Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пабло Пикассо

Пабло Пикассогийн эцэг эхээс хайрласан нэр нь 15 үгнээс бүтдэг. Испани заншил ёсоор тэр эцэг эхийнхээ овгийг хамтад нь авснаар ийм урт нэртэй болжээ. Гэхдээ дэлхий дахинаа энэ хүн Пикассо гэдэг эгэл жирийн нэрээрээ хоногшин үлджээ.
Пикассо 1881 онд Испанийн Малага хотод айлын том хүү болон мэндэлжээ. Ердийн дундаж амьдралтай зураач эцгийн гэрт төрсөн Пикассо хожим нь цуутай зураач болох заяа төөргөө мэдсэн юм шиг хэлд орохдоо л “пиз пиз” буюу “харандаа” гэдэг үг хэлсэн гэдэг. Уйгагүй дасгал сургуулилтаар сайн зураач болж чадна гэж итгэдэг түүний аав хүүдээ багаас нь харандаа цаас бариулж өсгөжээ. Ердөө 13-хан насандаа Пикассо Дүрслэх урлагийн сургуулийн профессор эцгээ авьяасаар бишрүүлж, зодог тайлахад хүргэсэн гэдэг. Түүний дуусгаагүй орхисон тагтааны зургийг харсан эцэг нь хүүгийнхээ авьяас чадвар, зурах арга барил аль хэдийнэ өөрийг нь давж гарсныг мэдээд дахин харандаа цаас нийлүүлэхгүй гэж шийджээ. Зургаас болж байнга маргадаг ч эцэг нь хүүгээ 16 насанд нь Мадрид дахь Сан Фернандогийн академид оруулахаар шийдэж, бусад хүний сар сурдаг бэлтгэлийг тэрээр долоо хоногт гүйцээгээд элсч чаджээ.

1900 онд залуу Пикассо Парист ирснээр түүний амьдрал, уран бүтээлд чухал нөлөө үзүүлсэн найз нөхөдтэйгээ учирчээ. Түүний уран бүтээлч нөхдийн нэг, яруу найрагч Гийом Аполлинер нэгэн үе “Мона Лиза”-гийн хөрөг зургийг Луврын музейгээс хулгайлсан хэрэгт сэрдэгдэж байсан юм. Энэ хэрэгт Пикассо ч бас холбоотой гэж тэднийг хамтад нь шалгаж байгаад хожим нь цагаатгасан билээ.
Пикассо амьдралдаа олон бүсгүйтэй учирч явснаас хоёртой нь гэрлэж, гурван эмэгтэйгээс дөрвөн хүүхэдтэй болсон юм. Амраг бүсгүйчүүд нь Пикассогийн уран бүтээлийн онцлог үе шат бүхэнд нөлөөгөө тусгаж үлдээсэн байдаг. Тухайлбал тэрээр залуу насны дурлалт бүсгүй Эвадаа кубист зургуудаараа хайр сэтгэлээ илчилж байсан бол 1940-1950-иад онд хамт амьдарч байсан Дора Маар гэдэг зураач бүсгүйнхээ хөргийг зурсан нь хожим түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээлийн нэг болсон юм.  Гурван жилийн өмнө Сотебигийн дуудлага худалдаагаар энэ зураг 95 сая ам.долларын үнэ хүрсэн. Ер нь, Пикассогийн зургууд үе үеийн суут зураачдын бүтээл дундаас хамгийн өндөр үнэтэйд нь зүй ёсоор тооцогддог. Тухайлбал, түүний “Гаанс барьсан хүү” зураг 104 сая ам.доллар, “Пьерреттигийн хурим” 90 сая ам.доллараар үнэлэгдсэн. Тиймдээ ч түүний зургууд буруу гартнуудын нүдэнд хамгийн өртөмхий байдаг биз ээ.

Хамгийн сүүлд түүний ач охины Франц дахь гэрээс хар ноорог зургууд нь алдагдсан юм. Пикассогийн зурж, сийлбэрлэж үлдээсэн 50 мянга шахам бүтээлээс өндөр үнэ хүрсэн бүтээлүүд нь цуглуулагчдын гарт очиж, зарим нь Францын төрийн мэдэлд шилжиж, цөөн хувь нь дөрвөн хүүхэд, тэдний ач зээд үлджээ.  
 Пикассо коммунист үзэл суртлыг дэмждэг гэдгээ хэзээ ч нууж далдалж байгаагүй. Францын Коммунист намын гишүүн тэрээр 1950-онд ЗХУ-ын Лениний энхийн шагнал хүртэж байсан удаатай. Тэрээр нэгэнтээ “Би коммунист, миний бүтээлүүд ч коммунист. Хэрэв би гуталчин байсан бол хийсэн гутлаараа коммунист гэдгээ илэрхийлэх байсан юм” гэж хэлсэн байдаг.

Пикассо 1973 оны дөрөвдүгээр сарын 8-нд Францад нас нөгчсөн. Түүний хамгийн сүүлчийн үг “Намайг уу, эрүүл мэндийг минь ч ав. Үүнээс цааш би ууж чадахгүйг чи мэднэ” гэсэн учир битүүлэг үг байсан гэдэг. Энэ тухай жүжигчин Дастин Хоффман нэг удаа тохиолдлоор Пол Маккартнид хэлсэн нь хожим дуу болон үлджээ.

2 Сэтгэгдэл
Ямар гоё юм бэ ♥♥
Гоё мэдээлжл бна
Хамгийн их уншсан