Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гянтболдын үнэ өснө


Гянтболдыг сүүлийн үед дэлхийн хэмжээнд стратегийн чухал ашигт малтмалд тооцдог болсон. Энэ металлыг монголчууд эрт дээр үеэс ашиглаж ирсэн түүхтэй. Тухайлбал, 13 дугаар зууны үед гянтболдыг ган, төмөртэй хольж хат сайтай, чанартай зэр зэвсэг хийж ирсэн. Одоогоор манай улсад гянтболдын Чоногол, Их хайрхан,Салаа,Чулуун хороот, Цагаан даваа, Бүрэнцогт, Өндөр цагаан, Онгон хайрхан, Югүзэр, Өвөр баян, Ар баян, Нарангийн гол, Нуурын гол, Сагсай, Салаа, Түмэнцогт, Цагаан нуур, Хар чулуут, Шар хад, Халгай, Улаан-үд зэрэг хориод  орд, илрэл нээж, нөөц  тогтоогдсон байна.  Нийслэлд хамгийн ойр нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баяндавааны гянтболд, цагаантугалгын орд юм. Гэвч Жанчивлангийн рашаан сувилалд ойр тул ашиглахад хүндрэлтэй хэмээн үзэж буй юм. Энэ ордод 500 орчим тонн нөөц бий гэдэг. Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Улаан-Уулын орд бий. Тус ордын нөөц 63 мянган тонн юм. Үүнээс гадна Баянчандмань нутгийн Цагаан давааны гянтболдын ордыг “Мон вольфрам” компани ашиглаж буй. Уг ордын нийт нөөц нь 2.5 мянган тонн. Энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллабал жилд 500 тонн  баяжмал гаргах учиртай.  Гэвч техник, эдийн засгийн байдлаас болж жилд 50 орчим тонн баяжмал үйлдвэрлэж буй ажээ. Манай улс 1950 оны эхээр гянтболд олборлож эхэлсэн тухайн үед оростой нийлж “Совмонголметалл” нийгэмлэг байгуулж Чоногол, Түмэнцогт, Чулуун хороотын гянтболд, Модотын цагаан тугалга, Дожир, Ямаат, Бэрхийн хайлуур жоншны уурхайнуудыг ашиглаж, бүтээгдэхүүнээ тус улс руу гаргаж байв. 

Сүүлийн гурван жилд гянтболдын олборлолт нэмэгдэж ашигт малтмалын экспортод эзлэх хэмжээ нь нэмэгдсээр буй юм. Өнгөрсөн оны байдлаар 150 орчим мянган тонныг экспортолсон. Гэвч 2007 оны хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Тухайн үед 350 орчим мянган тонныг экспортолж байсан удаатай.  
Гянтболдын гол хэрэглэгч нь Хятад, АНУ, ОХУ, Ядон улс. Хятад тус металлын нөөц, хэрэглээгээр дэлхийд тэргүүлж буй юм. Тус улсын гянтболдын нөөц 1.9 тэрбум тонн гэдэг. Удаад нь Орос улс 250 сая тонн нөөцтэй байна. Хятадад гянтболдын үнэ ямар байна тэр нь зах зээлийн ханшийн гол тодорхойлогч болдог гэдэг. Өнгөрсөн оны эцэст нэг тонн гянтболдын баяжмал дунджаар 149 мянган юань байв. Энэ нь өнгөрсөн оныхоос гуч орчим  хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үнэ ингэж өссөн шалтгаан Хятад улс гянтболдын баяжмал нөөцөлж эхэлсэнтэй холбоотой хэмээн зах зээлийн шинжээчид үзэж буй юм. жишээлбэл гурван жилийн өмнө тус улсын нөөцөлсөн гянтболдын баяжмал 4.2 сая тонн байсан бол эдүгээ хоёр тонн болж буурчээ. Цаашид гянтболдын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул үнэ өснө хэмээн таамаглаж байна.
Иймд манай улс гянтболдын орд газруудын нөөцөө  тодорхой тогтоож, шинэ  техник технологи нэвтрүүлж хаягдалгүй олборлох, тусгай лаборатор байгуулах, олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Дашрамд дурдахад гянтболд буюу вольфрам нь Химийн элементийн Менделеевийн үелэх системийн 74 дэх элемент.  Химийн тэмдэг нь “W” юм. Гянтболд нь бүх металлаас хамгийн өндөр хайлах температуртай. Тухайлбал, 3.244+- 150 хэмд хайлдаг.  Ийм өндөр хэмд зэс, төмөр зэрэг  металууд ууршиж алга болдог байна. Мөн  5.7000 хэмд буцалдаг аж. Өөрөөр хэлбэл  нарны гадаргын дулаантай адил хэмд буцалдаг гэж болно. Тэгэхээр уг металл уян хатан, дулаан нэвтрүүлэхгүй байх чанартай юм. Гянтболдыг голдуу гүний уурхайгаас олборлодог бөгөөд  Шеелит,  Вольфрамит хэмээдэг.  Уг металлын  ил уурхай маш ховор. Уурхай нь харьцангуй жижиг байдаг бөгөөд өдөрт 2000 тонноос илүү олборлож чаддаггүй аж. Олон улсад борлуулж буй гянтболдын баяжмал нь 65-75 хувийн агуулгатай байгаа юм.  Гянтболдыг цахилгаан хэрэгсэл, эрчим хүч, автомашин, нисэх онгоцны  үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, өндөр хэмтэй  дулаан  бий болгоход өргөн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл гэр ахуйн хүрээнд гянтболдыг цахилгаан гэрлийн шил, эрчим хүч хэмнэгч төхөөрөмж хийхэд ашигладаг.
Түүнчлэн гар утас, телевиз, шарах шүүгээ гэх мэт бусад цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх гол түүхий эдийн нэг ажээ.

1 Сэтгэгдэл
Вольфрам ордтой хувь хүн компани холбоо барьна уу.
Хамгийн их уншсан