Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМ.ДОЛЛАРЫН ХАНШААС БУЛТАХ БОЛОМЖ

Оросын хамгийн том экспортлогчид болох “Газп­ром”, “Роснефть” компа­ниуд экспортын төлбөрөө рублиэр хийхэд бэлэн байгаа тухай Оросын Гадаад худалдааны банкны тэргүүн Андрей Костин мэдэгдлээ. Энэ хоёр компани жилдээ нийт 230 тэрбум ам.долларын экспорт хийдэг. Экспортоо рублиэр хийхэд хүргэсэн гол шалтгаан нь өөрийн эдийн засгийн ам.доллар ба еврогоос хамааралтай байдлыг ба­гасгах.
Андрей Костин дээрх хоёр том компанийн удирд­лагуудтай уулзаж ярил­цахад рублиэр экспортын тооцоо хийхийг эсэргүүцэхгүй, хам­гийн гол нь шаардлагатай механизмыг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэсэн аж.
Түүхий эдийн экспорт ба өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны импортоос дэндүү хамааралтай манай улсын хувьд тун ч таатай мэдээ гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Тэгээд ч сүүлийн хэдэн сарын турш ам.долларын ханш тогтмол нэмэгдэж байгаас болж шатахууны үнэ өсч үүнийг дагаад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнээс эхлээд тээвэрлэлттэй холбоотой дийлэнх бүтээгдэхүүний үнэ өссөн.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компани “Чал­ко”-д тавьсан өрөө ирэх зургадугаар сард дуусгахаар Монголыг чиглэсэн ам.долларын урсгал дахин сэргэж, валютын ханш нь унана гэсэн. Гэтэл зарим мэдээлийн хэрэгсэлд гарсан мэдээнээс үзвэл манай хойд урд хөршийн бизнес төлөөллүүдийн хооронд хийсэн нэгэн уулзалтын үеэр “Чалко”-ийн удирдлагууд зээлсэн мөнгөндөө таарсан нүүрс авч дуусмагцаа цаашид Монголоос нүүрс экспортлохгүй, оронд нь Оросоос нүүрс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. Хэрэв энэ үнэн бол өрөө төлж дуусаад ам.долларт дарагдана гэсэн яриа оргүй болж таарлаа.
 “Чалко”-д өрөө дараад ч ам.долларын ханш буурахгүйн дээр цаашид бүр огцом өсч магадгүй болж таараад байна. Ийм нөхцөлд манай хойд хөрш экспортын тооцоог рублиэр хийхэд бэлэн байна гэхээс илүү сайхан мэдээ юу байх билээ. Өдөр өдрөөр ханш нь нэмэгдэж байгаа ам.доллараар шатахуун худалдан авахын оронд нь ханш нь харьцангуй тогтвортой, тэр бүү хэл буурах хандлагатай байгаа рублиэр худалдан авах боломж гарна гэдэг манайд таатай мэдээ. Тэгээд ч манай хоёр улсын төв банкууд үндэсний мөнгөн тэмдэгтээрээ харилцан тооцоо хийх тухай гэрээг тэртээ 2003 онд байгуулсан байдаг болохоор рублиэр тооцоо хийж эхлэх хууль зүйн үндэс ч байгаа гэсэн үг.
Мэдээж шууд өнөөдөр, эсвэл маргаашаас эхлээд шатахуунаа рублиэр худалдаж аваад эхэлчихгүй. Хоёр улсын Засгийн газар, экспортлогч ба импортлогч компаниудын удирдлагууд ярилцаж тохиролцох нарийн ажил явагдах байх. Наандаж л 2003 онд байгуулсан үндэсний валютаараа төлбөр тооцоо хийх гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр эсэхийг шалгах, үгүй бол дахин шинээр гэрээ байгуулах гэх мэт нэлээд ажил болох байх. Цаанадаж ам.долларын ханш ба рублийн ханшийг  холбохгүй талаар тохиролцох гээд олон асуудал бий.
“Роснефть” манай улсын шатахууны 80 хувийг дангаар нийлүүлдэг тул энэ мэдээг дуун дээр нь уухайн тас гээд цаг алдалгүй ажил хэрэг болгоход буруудах зүйл байхгүй болов уу.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан