Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой албан татвар болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хүлээж авахаас татгалзав.

Тус байнгын хорооны хуралдааны эхлээд Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж танилцуулав. Танилцуулгад дурдагдснаар, төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх аж. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжив.

Дараа нь татварыг төгрөгөөр ногдуулах асуудлыг зохицуулах зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Тодруулбал импортоор орж ирж буй архи, тамхи, авто машинд ногдуулах Онцгой албан татварын хувь хэмжээг тооцохдоо ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1450-аар тооцохоор дээрх хуулийн төслүүдэд зааж, хуулийн үйлчлэлийн хугацааг ирэх долдугаар сарын 1 байхаар заажээ.
Харин хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс улсын мөнгөн тэмдэгтийг дээдлэх нь зүйтэй ч валютын ханшийг бодит байдалд, хөрсөн дээр нь буулгаж тооцох ёстой гэсэн шүүмжлэлийг хэлж байв.Түүнчлэн валютын ханшийг гурван янзаар оруулж ирж байгаа нь хүмүүсийн толгойг эргүүлж байна. Татварыг бууруулж оруулж ирвэл татварын орлогын төлөвлөгөө биелэхгүй. Ялангуяа Онцгой албан татварыг бууруулж оруулж ирж байгаа нь цаг үеэ олсонгүй. Татварын хуулиудыг цогцоор нь оруулж ирэх, төсвийн тодотголтой хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Ам.долларын төгрөгтэй харилцах ханш өнөөдрийн байдлаар 1780 төгрөг байхад импортоор архи, тамхи оруулах аж ахуйн нэгж Онцгой албан татварыг төлөхдөө 1450 төгрөгөөр тооцох нь шударга бус. Зөвхөн хоёр төрлийн бүтээгдэхүүнээр тооцоо хийхэд импортын архи, тамхинд 18.3 тэрбумын хөнгөлөлт үзүүлэх гэж байна" хэмээн шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архины хэрэглээг багасгах бодлогын хүрээнд татварыг бууруулах биш харин ч өсгөж тооцох ёстой гэсэн бол бусад гишүүд татварын хөнгөлөлтийг аж ахуйн нэгж бүрт адил хүргэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар гишүүдээр санал хураалгахад хуралдаанд оролцсон 16 гишүүнээс найм нь Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Улмаар байнгын хороо дээрх хуулийн төслийг хүлээж авах боломжгүй гэсэн санал гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болов.
Хуралдаанаар мөн Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Танилцуулгыг Эрчим хүчний сайд М.Сономпил хийв. Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын тооцоонд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тус тус тусгагдаагүй тул төсөвт өөрчлөлт орохгүй талаар танилцуулгад дурдагдсан. Мөн Тоног төхөөрөмжийн чөлөөлөгдөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 2.0 сая орчим ам.доллар буюу 3.6 тэрбум төгрөг болно хэмээн тооцоолжээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг болон Төсвийн байнгын хорооноос 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан