Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ ЮУ

Хорт хавдар “төгсөх” хоёрхон л зам бий. Муу нь гэвэл өвчиндөө бууж өгөөд үхэлтэй нүүр тулах. Харин нөгөө нь хорт хавдрын эмчилгээ хийлгэн, хагалгаанд орж, хорыг гадагшлуулах. Үхэлтэй тулгарсан цагт эрсдэлийг үл тооцоолон бүх чадлаараа тэмцэх нь хүний төдийгүй амьтдад ч заяасан төрөлх гэлтэй. Хорт хавдрыг хүн бүр ялан дийлж чадах түүний ард гарах зам уртаас урт, хэцүүгээс хэцүү. Гэвч эцсийн үр дүн хамгийн чухал.
Нийгмийн хөдөлгүүр болсон эдийн засаг гэх биегүй хоосон хүч ч ялгаагүй тусдаа “организм” юм. Учир нь, хүндрэл үүсвэл шийдэж, алдаа гарвал засч, өвчин илэрвэл эдгээж, өлсч цангавал ундаалдаг. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн “биеийн байдлыг” хүнийхтэй адил урьдаас төгс мэдэх бололцоогүй. Бие сайн гэсээр явтал нэг л өдөр таны ходоод болохоо байжээ гэж палхийтэл хэлдэг шиг эдийн засаг “ОК” болчихсон хэмээн явтал гэнэтхэн л улаан гэрэл маналздаг. Түүгээрээ хүмүүний бие, эдийн засгийн тогтолцоо хоёр агаар нэг.

Манай улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг бие даасан тогтолцоо. Хүний биед таван литр цус байдаг бол Монголын эдийн засагт 17 их наяд төгрөг. Эдийн засгийн цус нь мөнгө юм гэж хэлэх эдийн засагчтай бишгүй л таарсан. Тэгвэл аливаа хямралыг мөнгөний нийлүүлэлтээр шийдэж болмоор санагдана. Гэвч бүх зүйл тийм хялбар биш. Тэгээд ч цусан хангамжаас гадна хууч өвчин, илрээгүй хавдар гэхчлэн цөөнгүй асуудлыг цогцоор нь эмчлэх ёстой. Монголын эдийн засгийн хорт хавдар импортын хэтийдэл байжээ. Үүнээс улбаалж гадаад худалдааны алдагдал их гарч, байнга хамраас цус гарсаар явж ирж. Хэрэв та цус алдаж байгаа бол шингэнээ нөхөх шаардлагатай. Ноцтой их хэмжээний цус алдвал яаралтай донорын цус шахуулах хэрэгтэйг мэдэх биз. Манай эдийн засаг сүүлийн дөрвөн жил маш их хэмжээгээр цус алдаж байсан аж. Экспорт, импортын зөрүү алдагдал нь хамраас цус тогтохгүй урсч байсныг илтгэнэ. 2014 он гараад гурван сарыг үдлээ. Энэ 90 хоногийн гадаад худалдааны тэнцэл, тайлангаар сүүлийн гурван жилийг харьцуулъя. 2012 оны эхний гурван сард импортын дүн экспортоосоо 580 сая ам.доллар буюу одоогийн ханшаар их наяд /1 032 400 000 000/ төгрөгийн алдагдалтай байж. Харин өнгөрсөн оны эхний улиралд 396 сая ам.доллар буюу 704.8 тэрбум төгрөг болж харьцангуй буурчээ. Тэгвэл 2014 оны эхний 90 хоногийн алдагдал дөнгөж есөн сая ам.доллар гарчээ. Ура, энэ бол өдрийн 24 цагийн турш олгойддог байсан цус 65 дахин багассаны илрэл. Хэрэв эмчилгээний үр дүн энэ янзаараа үргэлжилж, сайн гам барьж чадвал заавал донорын цус судсаараа шахуулах биш монгол малын сүүтэй цай уугаад л шингэнээ нөхөөд байх боломжтой. Тэр бүү хэл, дахиж хамраас цус гарахаа болих сайхан ирээдүйн дохио юм.

Эдийн засгийн тэнхээ данги байв уу

Яаж ийм үр дүнд хүрэв ээ гээд лавлавал эдийн засаг гэх энэ амьд тогтолцоонд бугшсан хорт хавдрыг хагалгаа хийгээд авчихсаных гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Гэвч мэс ажилбарын протоколтой танилцахаас өмнө монголчуудын биеийн байдал ямархуу байсныг эргэн сануулах нь “эдийн засгийн эмч” нарын үүрэг. Манай эдийн засгийн бие тэнхээ ямар байсан бэ. Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч мал аж ахуйгаас уул уурхай руу холбирсон нь энэ зууны эхэн үеийн шилжилт. Өнөөгөөс хойш 20 гаруй жилд ч уул уурхайн салбар л эдийн засагт хөдөлгөх хүч байх болно гэдгийг судлаачид хэлдэг. Гэхдээ ганцхан энэ чиглэлд итгэж, найдаж, бүхнээ даатгах нь өөрөө 100 метр өндөрт бэхэлгээ, хамгаалах хэрэгсэлгүй, ядаж амь даатгалгүй ажиллаж байгаа барилгачнаас ялгаагүй. Тийм ч учраас сүүлийн үед эдийн засгаа солонгоруулах, идэвхжүүлэх, төрөлжүүлэх гэхчлэн нэг агуулгатай боловч өөр өөр нэр томъёо бий болж. Монголчууд хагалгаанаас өмнө уул уурхайгаар л амь зогоож, түүнээс олборлох баялгаа барьцаалж зээл авч, энэ салбарын гадаад хөрөнгө оруулалтаар л цусаа сэлбэж ирсэн. Гэвч эрх зүйн орчныг нь чангатгаад, хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихсан чинь гэнэт толгой нь эргээд ухаан алдах дөхсөн. Учир нь, 10 тэрбум ам.доллараас улирал тутам 500 саяыг гадаад худалдаагаараа алдаад эхэлсэн нь бодитоор мэдрэгдсэн хэрэг. Монгол гэдэг хүн таван литр цусныхаа 500 граммыг байнга хамраараа алдаад, тогтоож чадахгүй байсан ч баруун бугалгандаа донорын цус шахуулж байсан тул амь тавьчихгүй явсаар байж. Гэтэл донорын мөнгө буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтаа гоочилж, элдэвлэсээр явуулангуут цус багадаад, шоконд ороод ухаан алдсан хэрэг. Сүүлийн дөрвөн жилийн хүндрэл ийм л замаар бүрэлдэж, монголчуудад мэдээ алдуулах тариа хийхээс өөр аргагүй болж.

Мэдээ алдуулах тариа нь эдийн засгийн цусан хангамж, эргэлтийг сайжруулах анхдагч зорилготой. Эргэх тогтолцоог хэвийн горимд оруулсныхаа дараа хорт хавдрыг ховхолж авахад чиглэгдсэн. Тэр хорт хавдар нь импортын хэтийдэл буюу экспортын орлогоос хэтэрсэн импортын зардал. 1990-ээд оны үед хүн бүр л “хойшоо, урагшаа” явж “бараа дарж”, “гахай чирж” ирсэн. Түүнийхээ ачаар хямралын хүнд цаг үеийг даван туулж өнөөгийн нийгэмтэй золгож, өнөөдөр та “Ардчилал” сонин уншиж сууна. Гэхдээ өнгөрсөн 24 жилийн хугацаанд УИХ хэдэнтээ солигдож, Засгийн газар төдөнтөө шинэчлэгдсэн шиг эдийн засаг өөрөө тэс ондоо болж. Одоо бид өөрсдөө хийж бүтээх, үйлдвэрлэх, өмсөх хувцсаа оёод суух чадвартай болсон. Мэдээж, машин, гар утас, цахилгаан бараа болон бусад нарийн технологи шаардсан үйлдвэрлэлд хараахан бэлэн биш тул импортлохоос өөр аргагүй. Гэхдээ хөрсөнд тариад ургуулчихаж дөнгөх өргөст хэмхээ 10 мянган км алсын Польш “Урбанек”-аас биш 300 хүрэхгүй км Сэлэнгийн Шаамараас, Орхонтуулаас авч болно. Ийм амьдралын хэвшлийг эдийн засгийн эрүүл мэнд өөрөө шаардаж байгаа. Тэр бүү хэл, зах зээлийн хуулиараа импортоо экспорттой тэнцүүлэхийг тулгаж буй.

Анхны үр дүн ч гарч эхэлсэн нь дээр өгүүлсэн гадаад худалдааны алдагдал хоёр жилийн өмнөхөөс 65 дахин буурсан дүн юм. Импортоор зарлагадсан их мөнгөний дүн багассаар экспортоор оруулж ирсэн мөнгөтэй бараг тэнцүү болжээ гэсэн үг. Уг нь, импортоос экспорт байнга давж байвал монголчууд улам л баяжиж буй хэрэг. Харамсалтай нь, нөхцөл байдал эсрэгээрээ байгаа тул бидэнд байсан валют улам багассаар. Түүний хэрээр ховордож буй валют үнэд оржээ. Өнөөдрийн ханшийн чангарал үүнтэй л холбоотой бөгөөд Засгийн газар ч экспортоо дэмжье, импортоо орлуулж Монголдоо бүтээе гэж долоо хоногийн долоон өдөр олон нийтэд хэлж буй. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг чинь, Н.Батбаяр сайд, ер нь төрд суусан бүх хүн эдийн засаг сайн гээд худлаа яриад байна гэж шүүмжлэгч-импортлогч гарч ирэх нь мэдээж. Хүний үгэнд итгэх, үгүй нь хувийн сонголт. Гэсэн хэдий ч тооцоолол, томъёололтой, үндэслэл үзүүлэлтээр баримтжуулсан, хөдөлмөр шингэсэн тоо гэдэг худлаа ярихгүй. Монголчууд алганы хээ, гариг эрхэсийн байршил, төрсөн он сар өдрөөр төөрөг тавиланг нь “зааж өгдөг” лам нарт, Сарандаваа эгчид, Арго багшид үг дуугүй итгэдэг. Тэгэхдээ яаж эсвэл яагаад гэж ганц ч удаа асууж зүрхэлдэггүй хэрнээ тооцоолоод гарч ирсэн хөдөлшгүй баримтыг худлаа гэж бат итгэлтэй хэлэх нь хачирхалтай. Шулуухан л “Худлаа” гэж хэлэх нь “Зөв байсан ч, чиний буруу” гэдэг хандлагын илрэл гэлтэй. Маш хүнд нөхцөл байдлаас монголчууд амжилттай “эдгэрч” буйг илтгэх хамгийн чухал баримт гадаад худалдааны тайлан тэнцэл мөн.
Зарим хүн “Зүв, зүгээр байсан эдийн засгийг туйлдуулчихлаа” гэж хэлэх нь мэдээ алдуулах тариаг ихдүүлснийх гэлтэй. Өөрөө өвчтэй явснаа мэдэлгүй нэг ухаан алдахад нь эмнэлэгт авч ирээд шинжилгээ хийтэл аминд халтай хорт хавдар илэрч. Хагалгаа хийх үү гэж асуухын ч шаардлагагүй учраас ухаан орохоос нь өмнө мэдээ алдуулах тариа хийгээд, газар дээр нь хагалгаанд орсон. Азаар хагалгаа амжилттай болсон ч “өвчтөн” сэрчихээд би зүгээр байсан, эрүүл хүн, гэтэл надад шаардлагагүй хагалгаа хийгээд, өвтгөлөө гэж гомдоллох юм гэж хэн ч санаагүй биз. Үнэн хэрэгтээ гадаад худалдааны тэнцэл олон нийтэд нээлттэй мэдээлэл. Гэвч тэр олон тооноос түвэгшээхдээ иргэн бүр сонирхоод байдаггүй. Тэр бол эдийн засгийн цусан хангамж ямар байгааг, эрүүл мэнд данги уу гэдгийг тольддог хамгийн бодитой үзүүлэлт. Өнөөх ам.долларын ханш өслөө, бараа үнэтэй болчихлоо, зах худалдааны төвүүдээр хүн алга гэдэг ярианаас ч илүү тодорхой эдийн засгийн эрүүл мэндийг танадах “Эхо аппарат” юм.

Одоо “та” сайтар гам бариарай

Эдийн засгийн хүндрэл ганцхан хүний буруугаас болчихоогүй. Гэнэт л өнөөдөр бий болоогүй. Алс хэтээсээ өвчтэй явсан бие адаг сүүлд нь дийлэхээ байгаад эмчилгээ хүсч буйгаас ялгаагүй байж.

Цаг тухайд нь вакцин хийлгээд, үзлэг оношилгоонд тогтмол орж ирсэн бол эдийн засаг өнөөдрийнх шигээ доройтохгүй байсан ч байж болох. Гэвч тэр болгонд улс төр гэдэг том тээг тулгарч байсныг санах хэрэгтэй.
Ихэнх хорт хавдрын үндэс буруу хооллолт Монголын эдийн засгийн хорт хавдар ч ялгаагүй тийм л эхлэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чанаргүй хоол авч идсээр байгаад ийм байдалд хүргэв. Жишээ нь, 21 мянган төгрөг иргэн бүрт тараасан нь гэдэс гүйлгэх хямд хоол эсвэл ганц шил архины худалдааг эрчимжүүлсэн. Нөгөө талдаа эдийн засагтаа бутархай мөнгөний дайтай нэмэр болохын оронд өнөөх үйлтэй импортыг улам гааруулсан түүхтэй. Түүнээс хэдхэн жилийн өмнө мөн л ийм ажиллагаа өрнөж Монголын эдийн засгийн согог хорт хавдар шилжилтээ хийсэн байдаг. Харин одоо “эдийн засгийн эмч” нар ийм буруу зуршлаасаа ангижрах ёстой гэж хатуу сануулж байна. Эс бөгөөс өнөөх улирал тутам 590 сая ам.долларын “цус алдалт” руу эргэн орж, хорт хавдар эмчилгээ авахын аргагүйгээр дахин сэдэрч, энэ улс орон сөхөрч туйлдах, бусдын хараат болох аюултай гэдгийг хэлж байна.
Хүний болон байгалийн хүч тэнцвэргүй. Харин эдийн засаг, зах зээлийн өөрийн хууль энэ хоёрт баригдахгүй. Ам.долларын ханш өнөөдөр 1780 байгаа нь хүний хүчээр барьж дийлэлгүй алдсаных. Хаа очиж ханш 2000 биш, 2400 биш 1780 төгрөгт тогтвортой болсон нь гадаад худалдаа төдий чинээ хурдан тэнцвэржсэнийх. Хөгжингүй орнуудтай харьцуулахад цөөн хүн амтай, жижиг эдийн засаг болохоор үр дүн гарах хугацаа нь бага, өөрчлөлт ч танагтай байна. Гэхдээ энэ өөрчлөлт өөрийнхөөрөө яваг гээд зүгээр орхисон бол монголчууд одоо байгаагаасаа илүү хүнд нөхцөлтэй, жагсаал бужигнаан дэгдсэн, зах зээлд учрах хөнөөл нь үлэмж байх байж. Тийм учраас мэдээ алдуулах тариа хийгээд  өвдөлтийг мэдэгдэхгүй болгосны дараа хагалгаандаа оржээ. Өөрөөр хэлбэл, инфляцад хамгийн их нөлөөтэй шатахуун, өргөн хэрэглээний бараа, барилгын үйлдвэрлэл гээд салбар, салбарт чиглэсэн дэд хөтөлбөр хэрэгжсэн. Үүгээр харвачих гээд байсан инфляцын хэмнэлийг харьцангуй тогтвортой барьж, ам.долларын ханшийн өөрчлөлтийг зах зээлд хамгийн бага нөлөөтэй үе буюу оны хоёрдугаар хагаст эхлүүлжээ. 7-8 дугаар сард ханш өссөн нь тохиолдлын хэрэг биш бөгөөд бүтээн байгуулалтын бараа импортолдог цаг үеэ өнгөрүүлээд ханшийг сулласан нь тэр гэнэ. Мэдээ алдуулах тариаг анзаараагүй зарим хүн хэлэхдээ “Зах зээлээ бусниулсан, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Бидний үед бүх зүйл болоод л байсан” гэхчлэн шүүмжилж байгаа. Гэвч тэдний ярьж буй цаг үед хамраараа алдсан цусаа судсаараа шахуулаад эмнэлгийн орон дээр босч чадахгүй хэвтэж байсныг сануулах нь зөв биз. Харин одоо цусаа тогтоочихсон, бага зэрэг цус дутагдалтай ч донор хайж яваа. Хамгийн гол нь эмнэлгийн орон дээр бус гэртээ ирээд идэвхтэй амьдарч байгааг мартаж болохгүй. Хагалгаа амжилттай болсон. Одоо хамгийн чухал нь гам барьж, буруу зуршлаасаа татгалзах. Дээр өгүүлсэн бүхнийг хамгийн идэвхтэй эсэргүүцэх хүмүүсийн дүрс нүдний өмнө тодорч байна. Юун түрүүнд, сөрөг хүчин, улс төрийн цөөнхийн бүлгүүд, гадаадаас монголд “томилогдсон” харь сэтгэлтэй хүмүүс, бараа импортлогчид хамгийн эхэнд дуугарна. Дуугарсаар ч байгаа. Яагаад гэвэл, тэдний хувиа бодож, довоо шарлуулсан өчүүхэн эрх ашигт нь хамгийн их халгаатай зүйл нь хорт хавдрын хагалгаа байв. Харин дотоодын үйлдвэрлэгч цөөн ч атугай аж ахуйн нэгжид завшаан болж, Монголын нийт ард түмэнд ач тусаа өгнө. Гэхдээ хэзээ? Энэ асуултад ихэнх эдийн засагч 2014 оны хоёрдугаар хагасаас гэж хариулж байна. Зах зээлд гарсан эерэг сөрөг нөлөө нь хэрэглэгчдийн гар дээр бодитоор хүрэхэд дор хаяж хагас жил шаардагддаг гэх. Нөгөө талаас, тэр цаг үед 2013 оны 7-8 дугаар сард гэнэт өссөн валютын ханш бүтэн жил шахам 1700 төгрөгт тогтвортой явсан байх тул бүтэн жилийн ханшийн өөрчлөлтийн инфляц тэгтэй тэнцүү болно. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ дахиж огцом өсөхгүй харин ч дотоодод үйлдвэрлэсэн барааны үнэ хямдарна. Гагцхүү урьд үйлдсэн зуршлаа таягдаж, сайтар гам барих л шаардлагатай.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан