Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.БАДАМСАМБУУ: АГЛАГ ОЙД НОМОО БИЧЭЭД Л АМЬДРАХ ЮМСАН

Энэ удаа сэтгүүлч Д.Энхтүвшингийн МҮОНТ-ийн “Гараг” студийн захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуутай хийсэн ярилцлагыг толилуулж байна.


Замба Уулынхаа бэлээс салхи татуулан буух нь Замба тивийн нэгэн жаргал

-Унасан газар, угаасан уснаас тань яриагаа эхлэх үү?
-Хангайн нурууны баруун төгсгөл Хан Хөхийн нурууны үзэсгэлэн төгөлдөр ой хөвч бол миний төрсөн нутаг. Хаана ч явсан элэг зүрхнээс уяатай, санахын нулимсанд бүрэлзэж харагддаг нь Увсын Зүүнхангай сумын Замба нэртэй уул. Р.Гамзатовын “Миний Дагестан”-ыг уншаагүй, ядаж л сургийг нь сонсоогүй насанд хүрсэн хүн байхгүй биз. Уран зохиолоор амьсгалж байсан 1990-ээд ондоо Хан Хөхий нутгийнхаа тухай нийтлэлийн ном биччихээд тэр агуу дагестан эр шиг нутагтаа зориулсан суварга бүтээчихлээ дээ гэсэн шүү юм бодож явж билээ. Хан Хөхий гэж гаднаас ирсэн хэнийг ч алагчлалгүй ач буянаа хайрласан, гадагшаа явсан үрсдээ ээл нөмрөө түгээсэн нүнжигтэй сайхан хангай даа. Зуны дэлгэр цагт усны шувуудын диваажин болсон олон нуур усны цуглуулга, ийм л газар төрсөн хүн дээ би.

-Бараг л нүдэнд харагдаад явчих чинь. Тийм нутгийн хүүгийн бага нас, сургуулийн жилүүд нь..?
-Би эцэг, эхээс наймуулаа. Олуулаа тэрсхэн өссөн ч аавынхаа амины ганц нь байсан. Зевхөн намайг сургуульд оруулах гэж эцэг, эх минь сумын төв бараадаж байлаа.

-Өө, тэгвэл “байрны хүүхдүүд барилдаанч, бас тэгээд уралдаанч” гэдгийг үзээгүй байх нь ээ?
-Замба Уулынхаа бэлээс салхи татуулан буух нь Замба тивийн нэгэн жаргал байж дээ. Суманд ирэх кино бүрийг яаж ийгээд л үздэгсэн. Кино механик Мэндэн өвгөн миний хамгийн хайртай, бас хамгийн их айдаг хүн байсан даа. Тэр үе маань хүйтэн дайны хэнээрхэлд автсан, Оросыг шүтэх өвчин тусчихсан, Төв Хорооны хоёр лоозонг үг үсэггүй цээжлэх  нэг тийм гажиг үе байсан шүү дээ. Гардаг кинонууд нь ч Америкийг үзэн ядах үзэлд сургасан, бид ч том болоод тэдэнтэй байлдана гээд бүр итгэчихсэн тийм хаагдмал, одоо бол итгэхийн ч аргагүй нийгэм байж дээ. Монгол хүн сансарт ниссэнийг сумын улаан булангийн үүдэнд өвгөчүүлийн ярианаас сонсоод уйлж байснаа ер мартдаггүй юм. Ингэж явсаар 1983 онд сумандаа наймдугаар анги төгссөн дөө.

-Бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд аяны дөрөөнд хөл тавиа юу?
-Тэгсэн Баруунтурууны САА-д 1983 оны намар очлоо доо. Баруунтуруун бол тэр үед их том САА байсан. За ёстой коммунизмын үеийн хулигаанууд жинхэнэ ёсоор цэцэглэсэн газар байж билээ. Гаднаас ирсэн сурагч, залуусын зүрхийг нь үхтэл, хулхийг нь буутал гадуурхдаг аймшигтай газар байсан. Ийм газар амиа аваад явах гэж, тэдэнд нэр төр, нандин бүхнээ доромжлуулахгүй гэж хоёр жил үзэж тарж явсан минь миний зан чанар бүрэлдэн төлөвшихөд юугаар ч орлуулашгүй их сургууль болсон доо. Бакиал гутал гармушиглаад өмсчихсөн, формын хувцсандаа кноф хадаад гангарсан би гэдэг хүн чинь ангийнхаа гол зохион байгуулагч, удирдагч нь байлаа. Нэг удаагийн явдал ер санаанаас гардаггүй юм. Сургуулийнхаа бүх багш нарыг элэглэн, шоолоод бичсэн дэвтэр маань хичээлийн эрхлэгчид хүрч, бүтэн өдөр шөнө манай ангийнхныг байцааж эзнийг нь гаргахыг шаардаж билээ. Тэгэхэд зарим охид маань бие нь эвгүйрхэж, уйлж унжиж байсан ч намайг барьж өгөөгүй л юм даа.

-Аравдугаар ангийг иймэрхүү паянтай төгсч. Оюутан болсон үеэ дурсвал?
-Конкурст орох хүртлээ чиглэсэн зорилгогүй нөхөр л туугаад явсан байгаа юм. Тэгээд яах вэ дээ ирсэн хуваарь дээр нь л шалгалт өгтөл Ховдын багшийн дээдийн хэл уран зохиолын ангид хуваарь авчихлаа даа. Ингээд нөгөө Улаанбаатарт оюутан болно гэж байсан мөрөөдөл минь ч замхарлаа. Би чинь найман нас хүрч байж сумынхаа төвийг, наймдугаар анги төгсч байж өөр сумыг, дээд сургууль төгсч байж Улаанбаатарыг үзсэн хүн шүү дээ. Хан Хөхийн нуруунаас мод зөөдөг машинд дайгдаад л Ховд ордог оюутан байлаа. Үндсэндээ Хан Хөхийн нурууг ховдчууд л нүцгэлээд дууссан юм шүү дээ. Тэр үед Ховдын Багшийн дээд сургуулийг Төв хорооны шийдвэрээр байгуулж их ч мөнгө зарсан. Тэр хэрээр Ховдын ганц гэрэл гэгээ болсон мундаг сайхан сургууль байсан даа. Багш нар нь ч Монголын сор болсон эрдэмтэн мэргэд байсан, оюутнууд нь ч маргаашдаа итгэлтэй, сурах мэдэхийн дэврүүн сайхан мөрөөдөлтай нэг тийм сайхан үе байж билээ. Намрын ажилд буцаад нөгөө Баруунтуруундаа очлоо. Будаа хураалцаад л. Цамбагаравын нуруу одоогийн Эрдэнэбүрэн суманд том том чулуугаар малын хороо барина аа. Шумуулынх их, том ч гэдэг нь учиргүй. Сумын төвийнх нь ажилд мөн ч их тусалдагсан. Би одоо Ховдын Багшийн дээд сургуулийг төгссөнөөрөө бахархдаг. Үргэлж урагшаа харж хүсч мөрөөдөж явах замын эхлэлийг тавьсан энэ сургуулийн багш нарт одоо ч баярлаж явдаг.

Миний хийж байсан наймаа ашиг багатай ч гэрэл гэгээтэй байсан

-Орон улсаар хэсэн явах одоогийн сонирхол тань оюутан үед чинь эхлэв үү, аль эсвэл..?
-Соёл түүхийн, байгалийн олон зүйлийн учрыг тунгаагаад ирэхээр л явах, аялах хэрэгтэй гэж бат ойлгосон. Миний амьдралын хоёр гол эх үүсвэр бол багад минь аавын ярьдаг байсан “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Бигармижид хааны үлгэр”, “Гэсэр”, “Жангар”-ын туужууд гэх зэрэг гайхамшигт үлгэрүүд, нөгөөх нь бүр багаасаа дэлхийн сонгодог уран зохиолын амтанд бүр нэг донтой юм шиг орсон явдал гэж би боддог. Тавдугаар анги төгсөхдөө сумын төвийн номын санд байсан Жюль Верн, Шекспир, Том Соирийн адал явдал гээд бүх л сонгодог зохиолыг уншаад дуусчихсан байж билээ. Бүр багадаа дэлхийн сонгодог зохиолын амтанд орсон нь өнөөдрийн би бүрэлдэн тогтоход гол түлхэц болсон.

-Өөрөө анх телевизэд арай өөр чиглэлээр нэвтрүүлэг бэлддэг байсан санагдах юм?
-Сонинд ажилладаг байсан юм. 1994 оны хавар яруу найрагч Мэнд-Ооёо намайг “Улаанбаатар” телевизэд хөтөлж ирсэн. Сонингоос гараад хэсэг наймаанд гүйсэн юм байна. Гэхдээ миний хийж байсан наймааг одоо зарим хүн сонсвол саваад унах байх. Тэр үед наймаачид “чам шиг тэнэг хүн өөр байдаг болов уу” гэдэг байсан. Би Өвөрмонголоос ном зөөнө. Бүх нийтээр монгол бичигт шилжинэ гээд зарлиг гарах нь халаг байсан үе. Ном чулуу шиг хүнд ачаа. Би 200 кг-аас 1.5 тн хүртэл жинтэй номыг нэг явалтаараа зөөж л байлаа. Ашиг багатай ч гэрэл гэгээтэй наймаа байсан даа. “Улаанбаатар” ТВ-д ирээд олон зүйлийг шинээр хийсэн дээ. Ерөнхий редактор байхдаа олон шинэлэг зоригтой ажлуудыг хийсэн нь тэр үеийн удирдлагуудад таалагдалгүй 1996 оны сонгуулийн өмнө намайг ажлаас хусаад л хаясан. Хоёр, гурван жил амралтгүй маш их ачаалалтай ажиллаж байсан хүн чинь ажилгүй болчихоор байж суухаа олохгүй хэцүү л юм билээ. Тэгээд ажилгүй байхаар гээд эвслийн сонгуулийн штабт ажилласан даа.

-Тэгээд яагаад улстөрөөс хөндийрөөд аяллын нэвтрүүлэг бэлдэх болов оо?
 -1996 оны сонгуулийн дараа би “ММ” агентлагт ирсэн. “ММ” агентлагийг хэнээс ч хараат бус бие даасан статустай байх ёстой гэж их ч юм хийсэн, тэмцсэн. Намайг “ММ” агентлагийн “Загалмайлсан эцэг” гэж одоо ч дурсах хүн олон бий. Ингэж манаргаж яваад 1997 онд барууныг бүү хэл Москваг үзээгүй би будант Альбоныг зорин нисч билээ. Баруун Европын амин зүрх хөгшин Английг зорин Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа аугаа их Бернс, Шекспирийн нутгийг зорьж явна гэж сэтгэл хөдөлж билээ. Ингэж явахдаа л өөртөө “Буцаж ирэхдээ шал өөр хүн болж ирнэ. Эх дэлхийгээ танин мэдэж, түүнийгээ түгээдэг хүн болно” гэж андгай тангараг тавьж явсан. Би улстөрийн эрэн сурвалжлах чиглэлээр явсан бол сэтгүүлзүйд хувьсгал хийж чадах байсан гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Гэхдээ л би тэр үед үүнээс өөрийгөө татаж авч чадсан юм. Англид зургаан сар болохдоо өөрийгөө маш сайн цэнэглэж бэлтгэж авсан. Хэлийг эрчимтэй үзсэн, завсар зайгаар нь Лондонгийн урлагийн бүхий л гайхамшгуудыг үзэж сонирхсон.

Уулын шүтээн болсон амьтан руу буу шагайх багассан нь монголчуудын маань их ухааны илрэл юм уу даа

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн адал явдалтай аяллаа эргэн санавал?
-Аялал болгонд адал явдал бий. Тэрэн дундаас Хонконгт явсан аялал, Израильд явсан аяллууд их адал явдалтай байсан. Монголоос гэвэл Хөвсгөл рүү хийсэн олон аяллууд бүгд л дурсамжтай, учрал ихтэй байсан даа. Үзэгчдийн хүртээл болгохоос гадна камерт бичдэггүй, өөртөө л үлдээдэг адал сонин явдал учрал гэж их байна.

-Нэг удаагийн нэвтрүүлгээр чинь өндөр уулан дээр баригдсан еврейчүүдийн цайз бэхлэлтийн тухай гарч байсан. Дайсанд амьдаараа олзлогдохгүй гэхдээ бүгдээрээ амиа хорлож үхсэн баатруудын тухай гайхалтай түүх байсан санагдана?
-Масада цайз сөнөсөн тэнгисийн хойд эргийн хөндийд Иордан голын баруун эрэгт байдаг. өөрийн эрхгүй нулимс бөмбөрдөг гунигт түүх. Одоогоос 2060 жилийн өмнө болсон гэдэг. Эртний Ромын цэргүүд Израил улсыг эзлээд хэсэг бусгаар нь цохиж хөөхөд тэр цайзад 967 хүн бүгж үлдээд гурван жилийн турш гаднах ертөнцөөс тусгаарлагдсан Ромын булаан эзлэгчдийг эсэргүүцэн тулалдсан гайхамшигт, зориг баатарлагийн дуулал болсон цайз. Сүүлдээ цайзад байсан хоол хүнсний нөөц дуусаад, эмэгтэйчүүд, хүүхдүүд нь ядарч туйлдаад ирэнгүүт ямар ч байсан дайсанд олзлогдож тэдний бах тавыг хангахгүй гээд бүгдээрээ амиа хорлосон байгаа юм. Гэхдээ еврейчүүд айхтар ухаалаг холын бодолтой хүмүүс тулдаа хамгийн сүүлд хашир туршлагатай хоёрхон хүнд үлдсэн хоол хүнсний нөөцөө шавхаж өгөөд тэр цайзын хамгийн гүн нүхэнд оруулан үлдээж тэр хоёр нь Ромын цэргүүдэд баригдалгүй үлдсэнээр энэ сэтгэл уярам гайхамшигтай түүхийг хүн төрөлхтөнд мэдүүлж үлдээсэн түүхтэй. Энэ нь өөр хаана ч давтагдаагүй еврейчүүдийн түүх.

-Гадаадын улс орнуудаар явж байхдаа болдогсон бол энд л үлдчихье гэж бодогдож байсан нутаг бий юу?
-Би Монгол орондоо өөрөөсөө ч илүү хайртай.

-Зүгээр бусдаасаа арай илүү таалагдаж байсан газраа нэрлээч гэвэл?
-Шотланд л санаанд орж ирээд байдаг юм. Цаг агаар, уур амьсгал, байгаль, түүх, хүмүүс нь гээд л ер нь Шотланд л юм даа.

-Гадныхнаас монголчуудын ялгардаг бол онцлог нь ер нь юу байх юм бэ дээ?
-Ази хүмүүс мөртлөө нэг тийм биеэ даасан сэтгэхүйтэй, дасан зохицох өндөр чадвартай, ерөнхийдөө их чөлөөт үзэлтэй нь ажиглагддаг. Гол шинж нь бүгдээрээ эх орноо санагалзах өвчтэй. Хятад хүн гадагшаа гарсан л бол Хятадын асуудал тэдэнд ёстой падлийгүй болдог. Европчууд бол бүр ярих юм биш. Тэгвэл монгол хүн удах тусмаа эх орноо санагалзах нь бараг өвчин болдог. Харьд удсан монголчуудтайгаа хуучилж байхад эхлээд жаахан муучлах янзтай ярьж байснаа “хаврынхаа шороон шуургыг” яриад л уйлж байх жишээтэй. Энд л бусад үндэстнүүдээс манайхны ялгарах онцлог юм даа. Жишээ нь Европ, Америк тивийнхэн бол малгай тавьбал манайх болдог нь бараг хууль даа.

-Монгол нутгаараа хөндлөн гулд бишгүй л явлаа. Энд л ирж амьдаръя гэж бодогдож байсан газар бий юу?
-Тэгж тухайлан сүрхий бодож байгаагүй юм байна. Зүгээр төрсөн нутаг Сайхан мод, Хавтгайн голынхоо эхэнд нэг сайхан дүнзэн байшин барьж аваад, холбоо мэдээллийн хэрэгслээр сайтар “зэвсэглээд”, хэнээс ч хараат бус, нам гүмхэн, маш эгэл жирийн байдлаар амьдрах юмсан гэж бодогддог л юм. Өвөрхангайн Найман нуур, Бат-Өлзий сум уруу явсан. Энд ч хүн үнэхээр насаа элээж болох нутаг юм даа гэж бодогдсон шүү. Олон юм үзэж, сэтгэл ханаад ирэхээрээ аглаг ойн дунд жирийн нэг өвгөн, мэргэжлийн гэрэл зургийн сайн хэрэглэлтэй, номоо бичээд л суут хүн шиг амьдрах юмсан гэж мөрөөддөг дөө.

-Увсад авсан ирвэсний зураг чинь гайхамшигтай. Яаж тэгж авч чадав аа?
-Тийм ээ. Заримдаа 6и өөрөөсөө ч асуудаг юм. Хархираа, Түргэний уулсад 2005 оны хоёрдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангийн туслалцаатайгаар энэ гайхалтай амьтны зургийг эх байгальдаа байгаагаар нь хальсанд авч үлдэх тэнгэрлиг агшин тохиосон юм. Энэ бол надад болон миний нөхдөд тохиолдож байсан аз хийморьтой, олон сайхан учрал, тохиолуудын туйл нь юм. Энэ гайхамшигтай амьтны тархац нутаг, тоо толгойг судлах, хамгаалалтад авах ажил Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран үргэлжлэн хийгдэж байгаа. Тэгэхэд гурван өдөр оролдож байж хоёр өдөрт л зургаа авсан юм шүү дээ. Тэр үед бидэнд газарчилж явсан ирвэс хамгаалах багийн ахлагч Ганболд Хархираа, Түргэний уулсад 18-20 ирвэс бий гэсэн багцаа тоо хэлж байсан. Тэгвэл бид нэг дор дөрвөн ирвэстэй таарсан нь ёстой л байгаль дэлхийн хишиг, бидний аз хийморь тэтгэсэн явдал болсон. Цоохор ирвэс хамгаалах буянтай үйлсийг бид эхнээс нь дэмжиж ирсэн, хойшид ч хамтран ажиллана. Уулын шүтээн болсон жирийн бус энэ сайхан амьтан руу буу шагайх нь сүүлийн жилүүдэд багассан нь монголчуудын маань их ухааны илрэл юм уу даа.

-Ирвэсний тухай тийм бодит, ойроос авсан зураглал тийм ч олон биш санаг-дах юм?
-Баримтат зургийн хувьд Уртнасан гуайн нэг жаахан дүрс бий. Өөр ер нь байхгүй. Бидний авсан энэ зураг бол энэ чиглэлд дэвшил авчирсан гээд хэлчихэд буруудахгүй байх.

Байгалийн баялгаар баяжиж, бэлжиж байгаа хүмүүс байгаль хамгаалах, соёл түүхээ дэлгэрүүлэх үйлсэд оролцоосой

-Монгол орноороо аялж явахад тань “Хэзээ ч яваад очиход цуургагүй айл малчин таных” гэсэн шүлгийн мөр бодогдох юм уу?
-Хамгийн харамсмаар зүйл энэ. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа цаг болоод ч тэр юм уу, аяга ус, нэг жаахан айргаа зарна гээд л байна. Хөдөөгийн ардын маань уламжлалт зочломтгой, найрсаг зан цагийн аясаар ингэж хурдан алга болж байгаа нь үнэндээ аймшигтай явдал. Хувьсал дэвшил байнга хохирол дагуулж явдгийн сонгодог жишээ энэ. Хоёр жилийн өмнө явж байсан газраараа эргээд явахад л хүн зоных нь зан харилцаа гаргаж байгаа ааш, аяг төрөл арилжчихсан мэт өөрчлөгдчихсөн байгаа нь харамсаад ч барахгүй. Энэ нийгмийн л хаялга юм даа. Харин хангайн нурууны алслагдмал тагтад амьдарч байгаа ертөнцийн үймээн самуун, улайрч тачаадсан өрсөлдөөнөөс ангид тэр хэсэг хүмүүс л ямар жаргалтай, тайван амьдарч байгаагаа өөрсдөө сайн мэдэхгүй байх мэт санагддаг юм. Хүн байгаль эхийн үр сад гэхээсээ илүү нийгмийн амьтан гэдэг ухагдахуун хуурамч гэдгийг тэр бүлэг хүмүүсийг хараад мэдэрч сэтгэл цэлмэж билээ.

-Таны нэвтрүүлгүүдийг үзэхэд маш нарийвчлалтай аяллын маршрут болчих-дог. Мөрөөр тань хулгайн анчид ороод устах шахсан зэрлэг гахай, тулыг бөөнөөр нь хядчих вий гэсэн эмзэглэл төрөх юм уу?
-Эмзэглэл төрөх байтугай хүний нүүр рүү эгцэлж харахад ч хэцүү үе тохиолдож байсан. Хурдан жийп хөлөглөсөн том том гүзээтэй нөхдүүд яг миний нэвтрүүлгийн мөрөөр Эг Тарвагатайн бэлчир, Онон-Балжийн голын эх, Хяргас нуурын Хэцүү хад, Ерөөгийн голын эх, Баян-Өлгийн Даян нуур гээд олон газруудаар явсан. Ÿах гэж энэ сайхан газар орныг шунахай сувдаг сэтгэлтэй, авахаас өөрийг мэддэгүй хүмүүст таниулан сурталчлав даа гэж толгойгоо шааж суусан даа. Нэг үе ховор чухаг ан амьтантай, хорон санаатны хөл тэр бүр хүрээгүй онгон байгалийн тухай дахиж л нэвтрүүлж, үзүүлэхээ больё гэж шийдэж байлаа шүү дээ. Гэхдээ маш олон хүнээс Монгол орны өнцөг булан бүрээс надад урам хайрласан, амжилт хүссэн. “Чиний нэвтрүүлгүүд эх орныхоо сайхан байгалиар бахархаж түүнийг хайрлан энэрэх сэтгэлтэй болоход хүүхэд залууст их нөлөөтэй. Дотоодын аялал жуулчлал хөгжихөд үнэлж баршгүй сайн сурталчилгаа болж байна” гэсэн олон захидал ирдэг нь нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх нь зүйтэй юм гэсэн урам зоригийг надад өгсөн.

-Цаг наргүй аялсаар хувийн амьдралаа орхигдуулах, нийгмийн аливаа ажлаас хойно нь үлдэх мэт дутагдалтай тал байдаг л байх даа?
-Юм бүхэн хоёр талтай болохоор энэ ааг амьсгаагүй их явдал суудал, долоо хоногт нэг нэвтрүүлэг бэлдэх гэсэн ар араасаа ундарсан ажилд зарим үед хэт автаад зүгээр л ажлын машин шиг болчих үе их байх юм. Сэтгүүлзүйн байгууллагаа бол бараг мартсан даа. Монголын соел түүх, угсаатны зүйн эрдэмтэдтэй санасандаа хүртэл хамтран ажиллаж чадахгүй байгаа гээд бэрхшээл зовлон бол их байна. Гэвч би өөрийн үүргээ биелүүлж л яваа гэж боддог. Жирийн айл гэр бүлүүдийн хувьд бол сайн ойлгохгүй олон дадал зуршил манай амьдралын тухайд өдөр тутмын үзэгдэл болчихсон. Аав нь тайга уруу явна гээд хэлсэн бол ямар хувцас хэрэглэл бэлдэхийг, говь явна гэвэл юу бэлдэхийг миний охид хэнээр ч хэлүүлэхгүй өөрсдөө яг таг мэддэг болчихсон. Энэ ажилдаа эзэд нь болцгоочихсон. Олон хүн намайг хамгийн их аз жаргалтай, ертөнц дэлхийгээр хэрэн хэсч явдаг хүн л гэж боддог шиг байгаа юм. Гэтэл би зүгээр л ажлаа хийж яваа хүн. Яахав, би энэ ажилдаа үнэн сэтгэлээсээ дур сонирхолтой. Дуртай ажлаа хийж яваа хүн л жаргалтай байдаг нь хууль юм хойно. Гэр бүл гэдэг хүний түлах цэг гэж боддог. Архимедийн “Тулах цэг өгвөл дэлхийг эргүүлье” гэдэг агуу гайхамшигтай үгийг гэр бүлдээ хамааруулан байнга бодож явдаг хүн дээ.

-Та ер нь юу хүсч мөрөөдөж явдаг хүн байна даа?
-Мэргэжлийн маш хүчирхэг продакшнтай болох. Баримтат кино бүтээлийн Монгол дахь хамгийн агуу өв санг бүрдүүлэх.

-Мөрөөдлөө ажил болгоход юу саад болоод байна даа?
-Санхүүжилт.

-Харин, ч би таныг санхүүжилт сайтай хүн гэж боддог?
-Алт ухаж, барилга барьж байгаа хүмүүс мөнгийг олж байдаг байх. Харин байгаль, соёл, түүхээ хамгаалах түүнийг ард олондоо сурталчлах ажил хийж явдаг бидэн шиг хүмүүс мөнгөтэй байдаггүй юм. Эх орныхоо байгалийн баялгаар баяжиж, бэлжиж байгаа хүмүүс тэр их мөнгөнийхөө багахан хэсгийг байгаль хамгаалах, соёл түүхээ дэлгэрүүлэх үйлсэд зориулаасай. Угсаатны зүй, соёл, түүх, байгаль, экологийн баримтат бүтээлийн өв сан өдий болтол бараг байхгүй. Тэгсэн хэр нь ирээдүйн хөгжлийн тухай яриад л байдаг. Эрх мэдэл, эд баялаг бол байдаг л зүйл. Харин оюун санааны баялаг бол ямар ч эрх мэдэл эд мөнгөөр бүтээж болдоггүй чухаг эрдэнэ.

0 Сэтгэгдэл
HARIN CH CHI ENE NEVTRUULGEE HIIH SANHUUJILTEE SAIN OLDOG BIZ DEE DEER NI HIISEN NEVTRUULGEE TELEVIZED ZARAAD MONGOOR DUTAHGUI L YAVAA BH SHU
Аюурзана, Өлзийтөгс 2-ын гаргасан номоос л Бадамсамбууг зохиолч гэж мэдсэн ш дээ. Тийм том сурталчлуулсан хүн нээрээ номоо бичээд суумаар юм аа
Явна өгүүллэгийг нь уншсан. Магадгүй түүнээс хойш л явж байгаа хүн дээ. Маш мундаг.
Маш сайхан ярилцлага байна. Сэтгүүлч нь даацтай ухаалаг асуулт тавьсан байна их таалагдлаа.
Хамгийн их уншсан