Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ ОКТАН ӨНДӨРТЭЙ “ШАТАХУУН”

Улс орны эдийн засгийг автомашины хөдөлгүүртэй зүйрлэж болно. Хөдөлгүүр хүчтэйгээс гадна хангалттай шатахуунтай байж гэмээнэ холын замд ажрахгүй. Харин, шатахуунгүй бол “шар гэрэл” асч “хөдөлгүүр” унтрахад хүрнэ. Манай улсын эдийн засгийн эх үүсвэр болсон уул уурхайн салбар уналтад орж гадны хөрөнгө оруулагчид гар татах боллоо. Түүнчлэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа нь ард иргэдийн нуруунд ачаа болж байна. Дарин дээр давс гэгчээр валютын ханш ч “талийж” төгрөгийн ханш тээр доор хоцорлоо. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон болохын хувьд эдийн засаг ийм эгзэгтэй байгаа үед яаралтай “цус сэлбэх” нь чухал. Тиймдээ ч, төрийн зүгээс элдэв бонд гаргаж ихээхэн эрсдэл үүрсэн. Бонд гэдэг зоос шидэхэд сүлд, тоогоор буухтай адил эндэж болох эрсдэл, магадлал ихтэй өнөө маргаашийг аргацаасан зүйл. Тиймээс, барагдаж үрэгд­­дэггүй баялаг болсон аялал жуулчлал хэмээх октан өн­­дөртэй “шатахуун”-аар эдийн засгийн хөдөлгүүрийг эр­­чимтэй ажиллуулах цаг болсон.
Манай улс аялал жуулчлалын салбараас ашиг олж, эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Дэлхийд ганцхан нүүдлийн соёл иргэншил, онгон дагшин байгаль, гайхалтай ёс заншил, соёл уламжлал, үүх түүх гээд энэ салбарт ихээхэн үнэ хүрэх “түүхий эд” та бидэнд бий. Энэ баялагийг эргэлтэд оруулж эдийн засгийн нөөц боломж, нөхцөл байдлыг өөд татах ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Уул уурхай ч яахав ухаж төнхөөд л дуусна. Шувтарсан цагаан бумба шиг авдрын ёроол хоосон хоцорвол аль баялагаа олборлож амиа зогоох вэ. Энэ бол аялал жуулчлал.
Аялал жуулчлалыг энгийнээр ойлговол жуулчдын зузаан түрийвчийг аль болох амар хялбараар хоослох гэж хэлж болно. Ингэхийн тулд нэгдүгээрт найрсаг байх хэрэгтэй. Манай улс өнгөрсөн онд жуулчдад халтай, хамгийн аюултай арван орны нэгээр тодорч нэр, цолоо дуудуулаад авсан. Олон улсын аялал жуулчлалын байгууллагын 2012 онд хийсэн судалгаагаар Монголд айлчилсан жуулчдын тал илүү хувь нь аялал жуулчлалын салбарт “муу” дүн тавьсан байх юм. Энэ нь, дээр дурдсан найрсаг бус байдлаас үүдсэн хэрэг. Хэзээний аагархуу, омгорхуу зангаар хэдэн жуулчдыг нүд үзүүрлэдэг соёлын хоцрогдол “муу” дүнгийн гол шалтгаан.
Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг, зах зээлд хөл тавьсаар 24 жилийн нүүр үзэж буй манай ард түмэн аялал жуулчлал гэх зүйлтэй бүрэн танилцаж амжаагүй л байна. Тиймдээ ч, нийгмийн сэтгэхүй ч нэг их ач холбогдол өгөхгүй салбарын хөрөнгө оруулалт ч сайн биш байна. Байшин барихад суурийг нь сайн хийж өгвөл тогтвортой, бат бөх болдогийн адил юуны өмнө аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг даамай сайн шийдэх хэрэгтэй. Таван тивийн хаанаас ч талын Монголд тухлан саатах жуулчдад баталгаатай, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлж чадвал дээр өгүүлсэнээр найрсаг зангаар “Нааш ир” хэмээн урин залах л үлдэнэ. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг шиг найрсаг, хамгийн гол нь аюулгүй, тухтай орчин бүрдүүлэх энэ салбарын гэлтгүй эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болно. Төр, засгаас аялал жуулчлалын салбарт анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай ч бодлогын түвшин тоймтой ажил хийхгүй байгаа нь үнэн. Харин бодлогоор шийдэж болох томоохон ажлын нэгийг Нийслэлийн аялал жуулчлалын газар болоод “МОНЦАМЭ” агентлаг хамтран хийлээ.
Өчигдөр Нийслэлийн аялал жуулчлалын газар “МОНЦАМЭ” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулж хоёр талын улирдлага гарын үсэг зурсан нь аялал жуучлалын салбарын ахиж дэвших боломжийг тэлсэн хэрэг боллоо. Хэвлэл мэдээллийн ууган байгууллага болохын хувьд “МОНЦАМЭ” агентлаг гадаад харилцаа холбоо сайтай. Тиймдээ ч аялал жуулчлалын салбарыг гадны улс оронд сурталчилан таниулах, эерэг зөв мэдээлэл түгээхэд ихээхэн ач холбогдол бүхий нэг ёсны давуу тал аж. “МОНЦАМЭ” агентлагийн “www.montsame.mn” сайт 40 гаруй улс оронд цахим болон хэвлэмэл байдлаар мэдээ мэдээлэл түгээдэг нь муу нэр зүүсэн аялал жуулчлалын тухай эерэг мэдээлэл түгээх сайхан боломж юм.  Нийслэлийн аялал жуулчлалын газраас “МОНЦАМЭ” агентлагийн материаллаг бааз, нөөц боломжыг түшиглэн ажиллах тухай санал тавьсныг агентлагийн зүгээс нааштайгаар хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан юм. “МОНЦАМЭ” агентлагийн цахим хуудас жирийн үед сардаа 6-7 сая хандалттай байдгийн 150 орчим мянга нь дотоодынх байдаг аж. Мөн жуулчны улирлын үеэр есөн сая хандалт авах тохиолдол ч байдаг аж. Нийт хандалтын дийлэнх хувь нь аялал жуулчлалын салбарын тухай байдаг учир сурталчлан таниулах ажилд маш том боломж болж байгаа ажээ. Хоёр талаас цаашдын хамтын ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлсны дотор хамгийн тааламжтай мэдээ нь эхний ээлжинд Нийслэлийн аялал жуулчлалыг сурталчлан таниулахад чиглэсэн богино хэмжээний кино бүтээснээ “Ази номхон далайн орнуудын агентлагуудын байгууллагын нэгдсэн сүлжээ”-нд /OANA/ байршуулсан явдал байв. Энэ нь эхний ээлжинд Монголын аялал жуулчлалын нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн видеог хоёр тэрбум гаруй хүнд дамжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Хоёр талаас гэрээнд гарын үсэг зурах үеэр холбогдох албаны хүмүүсээс хамтын ажиллагааны талаар сонирхсон юм.

Э.Баттулга: Боловсон хүчний асуудлыг нэгдүгээрт тавьж байна

Нийслэлийн аялал жуулчла­лын дарга Э.Баттулга­тай уулзаж ярилцлаа. Тэрээр, орон нутгийн аялал жуулчлалаас илүүтэй нийслэлийн тэр дундаа бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлбэл ашигтай гэж үзэж байгаа юм.

-Аялал жуулчлал гэхээр л дулааны улиралд хэдэн хүн ирээд буцдаг. Өвлийн жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байдаг юм бол?
-Манайд жуулчдыг татах маш их нөөц, боломж бололцоо бий. Заавал дулаан улиралд гэлтгүй хүйтний улиралд ч аялал жуулчлалын арга хэмжээг зохион явуулах боломжтой. Нохойтой чарганы аялал, мөсөн шагай, тэшүүр мөн бусад өвлийн, үндэсний спортын арга хэмжээнүүдийг нэрлэж болно. Жишээлбэл, бүргэдийн баяр байх жишээтэй. Гаршуулсан бүргэд гэхээр гадныхан ихээр сонирхдог. Энэ бол зүгээр нэг уламжлал бус аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. Хоёрдугаарт, бизнес, хурал зөвлөгөөн, ажил хэргийн аялал жуулчлал. Бид хүссэн хүсээгүй бизнес жуулчлалын төв болчихсон. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед бизнес жуулчлал, эвент арга хамжээг хослуулснаар өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх боломжтой.
-Бизнесийн аялал жуулчлал адал явдалт, фото жуулчлалаас илүү ашиг авчрах боломжтой гэж үзэж байгаа гэсэн. Энэ тухайд?
-Нийслэлийн аялал жуулчлалын газар Улаанбаатар хотыг бизнесийн аялал жуулчлалын төв болгох зорилготойгоор ажиллаж байна. Хоёрдугаар зорилт бол хөрш зэргэлдээ Монгол туургатнуудынхаа зах зээлд чиглэсэн сурталчилгаа, үйл ажиллагаа явуулах. Яагаад гэвэл ОХУ, БНХАУ-д л гэхэд арван сая гаруй Монгол туургатнууд байна. Тиймээс, соёл уламжлал, шашин шүтлэгт тулгуурласан бодлогоор хөрш орнуудын зах зээлд сурталчилгаа хийж байна. Мөн зүүн хойд Азийн бүс нутагт чиглэсэн бизнес аялал жуулчлал гэсэн үндсэн хоёр чиглэлтэйгээр цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлсон. Нийслэлийн хувьд Өвөрхангай, Хөвсгал, Архангай гэх бусад аялал жуулчлалын түшиц газруудаас дэд бүтцийн хувьд илүү хөгжсөн. Дулаан цахилгаан, зам тээвэр илүү хөгжсөн учир Нийслэлийн аялал жуулчлал гол зэвсэг болох боломжтой. Улаанбаатар хотод одны зэрэглэлтэй зочид буудлын 90 гаруй хувь нь байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ ч нэг дор төвлөрсөн байна. Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт ашиг авчрах томоохон төслүүд нийслэлийн эргэн тойронд бий болж бүтээн байгуулалт нь өрнөж байна. Энд жишээ болгон дурдвал Цонжинболдог, Их Майдар төслийг дурдаж болно. Мөн Горхи-Тэрэлжид ирсэн жуулчдын ихэнх нь очдог байх жишээтэй.
-Аялал жуулчлалын стандарт их чухлаар яригддаг шүү дээ. Энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Юуны өмнө үйлчилгээний стандартыг шинэчлэх ажил хийж байна. Зочид буудал, жуулчны бааз, үзвэр үйлчилгээний байгууллага, амралтын газрын стандартуудыг шинэчилж байна. Гэхдээ үйлчилгээний чанар гэдэг материаллаг баазаас илүүтэй сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээс хамаардаг. Тийм учраас энэ жил зохион байгуулах сургалт арга хэмжээнүүдээ төлөвлөчихөөд байна. Эдгээр нь дандаа хүн рүү чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл бо­ловсон хүчний асуудлыг нэгдү­гээрт тавьж байгаа хэ­рэг. Орчуулагч, хөтөч, үйл­чилгээний ажилтнуудаа мэргэжлийн түвшинд бэлтгэж чадвал материаллаг орчин нөхцөл гэдэг цаг хугацааны л асуудал. Үйлчилгээний стандартад нийцсэн сайн тур баазуудаа юуны өмнө сурталчилж бусдаас нь ялгаж өгснөөр бизнесийн таатай орчин бүрдүүлнэ. Ингэснээр бусад газар үлгэр дууриал авч өөрсдийн үйлчилгээнд анхааарал хандуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл стандартын дагуу, сайн, чанартай үйлчил­гээ үзүүлж буй байгуулла­гуудаа сурталчлаад ирэхээр үйлчлүүлэгч нь өсөн нэмэгдэж ашиг орлогын хувьд ч ахиж дэв­шинэ. Иймээс муу үйл­чилгээ үзүүлж буй газрууд хэрэглэгчгүй болж нэг бол хаагдана нэг бол үйлчилгээ, стандартаа хүссэн хүсээгүй шинэчилнэ.
Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан