Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Мягмар: Сайн жүжигчид саарал ордноор дүүрэн байна


МҮОНРТ-ийн Уран бүтээлийн V нэгдлийн кино орчуулагч Л.Мягмартай телевизийн хэл найруулга, кино орчуулга, хэл соёлын зарим асуудлаар яриа өрнүүллээ.

-Кино орчуулгын та­лаар сэдэв хөндвөл ярих зүйл их бий гэж бодож байна. Шуудхан хэлэхэд өнөөгийн кино орчуулга оршуулга болсон гэхэд нэг их буруудахгүй байх?
-Тийм тийм, оршуулга болоод удаж байна. Буруудаад байх ч юмгүй дээ, угаасаа л энэ тухай ярих цаг нь ирсэн. Нэг талаас харахад дийлэнх телевиз орчуулгаа гурилдаад байгаа боловч зарим нэг нь сайжирч байна. Манай мэргэжлийн өвчин байна л даа, бүх сувгийг эргүүлээд орчуулгыг нь хараад сууж байдаг. Анзаараад байхад Солонгос киноны орчуулга харьцангуй боломжийн болоод байгаа юм. Гэхдээ, нэг хүн бүгдийг нь орчуулаад байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл үг, хэллэг нь бүгд адилхан байх жишээтэй. Солонгос киноны орчуулга яагаад сайн байна гэхээр Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, хэв шинж, хэрэглэгдэхүүнээрээ их адилхан юм билээ.

-Алтайн язгуурын хэл гэдэг шүү дээ?
-Тийм ээ, тийм ч болохоор орчуулга нь илүү хөнгөн, гоё, сайн болчихдог юм шиг билээ. Харин нөгөө англи, орос хэл дээрх орчуулгыг сонсвол ёстой...

-Өмнөөс нь нүүр улайхаар байгаа биз?
-Улайх байтугай юм болно. Заримдаа зурагтаа шууд унтраачихсан нь дээр байдаг юм.

-Бид телевизийн урлагт дүрс, дуунд нь илүү ач холбогдол өгдөг. Угтаа, нийт эфирийн дийлэнх хувийг орчуулгын кино, нэвтрүүлэг эзэлж байна шүү дээ. Тэгэхээр орчуулга, хэл найруулгад нь дуу, дүрсний дайтай анхаарах нь чухал байх?
-Ер нь, аль ч телевизээр цацагдаж байгаа программын дийлэнхийг гадаад нэвтрүүлэг, орчуулгын кино, хүүхэлдэйн кино тэгээд нөгөө л савангийн дуурь маань эзэлж байна. Эдгээрийг контент гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эфирийн цагийн ихэнхийг эзэлсэн энэ орчуулгын бүтээлүүлийг хэл найруулга, чанарын шаардлагад нийцүүлэх үүднээс тодорхой хэмжээнд хянаж цагдах нь зөв.
Киноны 80 хувь нь дүрс, 20 хувь нь орчуулга байдаг гэж Мэргэн ах хэлдэг юм. Хэдий 20 хувь ч гэлээ тухайн бүтээлийн нэг хэсэг учир чухал ач холбогдолтой. Тэр тусмаа утга санааны илэрхийлэл дүрсээр бус дуу, дүрүүдийн харилцан яриагаар илэрдэг шүү дээ.

-Өөрөө үзэгчийн байр сууринаас, кино урлагт дуртай хүний хувиар анзаарахад кино орчуулгад үйл явдал орчуулгатайгаа хэрхэн уялдаж байна гэдэг их чухал санагддаг. Эхлэл хэсэгт яригдсан зүйл өрнөл, төгсгөлтэй ч юм уу хэрхэн уялдаж байгааг нарийн мэдэрдэг учир орчуулгын алдаа, дутагдлыг соргог хүлээж авдаг юм?
-Бид аль ч киног орчуулахдаа юуны өмнө зайлшгүй эх хэлээр нь үздэг юм. Бүх л үйл явдал, өрнөл, учир холбогдол гэх мэт нарийн юмнуудыг нь мэдэж, мэдэрсний дараа орчуулгадаа орно. Болохгүй бол хоёр, гурав ч үзнэ. Өөрөө тухайн киноны нэг дүр мэт дотор нь орж байж л утга төгс орчуулга хийнэ шүү дээ. Бидэнд ингэж л зааж сургасан. Киногоо үзэхдээ өвөрмөц үг, хэллэг, утга санаа бүхий хэсгийг монгол хэлэнд ингэж буулгах юм байна гэж анзаарч, үзэхдээ орчуулж байж л сурсан. Тэрнээс биш захын нэг хэлтэй устай гэсэн нөхөр гүйж ирээд л сонссон төдий орчуулга хийнэ гэдэг чи бид хоёрын яриад байгаа шиг кино оршуулга болж байгаа юм. Угтаа, кино орчуулга гэдэг мэргэжил мэргэжилдээ бүр нарийн мэргэжил. Мэргэжлийн бус хүн л мэргэжлийн бус байдаг. Тиймээс бидний сурч байсан шиг ном журмаар нь сурчихаад кино урлаг хэмээх маш олон үзэгчид нэгэн зэрэг хүрдэг өндөр ач холбогдолтой, эмзэг, хэврэг бүтээлийн ард орчуулга хийнэ гэж суух ёстой юм.
Манайхан заавал уран сайхны кино ч биш аливаа зохиол бүтээл, баримтат кино, хүүхэлдэйн киног ч тэр юун түрүүнд эх хэлээр нь харна, үзнэ. Дараа нь гол ажилдаа орно. Орчуулгаа жүжигчиддээ өгнө, нөгөө хэд маань дуугаа оруулж эфирт цацагдсаны дараа л алдаагаа олж хардаг.

-Хамгийн сайхан санаа дугтуй наасны дараа орж ирдэг шиг?
-Яг зөв, орчуулсан киногоо гэртээ сууж үзэж дуусгачихаад л дуу алдана шүү дээ. “Ээ, энэ дээр би ингэхгүй яав аа, энэ үгийг ингээд зөөллөчихгүй дээ” гээд л алдаагаа олж харна. Үзэх бүрт алдаа гарч ирнэ. Тэгэхээр орчуулга гэдэг их нарийн, төвөгтэй зүйл байгаа биз. Ийм зүйлд өнгөц хандаж яавч болохгүй. Тэр тусмаа эфирийн хамгийн оргил цагт, оройд гардаг уран сайхны киноны орчуулгыг нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг жонхууруулаад, гурилдаад байж болохгүй. Үзэгчдээ хүндлэх ёстой. Хэрэгтэй биш ёстой гэж хэллээ шүү, энэ их чухал.
Мөн орчуулагч хүн бүх талын өргөн мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Геологи, уул уурхай, газар тариалан, анагаах ухаан, газарзүй, археологи гээд өөр юу ч байдаг юм. Нэг ёсны амьд толь бичиг мэт байх ёстой. Нарийн задалбал салбар бүрийн нарийн ширийн зүйлийн зах зухаас заавал мэддэг байх хэрэгтэй. Цагдаатай киноны орчуулга хийж байгаа бол мэргэжлийн үг хэллэг гэх мэт наад захын юмнаас зайлшгүй мэддэг байж гэмээнэ илүү амьд болно. Манайхны ярьдгаар махчлаад байж болохгүй.

-Таны хэлснээр нарийн мэргэжилдээ орно. Гэтэл мэргэжлийн ажлыг тань мэргэжлийн бус хүмүүс хийгээд байхаар үнэлэмжгүй болоод байх юм. Гадаадад хэдэн жил амьдарсан нөхөр ирээд л аль нэг студи, телевизэд орчуулга хийж байх жишээтэй?
-Үнэлэмжээс гадна нэр хүнд нь ч унадаг. Кино орчуулна гэхээр зарим хүн юухан байхав, сонссоноо цаасан дээр буулгаад байвал болоо биш үү ч гэдэг. Манай найзууд хүртэл юухан байсан юм, надад өгчих ч гэж хэлж л байдаг. Яг цагаа тулахаар зовлонг нь мэднэ. Ер нь, амар хялбар ажил мэргэжил гэж юу байхав тийм биз дээ.

-Тийм шүү. Илжиг байж үзээгүй бол илжигний зовлонг мэдэхгүй гэдэг шиг?
-Ээ, наад санааг чинь л хэлэх гэж мунгинаад байгаа ухаантай юм.

-Нарийн яривал орчуулгын бүтээл гэдэг утгаараа муу орчууулга хийж, хүний юманд дураараа хандах нь оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал ч яригдаж болно биз?
-Уг нь болдог л юм. Гэхдээ, зохиогчийн эрх гэдэг зүйл өөрөө их төвөгтэй ойлголт. Түүнийг хянаж, шалгаж цагдаж байна гэдэг ч техник өндөр хөгжсөн өнөө үед хэцүү ажил. Өчигдөр Америкт нээлтээ хийсэн кино манайд маргааш албан ёсны нээлтээ хийнэ гэж бодъё л доо. Гэтэл өнөөдөр захын нэг видео сайтад л тавигдчихсан байдаг байхгүй юу. Хадмал орчуулга нэртэй хэдэн үг зоож хаячихаад л түүнийгээ ямар ч зохиогчийн зөвшөөрөлгүй цацаад байдаг. Үүнийг хянахад хэцүү.

-Сонины материалыг редактор хянаж шалгадаг, тэр ч бүү хэл гэрэл зургийн редактор гэдэг мэргэжил, ойлголт ч хуучин цагт байсан. Харин кино орчуулгад редактор гэж байдаг юм болов уу?
-Бид нар өөрсдөө орчуулаад алдаа мадгаа өөрсдөө л засч хянадаг. Энэ нь нэг талаар хэцүү ажил. Манайханд “Би нэг кино зохиол орчуулсан юм” гээд бариад ирдэг хүмүүс их байдаг. Шуудхан хэлэхэд түүнийг нь засч, хянана гэхээр дургүй хүрдэг. Яагаад гэвэл эх бүтээлээсээ эрс өөр, утга санааны гажилттай байдаг. Худалч хүнд бараг дахиад эхнээс нь орчуулах ажил болдог. Ер нь, нэг кино редакторлоход гурав, дөрөв хоног болно.
90-ээд оны дунд үед хэн дуртай нь орчуулга хийдэг байлаа. Захын нэг нөхөр, айлын авгай, оюутан гээд дуртай нь л орчуулдаг байсан. Тэр дунд зохион бичлэг хийдэг нөхдүүд ч их. Одоо харин ч гайгүй болж байна. Гэхдээ оройдоо ганц нэг суваг харж суухад “Арай ч дээ” гэмээр болдог шүү.

-Кино орчуулга байтугай мэдээний дор урсдаг зараа хүртэл буруу бичээд байна шүү дээ?
-Тэр гайгүй, одоо бараг энгийн үзэгдэл болж дээ. Үг, үсэг, дүрмийн алдаатай бичих нь элбэг. Монгол хэлийг бас арай л...

-Яргалж байна гэж үү?
-Тийм, зэрэмдэглэж дуусч байна.

-Хэлний яргачид гээд хэсэг бүлгийг нэрлэж болохоор байна даа?
-Зөвхөн хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй бид бүгдээрээ. Хэлний хэрэглээ хэт хумигдмал, өчүүхэн болж. Сүүлдээ Монголоороо яриад байна уу үгүй юу гэдэгтээ ч эргэлздэг боллоо. Энэ их товчлол, нөгөө мессежний хэллэг, хүрээлэлд хамаарах нэршлүүд баян тансаг хэлээ булшлахад хүрээд байна.

-Тийм шүү. Монгол хэлний үгийн санг арван үгтэй гэвээс бид дөнгөн данган хоёрыг нь хэрэглээд байх шиг?
-Үнэн үнэн. Бид хэлний ядууралд нэрвэгдээд байна. Утга төгөлдөр монгол хэлний үгс мартагдаад байна. Өдөр тутмын харилцаа, бичиг, ярианы хэлэндээ хэрэглэж хэвшихгүй аваас бүр мөсөн мартагдана.

-Төр засгаас энэ асуудалд бодлогын түвшинд анхаарал хандуулж байна л даа. Дунд сургууль төгсөгчдөөс сонголт хийх боломжгүйгээр монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авдаг болж байна. Гэвч, хүмүүст хамгийн ихээр хүрч нөлөөлдөг телевизийн хэл найруулгад анхаарал хандуулахгүй юм. Ер нь, хэлийг бодлогоор зохицуулна гэдэг зөв ойлголт уу?
-Хэцүү хэрэг л дээ. Монгол хэлээ хайрлана, хамгаална, цэвэршүүлнэ гэж яриад байвч үнэн хэрэгтээ хийж байгаа юм байхгүй шүү дээ. Тэр тусмаа нөгөө хэл яргалаад байгаа сэтгүүлзүйн салбарт нэг ч үг хэлдэггүй. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ талын дутагдалдаа анхаардаггүй. Маргаашийн сонины дугаарт чи бид хоёрын ярилцлагад хэд хэдэн алдаатай үг гарсны төлөө сонины бүх дугаарыг дахин хэвлэхгүй. Хэдхэн үгний төлөө ямар нэг байдлаар залруулга хийхгүй. Чамд орлогч чинь ч юм уу албаны дарга чинь хэдэн үг хэлсэн болоод л өнгөрнө. Тэрнээс нөгөө хэл усаа хайрлана хамгаална гээд байгаа томчууд маань редакцад чинь ирээд ийм алдаатай байна  тийм ч дутагдалтай байна гэж хэлэхгүй. Мэдэх ч үгүй, гүйлгэж харсан болоод алдаатай чигээр нь л уншина. Тэр байтугай цахим ертөнцөд цаг наргүй жиргээд байгаа сайд дарга нар сайхан алдаатай бичиж байна. Сайд нь зөв бичгийн дүрмээ мэдэхгүй байхад арван жилийн хүүхдүүдийг албадан шалгалт өгүүлж эх хэлээ хамгаална гэвэл эндүүрэл. Цахим ертөнцийг хэн хянах юм. Нөгөө айхтар фэйсбүүк, твиттерт секунд тутам нийтлэгдэж байгаа пост, сэтгэгдэлийг хэн нэг бүрчлэн унших юм. Бичиж байгаа чиний үеийн залуус ч тэр ямар улсын шалгалт өгч байгаа биш. Хэдэн үг үсгээ хойно урд нь оруулаад хольж солиод л бичнэ. Нэг талаар бодлого ярьсан төрөөс илүүтэй иргэд энэ асуудалд ухамсартай хандах болсон. Би ярьж, бичиж байна уу, миний үр хүүхэд яаж байна гэхчлэн. Ямар ч сурч болохгүй юм байгаа биш. Алдаагаа засч болно.

-Улс орны оршин тогтнох үндэс газар нутаг гэдэг. Мөн хэл соёлыг нэмж болно. Оршин тогтнох үндсээ оршуулаад байна гэдгийг л ухааруулах ёстой байх нь?
-Ердөө л энэ, хэл мөхвөл бид ч мөхнө.

-Бид хоёр кино орчуулга гэсэн жижиг зүйл яриад байгаа мэт боловч цаана нь үндэсний хэл соёл гэсэн асар том зүйл холбоотой байна. НҮБ-аас ч монгол бичгийг мөхөж буй арван хэлний тоонд оруулсан байна билээ?
-Түрүүн хэлснээр хэл соёлоо аврах тал дээр төр засаг гэхээс илүүтэй хэвлэл мэдээллийнхэн их юм хийх учиртай юм. Хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал ч  гэлээ нөгөө засаглалын хэлбэртээ захирагдаад байна. Гар хөл болоод байна. Үнэхээр нийгмийг эрүүлжүүлж чаддаггүй юм бол, худалдагдаад байдаг юм бол ядахнаа хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, сургах, сурталчлах, танин мэдүүлэх ажлыг хий. Тэр нь нэрэнд ч цэвэр илүү үр өгөөжтэй ажил. Хоёр намын хэрүүлийг дуртай дургүй түгээж байхаар хэл соёлоо хайрлан хамгаалах ажилд гар бие оролцог л дээ.

-Харь хэлнээс нэвтэрч буй үгсийг яах вэ. Нөгөө л Дамдинсүрэн, Цэвэл, Ренчин гуайгаас хойш энэ тухайд эзгүйдсэн гэж болно. Нэг үг ч болтугай орчуулаад идээшүүлчихэж чадахгүй байна шүү дээ?
-Энэ чинь л хэл мөхөөж буй гол хүчин зүйл юм. Миний дургүй нэг үг бий. Энэ үгийг манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас аваад гудамжны архичин ч хэрэглэдэг. Бүр Монгол хэлний үгийн сангийн үг мэтээр л хэрэглэдэг.

-Ямар үг юм бэ, их сонирхолтой санагдаад явчихлаа?
-Ещё буюу өшөө. “Өшөө сайхан амьдарна аа, өшөө сайн ажиллана” гээд л төрийн томчууд хүртэл гар хөлөө савчаад л энэ үгийг хэрэглэдэг. Угтаа орос хэлнээс орж ирсэн үг гэдгийг мэддэг нь байдаг ч юм уу бүү мэд.

-Одоо жинхэнэ монгол хэлээр хаана, хэн ярьж байна?
-Монгол хэлний багш нар л ярьж байгаа байх даа. /инээв/

-Өвөрлөгчдийг юу гэх вэ?
-Манай эхнэр л өвөрмонголчуудыг жинхэнэ монгол хэлээр ярьдаг, их сайхан харь үггүй ярьдаг гээд байдаг юм. Тэгэхээр нь нөгөөхийг нь нэг сонслоо. Нэг л биш ээ, чихэнд наалдаж өгөхгүй, их хатуу. Жишээ нь, волейбол гэдэг үг бол тэртээ тэргүй олон улсын хэл. Нөгөө өвөрлөгчдийн хэлдэгээр арьсан бөмбөгийг гараараа алгадах гэлтэй нь биш.

-Гэхдээ биднийг бодвол хэл соёлдоо хир халдаахгүй гэсэндээ харь үгийг бүтэн өгүүлбэрээр ч хамаагүй орчуулж, идээшүүлээд байна. Тийм дархлаатай болж байна?
-Тийм шүү, энэ талаараа чиний зөв. Рэл соёлоо хайрлаж хамгаалах ухамсар нь байгаад байна. Захын нэг өвөрмонгол волейбол гэж ярьж болно доо. Гэтэл бүгд л нуршуулан байж арьсан бөмбөгийг араас нь алгадах наадаан гээд байгаа юм. Энэ чинь л эх орноо хайрлаж буй шинж. Харин манай залуус мөн ч хэцүү ярина аа. Одоо “Пати” гэж нэг үг гараад ирлээ. Угтаа, “Парти” буюу үдэшлэг цэнгүүн, нийллэг гэсэн үг байгаа юм. Ярина гэж ёстой янаглана шүү дээ. Нэг их гадаад хэлтэй хүн болох гэж “Пати” гэж гэх хэрэг юу байна. Гэхдээ зарим гадаад үг хэллэгийг яалтгүй тэр хэвээр нь явуулдаг юм. Ихэвчлэн мэргэжлийн, техникийн, компьютерийн үг хэллэг, нэршил энд багтана.

-Ойлголтоос өмнө утга санаа агуулгыг нь ойлгож, танилцах нь зөв юм шиг санагддаг юм. Бид нар брэнд гэдэг үгийг маш их хэрэглэдэг хэр нь брэнд гэж үүнийг хэлнэ гэсэн тоймтой ойлголтгүй. Брэнд гэдэг үгээ ч орчуулаагүй байна?
-Яг үнэн, миний ойлгож байгаагаар брэнд гэдэг нь пүүс компанийн онцлох тэмдэг юм уу даа.

-Яагаад бид харь үг, хэллэгийг идээшүүлж чадахгүй байгаа юм бол?
-Даяаршиж байна, дэлхий хавтгайрч байна.

-Миний бодлоор даяаршлын цаана аймшигтэй нэг юм байдаг нь тоо. Дэлхийн долоон тэрбум хүний гурван сая нь монголоор ярьж байна шүү дээ. Хавтгайраад байгаа дэлхий дээр гуравхан сая гэдэг инээдтэй тоо шүү. Энэ л миний айдас болчихоод байгаа юм. Энэ айдас л намайг тань дээр хөтөлж ирсэн ирлээ?
-Бид өдөр ирэх тусам өөр улс гүрнүүдэд уусаад л байна. Арван литр усанд 100 гр будаг дусаахад ус тунгалаг чанараа алдаж будагны өнгөөр булингартана. Булингартаад байгаа болохоор л чи айгаад байгаа хэрэг. Өнгөгүй тунгалаг шинж чанар чинь өдөр ирэх тутам алдагдаад байгаа болохоор айдаст автаад байгаа юм. Аяндаа чи ус биш улаан будаг гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэр чинь л нөгөөх мөхөл юм.

-Тийм шүү. Уусч буй хамгийн энгийн жишээ бол залуус. Өнгөрсөн намар дэлхийн хамтлаг “Blue” ирээд буцсан. Цэнгэлдэх бараг хоосон тоглосон. Гэтэл дараахан нь Солонгос хамтлагууд ирсэн дээ. Энхтайвны гүүрний хоёр талаар эрээн мяраан хувцастай солонгос царай зүстэй залуус жагсч очоод л үзсэн?
-Санаж байна, санаж байна. Тийм нэг ичмээр юм болсон шүү. Дэлхий дахины хамтлаг ирэхэд хоёр орой хоосон шахуу тоглуулсан. Дараа нь солонго шиг Солонгос охид ирэхэд дүүрэн үзсэн дээ. Үзэж байгаа залуус хүүхдүүдийг нь ч зурагтаар харж л байлаа. Эрээн мяраан цэцэг шиг л элдэв янзын юм өмсчихсөн. Эрчүүд нь нүүр, нүдээ будчихсан ч байсан. Эр эм нь ялгагдахгүй хүүхдүүд утгыг нь ч мэдэхгүй Солонгос дуугаа сонсголоороо дагаж дуулж байгаад л тарсан. Бид солонгос гэдэг будганд өөрсдөө ч анзааралгүй уусч байгаа нь тэр.

-Яриагаа энэ хүргээд өндөрлөхгүй бол болохгүй нь. Юутай ч тантай ярилцах сайхан байлаа?
-Би ч тийм сайн ярьдаг хүн биш дээ.

-Нийгэм цаг үеэ дагаад бүгд л сонсч чаддаггүй хэр нь ярих дуртай болж. Сайн ярьдаг хүн гэвэл сайн жүжигчин ч гэж болмоор санагддаг юм?
-Сайн жүжигчин гэвэл саарал ордноор л дүүрэн байна даа. /инээв/

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

0 Сэтгэгдэл
Яриа хөөрөө муу хүн бна. Сайн хүн олж ярилцлага хийх хэрэгтэй. Жишээ нь би, Элбэгдорж гэх мэт
Ар монголчууд волейболыг "Гар бumбuг" гэж нэрлэдэг юм. Энэ бол шал буруу нэр. Харин handball-ыг " Гар бumбuг" гэж нэрлэх учиртай юм. Тэгэхээр урд монголчууд хамгийн оновчтой монгол нэрийг оноож байгаа юм. Иймд "Алгадах бumбuг" хамгийн зохимжтой нэр юм. Энэ мангараас авгай нь арай л ухаантай юм байна даа
Волейболыг урд зvгийн монголчууд" Алгадах бuмбuг " гэдэг юм. Хамгийн оносон л нэр байгаа биз дээ!? Эргvvдvv байж болно. Гэхдээ жаахан мэдэж цэцэрхэх хэрэгтэй шvv!
үнэн юм ярьжээ
Хамгийн их уншсан