Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хариуцлага тооцжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай тушаалыг Үндсэн хуулийн цэцийн дарга  Ж.Амарсанаа өчигдөр гаргажээ.

Энэ сарын 9-ны өдөр АТГ-аас үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх эсэх тухай албан бичгийг ирүүлсэн байна. Тиймээс албан бичгийн дагуу шалгасны эцэст түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэж үзжээ.

 Ингээд түүнд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Авлигын эсрэг  хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтыг үндэслэн "албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах" шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх зүйн байдалд хамаарахгүй болохыг дурджээ.

Ямартай ч Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хуулийн  хариуцлага хүлээлгэчихлээ. Тэгэхээр түүнд одоо дахин хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс нь хаагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хуулинд нэг зөрчлийн төлөө тухайн хүнд давхар давхар хариуцлага хүлээлгэх зарчим байдаггүй. Тэгэхээр одоо түүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ямар ч эрх зүйн үндэсгүй болж байгаа юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцээс хариуцлага хүлээлгээд байгаа Д.Сугартай ярилцсанаа хүргэж байна.

-Ойрд та шүүх, Авлигатай тэмцэх газар гээд их л шалгуулж байна. Одоогоор асуудал ямар шатандаа явж байна? Өнгөрсөн Баасан гаригт энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна лээ.

- Шалгаад байгаа, тогтоогоод байгаа гээд л  та нар, танай хэвлэлийнхэн л шуугиад байх юм. Гэтэл чи ийм юманд холбогдчихлоо, шалгана гээд дуудсан газар, уулзсан хүн алга л байна. Би бол харин ч шалгуулж учраа олмоор байдаг. Аль 2013 оны 3 дугаар сарын 18-ны Үндсэн хуулийн цэцийн албан бичиг, миний бичгээр гаргасан хүсэлтэд ийм л юм байгаа.

Үндсэн хуулинд гэм буруу нь шүүхээр тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэнд тооцож болохгүй заалт бий. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой хууль бий. Хуулийн ийм л тодорхой заалт байсаар байтал гүйцэтгэх ажлын шугамаар авсан батлагдаагүй материалаа цагдаа нь өөрөө хэвлэлд аваачиж өгөөд, түүнийг нь хэвлэл аль хэдийн алийгаа алдсан гэмт хэрэгтэн мэтээр зарлах нь Үндсэн хуулийн зарчмын асуудал шүү. Тэр байтугай хэргээ хүлээчихсэн гэмт хэрэгтнийг ч хүнийх нь хувьд эрхийг нь хуулиар хамгаалах л зарчимтай.

Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн уулзаж тайлбар авсан. Хуучин өөр ажил дээр байх үеийн юм асуугаад байна лээ,  их бэлтгэлтэй, цаанаасаа даалгавартай нь мэдэгдээд л байна. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг би юу гэхэв дээ. Харин бүх хүнийг л адилхан ингэж шалгаад хэвшүүлчихвэл нийгэмд хэрэгтэй. Хуучин ч энэ асуудалд баахан хайхрамжгүй хандацгаадаг байлаа ш дээ, үнэндээ.

-Таныг хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн гэх юм. Энэ үнэн үү, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагдсан гэх юм, бодвол шалгаж үзээд л баталжээ дээ.

- Би өөрийгөө ямар ч зөрчил гаргаагүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нэг л хэдэн төгрөгөө хадгалуулсан, банкинд түр хийж түүгээрээ байр аваад зарсныг бүгдийг нь нэг хавтгай дээр тавьчихаад одоо өнөөдөр ийм л олон мөнгө хөрөнгө, объекттой болгож харагдуулаад байгаа нь л хэцүү. Тэгээд ч энэ чинь 2007-2010 оны үед гарсан зөрчил, захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь ч аль хэдийн өнгөрчихсөн.

Шинэ ажилд 2012 оны 5 дугаар сарын 8-нд ороод хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд 6 дугаар сарын 1-нд бөглөсөн байна. Үүний урд 5 дугаар сарын 31-нд хүнээс авах ёстой 113 сая төгрөгөө авч өрөндөө өгсөн бөгөөд 6 дугаар сарын 1-нд аль хэдийн минийх биш болсон учир хөрөнгө орлогын мэдүүлэгт бичих шаардлагагүй л гэж үзсэнээ, одоо ч тэгж л бодож байна. Өө эрээд л байвал наран дээрээс ч толбо олдоно.

-Хонконгт данстай гэсэн үнэн үү, мөн Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан  таны мөнгө байдаг гэсэн, Япон, Солонгост үл хөдлөх хөрөнгөтэй гээд хаягийг нь тодорхой хэлсэн байна лээ, Авлигатай тэмцэх газар мэдэгдсэнээр болон хэвлэлд бичсэнээр бол та их баян хүн шиг?

- За би амьдралынхаа байдлыг яг байгаагаар нь хэлье. Орох орон унах унаа төдий юм байна. Хүмүүс намайг хазайсан дээр түлхчихгүй бол нэг гайгүй байрны мөнгө байгаа байх. Одоо амьдарч байгаа байр их хуучирч байгаа учир нэг байртай болох бодол бий. Бэлгэнд ирсэн 1-2 хурдан морь за ингээд болчихлоо. Одоо үүнийг уншсан хүн баян гэнэ үү, ядуу гэнэ үү өөрөө шийднэ биз. Энэ бүгд хөрөнгө орлогын мэдүүлэгт ном ёсоороо байгаа. Энэ зэргийн айл, та нарын мэдэх олон л байгаа. 

Яг өнөөдөр гадаадад нэг ч долларын хадгаламж, барилга, хөрөнгө байтугай барилгад хэрэглэх тоосго ч алга. Насаараа төрийн алба хашсан минь үнэн, харин муу хааж байгаагүй юм шүү. Хүн байтугай адгуус амьтан ч ижил хань, үр төлөө тэжээх үүрэгтэй. Би ч цалингийн хажуугаар юухан хээхэн олж үр хүүхэд, хань ижлээ өлсөгчихгүй байхыг хичээдэг байсан. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд. Бүр 1992 онд хүнсний дэлгүүр хувьчилж авч байлаа. Тэр үед хөрөнгө орлогын мэдүүлэг гэж байгаагүй. Ингээд 2001 онд “ҮҮЦ” ХК-ийг хувьчилж аван ажиллуулж орлого, дивиденд авдаг, түүнийгээ тухайн үеийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яг таг бичдэг байлаа. Өөрийн эзэмшдэг хувиа 2007-2008 онд хамтрагчдаа 603 мянган доллараар зарж энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн. “Зууны мэдээ” сонины 2007 оны 8 дугаар сарын 1-ний Лхагва гарагийн дугаар төрийн албаныхны хөрөнгийн жагсаалтыг хэвлэжээ. Эндээс харагдсан зураг гэвэл өчүүхэн миний орлого одоогийн олигархиуд гээд байгаа тэр үеийн мундаг бизнесмэн-улс төрчдийн хамгийн томынхоос 3 дахин их  болж байсан. Ингэж олны анхаарал татах болсон нь надад хүндээр туссан. Түүнээс гадна ихэнх нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа бөглөдөг нь ч ойлгомжтой боллоо. Ингэж боловсронгуй бус нийгэм жирийн  шударга гишүүнээ зөрчил рүү түлхэж, би энэ орлогоо мэдүүлэхээ зогсоосон л алдаатай хүн.

Шаазгай зүү олоод хийх газраа олдоггүйн үлгэрээр энэ жаахан мөнгөө 5 хувийн хүүтэйгээр хүнд зээлүүлж, дараа нь банкинд хадгалуулж түүгээрээ Японд байр авч, түүнийгээ мөн зарж тэр мөнгөөрөө Солонгост байр авч дараа нь зарсан. Нэг л хэдэн төгрөг эргэлдээд явж байгааг өнөөдөр баахан хадгаламж, олон газар үл хөдлөх хөрөнгө байгаа юм шиг зориуд сурталчилж байна. Тэр албан ёсоор өгсөн мэдээллээс дүнг нь сонссон байх. Япон, Солонгост 2-3 өрөөтэй байрны үнэ манайхаас ч хямд байсан, одоо юу болж байгааг мэдэхгүй. Мөнгөтэй хүн мөнхөрдөггүй, үхэхдээ үүрээд явдаггүй. Үүнээс илүү мөнгө надад хэрэг ч үгүй, олшруулж арвижуулах гэж хичээгээ ч үгүй. Гэхдээ хорвоогийн гэнэтийн юм, өвчин зовлонгийн өмнө гар хоосон байж бас болдоггүй юм билээ.

-Нийтийн дунд бүрэлдсэн таны имиж арай л өөр байгаа даа?

- Надад хүнээс илүү юм байхгүй, дутуу л юм байгаа. Төрийнхөө төлөө үнэхээр шударгаар ажиллая гэж хичээн, уул нь тэгэж чадсан гэж боддог юм. Надтай олон жил хамт ажилласан Хууль зүйн яамныхан, Төрийн өмчийн хорооныхон, удирдлаган дор байсан 81 компанийн дарга, нягтлан нараас Сугар ямар хүн бэ? гэж асуудаг ч болоосой. Тэгвэл хэвлэлийнхний бүрдүүлснээс арай өөр дүр зураг гарна даа.

Би чөлөөт хэвлэлийн талын хүн, жаахан хэтрүүлээд ч гэсэн, алдаа гаргаад ч гэсэн нийгмийн бузар булайг уудалж олон нийтэд мэдээлж байх ёстой. Тэгэж ч байгаа байх. Гэхдээ хэлэхгүй байхын аргагүй хэдэн юм байна. Юуны өмнө ихэнх сонин, сайт, телевизүүд мөнгөтэй баячууд, улс төрчдийн хармаанд орж тэдний атгаг, хонзонч даалгаврыг гүйцэтгэн түүнийхээ төлөө шавхруу долоодог боллоо. 350-450 сая төгрөгийн хаалтын гэрээ хийж энэ мөнгөө төлсөн хүнийг магтан дуулж, төлөөгүйг нь шавар, шавхайтай хутгаж байна. Хамгийн хэцүү нь мэдээллийг өөрөө олж, өөрийн толгойгоор боловсруулдаг сэтгүүлч ховордож, бусдаас дуулсан юман дээр сэвс үзсэн үхэр шиг орилох юм. Хэвлэн нийтлэх хайран ч эрх чөлөө, хайран ч боломж...

Хэвлэлийнхний миний  тухай бүрдүүлсэн имиж бол Монголын хамгийн том авлигач, луйварчин, хэнд ч дийлддэггүй мангас, хэмжээ хязгааргүй баян хүн. Гэтэл би хөрөнгө, баялгийнхаа талаар мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч байгаа  ч юм шиг, эмчид зовиураа хэлж байгаа ч юм шиг илэн далангүй тайлбарлалаа шүү. Байгаа үнэн л энэ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоорч байх ёстой. Надад ийм тавилан байгаа л гэж итгэдэг.

-Байсхийгээд л томоохон хэргүүдэд таны нэр холбогдоод байх юм, энэ ямар учиртай юм бэ?

Харин тиймээ, холбогдоод байгаа юмуу, холбох гээд байгаа юм уу?, нэгэнт л асар муу хүн гээд зарлачихаар муу юм дайралдвал хамгийн түрүүнд нөгөө хар овоохой санаанд ордог байх. Хоёрдугаарт, зөв зорилготойгоор гаргасан сайхан санааны итгэлийг муугаар ашигладаг хүмүүс бас байнаа. Яаж ийж байгаад л удирдамж батлуулчихсан, цохолт хийлгэчихсэн явдал гарсаан. Гэвч үнэхээр хувааж идэх зорилго байгаагүй, тийм юманд оролцоогүй болохоор тэр нотлогдоод одоогоор айхтар буруудчихаагүй л байна.

-Төрийн өмчийн хорооны дарга байх үеийн асуудал их сөхөгдөх юм?

Одоо ТӨХ юу хийж байгааг сайн мэдэхгүй. Тэр үед төрийн өмчийн тооллого, бүртгэл өмчийн нэгдсэн баланс, өмч хувьчлал, концессийн гэрээ, өмчийн гадаад харилцаа, дээр нь Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт, Монрос  гээд улсын аж ахуйн, эдийн засгийн бүх л асуудал төвлөрч байлаа. Тэр хэмжээгээр өмчийн сонирхол,  аж ахуйн эрх ашиг төвлөрсөн газар байв. Нэг үгээр хэлбэл Засгийн газрын эдийн засгийн удирдлагын штаб байсан юм шүү. Би дарга байхдаа жилд 41 удаа шүүхэд дуудагдаж байсан удаа ч бий. Нэг их буруудаж байснаа санахгүй л байна. Яг тодорхой ажил бүрийг хариуцсан, янз бүрийн ааш араншин, хүмүүжил зорилготой хүмүүс ажиллана. Тэдний өмнөөс ч юм дуулна, өөрт ч алдаа дутагдал байж л таарах.

-МИАТ-ын гэх хэрэгт нэлээд холбогдсон,  одоо бас Эрдэнэтийн ган бөмбөлөг буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Алтан Дорнодын Ганболдын хэрэгт мөн таны нэр холбогдоод яваад байна, энэ ямар учиртай вэ?

МИАТ-ынхны хийсэн хэрэг нь нотлогдоод, өгсөн авсан ч тодорхой болж хэрэг нь дууссан. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй. Тэнд холбогдсон нэг нөхөрт мөнгөө зээлүүлсэн байгаад цувруулан буцаан авсан, тэр нөхөр буцаан өгөхдөө ББСБ-аараа дамжуулан өгсөн юм билээ, яах гэж тэгснийг нь ч би ойлгоогүй. Үүнийг зохих  шугамаараа шалгасан байх, ойлгомжтой болоо биз дээ. МИАТ-ын хэрэгт 5-6 хүн холбогдож олон жилийн ял авсан. Энгийнээр бодоход хэрвээ би оролцоод хуваагаад идчихсэн бол тэд чинь намайг хэлнэ дээ. Нөгөө байгууллагынхан болохоор хүн бүртэй уулзаад сайн байна уу гэхийн оронд Сугартай ямар холбоотой вэ? гэж асуусан байгаа юм. Харин миний эсрэг хэн ч ямар ч мэдүүлэг өгөөгүй байна. Юмны уг нь үнэн болохоор л ийм дүн гарчээ л гэж бодсон. Одоо Ганболд ямар юмтай холбогдчихоод байгааг мэдэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг хааж ажилчдаа тараах санал хэлэхэд нь ингэж болохгүй, ямар ч аргаар хамаагүй ажиллуул гэж үүрэг өгсөн юм. Энэ үүргийг биелүүлэхийн тулд олон гэрээ байгуулж, заримыг нь батлуулж байсан. Тэр дотор наад ган бөмбөлөгийн гэрээ будлиантай болж таараад Авилгатай тэмцэх газраас шалгаж учир нь олдсон. Одоо бас тиймэрхүү юм гарч ирж байхыг үгүйсгэхгүй. Миний баталгаатай  хэлж чадах юм бол хувьдаа ашиг олох гээд л хэн нэгэнтэй гэрээ байгуулахыг дэмжиж байгаагүй, хэзээ ч тийм юм болоогүй.

-Таныг ингэж шалгаад байгаад улс төрийн сонирхол, нам бүлэглэлүүдийн хоорондын асуудал байгаа юу?

Үгүй биз дээ. 2004 онд намаас түдгэлзээд, намын гишүүн биш болсноос хойш 10 жил өнгөрч байна. Аль аль нам намайг нэг их улс төржөөд байдаггүйг мэднэ. Тэгээд ч улс төрийн том намууд надаар яахав дээ. Харин аль хэдийн болсон шалихгүй юмыг мартдаггүй, хонзон санасан, эрх мэдэлтэй, өөрийн гэсэн сайт, сонин хэвлэлтэй 1-2 хүн байна лээ. Тэглээ гээд би одоо яахав дээ, байгаагаараа л байхаас.

-Таны бие одоо ямар байгаа вэ, Тархины хүнд хагалгаанд орж байсан санагдана, эмчлүүлж байгаа юу?

Бие сайн байгаа. Японд очиж тогтмол үзлэгт орох ёстой, энэ жил чадсангүй. Хүмүүс намайг цус харвачихсан гэж ойлгоод байдаг юм. Уг нь цус харваагүй, тархины хагалгаанаас энэ талын мэдрэл гэмтчихсэн юм. Би чинь таргалж өөхлөөд, даралт ихсээд байхааргүй эрүүл амьдралын хэвшилтэй.

-Таны хүү хар тамхины хэрэгт шалгагдаж, шүүх хурал болоод байгаа, энэ талаар юу хэлэх вэ?

Шүүхээс хар тамхины зүйл хадгалсан, хэрэглэсэн гэж 2 жилийн ял өгсөөн. Адилхан 12 хүүхэд алдаж эндсэн байхад Сугарын хүү гэдгээр нь л хагас жилийн турш бичлээ. Оноосон ялаас нь харахад уруу татсан, зохион байгуулсан хүн биш л байгаа биз дээ. Миний хүү алдсан, би өмөөрөхгүй, алдаагаа засах өдөр ирнэ.

Монголын нийгэм их өөрчлөгдөж, хүний зовлонд их баярладаг болж, зол муут эцгийн зовлонгоор бага ч гэсэн баярла даа. Сүүлийн үед некрологи уншаад кайф авдаг хүн олшроод байгаа гэнэ лээ.

Энэ ч яахав, цаана чинь тэр аюулыг хилийн чанадаас оруулж ирдэг, борлуулж түгээдэг томоохон сүлжээ, архаг гэмт хэрэгтнүүд сүлжээ, бизнесээ өргөжүүлэхийн тулд бололцоотой гэж үзсэн айлын хүүхдүүдийг судлчихсан, уруу татахаар ангуучилж байна гэнэ шүү. Өөрсдийнхөө нялх үрсийн талаар болгоомжтой байгаараай гэж захья.

-Авилгатай тэмцэх газраас таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Улсын Их Хурал болон Үндсэн хуулийн цэцэд албан бичиг илгээсэн гэсэн. Энэ талаар танд мэдэгдсэн үү?

Мэдэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай  заалттай. Тэгэхээр эхлээд Үндсэн хуули йн цэц дээр шийдвэр гарах байх. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Би бас хууль бусаар хэлмэгдмээргүй байна. Тэгээд ч яриад байгаа зөрчил чинь захиргааны юм уу, сахилгын арга авах хэмжээний зөрчил шүү дээ. Үнэнийг хэлэхэд бүгдийг нь ийм түвшинд шалгаж, ийм арга хэмжээ авч чадвал Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн тал нь ч үлдэхгүй.

Харин нэг их айхтар гэмт хэрэг үйлдчихээд Үндсэн хуулийн цэцийн хамгаалалтад үлдчихлээ гэсэн нэр явмааргүй байна. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа, энэ төрийн нүүрэн дээр хууль зүйн боломжийг нь олж байгаад сайн дураараа бүрэн шалгуулна, битгий санаа зов.

Би сая мэдэж авлаа, 2007-2010 оны хооронд хөрөнгө орлогоо буруу мэдээлсэний төлөө надад Үндсэн хуулийн цэцээс захиргааны арга хэмжээ авч байгаа юм байна. Энэнд ч би гомдолтой л байна. Гомдол гаргах эсэхээ бодож байгаад шийдье. Бүх юм хууль номоороо л явах ёстой. Яасан гэж Төрийн өмчийн хорооны даргын алдааны төлөө Үндсэн хуулийн цэц захиргааны арга хэмжээ авдаг билээ.



0 Сэтгэгдэл
turiin oroltsootoi olon kompaniin TUZ-iin gishuuneer baij ih idej uusan gej sonsson um bna. enkhiin tsagaan tagtaa bish bgui dee
японд харштай, ийм луйварчинг цалингийн 30 хувиар торгод яахав дээ. Ёстой хөх инээд нь хүрч байгаа биз. Шууд буудчих.
Хамгийн их уншсан