Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Махан толгой”-гоор дуудуулсан манай сайд хөөрхий

Монголын Уул уурхайн сайдыг гадаадын хүндтэй хэвлэл “Financial Times” “тэнэг толгой” хэмээн доромжиллоо гээд л манай зарим мэдээллийн хэрэгсэл, сайтаар матрын нулимс унагаж байна. Гэвч ингэж юу юугүй дүгнэлт хийж, хаа холын сониныг эндээс шүүмжилж суухынхаа оронд эхлээд ул суурьтайхан шиг уншаад хэн, ямар өнцгөөс юу хэлэв гэдгийг юун түрүүнд харчихаад, утгыг нь зөв гаргаад орчуулах хэрэгтэй. Ингэж хэлэхийн учир нь, нэгдүгээрт, Turquoise — still the colour of money in Mongolia? Гэсэн энэ нийтлэл “Financial Times” сонинд бус тус сонины онлайн хувилбарт багтдаг хувь хүний блогт гарчээ. Хоёрдугаарт, Уул уурхайн сайдыг тэнэг толгой гэж хэлсэн гээд байгаа хэсгийг бичигч өөрийн байр сууринаас биш, харин хөрөнгө оруулагчдын реакцийг ишлэл болгон оруулсан нь тэр байж. Эх нийтлэлийг үнэн зөвшөөр нь орчуулаагүйгээс уншигчдад буруу ташаа ойлголт төрүүлж байгаа учраас яг үнэндээ нийтлэлд юу гэж бичсэн байсныг товчхон хүргэе. Оюу толгой төслийн далд уурхайн ажлыг эхлүүлэх эсэх талаар хувь эзэмшигч талууд шийдэх цаг хаяанд ирчихээд байна. Хэдийгээр Монголын улстөрчид, албаны хүмүүс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж энд тэнд уулзалт хийж, үг хэлж яваа ч Монголын улс төрийн орчин өөрөө тодорхойгүй байна гэсэн утга агуулгатай, егөөдсөн өнгө аястай энэ нийтлэлийн дунд хэсэгт өнгөрсөн сард Канадын Торонтод хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон Д.Ганхуяг сайдын талаар дурджээ. Энд ингэж бичсэн байна.
“Энэ гэрээнд гарын үсэг зурахад Риод Ерөнхий сайд юм уу тийм хэмжээний нөлөөтэй нэгэн хэрэгтэй байсан юм. Тийм ч учраас Уул уурхайн сайд Д.Ганхуяг ирсэн. Тэрээр энэ сард Торонтод ирж, уул уурхайн чуулганд оролцохдоо энэ төсөл эдийн засагт нь ямар чухал болох тухай үг хэлсэн юм. Эрдэс баялгийн тал дээр маш үндсэрхэг ханддаг тэрээр хөрөнгө оруулагчидтай цуврал уулзалтууд ч зохион байгуулсан. Гэвч тэр уулзалтууд нэг л сайн болж өгсөнгүй. Хөрөнгө оруулагчдын сэтгэгдэл нэг иймэрхүү л байлаа. “Тэр урьдынх шигээ махан толгойлохгүй гэж үнэхээр хичээж байлаа” гэж... Д.Ганхуяг сайд болмогцоо л Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээр өөрчлүүлнэ, тэгж чаддаггүй юм бол огцорно хэмээн мэдэгдэж байсан. Рио энэ саналыг нь хүлээн авахаас татгалзах үед тэр байр сууринаасаа ухарсан ч, бас л энэ гэрээний талаар эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсээр л байсан юм. Тэр өөрөө хэлэлцээрт биечлэн оролцоогүй ч түүний улстөржсөн хандлага зарим тохиолдолд гэрээг урагшлуулахад саад болж байсан” хэмээн бичиж.
Үнэн хэрэгтээ Уул уурхайн сайд Д.Ганхуяг ажлаа авсныхаа дараа Оюу толгойн гэрээг өөрчилнө хэмээн хэсэг манаргасан. Үүнийхээ дүнд өөрөө “баялгийн үндсэрхэг үзэлтэн” гэсэн хоч авч, хөрөнгө оруулагчдыг үргээхэд ч багагүй хувь нэмрээ оруулсан. Гэсэн атлаа хөрөнгө оруулагчид Монголоос гарч, эдийн засагт илт мэдэгдээд эхэлмэгц байр сууринаасаа ичгүүртэйгээр ухарч, хөрөнгө оруулагчдыг хоёр гараараа даллан дуудаж эхэлсэн билээ. Бид л хөмөрсөн тогоо шиг дотроо эргэлдээд асуудлыг томоор нь харж чадахгүй байгаагаас биш гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын улстөрчид, эрх баригчдын энэ эргэж бусгасан үйлдлүүд хачин инээдтэй санагдаж байгаа нь дамжиггүй шүү дээ. Энэ байдлыг л егөөдөж бичиж. Нэгэнт л хийсэн үйлдэл нь тэгж харагдуулж байхад “тэнэг” гэж хэллээ гээд уурлаж бухимдаад яах ч билээ.

0 Сэтгэгдэл
Угаасаа л махан толгойтой хүнийг чинь ,,махан толгой,, гэхгүй өөр юу гэх юм бэ.
хамуухярваагаар ганхуягын талаарх нийтлэлийг англи хэл дээр бүтнээр нь уншуулья.
SAIHAN MAKHAN TOLGOIDOO OVOO YUM BODSON CHINI OVOOLTSON BAAS BSAN BNLE HAHA
Хамгийн их уншсан