Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Давхар дээл”-ийг долоо хоногийн дараа тайлах уу

УИХ-ын хаврын чуулганы эхэнд Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх өөрчлөлтийг хийж, энэ оны долдугаар сараас мөрдөж эхлэхийг шаардсан. Түүнээс гадна одоо УИХ-д суугаа Засгийн газрын 17 сайдыг хуулийн төслийн санал хураалтад оролцохгүй байхыг хүссэн албан бичиг илгээсэн билээ. МАН-ынхан УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэд 17 сайдын зурагтай, “давхар дээл”-ээ тайлахыг сануулсан самбар өчигдөр байрлуулсан байсан юм. УИХ-ын даргыг сайд нарыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой гэж тэдгээрийн дунд самбар байрлуулжээ.
Чуулганы хуралдааны хоёр дахь асуудал нь энэ хуулийн төсөл байсан ч хэлэлцсэнгүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Завсарлага авсан хуулийн хугацаа дууссан учир АН-ын бүлэг хэлэлцэхэд бэлэн” гэсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай намын бүлэгт энэ асуудлаар дахин тодруулах шаардлага байгаа учир ажлын тав хоногийн завсарлага авъя” гэсэн горимын санал гаргав. Үүнийг нь УИХ-ын дарга зөвшөөрсөн тул дараагийн долоо хоногт асуудлыг хэлэлцэх боллоо. Ингээд “давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлаар УИХ дахь намын бүлэг, сайд нарын байр суурийг сонссон юм.

С.Бямбацогт: “Шударга ёс” бүлэг албан тушаал, эрх мэдэлд барьцаалагдаж

/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/


Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байя гэдэг хуулийн төсөл оруулж ирэхдээ 2016 оноос хэрэгжүүлэхээр тусгасан. МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн. Нэгэнтээ буруу гэж үзсэн, ард иргэдийн амьдрал муудсан нь үнэн юм бол маш хурдан алдаагаа засъя. Хоёр жил хүлээгээд яах вэ. Нэг жил зургаан сарын хугацаанд эдийн засаг ингэж муудаж, доройтсон юм чинь дахиад хоёр жил хүлээвэл Монгол Улс маань элгээрээ мөлхөнө. Ийм учраас алдаагаа хурдан засах гэж долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд АН завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусах үеэр хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийх УИХ-ын намрын чуулган хугацаанаасаа өмнө нэгдүгээр сарын 29-нд хаасан. “Давхар дээл”-тэйгээ сууя, эрх мэдэл албан тушаалтайгаа үлдье гэж эрх баригчид үзсэн. Үүнээс хойш 70 орчим хоног өнгөрлөө. Энэ хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа тодорхойлж, үндсэндээ шийдсэн байх. Харамсалтай нь, яагаад завсарлага авсныг ойлгохгүй байна. Тэд албан тушаал, эрх мэдэлд барьцаалагдаж. Гурав, дөрвөн сайдыг нь зургаа болгоё гэсэн үү. Эдийн засгийн хүндрэлийг шийдэх гарц УИХ өөртөө хариуцлага тооцох. Засгийн газрын гишүүдийг сайн ажиллуулах ёстой.  


Н.Батцэрэг: Таамаглаж, худал үнэн төсөөлөөд байх шаардлагагүй

/УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга/


Янз бүрээр таамаглаад бие биеэ худлаа үнэн зурж, төсөөлөөд байх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээл”-ийн тухай хуулийг хэлэлцэж дэмжихээр болоод санал хураасан. Хугацааны хувьд ямар байх, танхимын гишүүдийн хэдэн хувь нь “давхар дээл”-ээ тайлах тухай яригдах вэ гэдэг өөр асуудал. Дотроо бид саналаа нэгтгэж хараахан амжаагүй байна. Янз бүрийн хүчин зүйлийг ярьж. Янз бүрийн үндэслэлүүд  ч гаргаж ирсээр. Гадна дотны харьцуулсан зүйлийг ярьж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хөгжлийн төвшинг ярилаа. Засгийн газарт ажиллаж буй сайд нар хийж чадсан ажлууд, чадаагүйгээ, хүндрэл бэрхшээлээ ч тоочиж байна. Даваа гарагийн бүлгийн хуралд өөр асуудалтай холилгүй дахин ярьж, гишүүдийн саналыг нэгтгэж байж нэгдсэн шийдвэрээр оролцохгүй бол янз бүрийн санал яваад байгаа учир зохион байгуулалтгүйгээр хандахгүй гэж үзээд завсарлага авсан. Цаг хугацааны хувьд хоёр жилийн дараа хэрэгжүүлж болох байтал яагаад заавал өнөөдрөөс  гэж байна вэ. Ерөнхийлөгч төсөлдөө 2016 оноос хэрэгжүүлнэ гэсэн. Хуулийн төсөл санаачлагчаас асуухад одоогийн ажиллаж байгаа Засгийн газрын баг, түүний хийж гүйцэтгэж буй ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бололцоог хангах үүднээс ингэж оруулсан гэж хэлсэн.


Ц.Оюунгэрэл: МАН-ынхан хувийн, нийтийн эрх ашгийг холиод байна

/Соёл, спорт, аялал жуулчлалын сайд/


Манай яам бол төрийн байгууллага. Миний хийж байгаа ажил нийтийн үйлс. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа учраас надад зөрчилдөх эрх ашиг байхгүй. УИХ-ын гишүүдтэй харьцуулаад байгаа л даа. Бат-Эрдэнэ, Оюунхорол гишүүн шиг яагаад гараад явчихаж чадахгүй байна гэсэн. Тэд бол хувийн сургуулийн эзэд учраас холбоотой асуудал ярихад хувийнх нь эрх ашиг нийтийн эрх ашигтай зөрчилдөнө гээд хуралдаанаас гарсан. ССАЖЯ бол хувийн компани биш. Би хувийн компанийн захирал биш. Нийтийн төлөө ажиллаж байгаа учраас санал хураалтад оролцоно. Хувийн ашиг сонирхлыг зохицуулдаг хуулиар шийдэхгүй гэсэн үг.
Ёс зүйн асуудал анх ярьж байхад УИХ-ын гишүүн ариун байх ёстой гээд бүх хүний намтар түүхийг ариун байна уу, биш байна уу гэсэн шүү дээ. Тэр үед УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хорооны дарга Гүндалай байсан. Түүний зөвлөхөөр ажиллаж байхад албаны ёс зүй гэдэг хувийн амьдралаас өөр юм. Албаны ажилд албаны ёс зүйг ярина, хувийн эрх ашгийг албаны эрх ашигтай нийцэж байна уу гэдгийг хянах ёстой гээд энэ хуулийг гаргасан. Нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд хувийн эрх ашгийг салгадаг. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг нийтийн ажлаас нь салгаж, нийтийн асуудлаар санал хураалт явуулна гэж хэтэрхий хольж болохгүй.
Ардын намынхан хувийн ашиг сонирхол гэдэг концепцио нийтийн ашиг сонирхолтой анхнаасаа хольж хутгаад бантан болгочихож. Ойлголтын зөрүүтэй зүйл нэлээд яваад байна. Сөрөг хүчний мэдэх мэдрэх  ёстой анхны зүйл бол нийтийн эрх ашиг гэдэг нийтийнх, хувийн эрх ашиг бол хувийн компани гэдгийг ойлгооч ээ. Анхан шатны ойлголттой болооч ээ.


С.Эрдэнэ: “Давхар дээл”-ийг тэр үеийн МАХН өөрсдөө хуульчилсан
/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд/


Засаглалын хуваарилалтыг өөрчлөх нь зөв. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ заавал нэг зүйлээр нөгөөг унагаах гэж болохгүй. Гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Ийм ээдрээтэй цаг үед Монголын төр тогтвортой байх ёстой. 1996-2000 онд намын дарга нь Ерөнхий сайд байна гэж бужигнуулж байгаад одоогийн МАН Засгийн газрыг дөрвөн удаа унагаж тоглосон шүү дээ. Тэр тоглоомоо л давтах гээд байна. Сөрөг хүчин бол улс орны хувь заяагаар тоглоно гэсэн үг биш. Сөрөг хүчин эрх баригчдын алдаатай бодлогыг залруулдаг, улс орны хөгжлийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлдэг. Түүнээс биш хутган үймүүлдэг, унагаадаг, хорлодог, улс орны эдийн засгийг уландаа гишгэснээр сөрөг хүчин болдоггүй. МАН олонхи байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ҮХЦ-ийн дүгнэлт гараад хориглочихсон байсан заалтыг хүч түрж өөрчлөлт оруулсан. “Давхар дээл”-ийг тэр үеийн МАХН өөрсдөө хуульчилсан. Өнөөдөр Үндсэн хуулийн тэр өөрчлөлт хэвээрээ байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байж ийм юм яриад байгаа нь инээдтэй. Ерөнхийлөгчийн оруулсан хуулийн төслийг анхны хувилбараар дэмжсэн санал өгнө. Тэрнээс энэ хуулийг далимдуулж засгийг өөрчилж, унагаах бодлого явж байгааг дэмжигүй. Би үгээ хэлж, санал хураалтад оролцоно. Үндсэн хуулиар олгогдсон эрх нь надад байна. Сандал суудалд хоргодсондоо ингэж хандаж байгаа юм биш. УИХ-д байгаа 76 гишүүн ард түмнээсээ сонгогдсон адил тэнцүү эрхтэй. Ямар нь давуу эрх эдэлж, ямар нь дутуу эрх эдэлдэг юм.


М.Сономпил: УИХ-ын гишүүний эрхэнд халдаж байна

/Эрчим хүчний сайд/


МАН-ын мэдэгдэл бол УИХ-ын гишүүний эрхэнд халдаж байгаа асуудал. Санал хураалтад оролцох үгүйг УИХ-ын гишүүд өөрсдөө шийднэ. Хуулийн хүрээнд л ажиллана. Тавьж байгаа асуудлууд хууль эрхзүйн хэр чадамжтай байгаа юм, зөв байна уу гэдгийг хуульчид тайлбарлах байх. “Шударга ёс” эвслийн бүлэг санаа бодлоо нэгтгэх шаардлага бий. Нэг хэсэг гишүүд өөр өөр үзэл бодолтой байна. Дараагийн даваа гарагт болох бүлгийн хурлаа нээлттэй хийж, намын удирдлагуудаа оролцуулна. Тэгээд нэгдсэн шийдвэрээ УИХ-д танилцуулна. Бид бүлэг дээрээ ярилцаад завсарлага авсан.


Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт ярьж байж төгс шийдэгдэнэ

/УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлийн төлөөлөл/


Үндсэн хуулийн дор­дуулсан долоон өөрчлөлттэй энэ “давхар дээл”-ийн  асуудалтай холбоотой. Одоо харахаар “давхар дээл”-ээ тайлж байгаа юм шиг мөртлөө худлаа, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт хийсэн маягтай болоод өнгөрнө. Гэхдээ дараа нь Үндсэн хуульд байгаа гээд 50 хувь нь үлдчих магадлалтай учраас нэг мөр шийдэх ёстой гэж бие даагчид үзсэн. Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт ярьж байж төгс шийдэгдэх ёстой. Энийг хэлэлцэнгүүтээ Засгийн газрыг оролдож, унагачихаад 50 хувь нь “давхар дээл”-тэй байна гэж дараагийнх нь “хоолонд орно” гэвэл улс оронд хохиролтой. “Давхар дээл”-ийг тайлахаас нааш асуудал шийдэгдэхгүй.


Д.САНЖМЯТАВ: Сонгуулийн тухай хууль хэлэлцвэл бүх гишүүн орохгүй гэх үү

/Хөдөлмөрийн сайд/


Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэлбэрээр буюу 2016 оноос УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг байдлыг хална гэдгийг дэмжиж байгаа. Хугацааны хувьд, улс орны тогтвортой байдал гээд олон талаас нь Ерөнхийлөгч харсан байх. Яагаад гэвэл ард түмний сонголт аль нэг нам бүрэн олонхи болгоогүй энэ нөхцөлд, давхар алба хашихад болохгүй зүйл байхгүй. Бид чинь давхар цалин авдаггүй шүү дээ. Харин ч төсөв мөнгө хүндэрсэн энэ үед дахиад нэг сайдын цалин нэмбэл дарамт болно. Тэгээд ч жил гаруйн хугацаанд салбарынхаа бодлого, чиглэлээ бариад ажиллачихсан хойно ажлаа үр дүнд хүргэе гэж бодож, зорьж байгаа. Тэр бүү хэл Засгийн газрын хуралдаанаа бямбад хийгээд, нэг талаараа Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Лав 60 гаруй хоног илүү ажилласан байгаа.
Сөрөг хүчний хувьд шахаж, шаардаж байгааг үгүйсгэх зүйлгүй. Гэхдээ энэ бүхний эцэст “давхар дээл” гэдэг асуудал 2016 оноос нэг талдаа гарна гэж бодож байна. Миний хувьд Завхан аймгаас сонгогдсон, ард түмний төлөөлөл. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлнэ. Хэрэв сайд өөрийнх нь асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэвэл сонгуулийн хуулийг яах вэ. УИХ-ын сонгуулийн хууль хэлэлцэх үед бүх гишүүний ард тодорхой хэмжээний хувийн сонирхол байж таарна. Тэр үед бүгд хэлэлцүүлгээс гарах уу, тэр хуулийг хэн хэлэлцэх билээ. Энэ мэт зовлонтой зүйл олон бий.


Л.ГАНТӨМӨР:  Хариуцлагын асуудлыг бүхэлд нь авч хэлэлцэх ёстой
/Боловсрол, шинжлэх ухааны сайд/


Үндсэн хуулиараа парламентын гишүүн сайд байхыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Бид УИХ-аас томилогдсон, намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелүүлэхийн төлөө хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Тиймээс Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг хүмүүст сонирхлын зөрчил байхгүй гэж үзнэ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжиж байна. Цаашдаа онолын хувьд авч үзэхэд Засгийн газрын гишүүн  гаднаасаа байх нь зөв. Гэвч энэ тохиолдолд Засгийн газрын дархлааны асуудал хөндөгдөнө. Тэгэхээр Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Жишээ нь, гишүүдээ бүрдүүлэх, томилохоо Ерөнхий сайд өөрөө шийдээд, хариуцлагаа хүлээх. Бид засаглалын харилцааны тухай ойлголт дутуугаас “давхар дээл”, “дан дээл” гэсэн ёгт үгтэй холбоод байна. Онолын хувьд Ерөнхий сайдад Засгийн газрын бүх эрх мэдлийг өгөөд, зохих хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Одоо өөрчилье гэхээр хэнийг томилох юм, тэр хүмүүс яаж хариуцлага хүлээх вэ.
Энэ удаад хариуцлагын асуудлыг бүхлээр нь шийдээд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг баталчих хэрэгтэй. Хууль хэрэгжихээс өмнө Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх нь зөв. Тэгэхгүй бол Ерөнхий сайд ч хариуцлага хүлээдэггүй, сайд нар ч тоодоггүй зүйл гарна. Үүгээр далимдуулж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах гэж байгаа бол цаг хугацааны хувьд маш том алдаа болно. Нөгөө талаас бүх зүйлийг цогцоор нь шийдэхгүй салгаж шийдэх гэвэл АН-ын Засгийн газраар ажил хийлгэхгүй гэсэн үг гэж  ойлгохоос аргагүй. Би санал хураалтад оролцоно.

0 Сэтгэгдэл
Дан дээл, давхар дээл гэж маргаад байх шаардлага огт алга, маш тодорхой зүйл. Угаасаа болохгүй өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа 2000 онд хоёр нам хамтраад оруулчихсан, одоо засах цаг нь болсон. Дээд, доод танхимтай парламенттай улсад давхар дээлтэй байж болдог, ганц танхимтай парламенттай улсад болдоггүй, хэрэв хүчээр болгочихвол засаглалын тэнцвэр алдагдаж өөрөө өөрийгөө хянадаг засагтай, хөл нь дээшээ харах талруугаа болдог юм шүү гээд онолоор баталчихсан байгаа лдаа. Одоо онол болон практикаар батлагдсан зөв голрилруугаа ороод дээлээ тайлаад явахад юунд нь маргалдах вэ дээ. ҮХ-ийн дордуулсан өөрчлөлтүүдээ халаад хамтад нь нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах нэмэлтүүд оруулаад хуулиа хамтад нь баталчихвал болно доо. Үйлчлэх хугацаа нь дараагийн сонгуулиар эхлэх нь зүй ёсны гэж харагдана. Засаг огцруулах үндэслэл нь байвал энэ хуультай хуульгүй л огцорно, тэгээд ч сонгуулийн мөчлөг талдаа орчихсон хойно ийм хуулийг гармагц нь хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг олон сөрөг үр дагавартай харагдана.
bur uhlee
дээл тайлахмэнэ тэр гэж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа болохоос цаана нь засгаа унагаж төрөө самрах асуудал юм шүүдээ.
сайдуудад сайд байх хувийн сонирхол байгаа шүү дээ. Энийгээ нийтийн ашиг сонирхол, нийтийн алба гэдгээр битгий хаацайлаад байгаач.
Ард түмэн тэнэг биш шүү.Шударга байхыг чин харж байгаа.Үхлээ юу сайд нараа,ИЧЭЭЧ
Давхар дээлээ дан болгоход юунд нь дургүйцээд байгаа юм бэ . И.Х-ын ирцийг нэмэгдүүлж хуулиа чанартай гаргах, хэрэгжүүлэх, засгийн газартаа хяналт тавих зэрэг хийх ажил маш их бна шүү дээ Ард түмэн үүнийг л та бүхнээс хүсч бна шүү эрхэм гишүүдээ.
Монгол орныг элгээр нь хэвтүүлж байж бас яах гээд хэрүүл хийгээд байгаа малнууд вэ? Энэ ардчилсан намд яахаараа ийм увайгүй хүмүүс дүүрчдэг байна аа
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
ан- хан та иргэдийг дарамтлах дээрэмдэхээс өрийг хийж чаддаггүй юм байна.ман- ялгарах юмгүй. иргэдэд хамгийн ойр ажиллах хороо дүүрэг боловсрол чадваргүй анархистуудын бөөгнөрөл болсон.
Энэ АН ын арчаагуй САЙДУУД суудлаасаа бууж магадгуй гээд бур ухэх нээ.
ZLAA MAH-han
Хамгийн их уншсан