Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ганхуяг: Тайз, дэлгэцээс монгол үнэрийг их үгүйлэх боллоо

Найдангийн Ганхуяг гэдэг нэрээр овоглосон бүтээл олон бий. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн сонгодог жүжиг, кино, жүжгийн зохиолууд, жүжигчний уран чадвар, театрын талаарх номууд, чамгүй олон дүр, хэдэн дууны үг, шавь нар гээд л үргэлжилнэ. Тэгвэл энэ нэрээр овоглогдсон бас нэгэн шинэ уран бүтээл үзэгчдэд хүрэх гэж байна. УДЭТ-аас хэрэгжүүлж буй “Бэсрэг жүжиг” төслийн хоёр дахь уран бүтээл нь  Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжиг юм. Шинэ уран бүтээл дээр ажиллаж буй энэ үед нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягтай уулзлаа. Бидний яриа УДЭТ-ын ягаан байшингийн хойд талбайд өрнөсөн. Ягаан байшин руу харж суугаад  найруулагч бид хоёр олон ч зүйлийн талаар хөөрөлдлөө.

-Энэ удаагийн бэсрэг жүжгийн төсөлд өөрийнхөө зохиолоор оролцож байгаа ганцхан найруулагч нь та. “Бүүвэй” гэдэг нэрнээс эхлээд л монгол сэтгэлгээ үнэртэж байна шүү?
-Зохиолч, найруулагчдын дунд уралдаан зарласан. Энэ уралдаанд би бүтээлээ өгөөд театрын уран сайхны зөвлөлөөс долоон найруулагчийн камерны жүжгийн төсөлд сонгож авсан юм. Мэдээж долоон найруулагчийн долоон бүтээл өөр өөрийн онцлогтой. Энэ долоон уран бүтээл дунд Итали, Оросын зохиол ч байна. Мөн төрөл жанрын хувьд инээдмийн, сэтгэхүйн драм, аймшиг гээд ялгаатай. Миний "Бүүвэй" бол монгол зохиол. Уянгын драмын жүжиг. Яг үнэндээ өнөөдөр монгол уран бүтээл төрөхгүй байна. Нэн ялангуяа хэдэн арваараа гарч байгаа кино дэлгэцийн бүтээлээс монгол кино олж харахгүй байна. Монголын биш монгол кино шүү. Театрт ч бас адилхан. "Монгол" гэдгийг юугаараа тодотгодог билээ. Монгол араншин, уламжлалт түүх соёл өнөөдөр үгүйлэгдэж байна. Энэ утгаараа жинхэнэ монгол эмэгтэй, эр хүний дүр тайзнаа гарч байна уу гэдэгт уран бүтээлч хүний хувьд эмзэглэж явдаг. Би нэг илтгэлдээ "Дорлигжаваас хойш жинхэнэ монгол эр хүний дүр гарсангүй" гэж хэлсэн. Тиймээс энэ зохиол дээр ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ үүнийг нэхэж байгаа. Зохиолд Дулам гэж эмэгтэй гардаг. Жирийн малчин эмгэний дүр л дээ. Ардын жүжигчин Сарантуяа тоглож байгаа. Энэ дүрээс л үзэгчид монгол эмэгтэй, эх хүнийг олж харах болов уу. Уг нь, аливаа уран бүтээл нийгэм, үзэгчдээсээ түрүүлж явах учиртай. Гэтэл сүүлийн үед төрөн гарч байгаа ямар ч уран бүтээл нийгмийн амьдралаа дагаж урсаад байна. Нийгмийн өнөөгийн амьдралыг харуулсан кино бол урлаг биш шүү дээ. Энэ нь сүүлийн үед телевизийн суваг бүрээр гарч байгаа солонгос кинотой зайлшгүй холбоотой. Үзсэн хүмүүс ингээд л бусдын анхаарлыг татаад байж болно гээд ойлгочихгүй юу.

-Бэсрэг жүжгийн хувьд тайз нь ч тэр, дүрүүдийн хувьд ч тэр нэг их нүсэр байх шаардлагагүй. Таны жүжиг хичнээн дүрээс бүтэж байгаа вэ?
-Таван жүжигчин тоглож байгаа. Ардын жүжигчин Сарантуяагаас гадна Амгаланбаатар, Цэрэнболд, Хулан, Тамир нар тоглоно. Ардын жүжигчин Сарантуяа бид хоёр чинь Багшийн сургуулийн Кино драмын ангийн хоёр. 1976 онд хамт элссэн ч би голд нь будлиад хоёр жилийн дараа найруулагч Найдандоржийн ангийг төгсч, эхнэртэй болж байсан юм. Тэгээд л УДЭТ-таа ирж, дагалдангаар орсон.

-Тэр үед алтан үеийнхэн жинхэнэ театр гэж юу байдгийг мэдрүүлж байсан биз дээ?
-Сайхан багш нар маань тэгэхэд амьд сэрүүн байлаа. Тэр үеийн дурсамжаа эргэн санахад хаврын нэг их шуургатай өдөр санаанд орж байна. Чи бид хоёрын одоо сууж байгаа талбай чинь цардмал зам байхгүй, шороогоор шуураад л. Энд хэдэн сүүлгүй унага байгаагүй юу. Гомбосүрэн багшийн тайлан тоглолт болсон юм. Багш театраас гарч алхаж байснаа тэр сүүлгүй унагануудын хажууд ирж зогсоод “Дахиж энэ театртаа ирэх болов уу” гэсэн шиг нэг их санаа алдаад яг тийм харууслын харцаар харж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Багш их дэгжин хар цув, шляфан малгайтай.
Би оюутан байхаасаа шүүмж бичдэг байв аа. Театрт дадлага хийж байхдаа Гомбосүрэн багшийг их шүүмжилж бичнэ. Мөнхдорж багшийн зааснаас өөр тоглоод байх шиг санагдана. Жүжигчин аливаа дүрийг дотор талаас нь тоглох ёстой. Гэтэл Гомбосүрэн багш арай л гаднаас нь тоглоод байна гэж ирээд л бичнэ. Үеийнхэнтэйгээ шүүмжилж яриад л.

-Багшийн тань чихэнд тэр шүүмж хүрч байв уу?
-Хүргэхгүй байх арга хэмжээ авна. Орой тоглолт үзчихээд гэртээ харьж бичнэ. Маргааш нь буцаад ирэхгүй хаачих билээ. Тэгэхэд багш “Үхэвч үнэн ялна” жүжгийн усан онгоцны ахмад, “Отелла” жүжигт тоглодог байсан. Маргааш нь багшийг харахаар л нөгөө бичсэнийг минь мэдчихсэн юм шиг санагдаад, айна. Орой хариад бичсэнээ ураад авдрынхаа ёроол руу хийчихнэ. Тэгсээр сүүлдээ зориг орсон л доо. Оюун багш намайг их дэмждэг байлаа. Урлагийн ажилтны холбоонд Оюун багш суудаг. Тэр үед оюутнууд дипломат цүнх барихгүй. Би л нөгөө бичсэн юмнуудаа нэг цүнхэнд хийгээд барьчихна. Оюун багшид шүүмжээ үзүүлнэ. Хүнийг их бага гэж харилцдаггүй их сайхан хүн байлаа. Сүүлд сонсохнээ театрынханд “Та нар Ганхуягийг гомдоож болохгүй” гэж захисан байсан.

-Уг нь, та чинь Багшийн сургуулийн Кино драмын ангийг төгсөөд жүжигчнээр театрт ирсэн хүн биз дээ. Тэгсэн мөртлөө дипломат цүнх бариад багш нараа шүүмжлээд явдаг байж?
-Би театрт ирээд жүжигчин гэхээсээ илүү туслах найруулагчаар ажилласан. Мөнхдорж багш, Доржсамбуу найруулагчид олон удаа тусалж, жүжиг найруулсан. Тэгээд л надад бичих эсвэл найруулах авьяас байна. Энэ чиглэлээрээ сургуульд явах нь зүйтэй гэж бодсон. Үүнийг маань ч театрын даргаар 44 жил ажилласан Таяа гуай дэмжиж, Беларусь руу сургуульд яваад 1990 онд төгсч ирсэн. Тэр цагаас хойш СУИС-д хадаастай өдийг хүрлээ.

-СУИС-ийн кино драмын ангийг одоо тантай салшгүй холбоотой гэлцдэг?
-1959 онд Багшийн дээдэд анх кино драмын ангид элсэлт авсан. Үнэхээр мундаг сургалттай байсан. СУИС-д энэ анги шилжсэнээс хойш дөрвөн жилд нэг удаа элсэлт аваад дараа нь хоёр жилд нэг удаа болоод одоо ч бүр жил өнжихгүй, нэг анги биш нэлээн хэдэн анги авдаг болж дээ.

-Ер нь, жүжигчнийг олноор бэлтгэх нь зөв үү, буруу юу?
-Би бол дотроо буруушаадаг. Нийгэм маань өөрөө зах зээлд орсон учраас нэг элсэгчийн цаана байгаа нэлээн хэдэн төгрөг л хүний нүдэнд харагддаг болж л дээ. Хамаагүй туйлширч болохгүй гэж бодоод сургуульдаа ч хэлдэг. Гэхдээ яг одоо  жүжигчнийг СУИС шиг бэлтгэдэг өөр газар Монголд байхгүй гэж хэлнэ. Дэлхийд шилэгдсэн системээр сургалт явагддаг юм.

-Шүүмж бичдэг байсан учраас чамбай бүтээл төрөх нь бараг хууль байх. Гэхдээ танаар овоглодог хэдэн зохиол амилсан бэ?
-Арав гаруй жүжгийн зохиол бичсэн. Бүгд л төв, хөдөөгийн тайзнаа тавигдсан. Хамгийн анх Беларусьт оюутан байхдаа гуравдугаар курс төгсч ирээд “Амин булаг” нэртэй жүжгээ бага тайзны жүжиг болгож тавьсан. Төгсч ирээд “Гурван марал гудайхад” жүжгээ Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Их амжилттай болсон. “Тахиа, нохой, гахай” гээд нэг жүжиг бий. “Бүүвэй” -г бол 1980-аад оны сүүлээр бичсэн.

-Ер нь, таны халаасанд яваад л байж...?
-Анхны хувилбарт нь бол дутуу бодсон зүйлүүд байна. Гэхдээ санаа бол мөнхийн юм даа. Өөрийгөө мундаг зохиолч гэж хэлэхгүй. Миний зохиолд гарч байгаа санаанууд аль ч нийгэмд үргэлж байгаасай л гэж бодож бичдэг. Би хөдөө ахуйд төрж өссөндөө биш л дээ. Сүүлийн үед тайз, дэлгэцээс монгол үнэрийг их үгүйлэх боллоо. Монгол дүр байж гэмээнэ л монгол үнэртэнэ л дээ. Тэглээ гээд өөрийгөө чадна, чадах байх гэж байгаа юм биш. Монгол зан араншинтай дүрүүд миний бүтээлээс гараасай. Нийгэм маань өөрөө эрлийзчихээд байна. Зүс царай харагдах байдал, хэл яриа бол монгол. Сэтгэлгээ, зан араншин өөр болчихоод байна. Үсээ урт ургуулаад, үзүүрт нь сур уяснаар сэтгэлгээг хэмжиж болохгүй. Сэтгэлгээ тэгээд нийгмээ ч их дагадаг шиг байна даа. Монгол гэсэн хаягтай Монголынх биш бүтээлүүд гарч байна. Тэгээд арилжаа, ашгаа боддог хүмүүс их болж. Тэдний буруу биш л дээ. Дөрвөн улирал дамнаад л кино хийдэг байсан цаг ч өнгөрч. Хайр сэтгэлийн гурвалжин, атаа жөтөө хорсол л гаргаад байна.

-Ингээд ярьсан чинь “Бүүвэй” жүжгээс нэг их зүйл хүлээгээд байна. Хэлэх гэсэн санаа нь агуу байх гэж бодогдоод...?
-Хүмүүс энгийнээр бол “Бүүвэй” гэдэг үгийг эхийн бүүвэйгээр ойлгоод байгаа юм. Өнөөдөр хүн хэн нэгнээр хайрлуулах, өрөвдүүлэхийг л хүсээд байгаа болохоос биш хүнийг хайрлаж, нигүүлсэх гэдэг зүйл мартагдаад байна. Нийгмийн бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал хүний араншинд нөлөөлдөг байх л даа. Хүн чинь байгалийн бүтээгдэхүүн болохоор нийгмээ дагаад өөрчлөгддөг юм байна. Хүнийг өршөөж уучлахаас илүүтэйгээр буруутгах, зүхэх нь олширч. Тиймээс энэ жүжиг нийгэмд болоод хүмүүст "Нээрээ би чинь юу билээ" гэсэн сэхэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Ерөөсөө л хайр нигүүлслийн тухай жүжиг. Хүнээр хайрлуулахын хэрээр хүнд хайр өгдөг байх тухай. Жүжгийнхээ дууны клипийг хийсэн. Тэндээс харж байгаа байх. Гол дүрийн жүжигчин Хуланг гурван залуу хайрлаад байгаа. Хүн хүн ёсныхоо хувьд алдаа гаргаж болно. Үүнийг яагаад уучилж болохгүй гэж. Хууль зөрчөөд хэн нэгнийг хохироочихоогүй л бол. Эмэгтэй хүн нөхрийнхөө хажуугаар өөр эрд сэтгэл алдарч болно биз дээ. Тэр хүний эрх. Байх л асуудал. Тиймээс өршөөл байх хэрэгтэй. Эх нь үрээ бүүвэйлэх, хүн хүнээ бүүвэйлэх, дэлхий хүнээ бүүвэйлэх гээд олон төрлөөр бүүвэйг ойлгож болно.

-Монголын театр урлагийн түүхийг эмхэтгэсэн ном гаргасан байдаг. Тэгэхээр нэг асуултыг танаас заавал асуух ёстой. Монголын театр урлаг хаашаа явж байна, яг одоогийн байдлаар...?
-Хөгжиж байна. Хааяа наадам фестивалийн шүүгчээр сууна. Сонгодог жүжгийн нэг наадмын үеэр би хэлж байсан. Хөдөөгийн театруудад сонгодог жүжгийг УДЭТ-ын хэмжээнд тоглочих чадвартай уран бүтээлчид байна гэж. Тэрнээс хойш мюзикл тавьж байна. Үзэгчид театр руу нуруугаа харуулаад зогссон үе байсан. Харин одоо тайз руугаа хараад сууж байгаа. Найруулагчдын ач. Дипломтой болгон найруулагч биш. Төрдөг юм. Гэхдээ би өөрийгөө яриагүй. Нөхдөө ярих их дуртай.
Шүүмжилье гэвэл олон зүйл л байна. Монголоос өөр театрынхаа үүдэн дээр машины төлбөртэй зогсоол хийсэн газар байхгүй гээд л. Гэлээ гээд бүгдийг нь яриад байж болохгүй байх.

-Найруулагч хүн жүжигчнээ хэрхэн тоглуулах арга барил их чухал юм шиг харагддаг. Нэг ёсондоо жүжигчнээ удирдан жолоодож байж хүссэнээ хийлгэдэг. Таныхаар дүрийг жүжигчинд өмчлүүлэх нь зөв үү?
-Найруулагч хүн жүжигчнийг төрүүлэх ёстой. Энэ үүрэг жаахан хаягдаад байна уу даа. Гантөмөр гуай анхандаа үргэлж л дурлалт залуугийн дүрд тоглоод л байсан. Ванган гуай тэр үед Гантөмөр дурлалын баатар боллоо гээд хорин хэдтэй залууг “Босгон дээр” жүжгийн 60 гарсан өвгөнд тоглуулж байсан. Найруулагчид ингэж харах ёстой.

Дэлхийн жишгээр театрын эмэгтэй жүжигчид эрчүүдээсээ хоёр дахин цөөн байх учиртай гэж сонссон юм байна. Энэ харьцаа манай театрт алдагдсан юм шиг харагддаг?
-Тогтчихсон зарчим биш л дээ. Эрчүүдийг бодвол жүжигчин болох хүсэл сонирхол эмэгтэйчүүдэд илүү байдаг. Яг жүжигчин болоод айл гэрийг авч явна гэдэг хэцүү. Авдаг цалин нь хэд билээ. Тэгэхээр эрчүүд цөөн байдаг нь үүнтэй холбоотой. СУИС-д ч гэсэн эрчүүдийг олон авах санаа байдаг. Элсэлтээр ирсэн хүүхдүүдийн 70 хувь нь эмэгтэй байдаг. Тэгэхээр ер нь охид СУИС-д элсэх жаахан хэцүү. Жил бүр 100 гаруй жүжигчин СУИС-аас гарч байна. Театрын босго өндөр. Цөөхөн нь л нааш зүглэнэ дээ. Хошин урлагийн хамтлагууд, хувь уран бүтээл хийх гээд мэргэжлээрээ ажиллахгүй нь ч бий. Гэхдээ энэ хошин урлагийн хамтлагууд цаашид бодлогоо өөрчилж, театр болох байх гэж найддаг юм. Дандаа шоу тоглоод явахгүй нь ойлгомжтой.

-Хошин шогийн хамтлагууд нэмэгдэж байгаа нь нийгмийн байдал доройтсоны илрэл гэх юм билээ?
-Хошин урлаг гэж хэлэх ёстой юм. Манайхаас өөр ийм шоу хийдэг орон байхгүй дээ. Тухайн орны театрын хөгжлөөр тэр орныг тодорхойлдог. Би урлагийн хүн учраас явцуурч байгаа юм биш. Хүнийг өмссөн хувцас, идэж байгаа хоолоос нь илүү оюун санаагаар нь тодорхойлогтой л адил. Театр хүний тархины тэжээлийг өгдөг.

-Та дээр театр хөгжиж байна гэсэн. Тэгэхээр улс орон ч гэсэн таныхаар хөгжиж байгаа хэрэг үү?
-Хөгжихдөө хоёр туйл руугаа яваад байна. Хэт баян, хэт ядуу руу. Хүн баяжиж ханадаггүй юм шиг байна. Уг нь, хойч үедээ эд хөрөнгө биш эрдэм мэдлэг л үлдээх нь чухал. Багшийнхаа цалинг цааш нь хийгээд хоёр хүүгийнхээ боловсролд л зориулах гэж хичээдэг юм. Хөдөлмөрлөж олсон мөнгө ч амттай даа. “Бүүвэй” жүжигт жүжигчин Хулангийн хэлдэг үг байдаг. Миний ээжийн хэлдэг байсан үг л дээ. Онцгойрч түрүүлээд хэрэггүй, оройтож сүүлдээд хэрэггүй. Олныхоо дунд л яваарай гэж.

Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан