Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газарт гардуулав

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргасныг өнөөдөр Засгийн газарт гардуулан өгөх ёслол болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан уг зарлигт:

Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

1.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг, цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох чиглэлээр Ойн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах;

3.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг сайжруулах, иргэдийн ахуйн хэрэгцээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн нийлүүлэлт бүхий ойн тогтвортой менежментийн “сайн засаглал”–ын тогтолцоог бий болгох;

4.Хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн,

баримтжуулсан, мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгох шуурхай тогтолцоог бүрдүүлэх.

Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай гэжээ.

Зарлигийг гардуулан өгсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Ерөнхийлөгчийн энэ зарлиг бол Монгол Улсад олон жил бугшсан бусармаг зүйл болох хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн, үүнийг таслан зогсоох түүхэн шийдвэр болж байна. Зарлигийг гардуулах ёслолд оролцсон та бүхэнд их баярлалаа.

Та бүхэнд нэг жишээ хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт оролцсон сурагчид зохион бичлэг хийж ирүүлдэг. Нийслэлийн нэг сурагч охин Сэлэнгэ рүү явж байх замдаа тайрсан моддыг хараад уйлж байгаа нь зурагтаар гарсан. Тэр хүүхэд зохион бичлэгтээ “Бид мод тарьж ургуулдаг. Гэтэл тайрсан модыг харахад дайны талбарт амь үрэгдсэн цэрэг эрс шиг. Түүнээс ч долоон дор” гэж бичсэн байсан. Ингэж манай хүүхэд багачууд эх дэлхий, ой модоо хайрлах, хамгаалах хүмүүжилтэй байхад ургаа ой модыг тайрч байгаа хүмүүс нь дандаа насанд хүрсэн хүмүүс байдаг.

Хулгайгаар мод тайрдаг явдалтай тууштай тэмцвэл зогсоож чадна. С.Оюун сайд, МХЕГ-т хандаж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл өгсөн зарлигийг олон нийтэд сайн ойлгуулж хүргэж чадвал хулгайн мод бэлтгэлийг зогсоох боломжтой. Ерөнхийлөгчийн зарлигт олон нийтийн оролцоо, уялдааг хангасан сайн засаглалын асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг олон цогц асуудлаас гадна урьд өмнө гарч байгаагүй нэг заалт орсон. Түүнд хулгайн мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багаж төхөөрөмжийг худалдан борлуулж, орсон орлогыг бусармаг үйлдлийг илрүүлсэн, мэдээлсэн, хэлсэн хүмүүст урамшуулал болгон бүрэн өгөхөөр заалаа.

Эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг амьсгалах хүчилтөрөгчөөр хангадаг ой модыг хорогдуулах бус нэмэгдүүлэх буянтай, хариуцлагатай ажил үйлст холбогдох яамд, албаны хүмүүс, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж их амжилт гаргаад ирэх жилийн өдийд тодорхой үр дүнд хүрсэн байхын өлзийтэй ерөөл дэвшүүлж амжилт хүсье” гэлээ.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчид ард иргэдээс ирүүлдэг санал хүсэлт дотор байгаль орчноо хамгаалах, хулгайгаар, хууль бусаар мод бэлтгэхийг хориглох тухай захидал, санал ихээхэн байр суурь эзэлдэг. Одоогоос 20 жилийн өмнө Монголын ой модны эзлэх хэмжээ 17 хувьтай байсан бол одоо 8-9 хувь болсон байна. Модны хулгайтай төрийн зүгээс хатуу тэмцэх нөхцөлийг бүрдүүлж, ийм үүрэг даалгаврыг Ерөнхийлөгчөөс өгч байна” гэв.

Зарлиг хүлээж авсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хулгайгаар мод бэлтгэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллаж үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан