Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар газрын оюутнуудын солиотой гэмээр уламжлалт баяр

Хаа газрын их дээд сургууль, коллежуудад оюутнууд хоорондоо танилцах, нэгдэх, дотносох, амралт чөлөө цагаа сайхан өнгөрүүлэх төрөл бүрийн уламжлал ёслолтой байдаг. Манайд бол танилцах үдэшлэг зохиодог шиг боловч газар газарт энэ уламжлал өөр. Зарим газарт бүр солиотой гэмээр хүний санаанд оромгүй, хичээл сурлагад нь садаа болмоор, бүр хууль зөрчмөөр ч ёслол арга хэмжээнүүд байдаг байна.

Үзэмний амралт

Шотландын Сент-Эндрюсын их сургууль. Энэ бол бүр эртнээс уламжилж ирсэн баяр-амралт. Нэгдүгээр курсын оюутнууд хичээл сурлага, их сургуулийн амьдралд дасахад нь тусалсны төлөө ахлах курсын оюутнууддаа талархаж үзэм барьдаг байж. Цаг хугацааны явцад энэ нь өөрчлөгдөн арваннэгдүгээр сард өргөн үдэшлэг арга хэмжээ болж хамгийн сүүлд нь шөнөжингөө хөөсөөр биенээ шүршиж даваа гарагийн өглөө өндөрлөдөг болжээ.

Хашгираан

Манай гаригийн олон их сургуульд мөрддөг сонин уламжлал. Энэ нь ихэвчлэн шалгалтаас болж оюутнууд ядарсан, элдэв дуу шуугианаас хол байхыг эрмэлздэг үеэр бүгд өндөр дуугаар хашгиралдан, их дуу чимээ гаргадаг байна. Нэг ёсондоо олон хоногийн стрессийг нь тайлж дасгаж байгаа нь тэр гэх юм уу даа.

Түр зуурын ёслол

Английн Оксфорд дахь Мертоны коллеж. Аравдугаар сарын сүүлчээр өвөл эхлэхтэй зэрэгцээд болдог энэ ёслолоор оюутнууд академийн хувцас өмсч сургуулийн хашаан дотуур дөрвөлжин замаар араараа явдаг. Энэ үеэр хэн ч хичээлдээ суухгүй, бас согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Луугийн өдөр


АНУ-ын Нью-Йоркийн Корнелийн их сургууль. Гуравдугаар сард болдог энэ баяраар нэгдүгээр курсийнхэн аварга том луу хийгээд замаар явж эхлэхэд нөгөө коллежийн оюутнууд түүнийг эвдэхээр оролдоно. Төгсгөлд нь луугаа түүдэгт шатааснаар энэ жагсаал өндөрлөдөг.

Толин нуур дээгүүр харайх

АНУ-ын Огайогийн их сургууль. Энэ мужийнхан хөлбөмбөгийн улаан фенүүд байдаг. Багаа дэмжиж байгаагаа илэрхийлж долоо хоногийн өмнө сургуулийнхаа дэргэд байдаг нууранд харайцгаадаг. Арваннэгдүгээр сар бараг тэг градустай байдаг ч оюутнууд энэ уламжлалаа орхилгүй дуу дуулцгаан хөгжилддөг байна.

Амтат гуа унагах

АНУ-ын Кембрижийн Массачусетсийн технологийн их сургууль. Хэллоуины баярын өмнөх бямба гарагт шөнийн 12 цагт оюутнууд Грин Билдингийн эргэн тойрон цугларч том том амтат гуаг 90 метр өндөр барилга дээрээс унагаадаг. Энэ үеэр бусад нь хөгжилдөж дуу дуулан, Хэллоуины элдэв баг өмсөнө.

Серенад дуулах

АНУ-ын Нью-Йорк муж, Вассарын коллеж. Нэгдүгээр курсын оюутнууд цугларан ахлах курсийнхэнд зориулж дуу дуулдаг байсан энэ баяр одоо хүнсний зүйлээр байлддаг болж хувирсан. Энэ баяр хичээлийн шинэ жил эхлэхэд болдог.

Аварга том сэндвич

АНУ-ын Манхаттэны Барнард коллеж. Хоолны  энэ баяр намар болдог. Оюутнууд асар том сэндвич хийдэг. Энэ нь усан доогуур шумбагч завьтай төстэй, 210 метр урт, 30 см өргөн.

Нүцгэн уралдаан

Энэ бол газар газрын сургуулиудад байдаг уламжлал. Сургуулийн удирдлагууд ч үүнд хамгаалалт, цагдаа дуудаж аюулгүй байдлыг нь сахиулдаг. Зарим сургуульд бүрэн нүцгэлдэг бол зарим нь дотуур хувцастай уралддаг.

Эгги түүдэг

АНУ-ын Техас муж. Стейшен коллеж.Сургуулийн удирдлага үүнийг албан ёсоор хориглосон ч уламжлал ёсоороо хийсээр байдаг. Асар том түүдэг асаан галын наадам хийдэг нь 1909 оноос эхтэй. Гэхдээ 1999 онд ийм галын наадмын үеэр 12 хүн амь алдаж, 27 хүн түлэгдэж шархдаж байсан удаатай болохоор хориглодог. Гэхдээ энд 15 мянган хүн цуглардаг баяр шүү дээ. Эгги гэдэг нь газар тариалнгийн коллежийн оюутнуудыг товчлон нэрлэж байгаа нь тэр.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан