Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төөрөлдсөн хүмүүсийн үйлдэл

Парламентын хаврын ээлжит чуулган хоёр ч завсарлагаар анхны хуралдаанаа эхэллээ. Дөнгөж долоо хонож байгаа хаврын чуулганы хамгийн эхний нэгдсэн хуралдаанаас МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авав. “Давхар дээл” тайлах эсэх асуудалд нэг талдаа гарсан шийдвэрт хүрээгүй учир дахин ярилцахаар шийдсэнийг “Шударга ёс” бүлэг тайлбарласан. Харин МАН-ынхны үйлдэл барьцсан шинжтэй байсныг хэн ч анзаарахаар. Тэдний гол анхаарлаа төвлөрүүлж байсан “давхар дээл”-ээ тайл гэсэн шаардлага энэ завсарлагаас болоод хэд хоног хойшилсон. Аяганы хариуг тэр дор нь барьж, царцаасан объектуудыг нягтлан хэлэлцэх хугацааг ажлын тав хоногоор хойш тавихыг хүссэн. Үүнтэй нь зэрэгцэн Чингисийн талбайд хаврын анхны жагсаал болов. Төв талбайд гадаа жүжиг, үзүүлбэр, хачирхалтай тайлбартай жагсаал өрнөж, чуулганы танхимын үүдэнд сайд нар зурагт самбарт “заларч”, бүлгүүд завсарлагаар хугацаа хожсон долоо хоног өнгөрлөө. Энэ долоо хоног ч гэсэн хаврын халилтай шоу, намуудын улс төржилтөөс ангижрахгүй.


Барьцсан завсарлага

Үг, үйлдэл хоёр нь зөрж байгааг нь МАН-ын бүл­гийн даргын хаврын тэн­гэр шиг шийдвэрээс хараг­дана. Хэдхэн хоногийн өм­нө бүлгийн хуралдаа Үн­дэс­­­­ний аудитын газрын дар­га А.Зангадыг дуудаж, царцаасан 243 объектын та­лаар тэд хэлэлцсэн. Авли­гажсан төсөв байсан уу, үгүй юу гэдгийг тус байгууллага нотолж чадаагүй, алийг нь санхүүжүүлж, хэдийг нь хасах саналыг Засгийн га­зар оруулж ирсэн байх ёс­той гэж мэдэгдсэн. Эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газар шалгахыг МАН-ынхан хэлж байв. Энэ бол тэд байр сууриа нэгтгэж, шийдвэрээ гаргасан гэсэн үг. Гэтэл пүрэв гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж завсарлага авав.
Уг асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулт хариулт дуусч, санал хэлэх болоход МАН-ын бүлгийн дарга С.Бям­бацогт “Үндэсний Ау­дитын газар объектуудыг авлигажсан эсэхийг тодруу­лаагүй. УИХ, яам, агентлагууд хувийн хэвшилтэй уялдаатай ажиллаж чадаагүй учир да­хин нягталж шалгах зүй­лүүд байна” гэх тайлбар хэлсэн.

Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, барил­га, байгууламжийн өртөг жил ирэх тусам нэмэгдэх болсон шалтгааныг олж тогтоохоор Аудитынхан шалгасан. Ингэс­ний дүнд ямар шатандаа хэрхэн төсөвт өртөг нэмэг­дүүлж, дундаас нь ашиг хон­жоо олдог байсан учрыг тодруулаад байна. АТГ ч гол буруутнуудыг олж тогтоохоор Аудитын дүгнэлтийг нягталж эхэлжээ.  
УИХ-ын намрын чуулганы дараанаас л “0” дүнтэй царцаасан объектуудыг тойр­сон мэдээлэл тасраагүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ээлжит бус чуулган хуралдуулахгүйгээр хаврын чуулганд  шууд оруулж ирэн хамгийн эхэнд хэлэлцэх гэтэл хойшиллоо. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой энэ цаг үед хөрөнгө оруулалтын тухай шийдвэр ажлын тав хоног байтугай нэг өдрөөр удахад л ямар хохиролтой байдаг билээ. Улсын төсөв хэлэлцэх үеэр гишүүд манай тойргийн тийм барилга, ийм бүтээн байгуулалтын төсөв хаачив гээд л бөөн хэрүүл, маргаан болдогоо мартсан бололтой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн царцаасан барилгын ихэнх нь цэцэрлэг, сургууль, дотуур байр хүүхэдтэй холбоотой объектууд байгааг улс төржүүлэхгүй ойлгож, шийдвэр гаргах ёстойг тайлбарлаад л байдаг. Үүнийг нь ойлгох хүн цөөхөн байх шиг.
Зөвхөн улс төр хийх зорилгоор асуудлыг хойш тавья гэх бүлгийн дарга С.Бям­ба­цогтод өөрийнх нь үгийг эргэн сануулъя. Сая­хан болсон Эдийн засгийн чуулганы “Хөгжлийн бод­лого, төлөвлөлт” сэдэвт хэлэл­цүүлгийн үеэр “Өнгөр­сөн 20 гаруй жил хангалттай улс төржлөө. Нэг нам гарч ирэхээрээ өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан бодлогыг үгүйсгэж, царцааж, бүхнийг шинээр эхэлдэг. Ийм байдлаар бүхнийг үгүйсгэж дороо хий эргэсээр байна. Үүний горыг ард түмэн хангалттай амссан. Улс төрийн намууд нэгдсэн зорилгын төлөө хамтран ажилласан бол улс маань илүү хөгжих байсан. Иймээс улс төржилтөд цэг тавих ёстой” гэсэн. Энэ үгэндээ хүрч, улс төржихгүйгээр пар­ламент дахь намуудтайгаа ойл­голцож ажиллах зориг бүл­гийн даргаас гарах болов уу. 


Жагсаалын шинэ эрин

Цөөнхийн байр сууринд очсоноос хойш жагсаал, цуг­лаан, эсэргүүцлийн хэлбэрийг өргөжүү­лэн, хөгжүүлэх үйлсэд МАН-ынхан үнэтэй хувь нэмэр оруулах боллоо. Шинэ төрөл, хувилбаруудынхаа нэг хэсгийг өнгөрсөн пүрэв гарагт Чингисийн талбайд үзүүлсэн. Сайд нарын зургийг баг болгон зүүж, элэгдэж хуучирсан дээл тайлж байгаа үзүүлбэр жагсаалын өрнөл хэсэг нь. Энэ бол юу ч биш. Жагсаалд зориулсан үг хэллэгийг орхиж болохгүй. Индэр дээрээс хэлсэн үг, барьсан лоозон нь жинхэнэ утгаараа гэнэтийн бэлэг байв. Жагсаалын индэр дээрээс “шидсэн” “Айл бүрт нэг архичин, нэг биеэ үнэлэгч, нэг бөө байна” гэж хэлсэн нь “Өвсөр үеийн 40.9 хувь нь хар тамхинд умбалаа” гэдэг лоозон МАН-ынхныг уухайлан дэмжих нь битгий хэлж, нулимхад хүргэв. Ард түмнээ доромжилж жагсаал цуглаан хийх ямар шаардлага байсан юм бол. Намынхаа дэргэдэх судалгааны байгуул­лагын судалгааг үндэслэж ийм лоозон барьсан юм гэсэн. Эдийн засаг хямралтай байгаагийн буруутан “давхар дээл”-тнүүд гэх боловч зүгээр л арга ядсан улс төр хөөцөлдөж явааг нь харуулаад байна.  
Намынхаа 91 жилийн ойгоороо бүтээсэн “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кинонд хэрэглэсэн дээлийг талбай дээрх жүжигт ашигласан гэнэ. Утга учиртай болоод ашигласан бололтой. Урьд нь “Хонхны дуу”-г эгшиглүүлж жагсаалаа чимдэг байсан бол цаг үеийн асуудалтайгаа уялдуулж “Цамцаа тайл” гэх уянгын дууг хүртэл сонгосон. Ямар сайндаа л “Давхар дээл” хошин шогийн хамтлаг шинээр байгуулагдаж анхныхаа тоглолтоо хийлээ гэж шоглож байхав. Шүгэлдэж, лоозон барьж жагссан ахмад голдуу хүмүүсийг намын үүрүүд нь бүртгэж яваа харагдсан.

Буйдантай жагсаал бол харин ч хамгийн гайгүй үзүүлбэр нь байж. Энэ долоо хоногт “Шударга ёс” бүлгийн завсарлагын хугацаа дуусахаар МАН-ынхан дахин тоглож үзүүлэх шинэ хөтөлбөр нөөцөнд үлдсэн гэж найдъя. Харин “Будаач будаач гэхэд сахлаа будав” гэдэг шиг хүмүүсийг цочроох гээд нийтээр нь доромжлохгүй байгаасай даа.

0 Сэтгэгдэл
МАН-ынхан 1937 онд монголын сор болсон сэхээтнүүдийг яг ингэж нөмгөн зогсоож байгаад ар шил рүү нь бууддаг байснаа санаж л дээ
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан