Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд зургаан хүн тутмын нэг нь Украйныг мэддэг

Украйнд болж байгаа улс төрийн ээдрээтэй үйл явдлын талаар америкчууд ямаршуу бодолтой байгааг тодруулах зорилгоор судалгааны “SSI” компани нэгэн санал асуулга явуулжээ. Тэд асуулгад оролцсон америкчуудыг газрын зураг дээр Украйн улсыг заах, АНУ тус улсад цэргээ оруулан асуудлыг хүчээр шийдэх ёстой юу гэсэн асуулт тавьсан байна.

Америкийн нэгэн сайт өөрийн гишүүдийн дунд Европын газрын зургийг тараан улсуудыг нэрлэн бөглөхийг санал болгосны дараа ямар үр дүн гарсныг танд сонирхуулж байна.


Ингэхэд санал асуулгад оролцогсдын зургаан хүн тутмын нэг нь л газрын зураг дээр Украйныг зөв зааж байж. Зарим нь Украйныг Португалийн орчим байдаг гэсэн бол,өөр нэг нь Казахстантай хил залгаа улс, гурав дахь нь Финляндтай ойрхон гэсэн  бол зарим нь бүр Суданы хажууд гэж заажээ. Асуулгад оролцогчид Украйныг бодит байршлаас нь  хэдий чинээ алдаж заах тусам Америк өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд тийшээ цэргээ оруулж, ээдрээг хүчээр шийдэх хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж байв. Ингэж армиа оруулах гол шалтгааныг Украйнд явуулж байгаа Оросын бодлого Америкийн үндэсний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж тайлбарлажээ.
Судалгаанд оролцогсдоос залуучууд нь Украйныг илүү зөв зааж байв. Тодруулбал, асуулгад оролцсон 18-24 насны залуучуудын 27 хувь нь Украйныг газрын зураг дээр зөв заасан бол 65-аас дээш насны хүмүүсийн ердөө 14 хувь нь зөв хариулж байжээ.

Америкчуудын дийлэнх нь газар зүйн талаар тун бүдүүн бараг мэдлэгтэйгээс болж доог тохуу болох нь цөөнгүй. Бостоны марафоны үеэр тэсрэх бодис дэлбэлсэн ах дүү Царнаевийг Чечениэс гаралтай гэсэн мэдээг уншсан зарим америк Чехтэй андууран “Бид коммунизмын үед оросуудаас аварч байхад муу чехүүд бидний эсрэг бөмбөг дэлбэллээ. Америкийн Засгийн газар Чехийг нэн даруй бөмбөгдөх хэрэгтэй” гэсэн мэдээ интернэтээр тархаж, Чехийн эсрэг үзэл хоромхон зуур асар их нэмэгдсэн.

Үүний дараа Чех улсаас Америкт суугаа Элчин сайд албан ёсоор мэдэгдэл хийж Чечень гэдэг Чех улсаас эрс ялгаатай. Нэгдүгээрт, Чечень нь ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг жижиг улс, Кавказын ууланд байрладаг, нийслэл нь Грозный гэж хот. Чечень 1990-ээд онд Оросоос салан тусгаарлахын тулд олон жил үргэлжилсэн зэвсэгт тэмцэл явуулсан ч ялагдан тусгаар улс болж чадаагүй. Харин Чех нь Чечениэс мянга гаруй км-ийн цаана, Зүүн Европт байрладаг тусгаар улс. Нийслэл нь Прага хот гэж тайлбарлаж байж сая нэг юм өөрийн улсын эсрэг хараал зүхлийг цөөрүүлж багасгасан юм.

Бүгд найрамдах намын нэлээд нөлөө бүхий улстөрч гэгддэг Сара Пэйлин нэгэн радиод ярилцлага өгч байхдаа “Бид Умард Солонгосын холбоотнуудаа заавал дэмжих болно” гэж мэдэгдээд олны доог болж байсан удаатай. Уг нь, Умардыг шүүмжлээд Өмнөдийг дэмжинэ гэж хэлэх гэж байгаад ийнхүү будилсан хэрэг.
Ерөнхийлөгч асан Жорж Буш Африкийг улс гэж нэрлэж байсан бол мөн экс Ерөнхийлөгч Рональд Рейган Латин Америкаар аялаад ирснийхээ дараагаар ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Эх орон нэгтнүүд минь, та нар Латин Америкийг нэг том улс биш харин олон жижиг улс гэдгийг сонсоод их гайхах байх” гэж байсан удаатай.

Ерөнхийлөгч, улстөрчдийн мэдлэг ийм түвшинд байдаг гэхээр жирийн америкчуудаас ихийг шаардах хэрэггүй нь ойлгомжтой. Афганистан, Ирак, Израйль гэх мэт улс хаана байрладгийг мэддэг хүн цөөн. 2003 онд эхэлсэн Иракийн дайны үеэр Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэг судалгаа явуултал цэрэгт алба хаах насны залуу америкчуудын ердөө 13 хувь нь газрын зурэг дээр Иракийг олж зааж чадсан байна. Арван хүний гурав нь дэлхийн бөмбөрцөгийн загвар дээрээс Номхон далайг олж зааж чадаагүй. Гэтэл Номхон далай дэлхийн газар нутгийн 33 хувийг бүрхэдэг.

Ингээд ч зогсохгүй америкчуудын дийлэнх нь газрын зураг дээрээс өөрийн улсын байрлалыг олж зааж чаддаггүй. Асуулгад оролцсон америкчуудын дийлэнх нь Калифорни, Техас гэсэн хоёр мужийг л алдалгүй  зааж чадсан байх жишээтэй. Улсынх нь хүн амын тооны тухай асуултад дийлэнх нь тэрбум гаруй хүн амьдардаг гэж хариулсан байх юм. Үүгээр зогсохгүй асуулгад оролцсон америкчуудын 55 хувь нь АНУ-ыг дэлхийн төвд байрладаг гэдэгт огтхон ч эргэлздэггүй ажээ. Энэ мэдээ гарсны дараа Америкийн газрын зураг үйлдвэрлэгчид дэлхийн төвд Америкийг байрлуулаад, Африк, Азийн зарим хэсгийг огт харуулаагүй тусгай зураг хэвлэн гаргаж багагүй ашиг олж байв.

0 Сэтгэгдэл
Ukraine aas iluu Mongoliig sain meddeg ym bn kazak suraggui shaasan
Хамгийн их уншсан