Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түлэнхийн төвийн төсөв нэмэгдсэн ч...

Түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг бол Түлэнхийн төв. XI хороололд байрлаж байсан тус эмнэлгийн байр хуучирч муудан хана таазнаасаа нурж, хөгц мөөгөнцөрт идэгдэн өвчтөн хүлээн авах нь байтугай хүн тогтох аргагүй болсон тул барилгыг нь нураахаар болж, суурин дээр нь долоон давхар эмнэлэг барихаар төлөвлөсөн. 200 ортой, түлэгдэлтийг төгс эмчлэх, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар зураг, төсөл нь ч бэлэн болсон.
Ингэхдээ анх шинэ эмнэлэг зургаан тасагтай байна. Хүүхдийн, насанд хүрэгчдийн тасгуудаас гадна төрөл бүрийн гэмтлийн дараа арьс нөхөн сэргээх, ясны идээт үрэвслүүд, хүндрэлийг эмчлэх тасаг байгуулж, онцгой байдлын үед ашиглах 25 орны нөөцтэй, Баянзүрх дүүргийн иргэдийг хүлээн авах ясны төрөл бүрийн гэмтэл эмчлэх 50 ортой тасагтай болгоно хэмээн салбарын яамнаас амлалт өгч эмнэлгийг нүүлгэсэн.
Гэтэл 2012 оны зургадугаар сараас хойш Түлэнхийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу шинэ гэмтлийн байранд түр толгой хорогдсон ч ачааллаа дийлээгүй. Ингээд Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн тойргийн хойно орших “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлгийг түрээслэснээс хойш хоёр дахь зунтайгаа золголоо. Өнөөдрийг хүртэл эмнэлэг барих нь битгий хэл балгасыг нь ч нураасангүй.
Харин авлигажсан төсөв дотор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа түлэнхийн төвийн барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн жагсаалтад багтчихаж. 2013 онд найман тэрбум төсөвлөгдсөн бол 2013 оны долдугаар сарын 5-нд магадлал хийсэн өртгөөр 26 тэрбум төгрөг болтлоо нэмэгджээ. 18 тэрбумаар буюу 225,6 хувийн өсөлттэй хэмээн Авлигажсан төсөвт тодотгожээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан