Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмрийн хүдрийн үнэ уруудаж магадгүй нь


-Манай улсаас экспортолж буй нэг тонн төмрийн хүдрийн дундаж үнэ 60-70 ам.доллар байна-

Манай улсын төмрийн хүдрийн экспорт жил бүр нэмэгдэж өнгөрсөн онд 6.7 сая тоннд хүрэв. Ингээд уг ашигт малтмалын экспортын орлого 650 сая ам.долларт болсон нь нийт экспортын 15.3 хувийг эзэлж буй юм.  Үүнээс  улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашиглсаны, аж ахуйн нэгжийн орлогын зэрэг татвар хураамжийн орлого л авсан гэсэн үг. Энэ онд ч чамгүй орлого олно гэсэн найдлага бий. Өнгөрсөн оны  өдийд төмрийн хүдрээс Ашигт малтмалын нөөц ашиглсаны татвар ногдуулах жишиг үнэд өөрчлөлт орсон. Тэгээд жишиг үнэ тогтоохдоо Австралийн төмрийн хүдэр нийлүүлэгчдээс Хятадын гангийн үйлдвэрүүдэд худалдаалж буй үнийг баримтлах болсон билээ. Одоогоор манай улсын  төмрийн хүдэр экспортлогчид үнэ ханшийн эрсдэл их байгаа тул зах зээлийн байдал сайжиртал хоёр талын худалдааны гэрээний үнийг үндэслэж Ашигт малтмалын нөөц ашиглсаны татвар ногдуулах хүсэлт Уул уурхайн яаманд тавиад байгаа. Экспортлогчдын мэдээллээс үзвэл манай төмрийн хүдрийн дундаж үнэ нэг тонн 60-70 ам.доллар аж. Зарим судлаач 35-50 ам.доллараар нэг тонн төмрийн хүдрээ борлуулж буй гэдэг.

Үүнийг бусад орны экспортолж буй үнэтэй харьцуулбал нэлээд доогуур үнэ юм. Харин өнгөрсөн онд 90-100  ам.доллараар борлуулж байжээ. Төмрийн хүдэр экспортлогчид ихэвчлэн хуурай баяжуулах аргаар эрдэсээ ялган авдаг гэдэг. Энэ бүтээгдэхүүний чанар, эрдэсээ бүрэн ялган авч чадахгүйд хүрдэг байна. Олон улсын стандартаар төмрийн агуулга нь 62-65 хувийн агуулгатай бол хамгийн сайнд тооцогдож илүү үнэд хүрдэг. Гэтэл манай улсаас экспортолж буй төмрийн хүдэр голдуу  52-55 хувийн агуулгатай ажээ. Иймд Засгийн газраас төмрийн хүдэр экспортлох, баяжуулах, чанарыг нь сайжруулахад 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл нойтон аргаар баяжуулах юм бол хүдэр дэх төмрийн агуулга нь 64-67 хувьд хүрэх боломж бий гэнэ. Хэрэв энэ онд амжуулж чадвал нэг тонн төмрийн хүдрээ 100-120 орчим ам.доллараар зарж чадах төлөв байгааг судлаачид хэлж байна. Өнгөрсөн онд 62 дээш хувийн агуулгатай нэг тонн  төмрийн хүдрийн дундаж үнэ 135 ам.доллар байв. Энэ нь 2012 оныхоос 3.1 хувиар нэмэгдсэн ханш юм.

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаанд “Хятадын зах зээлд төмрийн хүдрийн захиалга бага байгаа аж. Энэ нь цаашид үнэ унахад нөлөөлж болзошгүй. Бүхэллэг болон хорголжин төмрийн хүдэр  боомтуудад хомсдолтой байгаа тул үнэ нь тогтвортой хэвээр байна. Мөн БНХАУ-ын зарим том хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд ган хайлуулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бодлого  хэрэгжүүлэх болсон. Иймд энэ бодлого нь ойрын хугацаанд төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлж магадгүй. Ойрын хугацаанд үнэ тогтвортой, дунд ба урт хугацаандаа буурах хандлагатай байна” хэмээн дурджээ. Гэвч өнгөрсөн эхний таван сард  төмрийн хүдрийн үнэ хямд байсан. Харин хагас жилээс хойш өсч эхэлсэн түүх бий. 

Металын зах зээлийн шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлт буурч, түүхий эдийн нийлүүлэлтийг шингээж чадахгүй хэмээн өнгөрсөн онд таамаглаж байв. Тухайлбал,  өнгөрсөн онд Хятад улсын  төмрийн хүдрийн хэрэглээ 50 сая тонноор нэмэгдэнэ. Гэтэл дотоодын төмрийн хүдрийн олборлолт 20 сая тонноор өснө. Дээр нь төмрийн хүдрийн  олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Vale”, “BHP”, “Rio Tinto” компанийн нийлүүлэлт 100 сая тонноор нэмэгдэх тооцоо хийсэн.   Өнгөрсөн оны эхэнд хятадууд 1.14 тэрбум тонн төмрийн хүдэр хэрэглэнэ. Үүний 770 сая тонныг импортолно хэмээн мэдэгдэж байв. Гэвч оны төгсгөлд 716.5 сая тонныг импортолжээ. Энэ нь нийт хэрэглээ нь 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Хэдийгээр урд хөршийн төлөвлөсөн хэрэглээ саарсан ч өссөн үзүүлэлт гарч буй нь манай улсад ашигт малтмалаа нийлүүлэх боломж буйг илтгэж байгаа хэрэг.

Одоогоор манай улсын төмрийн нөөц 1.1 тэрбум тонн хэмээн тогтоосон. Гэвч үүний 650 сая тонн нь баталгаажсан нөөц юм. Тухайлбал,  28-60 хувийн дундаж агуулгатай 46 орд бүртгэгдсэн байдаг. Тэднээс  50 сая тонноос дээш нөөцтэй ордуудад Төмөртэй, Баянгол, Цахиурт-Овоо, Таяннуур, Эрээн, Дарцагтын төмрийн хүдрийн орд  ордог. Монгол Улсын төмрийн хүдрийн нөөц бага тул зөв зохистой ашиглах, баяжуулж зах зээлийн үнээр борлуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Дэлхийд коксжих нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гээд ашигт малтмалын хамгийн том импортлогч улс Хятад. тус улс нь төмрийн хүдрийн нөөц ихтэй. Иймд  2010-2011 онд төмрийн хүдэр олборлох  31 төсөлд  асар их хөрөнгө оруулжээ.  Гэсэн хэдий ч бусад улсаас  төмрийн хүдэр худалдаж  авах хэмжээ нь нэмэгдсээр байгаа нь Хятадад хэрэглээ маш их байгааг харуулж буй хэрэг. Нөгөө талаар  тус улсад Австрали, Бразиль, Канад, Чили, Энэтхэг, Индонез зэрэг 17 улс төмрийн хүдэр нийлүүлж байна.

Урд хөршийн зах зээлд төмрийн хүдрийн өрсөлдөөн ширүүсч буйг дараах ганц жишээнээс харж болно. Австрали улс  ойрын хоёр, гурван жилд  төмрийн хүдрийн  олборлолтоо өсгөх нь. Үүний тулд  15 шинэ уурхай нээхээр төлөвлөжээ.
Мөн одоо ашиглаж буй уурхайнууддаа  өргөтгөл хийж буй юм. Ингээд  жилд 307 сая тонн төмрийн хүдэр нэмж олборлох ажээ.  Тэгэхээр бид урд хөршийн зах зээлд баттай байр суурь эзлэхийн тулд ширүүн өрсөлдөөнтэй тулгарахыг илтгэнэ. Гэхдээ чанар сайтай төмрийн хүдэр нийлүүлэхгүй бол өрсөлдөөнд хүчин мөхөсдөх магадлал бий аж. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд үнээр ашигт малтмалаа борлуулж зах зээлээс  аяндаа шахагдахад хүрэх ажээ.  Хамгийн гол нь төсөвт орох орлогоо нэмэгдүүлэх, экспортлогч компаниуд  борлуулалтын гэрээний үнийг өсгөж өрсөлдөх чадвараа сайжруулахаас   гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах,  илүүг нь дэлхийн зах зээлд гаргах нь чухал гэдгийг эдийн засагчид анхааруулж байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан