Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Талын дайчдын өв соёл”-ыг таалан болгоо

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Монголын үндэсний музейд “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн үүдээ нээлээ. VII-XIV зуунд хамаарах 170 гаруй эх үзмэр, хэрэглэгдэхүүн дэлгэсэн энэ үзэсгэлэн Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгийн нутагт орших зургаан хадны агуйн булш, оршуулгаас малтан илрүүлсэн үзмэрүүдийг багтааснаараа түүх, археологийн шинжлэх ухаанд түлхэц болсноос гадна шинэлэгт тооцогдож байгаа ажээ.

Манай орны хангай, хээрийн бүс нутгаас газрын гүн, хөрсөн дэх эртний булш хэрэгсүүрээс гадна хад, агуйн булш ихээр олддог. Одоогоор нарийвчилсан тоо гараагүй ч эртний болоод нэн эртнийд тооцогдох хэдэн зуун мянгаар тоологдох булш, бунхан, оршуулга байдаг аж. Эдгээрийн ихэнхийг хадны булш, оршуулга эзэлдгээс өнөөдөр 61-ийг нь нээн илрүүлж, шинжлэх ухааны судалгаа, эргэлтэд оруулаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 61 хадны оршуулгаас нийт 11 мянга гаруй нэгж олдвор нээн илрүүлж, олны хүртээл болгож улсын сан хөмрөгт бүртгүүлсэн гэнэ. Хадны оршуулга нь уулын орой, өндөрлөг хэсэгт оршдогоос гадна газрын гүн, хөрсөн дэх булш, ор­шуулгыг бодвол тухайн олдвор, хэрэг­лэгдэхүүний шинж ча­нарт өөрчлөлт орох нь бага  байдгаараа давуу талтай. Учир нь, уулын оргил, өндөрлөг хэсэгт чийгшил багатайн дээр агуйд агаарын солилцоо сайн явагддаг гэнэ. Энэ л гайхалтай ухааныг бидний өвөг дээдээс сүвэгчилж, өнөөгийн бидэнд үүх түүх, өв соёлоо хэвээр уламжлан үлдээсэн байж. Юутай ч, хадны булшинд хаад ноёд, ихэс дээдсийг оршуулдаг байснаас гадна тэдгээрийн хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэгсэл, зэр зэвсэг гэх мэт өнөө цагт түүх, археологийн шинжлэх ухаанд үнэт өв, судалгааны хэрэглүүр болохуйц эд, агуурсыг хамтад нь багтаадаг байсан юм.

2005-2010 оны хооронд ШУА-ийн Археологийн хү­рээлэн­гийн судлаачид “Говийн гео экологи” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Богд сумын Хадан хавцал, Цагаан хад, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй цахир гэх газарт судалгаа хийж VII-XIV зууны үед хамаарах хадны оршуулгыг малтан олон тооны ховор олдвор илрүүлсэн аж. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор, профессор Ц.Төр­батаар удирдуулсан судалгаа­ны экспедиц 2008-2010 оны хооронд хэрэгжүүлсэн “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд-Ховд аймаг” төслийн хүрээнд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан, Булган сумын нутаг Чонот уул, Баян-Өндөр ууланд нийт гурван жилийн турш малтлага, судалгаа хийн уг үзэсгэлэнгийн үзмэр, хэрэглэгдэхүүний дий­лэнхийг нээн илрүүлсэн аж.

Нуман ятганы эх олдвор
Ховд аймаг Манхан сум. Жаргалант хайрхан

Үзэсгэлэнд тавьсан үзмэрүүд 800-1200 жилийн настай учир нөхөн сэргээх ажилд ХБНГУ-ын талаас хөрөнгө, санхүүгийн хувьд багагүй туслалцаа үзүүлжээ. ХБНГУ-ын Герда Хенкэл сан санхүүжүүлж, Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес музей, Берлиний Эдийн засаг, техникийн их сургуулийн Бэхжүүлэх, сэргээн засах-Малтлагын арга техникийн тэнхмийн олон арван сэргээн засалчид урт хугацаа, нөр их хөдөлмөр зарцуулжээ. Дээрх мэргэжилтнүүд олдворыг удаан хадгалж үлдээх үүднээс ямар ч химийн бодис хэрэглэхгүй байхыг голлон анхаарсан байна. Мөн нум сум, саадаг, нуман ятга зэрэг зарим олдворыг жинхэнэ эхийн дагуу дуурайлган хийсэн ажээ. Эдгээрээс ихээхэн сонирхол татахуйц зарим олдворыг дор тайлбартай нь хүргэе.

Мянган жил тасраагүй нумын хөвч

Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүд үнэлж баршгүй өв соёл болохын хувьд Үндэсний түүхийн музейд үзэгчдийн хөл тасрахгүй байлаа. Тэр дундаас Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Цагаан хадны булшнаас илэрсэн эртний баатрын нум саадаг, хоромсого хамгийн их сонирхол татаж байв. XIV зуун буюу Их Монгол Улсын үед хамаарах эл олдворыг дээд тал нь 1000 жилийн настай хэмээн ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид тогтоосон аж. Гэвч мод, эвэр, шөрмөс, малын өлөн гэдэс, хусны үйс, алтан ялтас, торго зэргээс бүтсэн эл нумын хөвч нь мянган жилийн турш тасралгүй хадгалагдан үлдсэн нь олныг гайхашруулж байв.

XIV зууны нум, хоромсого
Өвөрхангай, Богд сум Цагаан хад

Эмээлээ дэрлэсэн баатрын булш

Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалант хайрханы хадны булшнаас илэрсэн гайхалтай олдвор бол МЭ 590-670 онд хамаарах иж бүрэн зэвсэглэлтэй 20-25 насны баатар эрийн булш юм. Хоёр эмээл, нум, хоромсого, багц сум болоод хөгжмийн зэмсэг бүхий тус олдвор нь археологийн шинжлэх ухаанд анхдагч гэж болохуйц цөөнгүй онцлогийг өөртөө багтаасан аж. Гавлын ясных нь зүүн дээд хэсгийн яс нь цөмөрсөн шархтай баатар эр гэнэтийн осол, дайн тулаанд амь эрсэдсэн байх хэмээн үзэж байгаа аж. Булш, бунхан, оршуулгаас өмнө бүрэн бүтэн хөгжмийн зэмсэг илрэх нь ховор тохиолддог байсан аж. Харин эл булшнаас нуман ятга хөгжим илэрснийг Герман, Монголын эрдэмтэд дууриалган хийснийг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр хөгжимдөн үзүүлсэн юм. Энэ олдвороос улбаалан чавхдаст хөгжим тэр дундаа ятга хөгжмийн үүсэл хөгжлийг Алтайн язгуур, тэр дундаа Монгол орноос үүсэл хөгжилтэй байж болох тухай таамаг дэвшүүлж байгаа аж. Цаашид энэ талын судалгааны ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллах гэнэ.

Баатрын булшнаас илэрсэн бас нэгэн сонирхолтой зүйл нь манай оронд ургадаггүй сарнайн бутаар хийсэн сумны мөс, голт бороор хийсэн нум байсан юм. Энэ нь тухайн үеийн гадаад харилцаа, худалдаа наймаа хэрхэн хөгжсөнийг илтгэнэ. Баатар эрийн зэр зэвсгийг бүрэн эхээр нь Берлиний Эдийн засаг, техникийн их сургуулийн Сэргээн засах, бэхжүүлэх тэнхимд дууриалган хийсэн аж.

Найман зуун элээж бараагүй эсгий дээл

Үзэсгэлэнгийн танхимд анхаарал татах хамгийн сонирхолтой олдворуудын нэг нь XIII зуунд хамаарах эсгий дээл юм. 3-4 мм зузаантай сайтар боловсруулсан цагаан эсгий дээлийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Дугуй цахираас илрүүлсэн бөгөөд найман зууны турш бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн аж. Маш нарийн хийцтэй энэ дээл бидний нэрлэж заншсанаар Хүннү захтайгаас гадна торгон эмжээр, арьсан оруулгатай юм. Дайн тулаанд орох, морь унахад нэн тохиромжтой байхаар урласан дээлийн хажуу хормой нь оноотойгоос гадна дотоод энгэртээ товчтой. Судалгааны багийн гишүүн, ШУА-ийн Археологийн хүрээ­лэнгийн эрдэмтэн судлаач Д.Батсүхийн хэлснээр Европоос үүсэлтэй хэмээх хувцас загварын зарим нэг нарийн эдлэл, деталь хэсгүүдийн үүсэл хөгжлийг үгүйсгэх магадлал өндөр гэнэ.

Эсгий дээл XIII зуун

Эсгий дээлтэй хамтатган дэлгэсэн бас нэгэн сонирхолтой олдвор бол арьсан гутал. Ээтэн гуталтай төстэй хэлбэр, хийцтэй уг гутал нь орчин үеийн гутлын хийц загвар, хэв шинжийг бүхэлд нь агуулснаас гадна торгон хараа, эсгий оймстой зэргээс нь үзвэл өвлийн цагт өмсч хэрэглэдэг байсныг илтгэх аж. Нүүдэлчин ард түмэн алс холын замд нүүдэллэж, адуу мал маллаж ахуй амьдралдаа түүхий эдийг нь хэрэглэдэг байсны ул мөр болохын хувьд орчин үеийн хувцас загварын ерөнхий бүтцийг үндэслэсэн гэхэд нэг их буруудахгүй мэт санагдсан.

Элгэн дээлний эх олдвор
IX зуун

Загасны хайрсан хавтага

Монгол түмэн зөвхөн малын арьс шир, үс ноос зэргээр хувцас эдлэлээ хийгээд зогсохгүй хоёр нутагтны арьсыг боловсруулан эд хэрэглэл хийдэг байсны жишээ бол загасны хайрсан хавтага. Хавтага гэдгийг нь өнөө цагийн түрийвч хэмээн ойлгож болно. Ховд аймгийн Булган сумын нутаг Чонот уулын хадны булшнаас олдсон тус хавтага нь 1020-1210 онд хамаарах бөгөөд тус олдворыг шагай, хэт цахиур бүхий арьсан хүү­дийний хамт илрүүлсэн аж.

XIII зуунд хамаарах арьсан гутал
Баянхонгор аймаг Баянцагаан сум Дугуй цахир





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан