Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найруулагчдын халаасанд юу байна

УДЭТ өнөөдрөөс эхлэн долоон шинэ жүжиг тоглож, түүгээр долоон өөр найруулагч ур чадвараа үзэгчдэд дэлгэн харуулах гэж байна. Монголын театр урлаг дэлхийн түвшинд хэр явааг сонгодог, шинэ бүтээлүүдээр сорихоор долоон найруулагч, долоон төрөл жанраар, долоон шинэ жүжиг тавих юм. Бэсрэг гэх ангилалд багтах эдгээр жүжиг Монголын театр урлагийн нэгэн том шалгуур болж уран бүтээлчдийн ур чадварыг ахиулж, туршлага нэмэх учиртай.
УДЭТ-ынхан өмнө нь ОХУ-ын алдарт зохиолч Валентин Красногоровын долоон жүжгийг цувралаар үзэгчдэд хүргэж, дэлхийн театр гэдгээ баталсан. Тэгвэл энэ удаа өндөр өртгөөр бүтдэг нэг том жүжгийн төсвийг долоо хувааж, бага зардлаар ч театрын уран бүтээл хийж болдгийг харуулахыг зорьжээ.

Долоон өөр жүжгийн төсөлд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Н.Ганхуяг, Ч.Найдандорж, найруулагч Ч.Түвшин, Ч.Батнайрамдал нар хүч сорих нь. Ингээд эдгээр найруулагчийн уран бүтээлийн сан руу өнгийж, үзэгчдэд юу дэлгэхээр зэхэж байгааг тандлаа. Тэд бүгдээрээ найруулан тавих зохиолоо уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлээд, тайз, хувцасны скизээ батлуулжээ.

“Хэрээт төгөл”-д Ардын жүжигчин Б.Мөнхдорж хүлээж байна

Цонхны цаана болжмор жиргэнэ. Залуу бүсгүй Виктория умгар өрөөндөө цамц нэхэн сууна. Харин түүнд хөрш нь болох хөлөг онгоцны ахмад Лохов “Дардинал, улсын өмч завшсан хэрэгт намайг гэрчээр дуудлаа. Үнэндээ энэ хэргийн эзэн нь миний дотнын найз байгаа юм. Тиймээс би юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн учирлах аж...

Хөлөг онгоцны удирдах газрын дарга Баохин эртний найзтайгаа уулзахаар хотын захын хороололд иртэл, гэр нь эзэнгүй байлаа. Найзынх нь хөрш Виктория түүнийг гэртээ оруулан, тэнд хүлээхийг урив. Баохинийг хот даяар таньдаг тул сониуч бүсгүй “Та яаж ийм сайхан амьдрал бүтээсэн юм бэ” гэж асуув. Дарга ч авдаг цалин, гэр бүлийнхээ тухай сэтгэл хангалуун ярилаа. Түүний хүү эмч, эхнэр нь үзэсгэлэнтэй, өөрөө ч өндөр цалин, үнэтэй байр, машинтай гэнэ. Гэнэт Баохиний зүрх өвдөв. Виктория түргэн тусламж дуудаж, даргын эхнэрт ч мэдэгдлээ. Төд удалгүй эхнэр Анна нь ирсэн ч арайхийн амьсгалж буй нөхрийнхөө биеийг асуусангүй, “Хотын захын хороололд залуу бүсгүйтэй юу хийж байгаа юм бэ. Чамайг энд байгааг хүмүүс мэдвэл яана, нэр төрд чинь сэв сууна” гээд түргэний тэрэг ирэхээс өмнө нуугдах ёстой гээд орон доогуур түлхэж орхив. Харин түргэн тусламжаар Баохины хүү Борис ирэх нь тэр. “Борис байна. Бидэнд айх зүйл алга” хэмээн Анна баярлан хэлээд орон доороос өвчтөнийг гаргатал ухаангүй байлаа...

Ийм л үйл явдалтай жүжиг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа амилна. Хүн мөс чанараа гээчихвэл оюун ухаантай хүн гэж явах хэрэг байна уу. Энэ асуултын хариулт “Хэрээт төгөл”-д бий. Магадгүй уншигч та өнгөрсөн хугацаанд нэр төр, алдар хүнд, эд баялгийн төлөө улайран тэмцсэн юм биш биз. Таны эргэн тойронд хэн байна. Өвдөөд хэвтэхэд чинь сахихгүй юм аа гэхэд өдөр алгасахгүй эргэх хүн байна уу гэдгийг нэг тунгаагаач.

1960 онд зохиолч А.Вампиловын туурвисан “Хэрээт төгөл” жүжиг най­руу­лагч Б.Мөнхдоржийн халаа­санд хэр удаан хадгалагдсан юм бүү мэд. Удаан хадгалсны хэрээр энэ бүтээлд түүний эмзэглэл шингэсэн. “А.Вампилов хүний тухай асуудал хөнддөг. Хүн байхын утга учир нь юу вэ. Хүний мөс, сайхан сэтгэл, жудгийн тухай яагаад ярихаа болив. Шинэ зуунд хүн төрөлхтөн юуг эрхэмлэж, юуг орхих ёстой юм бэ. Цагаан цамцтай хурган дарга нар энэ жүжгийг үзээд өөрийгөө харах болов уу. Бусдыг мартаж, мөнгөтэй болохын тулд хар амиа хичээдэг хүмүүсийг хэрээгээр төлөөлүүлж байна. Мөнгө, нэр хүндийн төлөө амьдарсны эцэст тэдэнд үнэ цэнэтэй зүйл үлдэх үү. Олсон эд хөрөнгө, нэр хүнд, эрх мэдлээ авсанд аваад орох уу. Хүн өөрийнхөө л төлөө амьдраад эхлэхээр араатнаас ялгарахаа больчихож байгаа юм. Өөрөө мэдэхгүй хэрээ болчихдог гэсэн үг” хэмээн тэрээр жүжгийнхээ талаар ярьсан. Тиймээс өөрийн алхсан замыг эргэн нэг харахын тулд “Хэрээт  төгөл”-д Ардын жүжигчин Б.Мөнхдоржтой болзох үлдлээ.

Тос даасан нүнжигтэй бор өвгөн Монголын театрт үгүйлэгдэж байна

Нэг удаа гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг хоёр хөөрөлдөж л дээ. Гэтэл Ч.Алтан-Өлзий гуай “Одоо нэг сайхан тос даасан нүнжигтэй бор өвгөний дүр бүтээхсэн” хэмээн ярьсан нь найруулагчийн толгой руу цохиод авах мэт болж. Хэдий бид дэлхийтэй уралдаж, сонгодог, түүхэн, орчин үеийн гээд бүх л төрлийн жүжгийг урын сандаа багтааж, өсч дэвших ёстой ч монгол ахуйгаа орхигдуулаад байгаа юм биш биз гэдгийг бодоход хүргэжээ. Үнэхээр Монголын театр урлагт яг тийм монгол ахуй тун дутмаг. Тиймээс найруулагч Н.Ганхуяг сүүлийн хэдэн жил тийм л өнгийг бий болгох гэж бодсоор, шаналсаар бас эмзэглэсээр. Найруулагчийн эмзэглэлээс төрсөн бүтээл үзэгчдийн зүрхэнд хүрч чаддаг хэмээн ярьдаг. Тэгвэл долоон жүжгийн хоёр дахь бүтээл Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн өөрийнх нь зохиол “Бүүвэй” гурван бүлэгт драмын жүжиг юм.

УДЭТ-ын тайзан дээрх анхны бүтээл нь

Ямар ч улсын театрт эмэгтэй жүжигчид цөөн байх хэрэгтэй. Гэлээ ч эрчүүд тоогоо алдах хориотой. Гэхдээ аль ч газар хэдэн ч найруулагчтай байхыг хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас энэ удаагийн долоон жүжгийн төсөл залуу найруулагчдыг дэмжихэд чиглэсэн.
СУИС-ийн багш, залуу найруулагч Ц.Батнайрамдал УДЭТ-ын тайзнаа анх удаа ОХУ-ын зохиолч Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулан тавих гэж байна. Тэрээр жүжгийнхээ талаар “Нийгэмд тулгамдаж буй асуудал болох хөгжил гэж юу вэ. Нэг хэсэг хөгжилтэй орныг дуурайсан ч одоо зарим хэсэг маань өөрсдөө хөгжлийг бүтээхээр цээжээ дэлдэн харайж байна. Гэтэл хөгжил гэж юу болохыг мэдэхийг хүсэхгүй нэгэн ч байна. Тэр бүгдийг л харуулах юм” хэмээн ярилаа. Хэдийгээр энэ төслөөр залуу найруулагчдыг дэмжсэн ч түүнийхээ хэрээр хатуу шаардлага тавьж байгаа гэнэ. Үүний нэг жишээ нь “Манекен” жүжгийн тайз, хувцасны скизийг хоёр ч удаа Уран сайхны зөвлөлөөр хэлэлцээд буцаасан байна. Жүжиг тун удахгүй гурав дахь удаа шалгуураар орох юм билээ.

Ардын жүжигчин А.Очирбатын зохиол

УДЭТ-ын найруулагч Б.Баатар зөвлөж, туслах найруулагч Э.Ёндоншарав голлон ажиллах “Буруугүй буруутан” жүжиг Ардын жүжигчин А.Очирбатын зохиол. Жүжгийн талаар залуу найруулагч “Нийгмийн амьдрал өдөр ирэх тусам нэг бол хэт дээшээ тэмүүлж эсвэл хэт доош уруудаж байна. Дундаж амьдрал гэж үгүй болох нь. Хүмүүсийн амьдрал дээшлэх тусам амьдралаа өөрсдийн хүслээр зохиож эхэлдэг.
Бүр хүүхдүүдийнхээ амьдралыг ч тэр. Гэвч хүний амьдралын нарийн нандин зүйлийг зохиож болохгүй. Хэдийгээр энэ амьдралдаа өөрийн хүслээр буруу үйлдэл хийгээгүй ч хувь заяаны өмнө буруутай болчихсон хүн олон. Тэднийг л харуулна” хэмээн ярилаа. Зураач, хөгжим, гэрэлтүүлэг, жүжигчин гээд залуучуудаар багаа бүрдүүлсэн тэднийг юу хийж чаддагийг харах л үлдэж. Хэлсэн санаагаа бүрэн гаргаж чадах эсэхийг үзэгчид л шүүнэ.

Өнөөдрийг та ямар байлгамаар байна

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын тавих жүжиг бол Английн зохиолч Г.Пинтерийн “Өчигдөр”. Тэрээр долоон жүжгийн төсөлд хоёр ч зохиол хэлэлцүүлсэн. Түүний нэг нь яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” өгүүллэгийг өгсөн аж. Гэхдээ цар хүрээг нь бодолцож, уран сайхны зөвлөлийн шийдвэрийн дагуу сонголтоо хийжээ.
Өчигдөр бүх зүйл сайхан байсан. Гэхдээ та өнөөдрийг ямар байлгамаар байна. Хайрыг мөнх байлгая гэвэл өдөр бүхэн шинэ бай гэсэн санааг гаргах “Өчигдөр” жүжиг хоёр л дүртэй гэнэ. Сэтгэхүйн төрлөөр амилах тус жүжиг үзэгчдэд олон асуулт тавина.

Эмэгтэй зохиолчийн бүтээл амилах нь

Энэ удаагийн төслийн хүрээнд тавих долоон жүжгээс УДЭТ-ын найруулагч Ч.Түвшингийн найруулах “Уучлаарай, та дугаар андуурч” жүжиг ганцаараа эмэгтэй зохиолчийн бүтээл.
Нэгийгээ 78 удаа хутгалж амь насыг нь хохироосон эмэгтэйн тухай, хүүгээ заазуурдсан эцгийн хэргийг, найз бүсгүйгээ шөнөжин зодож нөгөө ертөнц рүү илгээсэн аймшигт хэргийн тухай мэдээг яагаад бид огтхон ч цочирдохгүйгээр оройн хоолоо идэх зуураа сонсоод л өнгөрч байна. Үнэхээр хүн хөгжих тусмаа зэрлэгшээд байна уу, зэрлэг явдал олон гарч буй учраас дасаад байна уу. Хүн ийм л байсан юм уу гэдгийг тус жүжигт өгүүлэх гэнэ.
Монголд анх удаа триллер буюу аймшгийн төрлөөр тавигдах тус жүжиг хэн бүхний үзэх ёстой бүтээл гэдгийг найруулагч онцолж байлаа.

10 жил хадгалсан зохиол

Урлагийн гавьяат зүт­гэлтэн, найруулагч Ч.Най­дан­доржийн халаасанд 10 жил явсан зохиол бол Италийн алдарт зохиолч Дарио Фогийн “Чөлөөт хос”. “Алтан бөмбөрцөг”, “Оскар” зэрэг нэр хүндтэй шагналуудыг түүсэн алдарт зохиолчийн бүтээлийг тайзнаа тавиагүй Европын орон бараг үгүй. Харин Азид тавигдаж байсан эсэх нь эргэлзээтэй.

Ямартай ч, Монголын тайзнаа амилах гэж буй “Чөлөөт хос” бүтээл нь далд ухамсрыг ил гаргаснаар юу болох талаар өгүүлэх юм. Бие биедээ хайртай, хууль ёсны дагуу гэрлэсэн хосуудын амьдрал гарна. Гэхдээ нөхөр нь эхнэрээсээ, гэр бүлийн амьдралаасаа гадуур чөлөөтэй байхыг хүснэ...
Ч.Найдандорж най­руу­лагч 10 жилийн турш тус зохиолыг хадгалахдаа “Х-Түц” продакшнтай хамтран тавих тухай бодож байсан ч “Хувьсал” продакшныхантай зохиолоо булаацалдан шүүхийн хаалга татахаас арай наагуур өнгөрчээ. Тиймээс энэ удаа зохиолоо найруулан тавихаар яарч байгаагаа ярьсан.  Энэ түүний хувьд УДЭТ-ын тайзан дээр анх удаа инээдмийн жүжиг найруулж буй тохиолдол болжээ. Дүрүүдээ хараахан сонгоогүй байгаа тус жүжгийг театрын тайзнаа, айлын гэрт, спорт зааланд гээд хаана ч тоглож болохоороо онцлогтой аж.

Шижир алт уу, муутуу цаас уу

Ардын жүжигчин П.Цэрэндагва энэ төслийн талаар “Бэсрэг гэхээр хүмүүс буруугаар ойлгоод байна. Монголчууд аль эрт үхрийн бүтэн махыг үнхэлцгэн дотор нь багтаачихсан. Хэдийгээр жижигхэн харагдаж байгаа ч агуулга, чанарыг нь нэгтгэж, багтааж чаддаг монгол ухаан гайхамшигтай. Түүний адилаар хэдийгээр бэсрэг гэж нэрлэсэн ч чанартай уран бүтээл үзэгчдэд хүргэнэ. Эцсийн эцэст бүх зүйл жүжигчний нуруун дээр л буудаг юм. Манайд жүжигчдэд материал байна гэж бардам хэлнэ” гэв.
Ямарваа нэг зүйлийг халаасандаа удаан хад­галахаар чанараасаа хамаарч гарын аясаар урагдаж, муудах нь байхад улам ч өнгө орох нь бий. Найруулагч хүн өөрийн амилуулж чадах зохиолыг үргэлж эрж хайж явдаг. Хэрэв олвол халаасандаа хадгалдаг. Тэгвэл энэ долоон найруулагч сайн зохиол олж, өнгө оруулсан уу, муу зохиол дарж, улам чанарыг нь алдуулж уу гэдгийг үзэгчид өөрсдөө өнгийж харах л үлдлээ.

Б.ЦЭДЭВСҮРЭН





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан