Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОЙД НУТГИЙН УРЦЫГ ХОТЫНХОН АНХААРЧ ЭХЛЭВ

Арваадхан улсад байдаг гэх цаа буга Монголд бий гэж хойд нутгаараа бахархах хүн олон. Гэвч бидний заасан зүгт 40 хэмийн хүйтэнд тэсвэр алдаагүй цаачид амьдарч, эрин үеэсээ холдсон омог, отог байрладаг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Цаа буга тэсгэм хүйтэнд амьдардаг онцлогтой гэдэг ч тэнд хүн амьдрах нөхцөл ямар байдаг талаар мөн л сэтгэлээ чилээж байсангүй. Тиймээс цаа бугыг улаан номонд мөнхлөлгүй, тайгад нь авч үлдэхийн тулд цаачдад тулгардаг асуудлыг ч давхар шийдэх нь зөв гарц хэмээн Хөвсгөлийн тайгаас ирсэн цаачдын төлөөлөл хэлэв. Түүнийг Г.Буянтогтох гэдэг бөгөөд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын цаачин, Засаг даргын орлогч хэмээн өөрийгөө танилцуулав. Түүнээс цаа бугын бэлчээрийн талаар асуухад тоймтой зүйл хэлээгүй ч хаа хаанаасаа торлогдож, цаа буга болон цаачид амьдрах орон зай улам бүр хомсдож байгаа гэдгийг үгүйсгэсэнгүй. Үүний шалтгаан нь тус нутгийн ногоон чулуу болоод цагаан хаш гэх байгалийн баялгаас үүдэлтэй гэнэ. 2010-2012 онд Хөвсгөлийн тайгад дээрх чулууг олборлох явдал эрс нэмэгдсэн учраас тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд оруулжээ.
Компани гэлтгүй нутгийн цаачид ч дээрх чулууг олборлож, өөрсдийн амьжиргаандаа зарцуулдаг байж. Үнэндээ, дээрх чулууны бизнес цаа бугын аж ахуй эрхэлснээс илүү ашиг өгдөг учраас тайгын амьдралын ахуй нөхцөлийг тэтгэж байсан томоохон баялаг байсан гэхэд болох аж. Тиймээс Г.Буянтогтох дээрх байдлыг харгалзаж үзээд, тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж өгөхийг гуйхаар хотод ирсэн нь энэ. Харин тус нутгийн цаачин Т.Ганбат гэгчээс нэн ховордсон гайхалтай цаа буга болоод цаачдын дахин давтагдашгүй амьдралын хэв маяг, урц, отго нь яагаад дэлхийд гайхагддаг хэрнээ мөнгө олох боломжгүйг асуухад “Цаа бугын ясан эврийг түүж аваад түүн дээрээ сийлбэр хийж жуулчдад зардаг. Энэ нь орлогын үндсэн, эх үүсвэр болж чадахгүй” гэдгийг дуулгав. Учир нь ясан эвэр дээр ямар сийлбэр хийснээс шалтгаалан 5-50 мянган төгрөгөөр зарагддаг байна. Гэхдээ цаачид мэргэжлийн сийлбэрч биш учраас ихэвчлэн таван мянган төгрөгийн үнэтэй ясан эвэр дээр хийсэн  сийлбэр борлуулах нь цаачдын хувьд түгээмэл аж.
Нөгөөтэйгүүр, бугын эвэр, эд эрхтэн нь хүний эрүүл мэндэд ашиг тустай гэсэн яриа өндөр авч, 1990 оноос хойш цаа буга зах зээлд үнэд орж байв. Тухайн үед бараг биенээсээ том шахуу эвэр нь сүрлэг харагдуулдаг ч, хүний адреналиныг хөдөлгөж, цусан эвэрт донтуулах явдал байсан. Гэхдээ өнөө цагт бугын эвэрт хошуурч, арьсаар нь гутал хийж өмсөх явдал эрс багассан нь тоо толгойг нь  өсөхөд голлох нөлөө үзүүлж байна. Цаа буюу цасны бугын арчилгааны хувьд бараг хүнээс шаардах зүйл үгүй. Номхон дөлгөөн амьтан учраас арчилгаа шаардахгүй, эмээллэж хазаарладаггүй. Ямар ч их цасыг юмхан чинээ тоолгүй, гэтэлж чаддаг гомдол дагуулдаггүй амьтан гэнэ. Тиймдээ ч эзэд нь цаа бугыг өрөвдмөөр дөлгөөн амьтан хэмээн хайлдаг. Харин тэдний ахуй нөхцөл болоод цаа бугын аж ахуйг сэргээх явдал өнөөдөр толгойн өвчин болжээ. Учир нь цаа буга, цаачидтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг газрууд тайгад амьдрал хэрхэн өрнөж байгаа талаарх зөрүүтэй мэдээлэл өгч байв. Нэг хэсэг нь тэдний ахуй нөхцөл сайжирсан учраас үйл ажиллагааныхаа цар хүрээг хумьж байна гэхэд, нөгөө хэсэг нь цаачдын ахуй нөхцөлийг сайжруулж, цаа бугын тоо толгойг өсгөхөд бүх насны амьдралын хугацаа ч багадна хэмээж байна. Харин төрийн бус тодотголтой байгууллагууд нэг зүйлд санал нийлсэн нь төрийн байгууллага цаачдын асуудлыг шийдэх талаар төсөв мөнгө авдаг ч түүнийгээ жинхэнэ эздэд нь хүргэж байгаад эргэлздэг гэх хариулт байв. Тиймээс л тайгад аялал жуулчлал хөгжих хөрс нь бүрдэх боломжгүй байгаа аж.
Тиймээс “Цаа бугын аж ахуйг сэргээх, амьдралын түвшинг сайжруулах” сэдэвт симпиозумд цаачдын холбогдолтой олон байгууллага ирсэн учраас цаачдын талаарх асуудлыг дэлгэрэнгүй тодруулсан юм. Тодруулбал, симпиозумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХАХНХЯ, ҮХААЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Мал эмнэлгийн төв лабротар” болон “ADRA”  олон улсын байгууллага, ОХУ-ын Алтай хязгаарын Монгол Улсад  суугаа төлөөлөгчийн газар, “Нүүдлийн соёл иргэншил” хүрээлэн болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тайгын байгаль”, “Цаачдын холбоо”, Ногоон харш” зэрэг төрийн бус байгууллага болон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Духа ястны төлөөлөл болсон 100 гаруй зочид, төлөөлөгч хуралдсан юм. Тэд нэг амьтны төлөө, нэг зорилготой ирсэн учраас цаа бугын талаар эсрэг санал болоод урт хугацааны хэлэлцүүлэг өрнөсөнгүй. Үндсэндээ, тэд Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг болон Засгийн газрын “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах тухай” 2007 оны аравдугаар сарын 3-ны өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа учраас хуран цугларсан байв.

Тайгад соёлын чиг баримжаатай хөгжил авчирна

Цааг хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлээр тоолсон бөгөөд манай улсад нийт 367 цаачин, 86 өрхийн 1511 цаа маллаж байна гэсэн тооцоо гарчээ. Тиймээс цаачид болон цааны аж ахуйн талаар одоогийн явуулж буй төрийн бодлогыг нэгтгэн дүгнэх нь цугласан олны хамгийн эхний алхам байлаа. Тухайлбал, төрийн байгууллагууд, яамдын баримтлах бодлогыг нэгтгэх, цаатны холбогдолтой төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын тоог нарийвчлан гарган, явуулж буй үйл ажиллагааны чиглэл, цаа маллагч нүүдэлчид болон цааны аж ахуйд хүрч буй үр дүнг тооцож нэгдсэн судалгаа гаргах  болов. Эс бөгөөс өчигдөр цугласан 100 гаруй төлөөлөгч 100-н өөр зүйл ярьж, 100 өөр арга барилаар ажиллавал цаа бугын тоо толгойг хорооно гэхээс өсгөх арга биш байв. Харин тэднийг бүртгэж, нэгдсэн нэг үр дүнг гаргах ажлыг ирэх сарын 5-ны дотор дуусгах даалгаврыг Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан судалгааны багт даалган хийж гүйцэтгүүлэх шаардлагатай юм байна. Судалгааг ХАХНХЯ-наас санхүүжүүлэн, үр дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулах зөвлөмж хүргүүлэв.
Харин дараагийн анхаарал татсан асуудал нь Монгол Улсын цаа маллагч иргэдийн угсаатны онцлог, язгуур шүтлэг, байгалиа дээдэлсэн анчны, урцны, үйсний соёл, түүний орших үндэс болсон цаа бугын аж ахуйн судалгааг орчин үеийн баримтаар шат ахиулан судлах тухай байв. Ингэснээр зах зээл, даяаршлын өнөө үед эдгээр иргэний нийгмийн оролцоо, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлсийн тогтолцоо, хэл аялгуунд гарч буй өөрчлөлтийг илрүүлэн судалж, соёлын чиг баримжаатай хөгжлийг тайгад хөгжүүлэх үндсийг тавих, энэ соёлыг хойч үед нь боловсролын тогтолцоогоор өвлүүлэх ач холбогдолтой юм. Мөн дээрх судалгаанд түшиглэн цаа маллагч иргэдийн соёл, цаа бугын аж ахуйн талаар баримтат бичлэгийн сан бүрдүүлэн, олон нийтийн телевиз, радиогоор сурталчлах нь урцанд өрнөх амьдралын хэв маягийг устаж үгүй болохоос сэргийлэх, аялал жуулчлалын бүс болгох томоохон алхам болох юм. Тиймээс цаатан иргэдийн соёл урлагийн наадмыг зун нэг удаа, өвөл “Мөсний баяр-цааны уралдаан” сэдвээр нэг удаа  бүс нутагт зохион байгуулах болон олон улсын хэмжээнд дэлгэрүүлэх талаар зөвлөмж гаргав. Үүнд, төр засгийн зүгээс ОХУ, БНХАУ, Швед, Норвеги, Финлянд зэрэг орнын цаачдыг урих, визгүй зорчуулах зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх шаардлагатай аж. Мөн дэлхийн цаачдын их наадамд Монгол Улсын 10-с доошгүй цаачдыг оролцуулж, дээр дурдагдсан улсуудын цааны аж ахуйд зургаагаас нэг жилийн хугацаатай цаачнаа солилцон ажиллуулах ажлыг яам, агентлаг хүрээнд хэлэлцэж батлах нь ирээдүйд цаа бугын аж ахуйг сэргээх ажилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ

Дархадын хотгор, Шишгэд, Зүүн, Баруун тайгад аялал жуулчлалын маршрут зохион 100 хувь цаачдаас бүрдсэн отгуудыг байгуулж, отго бүрийн дэргэд жуулчдын унах унаа бүхий амрах, хоноглох 3-4  “урц-мотель” байгуулан, олсон орлогыг цаачид авдаг байх ажлыг Байгаль орчин болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам хариуцах нь зүйтэй хэмээн үзэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн дэргэд “Цаачин хүүхэд”, “Тува хэл аялгуу”, “Гар урлал” зэрэг дугуйланг байгуулах нь цаашид өв соёлоо өвлүүлэх бодит алхам болох юм байна. Харин баруун тайгад олон найрлагат “Эрдэс тэжээлийн цех”-ыг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж, ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд түшиглэн байгуулж, цаачдыг ажиллуулан, цаа бугын сүргээ эрдэс тэжээлээр хангах асуудал ч сөхөгдөв. Түүнчлэн цаачид болон цаа бугын аж ахуйтай хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, олон улсын болон аялал жуулчлалын, судалгаа шинжилгээний байгууллагууд, гадаад, дотоодын хувь хүмүүс нь иргэдийн хүний эрх, уламжлалт соёл, зан заншлыг хүндэтгэн, зах зээл, даяаршлын нөхцөлд хөгжихөд нь туслалцаа үзүүлэх явдал ихээхэн дутмаг байгаа гэнэ.

“Цаачдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн А.Ганцэцэг: Цаа бугын эд, эрхтэнг ашиглах нь багассан

-“Цаа бугын аж ахуйг сэргээх, амьдралын түвшинг сайжруулах” төсөл, хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед цаачдын ахуй нөхцөл ямар байсан бэ. Төсөл хэрэгжсэн долоон жилийн дараа тайгад өнөөдөр нөхцөл байдал ямар байна?
-Ер нь, цааны тоо толгой тодорхой хэмжээний хүмүүсийн хүчин зүтгэлийн шимээр өссөн. Харин хөтөлбөрийн тал дээр би мэдэхгүй байна. Яагаад гэвэл, хөтөлбөр хариуцсан аймгийн зөвлөлд төрийн бус байгууллагаа төлөөлж оролцсон ч надад ямар ч мэдээлэл өгөөгүй. Тиймээс бид хөтөлбөртэй хамтарч ажиллаагүй. Нэгэнт төр засаг анхаарлаа хандуулсан юм чинь үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгвэл танай байгууллагын хувьд ямар ажил хийв?
-Дэлхийд цаа маллаж амьдарч буй иргэд өнөөдөр ямар түвшинд байгаа вэ гэдэг дээр анхаарч байна. Дэлхийн цаачдын холбооны хуралд Монголын  цаачдыг оролцуулах талаар анхаарч, тэднийг харьцуулалт хийлгэх хэрэгтэй. Энэ талаар санал тавьж, 2-4 цаачныг дээрх үйл ажиллагаанд оролцуулж байгаа.
-Зарим нэг төрийн бус байгууллага цаачин иргэдийн ахуй нөхцөл дээшилсэн учраас өөрсдийн үйл ажиллагаагаа зогсонги байдалд шилжүүллээ гэж байна. Та олон жилийн турш энэ төрлөөр дагнан ажиллаж байгаа хүний хувьд ямар бодолтой байна. Үнэхээр тэдний нөхцөл нь дээшилсэн үү?
-Өөрсдийнхөө хэмжээнд хийсэн ажлаа болсон гэж үзээд зарим нэг байгууллага больсон байж магадгүй. Түүнээс биш хүн, мал байгаа тохиолдолд хийх ажил байж л таарна. Тэдгээр хүний орчин нөхцөл сайжиртал олон жил өнгөрөх байх даа.
-Бодитой үр дүнд хүрээгүй гэж ойлгож болох уу?
-Адаглаад тайгад очиж ажиллах нөхцөл байхгүй. Явах зардлаас эхлээд маш хүндрэлтэй. Үнэхээр л сонирхолдоо хөтлөгдөж явахгүй бол дуртай нь очдог газар биш. Үүнийг бардам хэлж чадна. Харин ҮХААЯ энэ жил 50 сая төгрөг зарцуулна гэж байна. Энэ мэтчилэн яамд чиглэл, чиглэлээрээ төсөв мөнгө гаргаад явбал болно. Харин үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Тэр их модтой газраас байшин зөөж сумын төв дээр авчрахад л 35 сая төгрөг зарцуулсан гэж байна. Гал түймэрт өртсөн модтой газраас ганц модон байшин үнэгүй босчихож болно. Энэ мэт үргүй зардлаа зөв зохистой зүйлд зарцуулах хэрэгтэй.
-Цаа бугын тоо толгой багасах дийлэнх шалтгааныг дурдахгүй юу. Зах зээлд цаа бугын юу нь илүү эрэлттэй вэ?
-Зах зээлд шилжих үеэр хүн ардын амьдрал доройтсон. Түүнийгээ дагаад амьжиргаагаа дийлэхгүй иргэд цаа буга маллахаа больж, төв суурин газар бараадах болсон. Дэлхийн дулаарал зэрэг янз бүрийн шалтгааны улмаас элдэв өвчин ч гарч байсан. Энэ мэт олон шалтгаан бий. Харин цаа бугаас хэрэглэх зүйл их бий. Судалгаагаар батлагдсан зүйл байхгүй ч, сүү нь дотор эрхтэнд сайн, арьс нь чанараа алдахгүй, цусан эвэр нь эрүүл мэндэд сайн гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Харин 2005 онд жилд таван тонн цусан эвэр бэлддэг гэдгийг дэлхийн цаачдын холбоо мэдээлж байсан. Үүний цаана хэрэгцээ байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тодорхой цусан эврийн хольцтой вино, дарс хүртэл бий болсон. Харин манайхан бугын цусан эвэр хэрэглэхгүй байгаа.
-Гадны хүчин зүйлийн улмаас цаа бугын тоо толгой хорогдох нь багассан гэж ойлгож болох нь. Тэгвэл отгын амьдралын хүрээнд цаа бугын хорогдол юутай холбоотой вэ?
-Уналга, ачлаганд хэрэглэж ядраахгүй бол ерөнхийдөө гайгүй. Цаачид одоо аль болох тоо, толгойг нь өсгөх болсон.

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
ҮХААЯ-ны газрын дарга Б.Биннье гээд том ярьхаас цаашгүй хөгшин зөнөг жилийн жилд л баахан мөнгө төсөвлөөд цаатнуудад хүрсэн юмгүй төсвийг нь чимээгүй өөрөө иддэгшдээ. Ийм юмнуудыг болих хэрэгтэй.
сэтгэгдэл оруулаач
эрдэнэ сум Цаатнууд заавал газрын мухарт эмнэлэг сургуулиас хол хөгжлөөс хоцорч хөвсгөлд шигдэх албагүй биздээ. хаа амьдрал байна. тэр л нутаг чинь шүү дээ. төв аймгийн эрдэнэ сумын үаан тэрэлж гэж цаа цаатан хоёрын диваажин байна. олон сайхан ян сарьдагууд уул нуруу хөвд хаг цэцэг жимс байна. улаан тайга одоо талхлагдаад цаа оторлох бэлчээр хумигдсан.газар шинжууч заншлаач нараа явуулж хараач.болбол суурьшаач.тэгвэл ерөнхийлөгч ерөнхий сайдруу хамт оръё.аялал жуулчлалаас мөнгө олоъё гэвэл энд тэрбумтан болно шүү. заавал тамд байгаа мэт зовж өлсөж даарч явах заяа нь хаячихсан юм гэж хаа байдгын
МУ-ын Засгийн Газар Хөвсгөл аймгийн музейг "Цаатан музей" болгох хөтөлбөр байсан тэр яагаад чимээгүй байгаа юм болоо 4-н жил нь дуусах дөхлөө
МУ-ын Засгийн Газар Хөвсгөл аймгийн музейг "Цаатан музей" болгох хөтөлбөр байсан тэр яагаад чимээгүй байгаа юм болоо 4-н жил нь дуусах дөхлөө
МУ-ын Засгийн Газар Хөвсгөл аймгийн музейг "Цаатан музей" болгох хөтөлбөр байсан тэр яагаад чимээгүй байгаа юм болоо 4-н жил нь дуусах дөхлөө
Хамгийн их уншсан