Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наурыз кутты болсын


-Хаврын баярын мэнд хүргэе-

Газар тарлантан цас ханзарч гадаа хаврын урь хамар цоргион урт өвөл шувтарч урин хавар айлчлан иржээ. Нартай, найртай Наурызын баярыг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Түнхэл тос­гоныг зориод ирлээ. Хотоос 160 гаруй км-ын зайд орших Түнхэл тосгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршино. Аглаг уулсын аманд ар өврөөрөө өтгөн шигүү ой шугуйгаар өвч битүү хүрээлэгдсэн энэ нутагт тэртээ 1960-аад онд “Модны сангийн аж ахуй” үүсгэн байгуулагдсан гэдэг. Ажилчид нь үйлдвэрээ түшиглэн орон нутагтаа оршин сууж нутагшсан нь өдгөө 5000 гаруй хүн амтай тосгон болж дэвжжээ. “Түнхэл” тосгоны оршин суугчдын 10 орчим хувь нь казах иргэд бөгөөд 100 орчим казах айл өрх байдаг аж. ъ

Өглөө эрт, үүр цүүрээр хөдөлсөн бид намаг балчигтай замаар нартай уралдан давхисаар их үдийн алдад зорьсон газраа ирэв. “Хаврын салхи хавирга нэвт” гэдэг ч “Түнхэл” тосгон дулаан газар байна. Уудам хөндийг ороосон урт голыг дагасаар хадтай, асгатай уулын хавирга энгэрээр зүтгүүлсээр мөнөөх дулаан хөндийд ердөө ч зутралгүй ирлээ. Аяны бид морьтой байж Наурызын баяр яг эхлэх үеэр ирсэн байв.

“Наурыз кутты болсын” буюу “Хаврын баярын мэнд” хэмээсээр найрсаг казах түмэн угтан авч “Нарны баяр”-таа урин залав. Тосгоны хаяа дэрлэн урсах Хараа голын урсгал хуучин модон гүүрний дээхнэ уулын амнаас уруудсан “Түнхэл” голтой сүлэлдэнэ. Ханш нээгдэн, хад асгатай уулсын амнаас хаврын цас хайлан урсч Хараа гол ч цөн түрж хачин амгалан хавар айлчилжээ.

Хоёр голын бэлчирт хаяа дэрлэн найрлах казах түмний баяр Кызкуар буюу залуу хосуудын хөөцөлдөх наадаанаар эхэлсэн юм. Наурызын баярыг дэлхий дахинд, Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2010 оноос эхлэн Тажикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хvсэлтийн дагуу НVБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг Олон улсын баяр болгон баталсан гэдэг.

Эрт дээр үеэс улбаатай энэ баярыг ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау”, “рыз” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Наурызын баяраар казах зон уламжлалт тоглоом, наадаанаа өв, соёл болгон тээсээр өнөө үетэй золгосны нэг нь Кызкуар аж.

Залуу хосууд морь унан хөөцөлдөж саахалтын газраас наадан буй хотол олны зүг давхин ирнэ. Чингэхдээ, сүйт бүсгүй нь суран ташуур юугаар хархүүгээ занчих ёстой аж. Ёс мэдэхгүй хүн харваас эхнэр нь нөхрөө элдэвдэж байгаа мэт санагдана. Эл наадаан нь эмэгтэй нь эрэгтэйгээ занчин хөөсөөр гүйцэн түрүүлж үнсвээс өөрийн болгож буй хэрэг аж. Аль ч үндэстэн ястны ёсонд эрт дээр үеэс эрчүүд нь таалсан бүсгүйгээ богтлон авдаг байсан нь түгээмэл. Харин жил бүрийн Наурызаар бүсгүй нь эрчүүдээ сонгох ганц боломж олддог нь кызкуар аж. Эмэгтэй нь эрэгтэйгээ сонгодог ийм ёсон шотландчууд болоод казах түмэнд л байдаг аж. Түнхэл тосгоны казах иргэдийн дийлэнх нь гэр бүл болцгоосон учир найман хүн кызкуар наадааныг үзүүлэн тоглосон юм.

Кызкуар үзэж сонирхсны дараа хэн хүний мэддэг тулам булаалдах наадаан эхэлсэн. Моринд эрэмгий казах залуус хоёр баг болон хуваагдаж хуран цугласан олныг хөгжөөхөөр бэлтгэлээ хэдийнээ базаажээ. Наадмыг зохион байгуулж буй ахмад настнууд ямааны арьсан тулмыг хоёр багийн ахлагчийн гарт бариулснаар тэмцээн эхэлсэн юм. Эр бяр нь амтагдаж эмээл дээрээ “завилсан” харчуул “Кран бүргэд” болон “Достар” хэмээх хоёр багт тав таваараа хуваагдсан байв. “Кран бүргэд” гэдэг нь “Анч бүргэд” гэсэн утгатай бол “Достар” нь “Найз нөхөд, ахан дүүс” гэсэн утга илэрхийлнэ.

Дөрөөн сур тасартал жийж, туламны үс зулгартал таталцах эрчүүд эрхийдээ бяртай байж эд хаваараа гайхуулж байлаа. Гишүүн бүр нэг, нэг удаа тулам булаалдах бөгөөд нийт тав тоглосноос “Кран бүргэд” баг гуравт нь ялж тулам булаалдах наадааныг аваргалсан юм.

Мөн эрчүүд хүчээ үзсэн нэгэн наадаан бол даага өргөх тэмцээн байв. Нас, бие гүйцсэн хээр даагыг хэрийн аавын хүү өргөж хүчрээгүй ч модны үйлдвэрийн ажилчин Долотдек хоёр дахь оролдлогоороо өргөв. Ийнхүү эрчүүд нь эд хаваа гайхуулж эмэгтэйчүүд нь гоёл чимгээрээ сайрхсан Наурызын баярын тэмцээн уралдаан өндөрлөсний дараа тосгоны ахмад настан Амирсолтоны Кастекейн гэрт биднийг урин заллаа.

Урт ширээ дүүргэн зассан идээ ундаан дунд ихэд анхаарал татсан нь мэдээж каз. Каз нь казах түмний үндэсний хоол бөгөөд адууны махыг амтлан чанаж хийнэ. Нэг л өөр, нэмж хачирласан юмгүй хэр нь каз буюу оёма кирта хачин өвөрмөц амттай. Ирсэн зочдыг ихэд уриалгахнаар урин залах энэ айлын эзэгтэй “ширээ дүүргэсэн идээ ундааг дуусгаж байж гарна шүү” хэмээнэ.

Өөх, тостой ч шаранд хүрдэггүй хэмээсэн учир казах түмний адил казыг гараараа барин идэж, чанасан шөлөөр нь хийдэг көже буюу аарцтай будаагаар даруулахад арааны шүлс асгаран ясны хөлс гарч байлаа. Наурызаар цагаан сартай адил настан буурлууд, өөд бологсдодоо хүндэтгэл үзүүлдэг ёс бий. Чилбек буюу жижиг гамбир, бинтэй адил гурилан хоолыг өөд болсон өтгөс, өвгөддөө зориулан хийж ширээ дүүргэн тавина. Чилбек хийхдээ уснаас өөр унд хоолонд хэрэглэдэг юуг ч эс хийнэ.

Энэ нь идээ будаа, ургац хадлангаар арвин байгааг илтгэхээс гадна ганц ч амтлагч ордоггүй нь газрын амтыг илэрхийлдэг аж.


Амирсолтоны Кастекейн: Айлчлан ирж буй хаврын мэнд хүргэе

Хуран цугласан олон домбор хөгжмийн аялгуунд дуу хуур болон цэнгэх хооронд гэрийн эзэн Амирсолтоны гуайтай цөөн хором яриа дэлгэлээ.


-Буурай, танай гэр бүл энэ нутагт хэзээнээс суурьшиж эхлэв?
-1953 онд нутгаас гарч ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөний дараа хуваарь авч Дорноговьд 1968 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаад энд ирсэн дээ. Одоо, даруй 40 гаруй жил болчихож. Би энэ жил 82 хүрч байна. Миний ах дүүс цөм энэ нутагт ажиллаж амьдарч, аж төрөн нутаглаж байлаа. Одоо манай хүүхдүүдээс зарим нь Дорноговьд байна. Энэ завшааныг ашиглаад Дорноговьд суугаа үр хүүхэд, төрөл төрөгсдөдөө Наурызын баярын мэнд хүргэе ээ.

-Таныг малын эмч хэр нь модны үйлдвэрт давхар ажиллаж байсан гэсэн?
-Тийм. 1960 оны эхээр Түнхэлд илгээлтээр ирж ажиллаж байсан казах иргэд их олон. Тухайн үед мод бэлтгэлийн үйлдвэрт ирж ажиллаад л эндээ суурьшчихсан хэрэг. Би мал эмнэлгээс гадна модны үйлдвэрт ч ажиллаж байсан. Ерөнхийдөө манайхны ихэнх нь модны үйлдвэрт ажиллаж ахуй амьдралаа залгуулсаар өдийг хүрч дээ.

-Наурызын баяраар та бүхэн ямар зан үйл дагаж мөрддөг вэ?
-Наурыз бол бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн маш эртний баяр. Энэ баяраар өдөр шөнө тэнцдэг. Нэг ёсны хавар болж буйг тэмдэглэдэг хаврын баяр юм. Халх цагаан сартай л адил.
Бид энэ баяраараа идээ ундаагаар элбэг дэлбэг байхыг бэлгэдэн ширээ дүүргэн засч ёстой л нөгөө хутга тавилгүй идэж, хундага тавилгүй найрладаг. Бусад ёс заншлын талаар яриад байвал их юм бий. Та бүхэн ч зах зухаас нь үзэж сонирхсон байх. Тулам булаалдана гээд  өвөрмөц ёс заншил ихтэй.
 
-Манай сонины уншигчид болоод нийт казах түмэнд Нарны баярын мэнд хүргэх байх?
-Тэгэлгүй яахав, “Ардчилал” сонин хамт олон болоод уншигчид, мөн нийт казах түмэндээ айлчлан ирж буй хаврын мэнд хүргэе. Та бүхний ажил үйлс, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Кинед Жиналбан: Хөгжил дэвшил гэдэг хүний тоогоор бус үйлдвэржилт, бүтээн байгуулалтаар илэрхийлэгддэг юм байна

Буурлын буянтай ерөөлийг сонссоны дараа “Түнхэл-Казак” ТББ-ийн Удирдах зөвлөлийн Кинед Жиналбантай уулзаж ярилцсан юм. Үүсгэн байгуулагдаад удаагүй ч нутгийн казах иргэдийн нийгмийн идэвх, оролцоог сайжруулах, өв соёлоо хайрлан хамгаалах, уламжлан үлдээх, өвлүүлэн хөгжүүлэх зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Жил бүр Наурызын баяраа зохион байгуулж дан ганц казах иргэд бус нутгийн уугуул иргэдийг ч хамруулдаг болжээ.
Энэ жилийн Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд “Сентера Гоулд Инк” ХХК санхүүжилтийг нь даажээ. Тус компани орон нутагт хөрөнгө оруулж, цөөнгүй бүтээн байгуулалт өрнүүлсний нэг нь мод бэлтгэл, модон материал, эдлэлийн “Хангайн Бүргэд” үйлдвэр. Нийт 65 мянган ам.долларын санхүүжилтээр бий болсон энэ үйлдвэрийн ажилчдыг ХААИС-иас гурван ч мэргэжлийн багш авчран сургасан бөгөөд өдгөө 80 гаруй ажилтантай болжээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ч бий болгосон нь өдгөө дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа аж.

Модны үйлдвэртэй танилцах үеэр Кинед Жиналбантай ярилцсанаа хүргэе.

-Түнхэл тосгонд хэчнээн казах үндэстэн байдаг вэ?
-Нийт 96 өрх айлын 300 гаруй хүн бий. Тосгоны нийт хүн ам 6000 орчим болчихсон шүү. Анх л 1961 онд мод бэлтгэлийн үйлдвэр байгуулагдахад илгээлтээр ирж ажиллаж байсан цөөн хэдэн казах хүмүүс өдгөө өнөр өтгөн  болж, 300-уулаа болжээ.

-Гурван жилийн өмнөөс “Сентера Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар Наурызын баяраа тэмдэглэдэг болсон гэж байна. Түүнээс өмнө хэрхэн зохион байгуулдаг байв?
-Түүнээс өмнө яг өнөөдрийнх шиг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаггүй айл бүр, гэр гэртээ л тэмдэглэдэг байсан. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Сентера Гоулд”-ынхан хөрөнгө санхүүгээр тусалж дэмжин сайхан, өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Энэ нь үндэсний өв, соёлд маань үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй хэрэг.

-Мөн орон нутагт чамгүй бүтээн байгуулалт өрнүүлсэн байна?
-Тийм шүү, манай тосгоныг жижиг гэлтгүй их ч хөрөнгө оруулалт хийж энэ зэрэгтэй болгосон. Ер нь, хөгжил дэвшил гэдэг хүний тоогоор бус үйлдвэржилт, бүтээн байгуулалтаар илэрхийлэгддэг юм байна. Өдгөө, мод бэлтгэлийн үйлдвэртэй болж мэргэжлийн, цөөнгүй боловсон хүчин ажиллаж байна. Сүүний үйлдвэр маань ч ялгаагүй дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Дан ганц дотоод ч гэлтгүй бүс, орон нутагтаа ч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна шүү дээ.

-“Түнхэл-Казак” ТББ-ынхаа тухай сонирхуулахгүй юу?
-Манай ТББ 2013 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны зорилго чиглэлийн хувьд хүүхэд залууст үндэсний өв соёлоо уламжлан үлдээх чигийг барьж ажилладаг. Учир нь, одоогийн хүүхэд залуус өв соёл, уламжлалаа мэдэхээ больж байна. Бидний үйл ажиллагааг “Сентера Гоулд” компани ямагт дэмжин ажилладагт нь баярласан талархсанаа илэрхийлье. Мөн та бүхэнд Наурызын баярын мэнд хүргэе.
“Сентера Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар өрнүүлсэн бүтээн байгуулалт Түнхэл тосгоны хөгжил дэвшилд хүч нэмэн хүн ардынх нь багагүй хэсгийг ажлын байраар хангажээ. Мод бэлтгэлийн үйлдвэр бэлтгэсэн модоор бүс нутгаа хангахаас гадна төмөр замаар хот руу нийлүүлнэ. Мөн эднийх мебель тавилга, хана, шал гээд ер нь л барилга угсралтын бүхий л хэрэгцээнд хэрэглэж болохуйц модон хавтан үйлдвэрлэнэ. Хоногт 20 гаруй хавтан гаргах хүчин чадал бүхий “Хангайн Бүргэд” үйлдвэр захиалгад дарагдаад байгаа сурагтай. Урт хөршөөс оруулж ирдэг 70-100 төгрөгийн үнэтэй чанар муутай хавтантай харьцуулахад энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн үнийн хувьд ч хямдаас гадна чанарын хувьд ёстой л нөгөө “ванлий” гэдэг нь байна билээ.

Түүнчлэн Түнхэл тосгоны хувьд цаг агаар, уур амьсгалын таатай бүсэд байрлахаас гадна төмөр зам дагуу учир хөгжлийн томоохон гарцтай гэж хэлж болно. Мөн ард иргэд нь газар тариалан эрхлэх нь их ажээ. Үржил шимтэй хөрсөнд хүнсний ногоо болоод нарийн ногоо тарьж түүнийгээ 2700 төгрөгөөр хот руу тээвэрлэн хүргэдэг аж. Эрүүл хөрсөнд ургасан ногоо хотод ирээд нүд ирмэхийн зуурт борлодог гэнэ.


Д.Ганболд: Хөдөө нутагт амьдрахын
сайхныг үзэж байна


Түнхэл тосгоны үлгэр жишээ иргэдийн нэг бол Д.Ганболд. Жижиг тосгонд сүндэрлэх орд харш гэмээр орчин үеийн хийц, загвартай томоос том байшин түүнийх. 1998 онд Ховд аймгийн Дарви сумаас гарч Түнхэлд ирэн суурьшсан тэрээр хөдөлмөрөөс “бүтсэн” хүний нэг. Анх Түнхэлд ирэхдээ зургаа, долоон аяга, нэг ширээ, хагас кг махтай бууж байсан түүнийг хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим нь хүн шиг хүн болгож өдий зэрэгтэй амьдруулж байгаа гэнэ. Өдгөө газар тариалан эрхлэн зургаан хүлэмжинд нарийн ногоо ургуулж буй тэрээр 50 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хауст амьдарч байна. Энэ хүн бол хийж бүтээж чадвал хэн ч, хаана ч сайхан амьдарч болдгийн тод томруун жишээ. Нарийн ногооноос гадна Экваторын бүсэд ургадаг газрын самрыг туршин тариалж өнгөрсөн жил анхны ургацаа амжилттай хураажээ. Түүнтэй орд харш мэт гэрт нь халуун кофегоор хачир хийн ярилцсанаа хүргэе.

-Бид таныг сонгон ирсэн нь хөдөө газар, орон нутагт тэр дундаа ийм жаахан тосгонд хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг уншигчиддаа харуулах гэсэн хэрэг?
-/инээв/ Над шиг хүнийг арай л том зүйлд жишээ татаж байгаа юм байна даа.

-Үгүй дээ, өнөөдөр хөдөө сумын төвийн залуус ганц нэг төгрөг нийлүүлж, галуун хүзүүттэй л зууралдаж байна шүү дээ?
-Яахав, өдий зэрэгтэй яваа минь хөдөлмөрийн үр шимээс гадна итгэл үнэмшилтэй минь их холбоотой. Хүний дотор байдаг итгэл үнэмшил аливааг өөрөөр харах, бэрхшээлийг гэтлэх тэвчээр өгдөг. Бас манай орон нутгийн ажил төрөл ч сайхан байна. Төмөр зам дагуу учир дэд бүтцийн хөгжилд таатай нөлөө үзүүлдэг дээ. Мөн тосгоны маань иргэд ч намайг ихэд дэмждэг. Энэ бүгд л өдий зэрэгтэй яваад минь нөлөөлсөн дөө.

-Хэзээнээс энд ирж ажиллаж амьдарч байна вэ?
-Би уг нь Ховдод төрсөн юм. 1998 онд анх удаа Түнхэлд хөл тавьж байлаа. Түүнээс хойш ирж очин явсаар 2002 онд яг гэр бүлээрээ эндээ суурьшсан.

-Анх ирээд юу хийж байв?
-Ирчихээд яг эрхэлсэн ажилгүй байлаа. Би христийн шашинтай хүн л дээ. Тиймээс сүмдээ ажиллаж, багшилж байгаад мод ачигчаар хэсэг ажилласан юм. Гэвч, аав маань мод тарьж байсан хүн болохоор мод огтлохыг үнэхээр цээрлэсэн. Тиймдээ ч ногоо тарья гэж шийдсэн.
Анх хааш хаашаа дөрвөн метр газар гишгэчихээд үр олдохгүй, хүнээс гуйхаас ичээд л хүрзнийхээ ишийг хуга цохьчихоод алганыхаа хонхрыг хазаж байлаа даа. Хүн алганыхаа хонхрыг хазаж чаддаггүй юм гэсэн. Харин би сорж байгаад хазаж байсан юм даа. Алгаа хазсан юм чинь “Би чадна” гэж тухайн үед өөртөө зориг өгч байсан юм.

-Эхний жил хэр ургац хурааж байв?
-Эхний жил ерөөс ургац аваагүй. Аргагүй шүү дээ үргүй хүн юугаа ч хураахав. Харин дараа жил нь хавь ойрынхонтойгоо танилцсан, үртэй болсон. Харин үртэй болсон хойноо үрээ ч ялгахгүй, аль нь төмс, аль нь лууван гэдгийг нь ч мэдэхгүй байсан. Гэхдээ би чадсан, өдийг хүртэл алга дарам газрын амт шимтийг хөдөлмөрлөснийхөө хүчинд хүртэж л явна. Дараа жилээс нь мөнөөх 16 метр квадрат газраа тэлж эхэлсэн. Нэмсээр, нэмсээр эргэн тойрныхоо хашааг авсаар байгаад улам бүр том болгосон. Гэхдээ газраар ногоо тариад ашиггүй гэдгийг ойлгосон учир хүлэмжээр тариалж эхэлсэн юм. Ер нь, бага газраас их ургац авах боломж байдаг юм гэдгийг л ойлгосон доо. Анх 6х10 хэмжээтэй хүлэмж барьж түүндээ их ч олон төрлийн ногоо тарьсан. Явж явж хамгийн шилдэг нь өргөст хэмх болж таарсан. Одоо голдуу өргөст хэмхээр дагнан тариалж байна. Ямар ч байсан мөрөөдлийнхөө байшинг барьчихлаа, ногоо тариалж түүгээрээ амьдарч байна. Чиний хэлж байгаагаар хөдөө нутагт амьдрахын сайхныг үзэж байна даа. Ямар ч байсан байшин барьчихлаа, амьдрал ахуй дээшиллээ, хоолондоо санаа зовохгүй байна...

-Зам нь түгжрэлгүй, тосгон нь утаагүй, элдэв бухимдалгүй..?
-Тийм, айх айдасгүй, хүүхдүүд маань сургуультай гээд л сайхаан сайхан...

-Сургууль нь 12 жилээр төгсгөдөг үү?
-Тийм. Сумын сургууль гэхээр л муу байх юм шиг сэтгэдэг хүмүүс их. Би хувьдаа үүнийг эрс эсэргүүцдэг юм. Хүүхдийн боловсрол ямар байх нь эцэг эх, тухайн хүүхдээс л шалтгаална. Тэрнээс багш муу, сумын сургууль гээд муу сурна гэвэл хэт туйлширсан хэрэг болно. Ер нь, хүүхдийн дэргэд багшийг муулах нь буруу гэж боддог. Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү хоёр охинтой. Эд маань эндээ сураад амьтны хүүхдээс дутахгүй болоод л байна. Төрийн тэргүүн маань хүртэл манай Дарви сумын хажуугийн Зэрэг суманд л сургууль төгссөн шүү дээ. Тэгэхээр, хүн хэрхэн яаж явах, ямар амьдрах, хэрхэн яаж сурч боловсрох нь өөрөөс нь л шалтгаална.

-Танай тосгонд газар тариалан эрхэлж буй айл хэр их байна?
-Бий бий. Би өөрөө ч цөөнгүй айл өрхийг газар тариаланд уруу татсан /инээв/. Өөрийн чинь хэлснээр өнөөх галуун хүзүүтээр хань хийгсдийг ч татан оролцуулсан. Одоо ногоо тарьж, газрын үр шимийг хүртэж байгаа нь цөөнгүй. Хавар дөрөв, тавдугаар сар гэдэг ногоо тарихад хамгийн ихээр хөдөлмөрлөх ёстой үе л дээ. Тэр суурь үед л уйгагүй зүтгэж намар ургацаа хураан жинхэнэ үр өгөөжийг нь мэдэрсэн цагт хүн амтанд нь ордог. Залуус хавар голцуу шантраад байдаг талтай. Яг тариалалт дууссаны дараа хэсэг мөнгөгүй байх үед шүү дээ.



0 Сэтгэгдэл
bayarlalaa
es zanschilaa deedelsen saihan undesten schuu ta nar mini.ta nartaa bayriin mind hurgyeee
bayarlalaa
Хамгийн их уншсан