Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбар хэзээ цэгцрэх вэ



-ГССҮТ-д сэхээн амьдруулах эмчилгээ хэрэгтэй байна-

ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг тойрсон дуулиан эхэлснээс хойш өнөөдөр нэг жил тойрч байна. “Будаг нь ханхалсан” шинэхэн сайд ажлаа авмагцаа л улсын 15 эмнэлгийн удирдлагыг ажлаас нь халж, ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлөөс тэдгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулахаар өнгөрсөн хавар буюу яг жилийн өмнө энэ өдөр зар тараасан юм. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллын захирлын томилгоо тухайн үедээ бүтэлгүйтсэн тул мөн оны зургадугаар сарын 13-нд дахин сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 5-нд шалгалт авахаар болсон. Гэтэл энэ сонгон шалгаруулалтыг салбарын сайд самарч болиулаад, эмнэлгийн дарга нарыг өөрөө томилно гэснээр бүтэн жилийн турш эрүүл мэндийн салбар “од” болж, бүхэл бүтэн зохиол бичих дайны материал хэвлэлийн хуудсуудаар нийтлэгдсэн юм.

Гэтэл яг долоо хоногийн өмнө зохиолын гол дүр болох ГССҮТ-ийн даргаар шинэ хүн тодорч, одоо л нэг асуудал цэгцрэх нь хэмээн харж байлаа. Тодруулбал, тус төвийн даргын төлөө тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон.
Ингээд  Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайванг шалгуур хангасан хэмээн үзэж ГССҮТ-ийн захирлаар томилсон юм.

Гэвч томилогдсоноосоо хойш тамга тэмдгээ хүлээн авч чадаагүй шинэ дарга өөрийн хүсэлтээр албанаасаа татгалзсаныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын 11-11 төвд өчигдөр ажиллах үеэрээ хэллээ. Тэрээр “А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзсан. Шалтгаан нь ар гэрийн гачигдал” хэмээн мэдэгдсэн. А.Мөнхтайван хүсэлтээ энэ сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байна.

Ийн ГССҮТ-ийн даргын дуулиан дахин дэгдэхийн хажуугаар тус эмнэлгийн байнгын хэрэглээ болсон эм, тариа, имплант тасарсан гэсэн мэдээ хэвлэлийн хуудсаар тарлаа. “Гэмтэлтэй” эмнэлгийн дуулиан цаашид ч нэлээн өрнөх нь энэ тухай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай холбогдоход сониноос ярьж байгааг маань дуулаад утсаа тасалчихав. Дахин залгасан ч авсангүй.

Тиймээс “халуун цэг” дээр ажиллаж буй ГССҮТ-ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Х.Бат-Ирээдүйтэй холбогдов. Тэрээр “Манай эмнэлгийн даргаар сонгогдсон хүн өөрийн хүсэлтээр албанаас татгалзсан өргөдлөө гаргасныг сонссон. Гэхдээ салбар яамнаас албан ёсны хариу эмнэлгийн нэр дээр ирээгүй байгаа” гэсэн юм.
ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Нарантуяа харин эм, тарианы хүрэлцээний талаар “Үйл ажиллагаа хэвийн явж байна. Эм тариа тасрах асуудал эмнэлгийн байгууллагад байж болохгүй. Гадуур сенсаци тарих гэсэн хүмүүсийн явуулга бололтой” гэв.

Тэгвэл ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн их эмч Б.Буянтогтох “Шинээр томилогдсон дарга ажлаасаа татгалзах хүсэлт гаргасныг дуулсан. Гэхдээ нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй. Ажилчдын цалин өдий болтол буугаагүй л байна. Даргагүй учраас. Өөр нарийн мэдээлэл алга” хэмээн хариулав.
Будлианы эзэн салбарын сайдаас хариулт авах гэсэн боловч холбогдож чадсангүй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байхад одоо хэр нь салбарынхаа томилгоотой зууралдсан сайд байхгүй. Гэтэл улс орны амин чухал, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсдог салбар нь үндсэн ажлаа умартан сандал, ширээ хөөцөлдөх нь хэнд ашигтай вэ.

“Самардаг” сайд

Дээрх асуудлын гогцоог олохын тулд ЭМ-ийн сайдын “самраа”-г эргэн сануулъя. Дээр дурдсанчлан өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд зарлагдаад, долдугаар сарын 5-нд болох байсан сонгон шалгаруулалтыг сайд цуцалснаас бүх зүйл үүдэлтэй. Сайд энэ шалгаруулалтаас болж тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатартай ам зөрж байсан. Үүнээс үүдэж Ж.Хатанбаатар ч албан шахалтаар ажлаасаа халагдсан гэдэг. Сайд сонгон шалгаруулалтаа цуцалсан гэдгээ ч шалгуулагчдад мэдэгдээгүйгээс тэд долдугаар сарын 5-ны өглөө цуглаж гэнэ алдсан.

Яг энэ үеэр яамдын Төрийн нарийн бичгийн даргын хийх ёстой ажил болох Төрийн албаны салбар зөвлөлийг тэргүүлэх ажлыг түр хүлээж  авсан Д.Оюунцэцэг гэгч нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар сонгон шалгаруулалт нэг хэсэгтээ л зогсонги байдалд орох шинжтэй болсон ч Засгийн газрын 233 дугаар тогтоол гарч Ж.Хатанбаатарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлж, тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн  даргын үүрэгт ажлыг хийж байсан А.Эрдэнэтуяаг томилсон юм.
Энэ томилгоо ч хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь, Засгийн газраас Ж.Хатанбаатарын оронд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилогдох, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй иргэдээс оноогоороо түүний дараа жагссан хүнийг томилох ёстой байв. Гэтэл Н.Удвал сайд нутгийн дүүгээ Төрийн нарийн бичиг болгочихлоо гэж тухайн үедээ хэсэг шуугьсан.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуяг Засгийн газраа шинээр байгуулахдаа Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилно, нөөцөөс хүн авахгүй гэсэн байдаг. Тухайн үед дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргын нөөц Төрийн албаны зөвлөлд бүртгэлтэй байсан юм билээ. Гэсэн ч Ерөнхий сайдын лүндэнг дагаж Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлахад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтад Ж.Хатанбаатар ганцаараа бүртгүүлж, шалгуулаад 86.1 оноо авсан учраас тус яаманд томилогдсон байдаг. Гэтэл түүний орон тоо эзгүйрэхэд шинээр сонгон шалгаруулалт явуулахын оронд бүр нөөцөөс хүн томилсон нь Ерөнхий сайдаас зөрсөн хэрэг болсон юм.
Энэ асуудал сунжирсаар Төрийн албаны зөвлөл өнгөрсөн оны есдүгээр сард тогтоол гаргаж, ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийг томилсон ч дарга болон нарийн бичгийг нь томилолгүй үлдээсэн. Гэсэн ч ЭМЯ-наас удаа дараа хүсэлт гаргаж байж энэ оны нэгдүгээр сард сая нэг яамныхаа Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн С.Ганхуягийг салбар зөвлөлийнхөө нарийн бичгээр томилуулсан.

Гэхдээ одоо хүртэл Төрийн албаны ерөнхий зөвлөлийн албан ёсны хуудсанд ЭМЯ-ны салбар зөвлөлийн даргын нэр байхгүй байгаа. Яг энэ будлианаас л эмнэлгийн дарга нарын томилгоо, салбарын “самраа” эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан