Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИН ТҮЖИН АСГАТАД АЖИЛ ОВОЛЗОЖ ЭХЛЭХ ҮҮ

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлсон билээ. Тэдний нэг нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Асгатын мөнгөний орд.  Энэ ордын лицензийг  Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан “Монголросцветмет” компани эзэмшдэг.
Уг компанийн 51 хувь Монгол, 49 хувь нь Оросын талд ногддог билээ. Өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын 26-27-ны өдөр Москва хотноо Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан болсон. Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлэх тухай Оросын талд санал тавьсан. Манай талаас ТЭЗҮ-ийг нь боловсруулж, дэд бүтцийг нь байгуулж буй юм. Гэвч лиценз эзэмшигч “Монголросцветмет” компани санхүүгийн хувьд хүндхэн. Учир нь, дэлхийн зах зээл дээр жоншны үнэ ханш унаж борлуулалт нь буурсан. Иймд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр нь бараг сул зогсоход хүрч бага хэмжээний жонш л зах зээлд нийлүүлж байна.
Тус компани үйлдвэрийнхээ хүчин чадлыг  бүрэн ашиглах үүднээс технологийн өөрчлөлт хийж өнгөрсөн оны сүүлчээс төмрийн хүдэр олборлон баяжуулах болсон. Ингээд өөрийн мэдлийн Баргилтын төмрийн хүдрийн ордоо ашиглаж буй юм. Тэгэхээр  “Монголросцветмет” компани ойрын хугацаанд Асгатын ордод хөрөнгө оруулах санхүүгийн боломжгүй байгаа.  Гэвч тус компанийн зарим удирдлага ОХУ руу явсан сураг бий. Хоёр улсын хамтарсан компанийн хувьд ярьж хэлэлцэх асуудал бишгүй л байгаа байх.
Гэхдээ Асгатын ордыг ашиглахаар ярилцаж буй энэ цаг үед уг асуудал хөндөгдөх нь гарцаагүй биз ээ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Асгатын мөнгөний ордыг түшиглэн хамтарсан компани байгуулах санал манай талаас тавьсан. Ордын 51 хувийг “Эрдэнэс МГЛ”, 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” компанид эзэмшүүлж хамтарсан компани байгуулахаар ярилцлаа. Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар  ажлын хэсэг байгуулахаар тогтсон. Энэ орд газар зүйн байршлын хувьд Монгол, ОХУ-ын хил дамнаж оршдог. Тухайн орд газарт очихын тулд ОХУ-ын нутгаар дамждаг байсан. Өнгөрсөн зун Засгийн газрын хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьснаар манай талаас шууд очих боломж бүрдлээ. Мөн цахилгаан, дэд бүтцийн хувьд Асгатын ордыг ашиглахад бэлэн болсон. Ордын нөөцийн тодорхой хэсэг нь ОХУ-ын нутагт бий” гэсэн билээ.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүү “Асгатын мөнгөний ордод судалгаа их хийсэн. Одоо энэ судалгаандаа үндэслээд  ТЭЗҮ-ийг  нь боловсруулж  бараг  дууслаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд дөрөвдүгээр сард хэлэлцүүлж батлуулна. ТЭЗҮ батлагдсанаар баяжуулах үйлдвэр, технологи, цахилгаан зэрэг асуудлаа шийднэ. Өнөөдөр ОХУ, АНУ, Хятад гэсэн оронд Асгаттай адил хүдэртэй мөнгөний ордууд ашиглаж байна. Тэгэхээр ашиглах технологи сонголттой олон болсон. Хамгийн гол нь, хоёр тал идэвх санаачлагатай байх нь чухал” хэмээж буй юм. Одоогоор ТЭЗҮ нь батлагдаагүй байгаа тул яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах нь тодорхой болоогүй байна. Ямартай ч замтай цахилгаантай, багахан хэмжээний сууринтай болоод байгаа ажээ. Хоёр тал харилцан ойлголцож  хөрөнгө мөнгөө шийдээд ажлаа яаравчилвал ирэх нэг, хоёр жилд олон жил сайн, муугаар хэлэгдэж ирсэн Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлэх нь.
Асгатын ордыг ашиглая гэхээр өндөр уул, хадтай дэд бүтэц хөгжөөгүй газар саад болоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын хувьд дор хаяж 20-иод сая ам.доллар шаардлагатай гэдэг.
Асгатын мөнгөний ордын тухай Ардчилал сонины 1990 оны дөрөвдүгээр сарын 20-30-ны №3-т “Хөх толбо”-ын хэмээн овоглогддог сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын газар дээр нь очиж хийсэн “Асгатын мөнгө” гарчигтай сурвалжлага хэвлэгдсэн байдаг. Энэ сурвалжлагад бид баялгаа ашиглаж хөрөнгө чинээтэй болно гэж хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Бүхнийг сайтар тооцож “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг эх нутаг, эрдэс баялагтаа болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлсэн юм.
Сэтгүүлч Б.Эрдэнэбаатарын нийтлэлийн хэсгээс иш татвал“...
1988 оны арванхоёрдугаар сарын Засгийн газрын хоорондын 35 дугаар хуралдаанаар «Асгатын орд газар нь Монгол, Зөвлөлтийн хамтын ажлын объект» гэсэн шийдвэр гарчээ. 1989 оны арванхоёрдугаар сард дээж нэрийдлээр нэлээд хүдрийг Цагаан нуурын дамжлага баазаар хойшоо гаргасан байна.
Асгат  нь одоогоор сайн  судлагдаагүй. Гэхдээ,
а) мөнгөний  хувьд  дэлхийд  хосгүй
б) зэсний хувьд бага зэрэг
в) сурма дунд зэрэг
г) висмут дунд зэргийн... Одоогоор даян дэлхийд буюу хүн төрөлхтний түүхэнд ийм баялаг мөнгөний орд газар хараахан байхгүй ажээ.
Дэлхийд 10 мянган тонн хүдрийн нөөцтэй бол том, 100-1000 тонн бол дунд зэрэг, 100 тонн бага зэрэгт ордог ажээ. Тэгвэл Асгат хэдэн саяараа  ярина.
Дэлхийд   одоо   Мексик,   Перу,  АНУ, Канад, Австрали зэрэг хэдхэн оронд мөнгөний орд газар байна, Асгат алинтай нь ч зүйрлэшгүй юм. Асгатын хавьд хүдэр ашиглаж байсан гурван газар олдсон байна. Асгат нь дэлхийн хамгийн өндөр газарт байгаа орд юм. Зөвлөлтөд Асгатын мөнгийг ашиглах технологи бас байхгүй. Асгатын үүцийг маш ухаантай бодож нээх хэрэгтэй.
Байгальд асар их хор хохирол учруулж болохыг тооцох хэрэгтэй.
Өнөөдөр дэлхийд мөнгөний нөөц бага, хэрэгцээ асар их байгааг бодолцох хэрэгтэй. Оросууд 500 мянган тонн хүдэр боловсруулах үйлдвэр барья. Тэгвэл ашигтай ... гэж үзэж байна. Монголчууд эсрэг саналтай байна. Мардай, Эрдэнэт, Бор-Өндөр нь их ч том сургамж болжээ.
Их, ашигтай гэж анх тооцоо гардаг. Амьдрал дээр болохоороо шал өөрөөр эргэдгийг ч бид ухаарах болов. Дугуй ширээний ярилцлага дээр нэгэн монгол геологич «Хамтын үйлдвэр байгуулаад л байна, эх орон минь өрөнд ороод л байна. Монгол геологичид бид урам хугарч байна» гэхэд зөвлөлт нөхөд маань асар ихээр уурлаж байв. Асуултыг буруугаар орчуулсан бололтой...
...Ашигт малтмалаа барж, авдраа хоослохын дон шүглэсэн гэж үү! Юмаа дуусгах яаруу түргэн уралдаан зарласан биш биз дээ. Казах танил надад хандаж, «Анх ураныг нээгээд байх үед нэгэн эрдэмтэн байгальд аюултай учраас нууцалсан юм их бий. Байгаль өөрөө ийнхүү аюултай гэж далд нуусан юмыг хүн ил гаргаад байх нь зөв үү?» гэж хэлжээ. Үнэхээр байгальд аюултай өөрөө нуусан юм их бий, Үзэсгэлэнт сайхан нутаг уснаас холдож ядахын ялдамд надад үл тайлагдам гунигтай бодол төрсөөр байлаа. Дөнгөж захаасаа хайлах ногоон нуур омог бардам хоржигновч мөс мөргөн зогсох бяцхан горхины хөвөөгөөр хэсэг явган алхлаа. БНМАУ-ын бүхий л хууль тогтоомж энд зөрчигдөж байна. Нуур голын эхэнд сайр дээр эл тосгон байгуулагджээ. Монгол хүний ухаан хойшоо хараагүй л баймаарсан...гэж өгүүлсэн байна.

Тухайн үед өнөөгийнх шиг энд тэнд олон уурхай нээгдээгүй, Бугантын алт, эрчим хүч, орон нутгийн хэрэгцээг хангах нүүрсний, Эрдэнэтийн зэсийн гээд хуруу дарам хэдхэн уурхай ажиллаж  байв. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг жилд арав, хориороо уурхай нээгдэж байсангүй.
Үүнээс хойш 17 жилийн дараа буюу 2007 оны тавдугаар сарын 30-ны №055/167 дугаарт манай сонин өдөр тутам хэвлэгдэн нараад удаагүй байхад  сурвалжлагч Б.Гандулам Асгатын мөнгөний ордод очиж “Хөгжил хүлээсэн Асгатынхан” сурвалжлага бэлтгэсэн. Энэ үед Ардчилал сонин өдөр тутам хэвлэгдэн гардаг болоод байсан юм.
Уг сурвалжлагад “...Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багт өдгөө 18 өрхийн 60 гаруй хүн амьдарч байна. Суурьшсан энэ багахан хорооллын арын өндөр асга хадтай уулыг Мөнгөний хяр, Асгат уул хэмээн нэрийддэг. Асгатын уулын үйлдвэрийн цооног хүрэх хүртэл 20-иод км газар уулын өндөрлөг асга хадтай ихээхэн бартаат замаар хүрч очно...
...1983-1996 оны хугацаанд Оросын экспедицийн 100, Монголын 200-аад мэргэжилтэн энэ үйлдвэрт ажиллаж байсан гэнэ. Мөнгөний хяр дахь Асгатын орд газарт хайгуул, олборлолын ажил явуулж, тэр үеийн ажилчид нийт зургаан штольн гаргажээ. Энэ нь энгийн үгээр тайлбарлавал мөнгөний хүдрийн судлыг дагуулж ухсан 1-2 км урт цооног юм. Хамгийн урт цооног нь хоёр км, далайн түвшнээс дээш 3100 метрийн өндөрт байрладаг. Эдгээр цооногын амыг таглаж битүүмжилсэн бөгөөд үйлдвэрийн хоёр манаач ээлжээр байнга манаж байдаг гэсэн...
...1996 оноос Асгатын уулын үйлдвэрийн үйл ажиллагаа зогссоноос өдгөөг хүртэл 10 гаруй жил өнгөрчихөөд байхад Асгатын оршин суугчид итгэл тээсээр, үйлдвэрээ, орд газраа “манасаар” сууна. Энэ хугацаанд нутгийнхан хэзээ ч итгэл алдралгүй хөгжиж цэцэглэсэн аж үйлдвэрийн томоохон хот төсөөлсөөр өнөөг хүрсэн нь ярианаас ив илхэн. Ийм цаг ирнэ гэдэгт итгэж байна. Мал аж ахуй, гэж бараг байхгүй, гэрэл цахилгаан, мэдээлэл, харилцаа холбооноос хол хөндий энэ газрын ууган оршин суугчид бүгд уул уурхайн инженер, геологич мэргэжилтэй...” гэж өгүүлжээ.
Тэгэхээр олон жил  ажин түжин байсан Асгатын мөнгөний ордын асуудал  өнөөдөр дахин сөхөгдлөө. Тэгэхдээ дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ ханш өсч буй өнөө үед ашиглах болж байна. Ямар ч атугай Асгат суурингийхан өнөөдөр сумын төв орох гэж хоёр улсын хил дамнаж явахгүй замтай, цахилгаантай болсон нь нэг дэвшил болжээ. Гэвч энэ ордыг жинхэнэ уурхайн тосгон болгох эсэхийг хөрөнгө мөнгө, хоёр улсын хамтын ажиллагаа, цаг хугацаа шийдэх нь.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
оюутолгой шиг судлагаагүй шаачих вий дээ
ZUB ZUB.
Оросууд 49 хувииг хэзээ, хэдээр худалдаж авчихаад оориин омч гээд байгаан. Яахараа ашиглалт байтугай зам ч гаргаагуй байхад монголын омч баялгууд гадаадыхны гарт орчидог юм бэ? Ямар шуналтан нь, ямар хуулиар ард тумнии омчииг зарчихав
Хамгийн их уншсан