Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-аас шалгасан 128 хүний 13 хувь нь улстөрч

Он гарсаар эхний улиралд Авлигатай тэмцэх газар нийт 101 гомдол, мэдээлэл хүлээн авснаа мэдээллээ. Эдгээрийн дотор гэмт хэргийн шинжтэй 85 мэдээлэл ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өсчээ. Иргэд, байгууллагаас ирсэн мэдээллийг агуулгаар нь ангилахад нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад хамаарах 19, хууль хяналтын байгууллагатай холбогдох 15, төрийн үйлчилгээний салбарын 21 гомдол мэдээлэл ирсэн аж. Мөн хугацаанд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэнэ. Эдгээр нь хуульд заасан харьяаллын 299 үйлдэлтэй буюу төдий тооны заалт зөрчсөн бөгөөд энэ мөрдөн байцаалтын ажиллагаа ч өмнөх оноос өссөн дүнтэй.
Тухайлбал, 32 хувь нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах болон хэтрүүлсэн, 12 хувь нь ТББ, ААН-ийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж эсвэл хэтрүүлж ажилласан байж. Мөн 11 хувь нь хээл хахууль авахыг, 11 хувь нь хээл хахууль өгөхийг, дөрвөн хувь нь хээл хахуульд зуучлахыг оролджээ. Дөрвөн хувь нь төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах хэрэг үйлдсэн байна.

Нийт хэргээс 21-ийг яллах дүгнэлт гаргуулж, 14-ийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж. Түүнчлэн хоёр хэргийг нэгтгэснээс гадна дөрвөн хэргийн мөрдөн байцаах ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Одоо эрүүгийн 49 хэрэг мөрдөн байцаах шатанд яваа гэлээ. Эрүүгийн хэрэгт нийт 128 хүн сэжигтэн, яллагдагчаар шалгуулснаас 13 хувь нь улс төрийн, 25 хувь нь төрийн захиргааны, зургаан хувь нь төрийн тусгай, 21 хувь нь төрийн үйлчилгээний, 35 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан байж. Нийт гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн үнэтэй эд зүйл битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

Авлигатай тэмцэх газраас олон нийтийн хүлээж буй нэг мэдээлэл нь улс төрийн болон нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн Хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн явц. Хэдийгээр холбогдох албаныхан нэгдсэн тайлан энэ сарын эхээр бэлэн болно гэж мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл гараагүй. Гэвч олон нийтийн хэвлэл мэдээллээр түгээхээс өмнө “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх аж.

ХАС, ХОМ-ийн мэдүүлгийн өнгөрсөн оны дүн мэдээллийг тоймлоход 51 мянга гаруй албан тушаалтны 99.99 хувь нь мэдүүлгээ ирүүлжээ. Үүнээс 99.98 хувь нь хуульд заасан хугацаа буюу гуравдугаар сарын 15-нд амжсан байна. Зургаан албан тушаалтан хожимдсоноос гадна мэдүүлэг гаргах ёстой таван хүн үүргээ огт биелүүлээгүй, одоо хүртэл мэдүүлгээ өгөөгүй байгаа аж. Дээрх 11 иргэний дотор төрийн тусгай албан хаагч хоёр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэг, ТББ-ын удирдах албан тушаалтан дөрөв, төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн хараат бус гишүүн гурав, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан нэг байгаа гэнэ. АТГ-аас дээрх хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд ханджээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөж, гурван албан тушаалтанд “сануулах” арга хэмжээ тооцсон дүнтэй. Нийт мэдүүлэг гаргагчдын 42.32 хувь нь нийслэлд, 57.68 хувь нь аймаг, орон нутагт байсан. Өмнөх онд 47 мянган хүн мэдүүлэг гаргасан бол энэ жил 4000 гаруйгаар нэмэгдсэн. Үүнд хуучин Хадгаламж банкнаас Төрийн банкинд шилжиж ирсэн удирдах албан тушаалтнууд, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын дэргэд худалдан авах ажиллагаа, дотоод аудитын алба байгуулагдсан нь багтжээ. Мөн боловсрол, эрүүл мэндийн зарим удирдах албан тушаалтан мэдүүлэг гаргах болсон нь нөлөөлсөн гэнэ.

 Төлөвлөгөөт хяналт шалгалт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр эхний улиралд 142 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ. Түүнчлэн иргэд, аж, ахуйн нэгжээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 96 өргөдөл, гомдол, мэдээлэл ирж 71-ийг хянан шийдвэрлэсэн байна. Гомдлын мөрөөр 16 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль бус 19 зөрчлийг арилгуулах, гэмт хэргийн шинжтэй таван гомдлыг шалгуулахаар шийдвэрлэсэн аж. АТГ-ын чиг үүрэгт хамаарах өөр нэг хяналт шалгалт нь нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг. Өнгөрсөн улиралд 2900 этгээдийн ХАС-ын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар ирүүлснээс 2728-ыг шалгаж амжжээ. Эдгээрээс ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоосон нийт 450, хянах боломжгүй үндэслэлээр 240 мэдүүлгийг буцаасан. Харин урьдчилсан мэдүүлгээ тус газраар хянуулалгүй хууль зөрчин томилсон 98 тушаал, шийдвэрийг хүчингүй болгосон байна. 35 нэр дэвшигчийг тухайн албан үүргээ хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүснэ гэсэн дүгнэлтээ холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Улирлын хугацаанд нийт 62 албан тушаалтанд хариуцлага тооцуулсныг мөн оны өмнөх үетэй харьцуулахад 33-аар нэмэгдсэн аж. Хариуцлагын төрлөөр авч үзвэл сануулсан 24, цалин бууруулсан 26, албан тушаал бууруулсан тав, ажлаас халсан буюу чөлөөлсөн долоон тохиолдол багтаж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан