Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сугарыг сугалж чадах уу

УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд Авлигатай тэмцэх газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх тухай албан хүсэлт өнгөрсөн даваа гарагт ирүүлжээ. Энэхүү албан тоотыг тус Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэв. Гэхдээ хариуцлага тооцох асуудлыг хойшлууллаа.
Цэц хариуцлага тооцсон байхад УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж болохгүй гэж гишүүд үзсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Д.Сугарт ҮХЦ арга хэмжээ авчихсан. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэх ямар ч шаардлагагүй” гэв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “УИХ-аас Авлигатай тэмцэх газарт хандаагүй биз дээ. Нэг хэргийг хоёр талаас нь шийтгэх ямар хэрэг байгаа юм.
Д.Сугарт ҮХЦ нь арга хэмжээ авсан бол бид хэлэлцэх шаардлагагүй” гэлээ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Д.Сугарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж болохгүй. Тодруулахын тулд хойшлуулах ёстой. Яагаад энгийн ард иргэд авлига, хээл хахууль авсныхаа төлөө ажлаас халагдаж, хариуцлага хүлээж хохирлоо барагдуулж байхад Д.Сугарыг зүгээр өнгөрөөх ёстой юм” хэмээн хойшлуулах санал гаргав. Байнгын хорооны хуралд оролцсон 12 гишүүний олонхи нь түүний саналыг дэмжиж, хариуцлага тооцох уг асуудлыг нягталж үзээд дахин авч хэлэлцэхээр боллоо.

Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 535 сая төгрөгийн үнэтэй орон сууц авснаа 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байна. Тус орон сууцаа 2010 онд зарсан орлого болох 535 сая төгрөгийг мэдүүлээгүй, Хонконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данс, МИАТ-ийн санхүү эрхэлсэн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөө 2007 оноос хойш нуусан зэрэг үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Түүнээс гадна БНСУ-ын Чэжү аралд 600 сая вонор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй аж. 

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өнгөрсөн даваа гарагт Цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан гэнэ. АТГ-аас энэ сарын 9-ний өдөр ҮХЦ-д хариуцлага хүлээлгэх тухай албан бичиг явуулсан учир түүний дагуу арга хэмжээ авч. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.5, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасныг үндэслэн “Албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах” шийдвэр гаргажээ. Авлигийн эсрэг хуулийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрхзүйн байдалд хамаарахгүй гэсэн байна.
Авлигын эсрэг хуулийн 13.8.3-т “Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасан. Түүний нуусан орлого Цэцийн гишүүний нэг хүртэлх жилийн цалинтай тэнцэх нь юу л бол. Зөвхөн Цэцийн гишүүдэд онцгойлон өндөр цалин олгодоггүй л бол энэ заалтаар хариуцлага тооцох нь өрөөсгөл. Тус хуулийн 13.8.4-т  “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” арга хэмжээ авахыг тусгажээ. Тэгэхээр энэ заалтыг баримталж хариуцлага тооцох ёстойг зарим гишүүн хэлээд байгаа юм.

Одоогоос жилийн өмнө ҮХЦ түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн, авч үлдэж байсан юм. Тухайн үед МИАТ-ээс их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт Д.Сугарыг шалгахаар Улсын мөрдөн байцаах газраас ҮХЦ-д хандсан. Гэвч Цэц түдгэлзүүлэхгүй гэсэн хариу өгсөн учир үндсэндээ түүнийг шалгаж чадалгүй тэгсгээд өнгөрсөн гэхэд болно. 2012 оны тавдугаар сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 67 дугаар захирамжаар Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож томилуулж байсан. Хэдийгээр тэрээр намаас түдгэлзсэн гэж ярьдаг ч түүнийг өмгөөлж, хам­гаалж байгаа нь МАН-ын гишүүд байгаа нь хардлага төрүүлнэ. МИАТ-ээс их хэмжээний мөнгө угаасан хэргийг шалгаж байхад түүний худалдаж авсан гэх Япон, Солонгос дахь байрны талаар дурдагдаж байсан. Цэцээс хальж, УИХ-д асуудал нь орж ирээд байхад түүнийг хамгаалсаар суух уу. Эсвэл хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэйг харуулж чадах болов уу...




0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан