн хуучны, хамгийн сайхан хэсэг болох Сан Ангел Иннд Габриель Гарсиа Маркесын байшин бий. Ажлын өрөө нь гэрээсээ хэдхэн алхмын зайтай. Зочин хүлээж авах зориулалтаар барьсан, намхан, уртавтар энэ байшинд байх зохиолчийн өрөөний тээр тэнд ажлын ширээ нь, хоёр сандал, наана нь жижиг цагаан хөргөгч байх аж. Энэ өрөөнд байх хамгийн содон зүйл бол Г.Маркесын өөрийнх нь хөрөг зураг.
Өргөн цээжтэй,  нарийхан хөлтэй, дунд жингийн боксчин шиг хатуу чанга биетэй харагдах зохиолч надтай мэндлэх гэж хөнгөхөн алхсаар ирэв. Бид хоёр гурван ч өдөр уулзаж, тэр бүртээ хоёр цаг ярилцсан билээ. Тэрээр англиар сайн ярих боловч ихэнхдээ испаниар ярьж, хоёр хүү нь орчуулга хийж өгсөн юм.


-Дуу хураагч ашиглавал дургүйцэхгүй биз?
-Яриаг нь бичиж авч байгааг мэдэх үед хүний хандлага өөрчлөгддөг. Би л гэхэд шууд биеэ барих маягтай болоод ирдэг. Сэтгүүлчийн хувьд дуу хураагч ашиглаж сураад хэрэггүй гэж би боддог. Миний бодлоор ямар нэг тэмдэглэл хөтлөхгүйгээр ярилцагчтайгаа тухтай сайхан яриа өрнүүлснийхээ дараа өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээр бичих нь дээр санагддаг.

-Надад бага зэрэг гэмших сэтгэл төрлөө. Гэхдээ ийм чухал ярилцлагын үеэр ашигласан нь дээр болов уу. Та харин сэтгүүлчээр ажиллаж байхдаа үүнийг  огт ашигладаггүй байсан хэрэг үү?
-Сэтгүүлчийн хувиар бол хэзээ ч үгүй. Надад нэг сайн хураагч бий. Гэхдээ түүгээр зөвхөн хөгжим сонсдог юм. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа ярилцлага хийж байгаагүй юм.

-Нэг сүйрсэн хөлөг онгоцны далайчинтай хийсэн алдартай ярилцлагын тань тухай сонссон юм байна?
-Тэр ч яг асуулт, хариулт байгаагүй л дээ. Далайчин тохиолдсон явдлаа надад бүгдийг ярьж өгсний дараа би далайчны үгээр, яг өөрөө ярьж байгаа мэт бичсэн юм. Тийм ч болохоор хоёр долоо хоног өдөр бүр цувралаар гаргахдаа өөрийнхөө автороор биш, далайчны нэрээр хэвлүүлсэн. Тийм ч учраас түүнээс хойш 20 жил өнгөрч, “Зуун жилийн ганцаардал” гарах хүртэл түүнийг намайг бичсэн гэж хэн ч таамаглаагүй юм.
-Нэгэнт сэтгүүл зүйн тухай ярьсных олон жилийн дараа сэтгүүлчээр ажиллах ямар байгааг асуумаар байна. Өөр мэдрэмж, өөр нүдээр харж байна уу?
-Сэтгүүл зүй бол ёстой л миний мэргэжил дээ гэж би уг нь боддог. Гэхдээ залуу байхад ажиллах нөхцөл болоод сонины ашиг сонирхолтой өөрийн үзэл бодлоо нийцүүлэх ёстой байсан нь таалагддаггүй байв. Харин одоо бол зохиол бичээд, санхүүгийн хувьд бие даасны дараа сонинд өгүүлэл бичих сэдэв, санаагаа өөрөө сонгох боломжтой болсон. Яадаг ч байсан, сэтгүүл зүйн бүтээл хийх нь хэзээд миний дуртай ажил байсан.

-Сэтгүүл зүйн нийтлэл сурвалжлага болон зохиол бичих хоорондоо хэр ялгаатай вэ?
-Ямар ч ялгаа байхгүй. Эх сурвалж нь ижил, материал нь ч ижил.

-Хэдэн жилийн өмнөх ярилцлагадаа та сэтгүүлчээр ажиллаж байхдаа маш хурдтай бичдэг байснаа дурссан байсан?
-Одоо бол ном зохиол ч бай, сонины нийтлэл өгүүлэл ч байсан бичих улам л хүнд болоод байна. Сонинд ажилладаг байхдаа бичиж байгаа үг бүрээ тунгааж боддоггүй байж. Боготад “El Espectador” сонинд ажиллаж байхдаа долоо хоногт хамгийн багадаа гурван өгүүлэл, өдөрт 2-3 редакцийн тэмдэглэл, бас бус киноны шүүмж бичдэг байлаа. Тэгээд шөнө бүх хүн харьсан хойно зохиолоо бичээд үлддэг байв. Тэр үед бичгийн машины дуу бороо шаагиж байгаа юм шиг мөн ч сонсголонтой сайхан санагддаг байж билээ. Ганцаархнаа чимээгүй суухгүйн тулд тасралтгүй бичдэг байж дээ. Одоо бол ажлын бүтээмж харьцангуй багасчээ. Сайн ажиллалаа гэхэд л өглөөний есөөс өдрийн хоёр, гурван цаг хүртэл бичнэ. Бичихдээ дөрвөөс таван догол мөр бичиж байгаа юм. Гэвч маргааш нь өнөөхөө урж хаяад дахиад л бичиж эхэлдэг.

-Ингэж нухацтай бичих болсон нь таны зохиолыг өндөр сэтгэгдэлтэй хүлээж байгаа уншигчдаас болов уу аль эсвэл улс төрийн үзэл бодлоос шалтгаалж байна уу?
-Хоёулаа. Уран зохиол, улс төрийн хүрээнд би төсөөлснөөсөө ч олон хүний өмнө үүрэг хариуцлага хүлээж, тэдэнд зориулж бичих болсон. Үүнд бас өөрийгөө тоох бахархал ч бас хамаатай. Өмнөхөөсөө муу зохиол биччихгүйг хичээдэг болж.  

-Та хэзээнээс бичиж эхэлсэн юм бэ?
-Би уншиж, бичиж сурахаасаа өмнө зурдаг байсан юм. Сургууль дээрээ ч, гэртээ ч байнга л комик зурдаг байлаа. Гэхдээ юу ч бичдэггүй. Тэгсэн хэрнээ ахлах сургуульдаа зохиолч гэдгээрээ нэртэй байснаа бодохоор хөгжилтэй санагддаг юм. Хааяа нэг өргөдөл, захидал энэ тэр бичих хэрэг гарвал надад л хариуцуулна. Зохиолч гэдэг нэртэй юм болохоор. Ямартай ч, коллежид орох үедээ утга зохиолын маш сайн суурь мэдлэгтэй, ядаж л үеийнхээ найзуудаас хавьгүй илүү байсан. Боготад коллежид ороод шинэ найз нөхөдтэй болж, тэд маань намайг контемпорари зохиолчидтой танилцуулсан юм. Нэг орой найз маань надад Франц Кафкагийн богино өгүүллэгүүдийг өгсөн юм. Дотуур байрандаа очоод “Хувирал”-ыг уншлаа. Эхний мөрийг уншаад л би бараг орноосоо унах шахсан.  “...Нэгэн өглөө Грегор Замза таагүйхэн зүүднээс сэрэхдээ орон дотроо хачин муухай аварга том шавж болон хувирснаа мэдэв...” гэдэг эхний мөрийг уншаад үнэхээр гайхаж балмагдсан. Хэрвээ ингэж бичиж болдог юм бол би бүр эрт бичиж эхлэх байж шүү гэж бодогдоод шууд л богино өгүүллэг бичиж эхэлсэн. Миний бичсэн богино өгүүллэгүүд “El Espectador” сонинд гарч тухайн үедээ багахан амжилт олсон юм. Яагаад гэвэл тэр үед Колумбад хэн ч тийм өгүүллэг бичдэггүй байв. Би голдуу л хөдөөгийн, нийгмийн амьдрал бичдэг байсан даа.  Тэр үед миний зохиолуудад Жойсын нөлөө их байна гэлцдэг байсан шүү.

-Тэр үед та Жойсыг уншдаг байсан юм уу?
-Үгүй ээ, хэзээ ч уншиж байгаагүй. Хүмүүс тэгж яриад байхаар нь “Улисс”-ыг уншиж үзсэн юм. Тэр үед зөвхөн испани орчуулга нь л надад олдсон. Харин хожим нь англи, франц хэлээр уншиж үзээд испаниар үнэхээр муу орчуулсныг мэдсэн дээ.

-Тэгвэл таныг утга зохиолд хөл тавих үед ямар зохиолчид хамгийн их нөлөөлсөн бэ?
-Америкийн алдагдсан үеийнхэн. Гэхдээ миний зохиол бүтээлд хамгийн их нөлөөлсөн үйл явдал 1948 оны дөрөвдүгээр сарын 9-нд болсон юм. Тэр өдөр улс төрийн удирдагч Гайтан буудуулан нас барж, Боготагийн гудамж эгээ л галзуурсан мэт хүмүүсээр дүүрсэн юм. Гайтаныг буудуулсан гэж сонсоод тэнд очтол түүнийг дөнгөж таксинд суулгаад эмнэлэг рүү авч явж байлаа. Тэндээс буцаад дотуур байр руугаа явах үед хүмүүс аль хэдийнэ гудамжинд гараад эсэргүүцлийн жагсаал хийж, үймээн самуун дэгдээн, дэлгүүр тонож, байшин барилга шатаагаад эхэлчихсан байсан. Тэр л өдөр би ямар янзын улсад амьдарч байгаагаа, миний бичсэн өчүүхэн жижиг өгүүллэг ч ямар үр уршиг дагуулж болохыг ойлгосон юм. Тэгээд л бага насаа өнгөрүүлсэн Карибын Барранкилад очиж,  өөрийнхөө мэддэг амьдралыг бичихээр шийдсэн юм даа.  
Надад маш ихээр нөлөөлсөн бас нэг явдал 50-иад оны эхээр тохиолдсон юм. Ээж маань надтай хамт Аракатака гээд миний төрсөн тосгон руу очиж, хуучин байшингаа зараад ирье гэсэн юм. Хамгийн сүүлд найман настайдаа гарснаас хойш ганц ч удаа очоогүй тосгондоо 22 настайдаа очиход бүх зүйл яг урьдны хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй байсан нь намайг үнэхээр алмайруулсан. Бүгд хуучныхаараа байсан болохоор үнэхээр миний нүдэнд бодитоор тэгж харагдаад байна уу, аль эсвэл би ийм зохиол хаа нэгтээ уншсан бил үү гэдгээ ч ялгахгүй тийм сонин мэдрэмж төрсөн. Яг тэр уур амьсгал, тосгоны бүгчим халуун агаар надад их нөлөөлсөн. Тэндээс буцаж ирээд “Навчин шуурга” гэдэг анхны зохиолоо бичсэн юм. Тэр үед л би зохиолч болмоор байгаагаа, бичих ажлыг минь хэн ч зогсоож чадахгүй гэдгийг мэдэрсэн. Бас дэлхийн хамгийн шилдэг зохиолч болохыг хичээх л үлдлээ гэж бодогдож байсан. Тэр бол 1953 он. Гэвч 1967 он хүртэл зохиолчийн хувьд би үнэлэгдэж чадаагүй юм.

-Тэр үед та хэнд зориулж бичдэг байсан бэ?
-“Навчин шуурга”-ыг би найзууддаа зориулж бичсэн юм. Надад тусалж, номоо зээлүүлж, миний ажлыг үнэн сэтгэлээс дэмждэг найзууддаа. Ер нь, би аливаа зохиолоо хэн нэгэнд заавал зориулж бичдэг.  Бичиж байхдаа энэ хэсэг тэр найзад маань таалагдана даа, энэ бүлэг нь тэрэнд таалагдана гээд л онцгойлж заавал боддог юм.  Тэгээд төгсгөлд нь хүрэхэд бүхий л найзууддаа зориулж бичсэн байдаг.
Харин “Зуун жилийн ганцаардал”-ыг бичсэнээс хойш тэр олон сая уншигчийн хэнд нь зориулж бичиж байгаагаа би мэдэхээ байсан. Яг л хэдэн сая нүд чам руу цоо ширтээд байхад чи тэдний юу бодож байгааг мэдэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон.

-Сэтгүүлчийн мэргэжил таны зохиол бүтээлд нөлөөлсөн үү?
-Аль аль талдаа л нөлөөлсөн. Зохиол бүтээлийн туршлага маань сэтгүүл зүйн нийтлэлээ уран сайхны мэдрэмжтэй бичихэд тусалдаг бол, сэтгүүл зүй эргээд зохиол бүтээлээ бодитой, амьдралтай бичихэд тусалдаг.

-Анхны зохиолоосоо “Зуун жилийн ганцаардал”-ыг бичих хүртэл хугацаанд өөрийн гэсэн хэв маягийг олохын тулд ямар эрэл хайгуул хийснээ ярихгүй юу?
-“Навчин шуурга”-ыг бичиж дууссаны дараа би тухайн үеийн улс орныхоо улс төрийн нөхцөл байдлыг бичихээс татгалзаж, ерөөсөө л төрсөн тосгоноо, хүүхэд ахуйн амьдралынхаа тухай бичье гэж шийдсэн юм. Тэр үед утга зохиол-улс төрийн холбоо харилцааны талаар их ч ярьдаг байсан. Тиймээс улс төрөөс аль болох нүүр буруулж, бичихгүй байх гэж хичээж байсан юм. Ингээд “Хурандаад хэн ч бичихгүй”, “Чөтгөрийн цагаар”, “Том ээжийн оршуулга” зэрэг зохиолоо бичлээ. Бүгд хоорондоо маш төстэй, нэг ижил цаг хугацаанд юм уу, ижилхэн газарт өрнөдөг үйл явдалтай. Гэтэл энэ зохиолуудаа бичсэний дараа миний харах өнцөг бас л буруу байсныг мэдсэн. Ингээд “Чөтгөрийн цагаар”-аас хойш таван жил юу ч бичсэнгүй. Надад үргэлж шинэ санаа төрж байсан ч нэг л зүйл дутагдаад, зөв өнгө аясаа олохгүй байсан юм. Тэгж тэгж “Зуун жилийн ганцаардал”-ын өгүүлэмж дэх яг тэр өнгө аясыг олсон юм. Эмэг эх маань үлгэр домгийг яг тэр зохиол шиг ярьдаг байв. Тэр гайхалтай уран сэтгэмжтэй хэрнээ бодитой мэт ярьдаг. Хүн итгэмээргүй, маш уран фантазтай үйл явдлыг яг бодитой юм шиг нүүрний хувиралгүй өгүүлдэг байсан юм. Яг тэр өнгө аясыг олсны дараа 18 сарын турш өдөр бүр сууж, тасралтгүй бичсэн дээ.

-Энэ зохиол амжилтад хүрнэ гэдгийг та урьдаас мэдэж байсан уу?
-Ямартай ч найзуудад маань таалагдахаар ном болно гэж мэдэж байсан. Гэхдээ испани хэлээр номыг маань хэвлэсэн газар найман мянган хувь хэвлэнэ гэхийг сонсоод би цочих шиг болсон. Урьд нь миний ном долоон мянгаас дээш хувиар борлогдож байсан удаагүй . Тийм болохоор бага багаар хэвлэвэл дээргүй юу гэтэл хэвлэлийн компанийн дарга нь маш сайн ном учраас хурдан борлогдоно гэсэн л дээ. Үнэхээр ч тэр бүх номыг Буэнос Айрест долоохон хоногийн дотор зарж дууссан даа.

-Хүмүүст тэгтэл хүрсэн шалтгааныг та юу гэж бодож байна?
-Мэдэхгүй юм даа. Би бүтээлийнхээ тухай ярихдаа тун маруухан. Энэ зохиол хүмүүст хүрсэн шалтгаан нь Латин Америкчуудын хувийн амьдралыг дотроос нь бичсэн учраас гэж уншигчид олонтаа хэлж байхыг сонссон.  Гэхдээ хүмүүсийн хэлдэг энэ шалтгааныг анх сонсоод би их гайхсан. Яагаад гэвэл би анхандаа номоо бүр “Байшин” гэж нэрлэх гэж байсан юм шүү. Зохиолын бүх үйл явдал зөвхөн тэр байшин дотор өрнөдөг, гадаад зүйлс нь зөвхөн нөлөө байдлаар мэдрэгддэг байхаар бичих гэж байсан. Гэвч Макондо тосгон руу ороод ном цаашаа ер явж өгөхгүй байсан учраас нэрийг нь сольсон юм.

-Энэ зохиолыг кино болгоё гэдэг санал ирж байсан уу?
-Тийм ээ, кино хийе гээд нэг сая ам.долларын санал тавихаар нь татгалзтал бүр гурван сая болгож ахиулж байдаг шүү. Гэхдээ зохиолоо ном болгох ямар ч сонирхол надад байхгүй. Зөвхөн ном, уншигч хоёрын дунд хувийн харилцаа болон үлдээсэй гэж хүсч байна. Зохиолын дүрүүдийг уншигчид өөр өөрсдийнхөөрөө төсөөлчихсөн байж байтал кинонд огт өөр царай гараад ирвэл тэдний сэтгэлд нийцэхгүй шүү дээ.

-Ер нь, сайн зохиолын чанарыг нь алдуулахгүйгүйгээр кино болгож чаддаг болов уу?
-Сайн зохиолыг тэр хэвээр нь сайхан кино болгосон тохиолдлыг би лав мэдэхгүй юм. Харин маш муу зохиолоор сайн кино хийснийг харж байсан.

-Та өөрөө кино хийж үзье гэж бодож байсан уу?
-Кино найруулагч болохыг хүсч явсан үе бий. Бүр Ромд энэ чиглэлээр сурч байлаа. Кино урлагийг би ямар ч хязгааргүйгээр хүссэн бүхнээ өгүүлж болох арга хэрэгсэл гэж ойлгож байсан юм. Гэвч Мексикт ирээд кино зохиол бичиж эхлэхдээ кино урлаг бол миний бодсон шиг хүссэн бүхнээ гаргаж илэрхийлж болдог урлаг биш гэдгийг ойлгосон.

-Та яг одоо дуртай зохиолчдоосоо гадна хэнийг уншиж байна?
-Хамгийн хачин ном зохиолуудыг л уншиж байгаа даа. Нэг өдөр Мухаммед Алигийн дурсамжийг уншиж байгаад нөгөө өдөр нь “Дракула”-г барьж авах жишээтэй. Брэм Стокерын энэ номыг нэлээд хэдэн жилийн өмнө цагийн гарз гээд уншилгүй орхиж байсан юм. Харин итгэж явдаг хүн маань зөвлөсөн учраас дахин уншиж эхэлсэн. Би ихэвчлэн дурсамж, баримт бичгүүд уншдаг. Дуртай зохиолчдоо дахин дахин уншина. Бас өдөр тутмын үйл явдлаас хоцрохгүйн тулд ер нь л юм юм л  уншиж байна. Хамгийн сайн гэсэн бүх л сонин хэвлэлийг уншчихаад байхад миний сонсоогүй зүйлийг эхнэр маань ирж яриад байдаг юм. Тэгэхээр нь гайхаад, хаанаас уншчихав гэтэл гоо сайхны газар байдаг сэтгүүлээс гэж байна. Тэрнээс хойш эмэгтэйчүүдэд зориулсан загварын, хов живийн гээд бүх л төрлийн сэтгүүл уншдаг боллоо. Тэндээс нээрээ их зүйл сурч авахаар юм байна гэж бодогдоод байгаа шүү. Энэ бүхнийг унших гэсээр завгүй сууж байна даа.

-Хэт залуудаа алдар нэр, амжилт олох нь зохиолч хүнд сайн уу, муу юу?
-Ер, ямар ч насанд бай муу. Хэрэв хүслээр болдогсон бол намайг үгүй болсны дараа ном зохиол минь алдаршсан бол сайн байхсан. Үгүй яахав, капиталист оронд бол номоо арилжиж, ашиг хонжоо хөөж болох л юм даа.

-Яагаад алдар нэр зохиолч хүнд халтай гэж?
-Нэгдүгээрт, хувийн амьдралд чинь халдана. Найздуутайгаа хамт байх, ажлаа хийх цагаас чинь хорооно. Алдар нэр чамайг жинхэнэ бодит ертөнцөөс тусгаарлаж орхино. Нэр хүндтэй зохиолчид хэрэв цаашид бичсээр байя гэж хүсч байгаа бол өөрийгөө алдар нэрнээс ямагт хамгаалж явах хэрэгтэй. Би түрүүн хэлсэн. Зохиолууд маань намайг өнгөрч одсоны дараа хэвлэгдсэн болоосой гэж хүсдэг. Тэгсэн бол агуу зохиолч гэсэн энэ их алдар нэрийг яаж авч явах вэ гэж зовохгүй байхсан. Надад ирсэн алдар хүндийн ганц давуу тал бол улс төрийн зорилгоор ашиглах  боломж олдсон явдал. Түүнээс бусдаар тийм ч таатай эд биш.

-Зохиолчийн хувиар таны хамгийн том хүсэл мөрөөдөл  бас харамсал юу вэ?
-Алдар нэрийн тухай дээр хэлсэнтэйгээ л ижил зүйл ярих нь. Магадгүй, Нобелийн шагнал авахыг хүсэх байсан уу гэвэл, мэдээж тийм. Гэхдээ түүнийг хүлээн авна гэдэг аймшигтай.  Харин амьдралдаа харамсч явдаг зүйлийн тухайд бол охинтой болоогүйдээ л үнэхээр харамсдаг.  

-Та одоо ямар зохиол бичиж байна вэ?
-Амьдралынхаа хамгийн агуу номыг бичнэ хэмээн өөртөө итгүүлчихээд л явж байна. Гэхдээ хэзээ, ямар зохиол бичихээ мэдэхгүй.

-Та хэзээ хамгийн бүтээмжтэй ажилладаг вэ. Ажлын тогтсон дэглэм гэж байдаг уу?
-Анх мэргэжлийн зохиолч болж байх үед ганц том асуудал нь миний ажлын хуваарь байлаа. Тэр үед би 40 настай байв. Би ерөнхийдөө өглөөний есөн цагаас үдийн хоёр цагт хүүгээ сургуулиас нь ирэх хүртэл бичдэг байсан юм. Гэтэл сэтгүүлч байхдаа шөнө орой хүртэл ажиллаад дасчихсан хүн чинь ийм бага цагийг ажилдаа зориулж байгаадаа сэтгэл тавгүй, гэмшдэг байв. Тэгээд үдээс хойш бичдэг боллоо. Гэтэл үдээс хойш бичсэн зүйлээ маргааш харахад сэтгэлд хүрэхгүй, дахиад бичих хэрэг гарч байгааг сүүлд мэдэж авсан. Ингээд 2:30-аас хойш бичихгүй гэдэг цагийн хуваарь гаргасан. Үдээс хойш хүмүүстэй уулзах, ярилцлага хийх зэрэг ажлаа амжуулна. Би ер нь танил бус орчинд ажиллаж чаддаггүй юм. Зочид буудалд, хүний өрөөнд, эсвэл хүний бичгийн машин дээр ажиллаж чаддаггүй. Тэгэхээр аялж байгаа үед ажлаа алддаг нэг гэмтэй.
Шинэ зохиол эхлэхдээ хамаг цагаа зориулдаг. Ер нь зохиолч хүний хамгийн хэцүү ажил бол эхний догол мөрөө бичих. Ганцхан догол мөр бичих гэж хэдэн сар болох үе ч бий. Учир нь, эхний догол мөрөнд л номныхоо хамаг гол асуудлаа шийдвэрлэх ёстой. Харин нэг бичээд авчихсан байхад цаашаа аяндаа урсаад явчихдаг. Ийм л болохоор богино өгүүллэг бичих нь том зохиол бичихээс хавьгүй хүнд байдаг.

0 Сэтгэгдэл
нэг номыг нь Гунигт янхнуудаа дурсахуй гэж орчуулсан байдаг, испани хэлнээс Б. Нямдорж орчуулсан, хоёр гурван жилийг өмнө хэвлэгдсэн, одоо харин номын дэлгүүрээр зарагдаад дууссан байна лээ. Дараагийн номын орчуулгаа нэлээд ахиулж байгаа дуулдсан, удахгүй хэвлэгдэх байх аа
нэг номыг нь Гунигт янхнуудаа дурсахуй гэж орчуулсан буй. Б. Нямдорж испани хэлнээс шууд орчуулсан, сайн болсон гэж үнэлэгддэг, харин номын дэлгүүрээр хайгаад олоогүй, зарагдаад дууссан гэсэн, дахин хэвлүүлэхийг нь хүлээх эсвэл хүнээс гуйж олж унших л болох байх даа. Удахгүй бас нэг өөр номыг нь орчуулж байгаагаа хэвлүүлэх байх аа, орчуулга нь нэлээн ахисан дуулдсан
нэмж хэлхэд жорж сэмөн билүү шар нохой гд 3н туужийн хэв маяг өгүүлэмж адилхан гж бодхийн мөнүү нарийн мэдэхгүй бна...
харин тийм байхаа би 7р ангид байхаа уншаад лав юуч ойлгоогүй сайн орчуулагтай хэнийх бнаа,,,
маш сонин өвөрмөц сэтгэлгээтэй агуу зохиолч. зуун жилийн ганцаардлаас өөр ном монгол хэл дээр орчуулагдсан байдаг юм болов уу. орчуулга нь жаахан ойлгомжгүй болсон юм шиг санагддаг
Хамгийн их уншсан