Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрснээс байгалийн хий гаргахад Мьянмарын дэмжлэг чухал гэв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол, Мьянмар улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмар Улсын парламентын дарга тэргүүтэй төлөөлөгчид анх удаа Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр Мьянмарын Холбооны парламентын даргын энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй түүхэн ач холбогдолтой болохыг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Мьянмар Улс нь сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн салбарт өргөн цар хүрээтэй ажиллаж байгаад баяр хүргээд Монгол Улс 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэн тэр мөчөөс Үндсэн хуулиа өөрчилж цэгцэлснээр учирч болох олон хүндрэлээс сэргийлж чадсан талаар танилцуулсан юм.
УИХ-ын дарга мөн "Монгол Улсаас Мьянмар Улсад хөрөнгө оруулах, худалдаа, үйлдвэрлэл болон эдийн засгийн бусад салбар дахь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн чиглэлээр туршлага солилцох боломжтой. Мьянмар Улс нь байгалийн хийн экспортоор Азид тэргүүлэгч орон. Хятад болон бусад улсад хийг хэрхэн экспортолдог талаар танай улсын туршлагаас суралцмаар байна. Манай Улсад байгалийн хий олдоогүй байгаа. Гэхдээ бид нүүрснээс байгалийн хий гаргаад БНХАУ-д тусгай хоолойгоор импортлох юм. Бид энэ салбарт дөнгөж хөл тавих гэж байгаа учир та бүхний дэмжлэг чухал байгаа" гэж онцоллоо.
Мөн Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалж буйд УИХ-ын дарга баяр хүргэн амжилт хүсээд, Мьянмар улс Монгол Улсыг НҮБ, АСЕМ-д элсэхэд болон ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд дэмжиж ирсэнд Монголын ард түмэн талархаж байдаг гээд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсэв.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн “Биднийг Монгол Улсад халуун дотноор угтан авч байгаад баяртай байна. Монгол Улс ардчиллын замд ороод багагүй хугацаа өнгөрсөн. Танай улсын  ардчиллын туршлагаас хуваалцах чин хүсэлтэй байна. Их Хурлын дарга таны хэлснээр хоёр орны парламент хоорондын харилцаа чухал юм. Мьянмар Улс 100 гаруй үндэстэн ястанд хуваагддаг. Ард түмний хүсэл сонирхлыг дээдлэн ардчилсан нийгэмд эргэлт бүцалтгүй орж байгаа. Монгол Улсыг тайван замаар ардчиллын замд амжилттай орсон орон гэж бид үздэг. Бид ч мөн тайван замаар ардчиллын замд орно гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Монгол Улсаас Мьямарын Холбооны бүгд Найрамдах улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ч.Баттөмөр, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан