Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УВЕРТЮРА” хамтлагийнхан Дархан хотод хэвлэлийн хурлаа хийнэ

 Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон  “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулахаар товоо зарлаад байгаа билээ.

Аялан тоглолтын эхлэл болгож ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрд 19:00 цагаас тус тус тоглох аж. Түүнчлэн ирэх сарын 2-нд буюу 3 дахь өдрийн 11:00 цагт Дархан хотод хэвлэлийн хурлаа хийж хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон дэмжигч, фенүүддээ тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр болжээ. Мөн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд тоглолтынхоо сурвалжлах эрхийн мандатыг олгохоор болжээ. Ийнхүү хэвлэлийн хурлынхаа дараа Дархан хотын залуучуудтай уулзалт хийхээр зарласан байна.

   “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа юм байна.  Мөн тоглолт жинхэнэ амь тоглогдох бөгөөд Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглолтын хөгжмийг эгшиглүүлэх нээ.

Энэ дашрамд дуулгахад Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг өнгөрсөн 5-н жилийн хугацаанд МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал”,  МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюссер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилээр дуулж амьдруулсан байна.  Ийнхүү “УВЕРТЮРА” хамтлагийн “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...”  үргэлжилсээр...

Аялан тоглолтын болоод хэвлэлийн хурлын дэлгэрэнгүй мэдээллийг: “УВЕРТЮРА” хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000 дугааруудаас лавлаарай.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан