Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганболд: Мэргэжлийн лиценз авахын тулд хуулийн дагуу хариуцлагын даатгалд даатгуулна


Хүртээмжтэй даатгалын олон улсын форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дарга С.Ганболдтой ярилцлаа.

-Манай улсад даатгалын зах зээлийн хөгжил ямар шатанд явна вэ?
-Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсээд 80 жил болж байна. Анх 1934 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр анхны даатгалын байгууллага үүссэн түүхтэй. Өнөөдөр Монголд 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны сүүлээр даатгалын компаниудын нийт актив 126.4 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 0.54 хувьтай тэнцэж байгаа юм. Цаашид хөгжих шаардлага, боломж, нөөц асар их бий.

-Форумын үеэр манай даат­галын компаниуд экс­пор­тын даатгал хийх ча­давхигүй гэж ярих шиг боллоо?
-Даатгалын компаниуд хө­рөн­гөнийхээ хэмжээгээр эрс­дэлээ хүлээдэг. Энэ утгаараа экспортын даатгалын эрс­дэлийн тооцоолол хийх ёс­той юм. Өнөөдөр манай компаниуд экпортын даат­­галын бүтээгдэхүүн хараахан нэвтрүүлж чадаагүй. Тиймээс Засгийн газраас экспортыг дэм­жих, импортыг орлох бүтээгдэхүүний зээлийн даат­гал гаргах Үндэсний даат­галын корпорац байгуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, экспортыг дэмжсэн арилжааны зээлийн даатгал хийнэ гэвэл СЗХ зөвшөөрөл өгнө. Түү­нээс төр хувийн хэвшлийн даат­галын компаниудын зах зээ­лийг корпорац байгуулан бу­лаах гээд байгаа хэрэг огт биш.

-Эмч, өмгөөлөгч зэрэг зарим мэргэжлийн хүнийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулдаг болох хэрэгтэй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бие даасан хуулиар хэрэгжиж байна. Бусад бүх даатгал сайн дурынх байгаа. Учир нь, хуульд албан журмын даатгал заавал бие даасан хуультай байна гээд заачихсан. Гэхдээ эмч, шүүх, барилгын ажилтны хариуцлагын даатгал гэж байх ёстой. Бусдын амь нас, эд хөрөнгөд санаатай болон санамсаргүй хохирол учруулж болзошгүй бол хариуцлагаа заавал даатгуулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх хоёр зам бий. Нэг бол бие даасан албан журмын хууль гаргах. Энэ тохиолдолд эмчийнх, өмгөөлөгчийнх гэж тус тусад нь хууль гаргах хэрэгтэй болно.

-Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос бо­ловсруулсан төсөл бий юу?
-ЭМЯ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороо ажлын хэсэгт нь оролцож, саналаа тусгуулж байгаа.Харин шүүгч, нотариатч, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын асуудлаар СЗХ төсөл боловсруулахаар болсон. Гэхдээ заавал бие даасан хууль гаргахгүйгээр зарим мэргэжлийн хүнийг албан журмын даатгалд хамруулах боломж бас бий. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад төрөөс өгдөг лиценз, тусгай зөвшөөрлийн нөхцөлд хариуц­лагаа заавал даатгуулна гэсэн заалт оруулахад л болох юм. Ингэвэл лиценз авахын тулд заавал даатгуулдаг болно.

-Үндэсний даатгалын корпорац байгуулбал 3-5 жилийн дотор хувьчилж болно гэж дуулсан?
-Үндэсний даатгалын кор­­порац байгуулсны дараа үйл ажиллагаа нь тогт­воржвол заавал төр эзэмших шаард­лагагүй. Хувийн хэв­шилд нь шилжүүлэх хэрэг­тэй. Өн­дөр хөгжилтэй орнуудад ч үндэсний, ялангуяа давхар даат­галын компанийг төр нь бай­гуулаад хувийн хэвшилд шилжүүлдэг туршлага олон байдаг.

-Монгол дахь даатгалын компаниудын өрсөлдөх чад­вар сул юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Даатгалын компаниуд маань гол төлөв гэнэтийн ослын, эд хөрөнгийн, тээврийн хэрэгслийн гэх мэт уламжлалт тогтчихсон бүтээгдэхүүнээр өр­сөлддөг. Санхүүгийн ча­давхи багатай даатгалын компани ч олон бий. Нийт даат­­­­галын 20 хувийг “Монгол даатгал” ХХК дангаараа эзэлж байхад хоёрхон хувийг эзэлдэг компани ч байгаа. “Гэр даатгал”, “Ган зам даатгал”, “Мөнх даатгал” гэх мэт.  Өөрөөр хэлбэл, жижиг, том гэлтгүй даатгалын компаниуд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд зайлшгүй зардлаа нэмэх хэрэгтэй. Олонх нь аж ахуйн нэгжийг даатгах сонирхолтой байдаг. Томоохон байгууллагуудыг даатгаж, их хэмжээний хураамж авсан хэрнээ зардал гаргахгүй, харамлаад суугаад байвал яаж хөгжих билээ. Үүнээс үүдэн өнөөдөр иргэдэд хүрэх даатгалын ажиллагаа ч чамлалтай нь үнэн. Энэ нь, даатгалын компаниудын санхүүгийн чадавхитай шууд холбоотой л доо.

-Чадавхитай болохын тулд яах хэрэгтэй вэ?
-Төрөөс хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Манай даатгалын компаниуд өнөөдөр хоёр тэрбум 750 сая төгрөгийн дүрмийн сан, хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгаа бол  2016 он гэхэд таван тэрбум болго гэсэн шаардлага тавьсан. Арилжааны банкуудын хөрөнгийг ингэж  нэмэгдүүлсэн шүү дээ. Бусдын эрсдэлийг даах гэж байгаа л бол өөрсдөө санхүүгийн чадвартай байх ёстой. Би чадна гээд хураамж авчихаад нөхөн төлбөр олгох болохоор мөнгөгүй, чадваргүй гээд сууж болохгүй. Тэгэхээр СЗХ хяналт тавиад хөрөнгийг нь нэмэгдүүлэх бодлого барьж байгаа.

-Даатгалын зах зээлд чөдөр болж буй нэг асуудал нь санхүүгийн чадавхи гэж ойлголоо. Үүнээс өөр ямар асуудал байна вэ?
-Даатгалын мэргэжлийн боловсон хүчин үнэхээр дутмаг байна. Даатгалын бүтээгдэхүүн гаргахын тулд эрсдэлээ маш нарийн тооцдог байх ёстой. Манайд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн даатга­лын эрсдэл тооцдог мэр­гэжлийн актуар байхгүй. Яахав,  математик тооцоо хийдэг, анхны мэдэгдэхүүнтэй хүмүүс даатгалын компаниудад ажиллаж байгаа л даа. Уг нь, даатгалын бүтээгдэхүүнийг мэргэжлийн андррайтер тооцож судалж гаргадаг. Гэтэл манайд ийм мэргэжилтэн байхгүй. Тэгэхээр цаашид даатгалын мэргэжлийн актуар, андеррайдерийг бодлогоор бэлдэж, сургах шаардлагатай.  Даатгал хөгжихөд саад болж байгаа гол зүйл нь ердөө л энэ.

-Гадаадын улс орнуудад эд эрхтэн, хөдлөх хөрөнгө, тэр бүү хэл гар утсаа хүртэл даатгуулж байна. Манайд энэ цаг үе хэр ойрхон байгаа бол?
-Даатгалын компаниуд хувь хүнд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаад, түүнийгээ борлуулахын тулд маш их чармайлт гарган, хөрөнгө мөнгө ч их зарцуулах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол хөгжихгүй. Даатгалын компаниуд энэ чиглэл рүү явахад нь дэмжлэг үзүүлэх бодлогын арга хэмжээг бид төлөвлөж байгаа. Нөгөөтэйгүүр, даатгалын компаниуд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн гарган гэрээ байгуулах тул тэдний санхүүгийн болон даатгалын боловсролд анхаарах хэрэгтэй. Тэгэх­гүй бол даатгалын ач холбогдлыг ойлгохгүй, сан­хүүгийн боловсрол муутай хү­мүүс мөнгө байсан ч даатга­лын үйлчилгээ худалдаж авахгүй.

-Нийгмийн олонх нь ядуу байхад тэдэнд чиглэсэн даатгалын бүтээгдэхүүн гаргах хэцүү байх л даа?
-Даатгал байтугай өдрийнхөө талхыг яаж олох вэ гэсэн хүн зөндөө байна. Ийм хүмүүст даатгал хийнэ гэдэг маш хэцүү. Гэхдээ даатгалын шаардлага гаргахад нь нөхөн төлбөрийг маш шуурхай, санаанд нь нийцэхүйц олговол иргэд “Би эрсдэлээ хаах боломжтой юм байна” гэдгийг ойлгоно. Тэр цагт хэчнээн ядуу байсан ч даатгалын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болно.  

0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179 СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан