Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хананд өлгөөтэй оймс хаданд гарах цаг айсуй

Хятадаас Монгол руу импортлох оймсны тоо хэмжээг цөөлж, зах зээлээс шахан гаргах ажлыг дан ганц үндэсний үйлдвэрлэгчид нуруун дээрээ үүрч байна. Эдийн засаг болон элдэв янзын онолыг үл ойшоон хар ухаанаараа оймсны зах зээлд хөл тавьсан иргэд өдгөө Монголын нийт оймсны хэрэгцээний 30 гаруй хувийг хангах хэмжээнд очжээ. Гэхдээ дотоодын хэрэгцээг бүрэн хангах эрмэлзэлтэй тэдэнд ямар асуудал тулгарч байна вэ... Энэ асуултын хариултыг олохоор Солонгос технологийг нутагшуулан монгол брэндийн оймс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Тод оймс” үйлдвэрийг зорилоо.


 Өдөрт 4,5-5 мянган хос оймс үйлдвэрлэж байна

Анх 2011 оны эцсээр долоон оймсны машин, зургаан ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Тод оймс” компани өнөөдөр үндсэн 21 машин, нэхэх таван машин, шилжүүлэн оёх зэрэг техникээр өргөжин тэлж, 33 ажилтантайгаар оймс үйлдвэрлэж байна.
Оймсны үндсэн загвар гаргахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгон худалдах хүртэлх үйл ажиллагаа тэдний хоёр давхар шар байшинд “өрнөнө”. Биднийг үйлдвэрийн хаалгаар ороход компанийн менежер Б.Ууганбаяр угтаж авч, үйлдвэрийн эд, эс бүхэнтэй өөрийн биеэр танилцуулж, өнөөгийн оймсны зах зээлийн талаар нээлттэй мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нэг хэсэг  зах, худалдааны төвд Монголын нэг ширхэг ч оймс зарагддаггүй байсан. Учир нь, Хятад, Солонгос, Оросын бүтээгдэхүүнүүд 78, 16, зургаа гэсэн хувиар зах зээлийг нь хуваан эзэлсэн байсан. Гэтэл 2014 онд бидний гаргасан судалгаагаар Хятадын оймсны зах зээл 20 гаруй хувиар доошлон 50 хувьд хүрсэн бол эсрэгээрээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн энэ орон зайг эзэлж, 30 хувьд хүрлээ. Цаашдаа оймс үйлдвэрлэгч компаниуд нэгдэж, сайн чанарын хямд үнэтэй оймс зах зээлд санал болгосноор 40 хувь хүртэл өсгөх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэл өргөжин тэлэхэд давах ёстой хэд хэдэн бэрхшээл байгаа” гэсэн юм. Харин бид энэ талаарх яриаг түр зог­соож оймс үйлдвэрлэдэг үнд­­сэн машинтай танилц­лаа. Солонгос оймс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх орны тоонд багтдаг учраас машинаа тус улсаас оруулж иржээ. Хэмжээ, загвараасаа шалтгаан өөр, өөр хугацаанд нэг оймс нэхэгддэг ч, дунджаар өрөөсөн нимгэн оймс хоёр минутад, зузаан оймс гурван минутад эхний дамжлагаас гардаг байна. Энэ нь өдөрт 4,5-5 мянган хос ширхэг 50 гаруй нэр төрлийн оймс үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Харин эхний дамжлагаас гарсан бүтээгдэхүүн цаашид ажилчдын гараар дамждаг бөгөөд энэ нь чанаргүй буюу урагдсан, ханзарсан оймс зах зээлд гарахаас сэргийлж өгдөг байна. Өөрөөр хэлбэл, хоёр тал нь задгай нэхэгддэг оймсны нэг талыг нь битүүлэх, хэлбэрт оруулж индүүдэх зэрэг ажлыг хагас автомат машины тусламжтайгаар ажилчид гардан хийж байв. Эцэст нь, чанар шалгагч оймсны бүрэн бүтэн байдлыг шалгаснаар шошголох, савлах дамжлагад орж, бидэнд эцсийн бүтээгдэхүүн болон ирдэг байна. Харин үнийн хувьд харилцан адилгүй бөгөөд хүүхдийн, даавуун, зузаан, ноосон зэргээсээ шалтгаалж, 1100-3700 төгрөгөөр худалдаалагддаг. Харин энэ үнийг тогтвортой барихын тулд бүх талын арга хэмжээг авч байгаа гэв.


Хүчин чадлын хомсдол

Хямд үнэтэй, чанартай, гол нь эх оронд үйлдвэрлэсэн гээд ч Хятадаас импортолж байгаа бараа, бүтээгдэхүүний манай улсад эзлэх зай, хэмжээ маш удаан танагддаг. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг “толгойн өвчин”. Өөрөөр хэлбэл, хятад, монгол оймсыг зэрэгцүүлэн тавьж арилжаалахад урд хөршийн бүтээгдэхүүн илүү хурдан борлогддог нь статистикаар батлагдсан байна. Учир нь, манай улсын иргэд үндэсний үйлдвэрлэл гэдэг  бүтээгдэхүүн сонгох агшинд нүүр бууруулдаг талтай. Үүнийг хэд, хэдэн өнцгөөс тайлбарлаж болно гэдгийг “Тод оймс” үйлдвэрийн менежер Б.Ууганбаяр хэллээ. Нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрүүдийн чадамж өн­дөр байгаа ч маркетинг, сур­талчилгаа, бараа бүтээг­дэхүүн таниулах тал дээрээ маш сул. Хоёрдугаарт, төрийн зүгээс жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжинэ гэдэг ч бүтээгдэхүүний орцын гаалийн татвар болон техник, технологийн хөнгөлөлт улам бүр татарч байгааг шүүмжилж байна. Жишээлбэл, оймс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэр­гүүлдэг, дотоодын хэрэг­цээгээ бүрэн хангадаг улс орнууд үйлдвэрлэлд ашигладаг машинаа цаг үетэйгээ зэрэгцүүлэн сольдог. Харин тус үйлдвэр ойрын хэдэн жилдээ одоо ашиглаж байгаа машинаа хэрэглэх хэдий ч уураар индүүдэгч техни­кээ шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Мэдээж, хүчин чадал нэмнэ гэдэг нь хэрэглэгчийн хүрээ тэлнэ гэсэнтэй агаар нэг сонсогдоно.

Гэсэн ч энэ жил гаалийн татвараас чөлөөлсөн тоног төхөөрөмжийн нэрс гэдэг зүйлийг мөрдөхөө больжээ. Улмаар уурын индүү авах ажил удааширч хөрөнгө мөнгөний хомсдолд орсон байна. Хамгийн гол нь, дээрх асуудал бүтээмж өндөрсгөхөд чухал нөлөө үзүүлж, ажилтны ачааллыг бууруулах зэрэг эерэг талтай байсан юм. Харамсалтай нь, үйлдвэрлэл эрхлээд хөлөө олоод явж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл өргөжин дэвжих замд нь гаалийн татвар зэргээр төр энэ удаад “хориг” тавьж. Гэсэн хэдий ч  “Гурван жилийн өмнө долоон оймсны машин байсан. Одоо 21 байна. Ажиллах хүчин ч гэсэн бий. Оймсныхоо борлуулалтаар үйлдвэрээ энэ зэрэгтэй болгосон юм чинь цаашид ч тэлэх ажлыг өөрсдийнхөө чадавхид тулгуурлан хийгээд үзнэ” хэмээн тэрээр итгэлтэй хэлэв.

Ууланд гарсан оймс

Түүний сэтгэл бардам байх бас нэг шалтгаан нь хананд өлгөөтэй зураг. Өөрөөр хэлбэл, ууланд гарсан оймс аж. Монголын цаг, агаар орчин нөхцөлд тохируулан зузаан ултай оймс үйлдвэрлэсэн “Тод оймс” багийнхан өнгөрсөн жил дэлхийн стандартад нийцсэн оймс үйлдвэрлэж, уулчдаар чанарыг нь шалгуулжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлд 30 ам.доллараар борлуулагддаг, уулчдад зориулсан дулаанаа алдахгүй, эдэлгээ сайтай оймсыг зах зээлийн үнээс хям­даар урлаж, туршиж үзсэн байна. Уулчид долоон тивийн ноён оргил гэгддэг далайн түвшнээс 5895 метр өргөгдсөн Африкийн Кили­манжаро ууланд авиралт хийх үеэрээ “Тод оймс”-ын бүтээлийг өмссөн бө­гөөд талархсан сэтгэлээ илэр­хийлэн тус үйлдвэрийн далбааг ноён оргил дээр мандуулж, зургаа татуулсан нь тэр аж. Хэдий уулчдын захиалгаар үйлдвэрлэж үзсэн ч хоёрхон давхар барилгад байх тус үйлдвэрийн бүтээл дэлхийн оймсны зах зээлтэй өрсөлдөх хэмжээнд чанартай болж чаджээ. Энэ бол бид бүтээж чаддагийн жишээ. Өдгөө тус үйлдвэрийн ноосон оймсыг хэрэглэж үзсэн иргэд бөөнөөр нь худалдан авч Орхон, Өвөрхангай, Булган, Ховд, Баян-Өлгийд борлуулж байна. Цаашлаад Орос, Ка­захстан, Хятад улс руу бага хэм­жээгээр, албан бусаар ч гэ­сэн экспортолж байгаа нь тус үйлдвэрийн түүх болон үлд­сэн хананд өлгөөтэй оймс хаданд гарахын цондон билээ. 




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан