Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын энэ жилийн ажил эхэллээ

“Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн "Шинэ төмөр зам” төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаахудагаас Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 217.9 км төмөр замын ажил үргэлжилж байна. "Шинэ төмөр зам" төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байгаа билээ. Уг төслийн 2014 онд хийх газар шорооны ажлаа эхлүүллээ. Одоогийн байдлаар газар шорооны ажил 70 хувьтай, үндсэн хийж гүйцэтгэх ёстой ажил 30 хувийн гүйцэтгэлтэй яваа.

Энэ ажилтай холбогдуулан төмөр замын царигийн асуудал яригдаж байгаа. Дээрх төмөр замаар БНХАУ-тай холбогдох учир ийнхүү царигийн талаар хөддөг. Гэхдээ төмөр зам нарийн байх уу, өргөн царигтай барих уу гэдгийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн.

Шинэчлэлийн Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд БНХАУ-тай төмөр замаар холбогдох дөрвөн гарц нэмж бий болгохоор төлөвлөөд байгаа юм. Хоёр хөршийн төмөр замаар дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ далайн боомтуудад хүргэж, Япон, БНСУ зэрэг бусад оронд дэлхийн зах зээлийн үнээр түүхий эдээ худалдах манай орны тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Одоо ашиглагдаж байгаа УБТЗ-аар стратегийн чухал ордуудын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, тээвэрлэлт хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгаа учраас төмөр замын шинэ гарцууд бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

“Шинэ төмөр зам” төсөл уул уурхайн экспортыг дэмжих, “Сайншанд”-ын аж үйлдвэрийн цогцолборыг түүхий эдээр хангах, эдийн засгийг хөгжүүлэх төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох хэд хэдэн зорилготойгоор хэрэгжиж байгаа. 2020 он гэхэд Тавантолгой болон бусад ордууд ашиглалтад орно гэж тооцсон. Тэгэхээр жилдээ 100 сая тонн орчим уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоно гэсэн тооцоо, судалгааг эдийн засагчид гаргасан юм.
Энэхүү “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа билээ. “Чингис” бондоос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын санхүүжилт хийхээр болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 200 сая ам.долларыг олгох шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталж, санхүүжилтээ хийсэн. Харин энэ онд үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх юм.

Түүнээс гадна Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт "Зүүн хацавчийн хадны сүг зураг" хэмээх хүрэл зэвсгийн үеийн түүх, соёлын дурсгалт газрын хажуугаар дайран өнгөрч буй. Түүх соёлын энэ ховор дурсгалд ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр төмөр замын барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймээс байгаль орчны нарийвчилсан хяналт шалгалт, судалгааны үндсэн дээр "Зүүн хацавчийн хадны сүг зураг"-ийг хамгаалалт авч, зам барилгын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан