Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баасанхүү: Өмнөговийн хүүхэд багачууд улсын хэмжээнд жишиг тоглолт хийнэ


Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авъяас” дэд хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадмыг Улаанбаатар хотноо анх удаа тоглох гэж буй. Тоглолтын талаар болон тус аймгийн боловсролын салбарын талаар Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.  

-Өмнөговь аймгийн Боловсролын газрын дар­гаар томилогдоод нэг хичээлийн жилийн хуга­цаа өнгөрчээ. Энэ ху­га­цаанд дэвшүүлсэн зо­рилтуудаа хэр биелүүлэв. Энэ хичээлийн жилийг ямар амжилттай үдэж байна?  
-2013 онд Монгол улсын Засгийн газраас “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр баталж улс орон даяар хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг боловсролын салбарын эрх зүйн томоохон баримт бичиг гэж хэлж болно. Үүнд багтаж байгаа чанарын шинэчлэл хөтөлбөрийн гол үзэл санаа нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх юм. Тиймээс манай аймаг ч хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлэн ажилласан.
2013-2014 оны хичээлийн жил эхлэхээс өмнө бид аймгийн “Багш нарын бага хурал” зохион байгуулж энэ талаар хэлэлцүүлсэн. Товч­хондоо хэлэлцүүлэхэд маш их ажил болж, бидний хувьд бэрхшээл их тулгарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь, боловсролын салбарт баримталж байсан бодлогын баримт бичгүүд нэлээд өөрчлөгдөж, түүнийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх тал дээр анхаарах шаардлагатай бол­сон. Багш нарын хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх маш их хүсэл эрмэлзлэл байгаа ч  сургуулийн менеж­мент, орчин, байр, төлөвшил зэргээр тулгамдаж байгаа асуудлаа хэлж байсан. Тэгэхээр бид сургуулийн ме­неж­ментийг өөрчлөх шаард­лагатай байгаа юм. Үүний тулд асуудлыг сайн суд­лах ёстой. Манай аймгийн хувьд энэ чиглэлээр нэлээн ярилцаж төлөвлөгөө гарган ажил­лаж байна. Багш, сур­гууль хоёр л зүтгэх биш, эцэг эх, олон нийтийн байгууллага,хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд хамтарч ажил­лах зорилт тавьсан. Үү­ний нэг илрэл нь “Авъяас” хө­­­төлбөр манай аймагт ам­жилт­тай хэрэгжиж байгаа юм.  
Мөн энэ хичээлийн жилд БШУЯ-наас “Багшийг алдар­шуулах жил”  болгон зарласан. Багшийн хөдөл­мөрийг алдаршуулах нь үнэхээр чухал. Улсын хэмжээнд 300 гаруй баг­шийг алдаршуулахаар нэрийг нь тодруулснаас манай аймгийн 20 багш багтсан. Ер нь Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын ши­нэч­лэлийн хүрээнд томоохон үр дүн гарч байгаа. Улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, уралдаан тэмцээнд багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд маань ам­жилт­тай оролцсон. Бид энэ хичээлийн жилд дэв­шүүлсэн төлөвлөгөөний хэ­рэг­жилтийг хичээлийн жил дуусмагц дүгнэж тайлагнана. Урьдчилсан байдлаар бид­ний төлөвлөсөн ажил 85 хувь­тай хэрэгжиж байна.

-“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр бол эрх зүйн томоохон бичиг баримтын нэг гэлээ. Энэ хөтөлбөр Өмнөговь аймагт хэр үр дүнгээ өгч байна?
-Боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх зорилготой “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэг хичээлийн жил болж байна. Энэ нь “Авъяас”, “Ном”, “Бага дунд боловсролын чанарын шинэч­лэл”, “Багшийн хөг­жил” гэсэн дөрвөн дэд хө­төл­бөртэй. Үүний хүрээнд Өм­нө­говь аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх, айм­гийн дэд хөтөлбөрүүдийг боловс­руулаад ажиллаж байна. Ту­хайлбал, “Авъяас” хөтөл­бө­рийг аймгийн ИТХ-аас ба­талж, 2014 онд Өмнө­говь айм­гийг хөгжүүлэх эдийн за­саг, нийгмийн үндсэн чиг­лэлд тусган орон нутгаас нэлээн хөрөнгө зарцуулж байна.
Аймгийн хэмжээнд бид энэ хөтөлбөрийг хэрэг­жүү­­лэх томоохон ажлын төлөв­­лөгөө боловсруулж түү­­ний дагуу ажиллаж бай­на.“Авъяас” хөтөлбөр бол ганц нэг урлагийн тог­лолт, дуулж бүжиглэхээр хязгаарлагдахгүй. Хүүхдэд бүх төрлийн авъяас байдаг, гэхдээ зарим нь нуугдмал, зарим нь илэрсэн байдгаараа ялгаатай. Тиймээс хүүхдийн энэ авъяас чадварыг багш сурган хүмүүжүүлэгчид нээж илрүүлж, хөгжүүлэхэд туслах ёстой. Эцэг эхчүүд, багш нар хүүхдийг сонирхлоор нь биш хүчээр мэдлэг олгох гэж дайрдаг нь өнөөдөр бидний анхаарах ёстой нэг алдаа болоод байна. Ийм нөхцөлд хүүхэд амжилт гаргахад хүндрэлтэй. Хэрвээ хүүхдийн сонирхолд нь үндэслэн мэдлэг олговол амжилт гаргаж чадна, насан туршийнх нь хэрэглээ болж өөрт нь үлднэ. Тийм учраас бид “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хүүхдүүдээ судалъя, хэнд ямар авъяас байна, түүнийг нь олж илрүүлье гэж зорьсон. Эхний ээлжинд сурагчдын хамрах хүрээг өргөжүүлэх тал дээр анхаарсан. Харин дараагийн хичээлийн жилээс илүү чанаржуулъя гэж зорьж байна. Хичээл заадаг, дугуйлан секц ордог багш нар нь чанартай сургалт өгөх тал дээр илүүтэй анхаарч шат дараатайгаар хэрэгжүүлье гэсэн бодолтой байна.
Энэ хичээлийн жилд хийсэн томоохон ажил бол Өмнөговь аймгийн бүх сумыг хамруулан “Авъяас” урлагийн наадмыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан.  Наадам зохион байгуулахад урьдчилж бэлдэн хооронд нь өрсөлдүүлье гэж зориогүй. “Хүүхдүүд ямар түвшинд суралцаж байна, юу сурч байна, багш нар ажилдаа хэрхэн хандаж байна” гэдэг ерөнхий түвшинг нь үзье гэж зорьсон. Бүсчилсэн урлагийн фестиваль маань зөвхөн аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд хүрсэн жишиг арга хэмжээ болж чадсанд бид талархалтай байна. Учир нь, манай аймаг 10 мянга гаруй сурагчтай, харин энэ хөтөлбөрт  хамрагдсан сурагчид давхардсан тоогоор 11 мянгад хүрсэн. Хувиар нь авч үзвэл нийт сурагчдын 80 гаруй хувь нь “Авъяас” хөтөлбөрийн дугуйлан секцэнд хамрагдсан гэсэн үг. Харин энэ урлагийн наадамд мөн л давхардсан тоогоор 4000 гаруй хүүхэд багачууд оролцсон. Хэ­дийгээр тоо хэлж байгаа боловч үүний ард “оролцоо” сайн байгааг илэрхийлж байна шүү дээ.

-“Авъяас” хөтөлбөр Өмнөговь аймагт амжилт­тай хэрэгжиж,  үр дүнгээ ч өгч бай­гаа гэж ойлголоо. Үүний нэг илрэл нь аймгийн хүүхдийн урлагийн их наадмыг нийслэл хотноо зо­хион байгуулахаар бол­сон байна?
-Бүсчилсэн хэлбэрээр зо­хион байгуулсан урла­гийн наадмаас гоц сайн байсан хүүхдүүдээ сонгож Улаанбаатар хотод “Өмнө­говь аймгийн хүүхдийн урла­гийн их наадам” зохион байгуулахаар болсон. Энэ арга хэмжээ маань хүүх­дүүдийнхээ чадвар, авъяас билгийг улсын хэмжээнд зорилготой. Биднээс нэлээд бэлтгэл ажил шаар­даж байна. “Авъяас” хөтөл­бөрийг улс орон даяар хэрэг­жүүлсэнээс хойш Өмнөговийн хүүхэд багачууд урлагийн тоглолтоо бусад аймгаас анх удаа улсын хэмжээнд тоглох гэж байгаагаараа онцлог. Тийм ч учраас бидэнд маш өндөр хариуцлага ногдож байна. БШУ-ны сайд болон яамны зүгээс маш их ач холбогдол өгч биднийг дэмжиж ажиллаж байна.   
“Нар мишээсэн Алтан­хан говь мину” нэртэй хүүх­дийн урлагийн их наа­дамд манай аймгийн 300 гаруй хүүхэд багачууд орол­цох юм. Тоглолтод говь нутгийн онцлог, мөн “Авъ­яас” хөтөлбөрийн өнгө аяс харагдах ёстой. Мөн Өм­нөго­вийн хүүхэд багачууд багаа­раа хамтарч ийм зүйл хийж чаддаг гэдгийг харуулъя гэсэн зорилготой.  Тоглолтыг орон нутгаас ивээн тэтгэж, Ерөнхий найруулагчаар Монгол улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар урилгаар ажиллаж байгаа.
Бэлтгэл ажлын хувьд сумдаас хүүхдүүдээ авчраад аймгийн төвд тоглолтын бэлтгэл ажлаа хийж байна. Улаанбаатар хотод тоглохоосоо өмнө бид орон нутгийнхаа үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.

-Урлагийн тоглолтоос гадна өөр ямар арга хэм­жээ зохион байгуулах вэ?
-Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарна. Энэ хичээлийн жилд маш олон дугуйлан секц хичээллэсэн. Энд хийж сурсан зүйлээ үзэгчдэд хүргэнэ. Дугуйланд хамрагдаад хүүхдүүд нэг­дүгээрт, сууж сурч байна, хоёр­дугаарт сэтгэж сурч байна. Тухайлбал, манай аймгийн Ханбогд суманд гэхэд хүүхэд багачуудын дунд цаасан урлал хүчтэй хөгжиж байна. Мөн манай аймгаас гаралтай нэг онцлог зүйл бол зээгт наамал. Энэ урлал маань нэлээн хөгжиж байна. Тиймээс энэ бүх онцлогийг ха­руулсан, хүүхдүүдийн маань хийж бүтээсэн шилдэг бү­тээлүүдийг Улаанбаатарт то­лилуулъя гэж зорьсон. Соё­лын төв өргөөнд үзэсгэлэн гар­гана.
 
-Хэдийгээр энэ тог­лолт их ач холбогдолтой болох ч нөгөө талаас зохион бай­гуулалт тун чу­хал. Ялангуяа энэ олон хүүхдийг хол замд авч явах, нийслэл хотод байр­луулах зэргээр эцэг эх­чүүдийн санаа зовж байгаа асуудлууд их бий?
-Мэдээж энэ тал дээр бид маш их анхаарч байна. Тоглолтын бэлтгэлийг сурагч­дын амралтаар хийе гэсэн боловч СТӨ-нд болох хугацаа 7 хоногоор хойшилсон учраас сурагчдын хичээл хоцрогдох явдал гарах нь. Тиймээс хоцорсон хичээлийг нөхөж оруулахаар сургуулийн удирд­­­лагуудтай хамтран шийд­­­вэрлэсэн. Мэдээж тог­­­­лол­тын бэлтгэл ажил, зо­хион байгуулалт гээд маш их зардал гарч байна. Орон нутгийн зарим бай­гууллагын тусламж­тай­гаар хүүхдүүдээ нийслэл хо­тод нэгдсэн журмаар тав тухтай байх нөхцөл бололцоог шийдвэрлэсэн, мөн том оврын автобусны компаниудтай гэрээ хийсэн. Замд га­рахаас эхлээд тоглолтын бүх хугацаанд аймгийн Цаг­даагийн газрынхан хам­гаалалтыг хариуцан зохион байгуулж явна. Мөн хоол хүнс хариуцах тусгай ажлын хэсэг гарна гэх зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.  

-Энэ тог­лолтоор дам­жуулан аши­г олох сонирхол байж магад­гүй гэсэн зарим ир­гэдийн хардлага байх шиг байна. Тоглолт үнэ төл­бөртэй байх уу?
-Бидэнд ашиг олох зо­рилго огт байхгүй. Төлбөрийн талаар манай ажлын хэсэг нэлээд ярилцаж тоглолтын тасалбарыг 5000 төгрөг байхаар тогтсон. Мэдээж одоо үед 5000 төгрөгийн тоглолт гэж  хаа ч байхгүй шүү дээ. Хамгийн гол нь, хүүхдүүдийн уран бүтээлийг дэмжиж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөртэй байх нь зөв гэж үзээд энэ үнийг тогтоосон.  “Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн их наадам хүн бүхэнд нээлттэй. Улаанбаатарт суу­гаа Өмнөговьчууд, хүү­хэд багачууд, эцэг эхчүүд, нийслэлчүүд, бусад айм­гуудаас гээд хэн ч очиж үзэх боломжтой. 

-Тоглолтыг амжилттай зохион байгуулахад цаа­шид анхаарах ёстой асуу­дал юу байна вэ?
-Зохион байгуулалтын хувьд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага нэгдэн ажиллаж байна. Ялангуяа, аймгийн ЗДТГ, НХХэлтэс, ОНХАлба, ССАЖГазар, ХГБХХэлтэс, ХЖТеатр, Хөдөл­мөрийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг олон байгууллагын хамтын хөдөлмөрөөр тог­лолтыг зохион байгуулж байна. Энэ дашрамд, хамтран зохион байгуулж байгаа эдгээр бүх байгууллагадаа Боловсролын газрын хамт олны өмнөөс талархлаа илэрхийлье. Хүүхдийн төлөө явуулж байгаа учраас амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Нэг талаас бидний хийх ёстой ажил боловч нөгөө талаас эцэг эхчүүд маань оролцоотой байх ёстой. “Хүүхэд маань яаж байна, бидний зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна” гээд бидэнд туславал их баярлана. Ер нь, боловсролын салбарт нэг алдаатай зүйл байдаг нь хүүхэд хүмүүжилгүй, сурлага муутай бол багш сурган хүмүүжүүлэгчид буруутан болдог. Гэтэл хамгийн чухал зүйл бол эцэг эх, гэр бүлийн хүмүүжил байдаг. Боловс­ролын байгуул­лага ямар ч ажил зохион байгуулсан эцэг эхийн дэмжлэг, оролцоо сайн байж үр дүн гарна шүү дээ. Тийм болохоор бидний хамтын хөдөлмөрөөр Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их  наадам ам­жилт­тай болно гэдэгт итгэлтэй байна.

С.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан