Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНДИ: Монгол үг үхэл дуулахад зохидоггүй

“Аясын салхи” хамтлагийн ахлагч Энди буюу Д.Энхтэгштэй ярилцлаа. Хар хувцас, хар нүдний шил ижилсүүлсэн, ямаан сахалтай энэ залуугийн амьдралын сүүлийн 30 жилийн амьдрал метал рок хөгжмийн хэмнэлээр өрнөжээ. ЗХУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны Волгаград хот дахь Мөрдөнгийн дээд сургуульд сураад ирэхдээ бусдад гадуурхагдахаа мэдсээр байж метал рок гэдэг хөгжмийн урсгалыг “Аясын салхи” хамтлагтай авч ирсэн түүний амьдралд зөрчилтэй зүйл ч олон аж. Ингээд түүнтэй тэр зөрчлүүдийн талаар, үхлийн тухай, метал рок урсгалын хөгжил гээд нэг цаг гаруй өрнөсөн яриагаа хүргэж байна.

-Уулзахаар хүлээж байх хоорондоо танай хамтлагийн тухай мэдээлэл харж суулаа. Байгуулагдаад 30 жил болчихсон метал рок хамтлаг. Магадгүй энэ хугацаанд та бүхний хийсэн бүхэн “Монголын метал рокын загалмайлсан эцэг” гэдэг өргөмжлөл авчрахаар л болсон байх...
-Анхны асуулт зөв байна. Яагаад гэхээр хүмүүс метал рокыг хүмүүс рок хөгжимтэй хольж хутгаад байдаг. Рок хөгжим бол 1950-иад онд үүссэн.
Харин метал рок чинь 1980-иад оноос үүссэн цоо шинэ урсгал. Метал хөгжим хэдийгээр рокоос үүсэлтэй ч одоо бол биеэ даасан урлаг болчихсон. Сонгодог урлагийг дээдсүүдийнх гэдэг биз дээ. Дуурь, балетыг тэр бүр хүн үздэггүй. Түүн шиг метал хөгжим тусгай хүрээний хүмүүст зориулагдсан. Гэхдээ дээдсийнх биш шүү. Өөрийг чинь метал рок гэж хэлэхээр баярлаж байна. Яагаад гэвэл сурвалжлагч хүн миний өмнөөс харж суугаад “Аясын салхи” хамтлагийг рок гэвэл би уурлаад ярилцлага өгөхгүй ч байж магадгүй. Ингэж ялгаж салгах хамгийн зөв. Манай хамтлаг 1984 оны дөрөвдүгээр сарын 16-нд байгуулагдаад, 30 жил болчихсон байна. Тэр үед арван хэдтэй бацаанууд л байсан. Гадаадад сурч байсан болохоор арай барууны хөгжимд ойр. Тэр үед чинь манайд Оросын эстрад, “Битлз” л байлаа. Харин бид тэднээс өөр зүйл сонсдог байсан. Мэдээж энэ бол метал хөгжим. Миний бас нэг бахархал байдаг л даа. 1980-аад оны ихээр "Heavy metal" гэдэг урсгал дэлхийд маш хүчтэйгээр гарч ирсэн. Тэгэхэд 1984 онд Монголд "Heavy metal" хамтлаг байгуулж байснаараа одоо бахархдаг. Монголын метал хөгжмийн түүх гэвэл өнгөрсөн 30 жилийн тухай ярих болж байгаа биз дээ. Гэтэл урд хөршид л гэхэд 10 гаруйхан жилийн түүхтэй явж байгаа.

-Хөгжмийн урсгалын хөгжлөөс хоцроогүй нь та хэдийн бас гавьяа гэж хэлж болохоор?
-Тухайн үедээ хөгжлөөс хоцрох, түрүүлэх тухай бодоогүй. Бид энд тэр урсгал их сонин зүйл байсан. Хүмүүс “Boney M”, “Smokie” сонсч байхад бид ондоо гаригийн юм сонсоод байгаа байхгүй юу. Яахав тухайн үеийн эстрад амархан, сонсоод ойлгоход хүүхдийн тоглоом шиг. Харин метал нь огт ойлгохооргүй зүйлийг тоглоод байсан. Тэгэхээр нь л энэ ямар хүчирхэг хөгжим бэ гэдгээс эхлээд л сонирхож эхэлсэн. Шүтсэн. Шүтчихсэн болохоор энэ стилиэр тоглодог хамтлаг байхгүй учраас хамтлаг байгуулъя гэж шийдээд л нэгдсэн. Одоо эргээд харахад тийм эрт энэ урсгалыг аваад ирчихсэн маань л сайхан.

-30 жилийн дараа эргээд харахад та бүхэн ер нь юу хийсэн байна вэ?
-“Харанга”, “Хурд”, Сараа, Ариунаа гээд ярихаар тэд бол хүнд танигдах уран бүтээл хийсэн. Харин хүмүүс асуудаг л даа, биднээс. “Аясын салхи” хамтлаг 30 жил болчихоод яагаад телевизээр ч гардаггүй юм бэ гээд. Үүн дээр ганцхан тайлбар байгаа. Метал рок гэдэг маань “Underground” буюу тусгаарлагдсан хүмүүст л зориулагдсан. “Anti-commercial” буюу ашгийн бус. 30 жил хөгжим тоглохдоо бид мөнгө олъё гэж ганц удаа бодож байгаагүй. Зөвхөн метал урсгалын төлөө л явсан. Мэдэхгүй хүмүүс болохоор “Аясын салхи” гэж нэрийг нь сонссон л гээд байдаг. Уран бүтээлийн тухайд өнгөрсөн хугацаанд бие даасан таван тоглолт хийж. Дуулсан дуугаа тоолох гээд хэрэггүй байх. Хамгийн гол нь л бид метал урсгалын стандартад таарсан зүйлийг л хийх гэж хичээж байсан. Тэр бол ихэвчлэн үхлийн тухай дуулах. Би ээждээ маш их хайртай. Гэхдээ би хэзээ ч түүнийг дуулахгүй. Эх орондоо хайргүй монгол хүн байдаггүй. Тэглээ гээд ээжийн тухай, эх орны тухай метал рокоор хэзээ ч дуулдаггүй. Үхлийн тухай л дуулах ёстой.

-Үхлийн. Амьд мөртлөө, үхэж үзээгүй байж үхлийн тухай дуулна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байна?
-Монголчууд үхэл ярихаар нэг л цэрвээд байдаг. Тийм хүмүүст бид “Чи өнөөдөр үхлийн тухай ярихад цэрвэж болно оо. Маргааш чи үхэж болно. Тиймээс хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуй. Эх орондоо юу ч хийгээгүй бол хий. Үхэл хэний ч нүдэнд харагдахгүйгээр эргэн тойронд чинь оршин байдаг” гэж хүмүүст сануулаад байгаа юм. Амьдралд хоёр үнэн байдаг биз дээ. Үхэх, төрөх. Түүний нэгийг нь л дуулаад байна. Хүмүүс л тэрийг дуулдаггүй болохоос биш.

-Та үхэлд хэр бэлтгэгдэж байна?
-Сонирхолтой асуулт байна. 30 жил үхлийн тухай дуулж байна. Үхэл миний найз шиг. Үхэлтэй тулгарчихвал би чи л гэж харьцана. Гэтэл манайхан үхлийг хар бараан, хаалттай байлгах гээд байдаг.

-Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг...?
-Яг зөв. Ярихыг хүсдэггүй сэдэв учраас. Хэрэв үхэлтэй нүүр тулбал найзындаа зочилж байгаа юм шиг л явна. Асуудалгүй.

-Хөгжмийн урсгал тэр дундаа амьд хөгжим тэр чигээрээ философи юм аа?
-Тийм. Метал рок урсгалд хэзээ ч миний эх орон дэлгэсэн тэрлэг шиг гэсэн үг орох ёсгүй. Тэрийг дуулдаг хамтлагууд пиг чихчихсэн байгаа биз дээ. Тэд л дуулаг.

-Хоёр нийгмийг үзсэн, зуун дамжсан “юм үзсэн” хүмүүсийн хувьд үхэл хагацал дуулаад явж байхад эсэргүүцэлтэй тулгарч л байсан биз дээ?
-Бид цоо шинэ барууны юм тоглож байгаа учраас хүмүүс анхандаа ойлгоогүй. Гэхдээ метал рок гэж ийм хүчирхэг урсгал байдаг юм шүү гэдгийг ойлгуулах гэж тоглосон. Уран сайхны зөвлөлийнхний шүдний өвчин болж байлаа. Хамтлаг маань хаагдаж, ямар ч тоглолтод оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах эрхгүй болж байсан үе бий. Үзэгчдийн сэтгэл санаа, зөрчил бидэнд огт сонин биш. Метал рок бол... гээд л 10 хүнд 10 удаа тайлбарлахаас төвөгшөөдөггүй байсан. Би өөрөө цагдаагийн мөрдөн байцаагч байсан учраас намын даргад байнга дуудагдана. “Чи мөрдөн байцаагч хүн байж барууны үзэл суртал дууллаа. Чиний наад хөгжмийг зөвхөн алуурчин, дээрэмчинд л дуулна. Боль” гээд л арга хэмжээ олон  ч удаа авахуулж байсан.

-1990 он гарснаас хойш дүү хамтлагууд нэг хэсэг олноор төрөн гарсан. Ардчиллын ач биз?
-Ингээд ганцаараа хага үзэлцэж байтал “Аясын салхи”-ийн хойноос 10 гаруй хамтлаг гарч ирсэн. Бахархмаар зүйл байсан.

-Тэр 10 гаруй хамтлагаас хойш бүр олон хамтлаг төрөн гарсан. Минийхээр бол металл рок хөгжөөд л байна. Харин таныхаар...?
-Метал хөгжмийн гоё зүйл нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи зарим урсгалыг мэднэ биз дээ. Брек, хип хоп ч юм уу. Гарч ирээд хэдхэн жил болоод л алга болчихдог урсгалууд байдаг. Метал хөгжим хэзээ ч ингэж алга болохгүй. Үргэлж шинэчлэгдээд л явдаг. Манай хамтлаг анх "Heavy metal" урсгалаар тоглож байгаад “Trash metal” урсгал руу орсон. Харин одоо “Death metal” дуулж байна. Гэхдээ “Death metal” дуулдаг 10 хамтлаг дахиад л дотроо өөрөөр дуулдаг. Шинээр гарч ирж байгаа хамтлагууд өөр өөр урсгалаар дуулж байгаа нь сайн. Гэхдээ би шинэ хамтлагуудад нэг л зүйл хэлдэг. “Аясын салхи” байгуулагдахад бид хүүхэд байсан. Тэр үед Монголд хэзээ ч байгаагүй урсгалаар тоглох гэж байгаа учраас эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэддэг байсан. Тиймээс “Хамтлагийн эрмэлзэх 10 зүйл” гэсэн тангарагийн бичиг хийж байлаа. Хамтлагийн нууцыг задруулахгүй, өөр хамтлагт урвахгүй гэсэн утгатай. Юу хийх гэж байгаагаа ингэж тодорхойлчихсон байсан учраас бид 30 жил амьд явж чадсан. Гэтэл одоогийн шинээр гарч ирж байгаа толгойноосоо том нэртэй хамтлагууд нэг наадамд оролцоод л дараа нь таарахад тарчихсан байдаг. Нөгөө хамтлаг чинь яасан гэхээр салаад өөр өөр хамтлагт орсон гээд л явдаг. Хэрэв үнэхээр хамтлаг байгуулах гэж байгаа бол хүмүүсээ нэгтгэж, барих ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Хамтлаг чинь хамт л байх ёстой биз дээ. Хэн дуртай нь орж, гарч байдаг хаалга нь нээлттэй байх хэрэггүй л байхгүй юу. Манайхан одоо ганцхан дуу дуулсан хүнийг дуучин л гэдэг. Дээр үед бол тэднийг сайн дурын уран сайханчид гэдэг байсан. Гоё л нэр байгаа биз дээ. Үнэхээр дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэн, авьяас билгээрээ ялгарсан бол дуучин. Одоо ч гэсэн ингэж ялгаж, салгамаар л санагддаг. Би 30 жил дуулсан ч өөрийгөө дуучин гэж боддоггүй. Бас ганц хоёрхон удаа дуулчихаад л алга болчихсон хамтлаг гэнэт гарч ирээд манай хамтлагийн хэдэн жилийн ой гэдэг. Тэр бол бас тэнэг асуудал.

-“Death metal”-ийн дараа...?
-“Death metal” бол метал рокын оргил нь. Хамгийн хэцүү, хамгийн хурдан, хамгийн хүнд. Бид нар боддог л доо. Метал урсгал дахиад цааш хөгжвөл бидний тоглож байгаагаас хурдан болно гэж байхгүй. Тийм учраас эргэх байх. Моод эргэдэг. Ингэж өөрчлөгдөж байгаа нь метал хөгжим сөнөхгүй байхын үндэс.

-Таны ярианаас эсрэг тэсрэг зөрчилдөөн их ажиглагдлаа. Амьд мөртлөө үхлийн тухай дуулдаг. Цагдаа мөртлөө сайн дураараа эсэргүү болчихсон, ээждээ хайртай ч түүний тухай дуулдаггүй. Бас рокер мөртлөө гарт чинь нэг ч шивээс алга?
-Цагдаа болж байхдаа хэзээ ч биендээ шивээс хийхгүй гээд тангараг өргөчихсөн. Тэгээд ч дэлхий дээр метал рок мөртлөө шивээсгүй нэг ч гэсэн хүн байг л дээ. Ер нь, би ажлаа хийгээд метал хөгжмийг орхичихсон бол энэ урсгалд Монголд саяханаас л орж ирэх байсан. Бидний хойноос төрсөн хамтлагууд 2000 он гарчихсан байхад байгуулагдсан. Хэдийгээр тухайн үедээ буруу байсан ч одоо эргээд харахад зөв байгаа биз дээ. Үхэл чамайг маргааш авъя гээд сануулдаггүй учраас үүнийг дуулах л ёстой. Бусдад анхааруулах хэрэгтэй. Хэрвээ чи хөдөө байдаг аав, ээждээ очиж уулзалгүй удсан бол оч, нэг бүсгүйг гомдоочихсон бол уучлалт гуй гэдгийг дуугаараа хэн нэгэн хэлэх ёстой.

-Та хэр ачлалтай хүү вэ?
-Нам засгаас ч тэр, үхлээс ч тэр би айдаггүй. Ганцхан ээжээсээ л айдаг.

-Уран бүтээлийн хувьд танай хамтлаг тэр үхлийн тухай дуунуудыг хаанаас авдаг юм бэ?
-30 жилийн хугацаанд дуулахдаа бүх дуугаа өөрсдөө зохиосон. Барууны жишгээр дуулах гэж эрмэлздэг ч ганц ч дуу хуулж дуулаагүй. Манайх англиар дуулдаг. Бүх үгээ би зохиодог. Англиар дуулахын тулд гурван удаа шүлэг бичиж байж нэг дуу төрдөг. Эхлээд санаагаа монголоор буулгаад, Орос руу орчуулдаг. Дараа нь англи хэл рүү хөрвүүлнэ. Гэхдээ би англи хэлэнд нэг их нэвтэрчихсэн хүн биш л дээ. “Death metal” чинь өөрөө барууны хөгжим. Тиймээс тэр урсгалыг англиар дуулж байж л жишигт нь очдог. Чи мэдэх үү, Оросын мундаг “Death metal” хамтлагууд байна. Гэхдээ хэзээ ч нэрд гардаггүй. Англиар дуулдаггүй учраас. Франц, Испани ч адилхан. Бас үхлийг чи Монголоор дуулж байна гээд төсөөл дөө.

-Сонсогчид нь монгол учраас хүлээж авах байдал нь ч тэр төсөөлөгдөхгүй байна?
-Надад ч гэсэн үхлийг англиар дуулахад амар байдаг. Монгол үг үхлийг дуулахад зохихгүй байхгүй юу.

-“Аясын салхи” гэдэг нэр метал рок урсгалд ер нь тохирох уу?
-Анх хамтлаг байгуулахдаа бодож байсан. Ямар ч байсан Монгол үг байна гэж. Өөрийнхөө хүүхдэд хэн ямар нэр өгөх нь хамаагүй л дээ. Гэхдээ жаахан хүүхдэд Чингис гээд нэр өгчихсөн, өнөөх нь муу сураад байвал болохгүй биз дээ. Иймэрхүү зүйлийг нэр өгөхдөө бодох хэрэгтэй. Социализмын үед “Үхлийн шуурга” гэдэг нэртэй хамтлаг байвал урдаас “зайл” гэнэ биз дээ. Тэгээд л эсрэг утгаар нь “Аясын салхи” гээд өгсөн. Гоё намуухан сонсогдож байгаа биз.

-Салхи танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ. “Аясын салхи” хамтлагийн нэр, тоглолтын нэр нь “Дорно зүгийн салхи” гээд л бас дуунуудад чинь салхи гэсэн үг их орсон байдаг...?
-Хамгийн эрх чөлөөтэй зүйл бол салхи. Тэр хаана байхаа хэнээр ч заалгадаггүй. Салхи өөрийн орон зайтай. Хөндийн салхи, уулын салхи, дорно зүгийн салхи гээд. Бас өөрийн чиглэл, ааш, өнгөтэй. Тийм эрх чөлөөг хүсдэг учраас салхийг дуулдаг. Салхи миний хувьд эрх чөлөө. Манай хамтлагийн уран бүтээлд ч гэсэн салхины тухай дуу олон. Эмэгтэй хүнд амьдралаа зөв эхлээрэй, чамд хайртай гэсэн бүхэн үнэн биш шүү. Чиний хайр үүлэн дээр биш, дэргэд чинь байгаа гэсэн утгатай дуугаа “Ариун салхи” гэж нэрлэсэн байж жишээтэй. Чамд ойлгогдож байгаа биз дээ.

-Ойлгож байна...
-Салхи бол маш олон утгатай. Яаж хэрэглэхээс хамаараад.

-Та ямар хөгжим сонсдог вэ?
-Ардын дуугаа сонсох дуртай.

-Таны аав, ээж урлагийн хүн байсан учраас социалист нийгмийн үед хүүгээ гадуурхагдаад явж байгааг ойлгодог байсан уу?
-Бага ангид байхдаа “Сүүний үнэр шингэсэн...” гээд л дуулахаар үзэгчид уйлчихдаг байсан. Жаахан хүүхэд юугаа ойлгох вэ, хөөрхөн дуулчихдаг л байсан юм байлгүй. Аав, ээж хоёр маань насаараа бүжигчин хийсэн. Ээж маань Монгол Улсын гавьяат жүжигчин Нанжид гэж хүн бий. Намайг их ойлгодог.

-Маргааш болох ойн баярын мэнд хүргэе, урьдчилаад...?
-Маргааш бут авна даа. “UB palace”-ийн X-Treme клубт 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолттой. Манай тоглолтын тасалбар арван мянган төгрөг. Ийм том хамтлаг ийм хямдхан гэх хүмүүс байгаа ч бид баяраа фэнүүдтэйгээ л өнгөрүүлэхийг хүсч байна. Ашиг олох сонирхолгүй гэж олон хүнд тайлбарласан.

-Хүндэтгэлийн тоглолт гэхээр та ямар хувцастай байх бол, сонин санагдаад...?
-Чинийхээр хүндэтгэлийн хувцас ямар байх вэ.

-Смокинг.
-Хар өнгө. Подволк, зузаан ултай гутал гээд л чамд төсөөлөгдөж байгаа биз дээ.
Бидний яриа ингээд өндөрлөсөн. Тэрээр намайг тоглолтдоо урьсан ч хар өнгийн хувцас өмсөхийг сануулсан юм. “Тэр орой ягаан өнгийн хувцастай байвал манай талынх биш гээд хөөгөөд гаргачихаж магадгүй шүү” хэмээн инээмсэглэсээр яриагаа өндөрлөсөн тэрээр тоглолтын бэлтгэл рүүгээ явсан. Маргааш тэдний 30 жилийн ой.

Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
bi bas sonirxodog dajgvi sanagddag
Хееш сониноос рок сонсогчид, рокерууд хамгийн ендер ай кюу тэй , хип хопчид хамгийн бага байсан гэсээн гадаадын нэг судалгаагаар. Д.металыг сонсож чадахгуй ээ яг унэндээ. Хэзээ ямар едер сэтгэл санаа ямар байхаас шалтгаалж рок сонсдог гэхуу дээ. Байнгын сонсогч фан бол бишээ. Сонин бодууштай л ярилцлага байна . Амьд.
haha funny l ym yarij. vhliig hench uzeegvi bizde magadgvi turuhuus ch ilvv goe sain saihan zuil baiwal yahwe? gewch odoo manaid hugjij bgaa ursgal n heden uwschid shiwde. death metal iig bol odoo sonsdog hun gewel barag bhgvi l bolow u? zaluudaa sonsdog bsn ch odoo bol bishee metalica, hunderlee gehed lamb of god haha. oird folk rock ih sonsoj bgaa. eluveitie zereg hamtlaguudas manaihan jishee awah hergtei
boduushtai
ter attilla ymar teneg ***** ve yu oilgoson gj ingej hun muulchihvaa teneg gehees uur heleh ug oldohgui bn estoi hun muulahiin heneeten
Сонин ярилцлага байна. Нээрээ ухлийн тухай яаж монголоор дуулах юм бэ. Харин ч даруухан хариулж. Тодорхой хурээнийхэн сонсдог гэж унээн аль ч оронд тийм л байгаа, ямар нийтийн дуу биш яаж ч ойлгох вэ дээ. Тийм ч амар ойлгохгуй ээ, хэцуу хунд урсгал.Энэ хамтлагийг нэг удаа узсээн Сундэрээ хамт дуулж байсан ро к дуучин. Би рок сонирхмоор аяддаг сонсдог, гэхдээ хунд рок бишээ.
хүмүүсээ хэн ухаантай нь үхэлдээ тайван бэлд үхэхээсээ өмнө амжуулах бүтээлээ хий.хүн гэдэг амьтан үхэхгүй юм шиг аяглаж яваад үхэх болхоороо нээх уйлаан майлаан болоод зовлон гай дайрах гэж байгаа юм шиг болох юм.энэ бол зовлон биш.энэ бол байгалийн үзэгдэл.үхэхгүй мэт давилуун загнаж яваад үхэхэээрээ хэнч биш байсан мэт мартагддаг.бараг хүн.үхэхээсээ өмнө бие биеэ хайрла.өнөөдөр хүний хүндэтгэл хүлээн хайрлагдан өхөөрдүүлж байсан хүн үхэхээрээ хэндч хэрэггүй мах болдог. саяхан хайрлаж байсан хүмүүс хаана нэг муутгачихгүй хэд аонуулаад яааж оршуулдаг билээ гэж бодож суудаг
Zailuul baigaa khemjeegeeree l yarisan baina.
XUNII YARIA OILGOHGUI,SHUUMJLEH HENEETEI HOG
Эх хэлээ доромжилсон ямар тэнгэрийн амьтан бэ.Өөрийг чинь дуулдаг гэж мэдэхгүй юм байна.Хэлээ голоод байгаа бол тэр хужаадаа очоод гудамжинд сав бариад дуулаарай. Өөрийг чинь хүн гэж тоохнуу.Өөрийгөө юу гээд бодсон нөхөр вэ? Олон нийтлэл уншсан ийм мунхаг нөрөх анх удаа харлаа. Олонд танигдаагүй нь МОНГОЛ ХЭЛНЭЭС болсон юм байна л даа. өөрөө хэлээ сайн сурчих. Сайн сурчихвал зүгээр ярих нь аялгуу шиг сонсогдоно... Эх орон эх хэлээ голсон чи эргэх насандаа хэл соёлгүй хар тивд төрөөрэй
XUNII YARIA OILGOHGUI,SHUUMJLEH HENEETEI HOG
bas sonin l yum yarisan bna odmoor zuil
МУУХАЙ МОНГУ НУУД ВЭ
Хамгийн их уншсан