Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Nike уу Adidas уу

Бразильд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх хоног ойртсоор. Аварга болсон шигшээ баг дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлнө. Үүнийг дагаад хөлбөмбөгийн хувцас хэрэглэлээр дэлхийд тэргүүлэгч “Nike”, Adidas” зэрэг аварга том компани хоорондын өрсөлдөөн улам хурц­даж эхэл­лээ.

Судалгаанаас үзвэл 2013 онд дэлхийн хэм­жээнд спортын хувцас хэ­рэг­лэлийн зах зээлийн 14,6 хувийг “Nike”, 11,4 хувийг “Adidas” эзэлж байжээ. Гэхдээ уламжлал ёсоор Германы “Adidas”-ийн хаанчилж ирсэн хөлбөмбөгийн хувцас хэрэглэлийн зах зээл рүү Америкийн “Nike” хүч түрэн орсноор хоёр жилийн дотор хөлбөмбөгийн спортоос олдог орлогоо жилд дунджаар 7,7  хувиар өсгөсөн байна.
Үнэндээ хоёр компанийн хөлбөмбөгийн зах зээлд үйл ажиллагаа явуулсан туршлагын ялгаа 50 гаруй жилийн түүхтэй. Хөлбөмбөгийн өргөстэй пүүзийг хамгийн анх 1925 онд Ади Дасслер зохиож, үйлдвэрлээд зах зээлд нийлүүлсэн. Улмаар 1950-аад онд цасан дээр, хөлдүү хөрсөн дээр хөлбөмбөг тоглох боломжтой шинэ загварын пүүз бүтээж байв.

“Nike”  нь 1994 онд АНУ-д болсон хөлбөмбөгийн дэл­хийн аварга шалгаруулах тэм­цээний дараа л энэ салбарт анхаарал хандуулсан ч “Урд ургасан чихнээс хойно урга­сан эвэр” гэгчээр маш хур­дан өөрийн байр суурийг олж авч чадсан гэж болно. Тийм­дээ ч “Adidas” компани аме­рик өрсөлдөгчийнхөө амжилтыг хү­лээн зөвшөөрөхөөс өөр ар­гагүй болов. “Adidas Global Football”-ын дэд Ерөн­хийлөгч Маркус Бауманн “Хөл­бөмбөгт үндсэн хоёр тоглогч бий. Нэгдүгээр байрыг манай компани эзэлж байгаа ч гол өрсөлдөгч “Nike” болсон. Тэд энэ бизнест мэдэгдэхүйц амжилттай ажиллаж байгаа” гэжээ.

Ийм ч учраас 2014 онд “Adidas” Дэлхийн аваргын үеэр бөмбөг, хөлбөмбөгийн хувцас, эд зүйлсийн борлуулалтаа нэмэгдүүлэх замаар зах зээлд шахагдан ихээхэн хохирол амссан шархаа нөхөх томоохон зорилготой байгаа. Тэгэхээр Бразильд болох дэлхийн аваргын тэмцээн нь хөлбөмбөгийн багууд төдийгүй тэдний спонсоруудын хооронд явагдах нүсэр тулааны талбар болж хувирна.

“Adidas”-ын давуу тал нь бөмбөг

“Adidas” компани нь “Олон улсын хөлбөмбөгийн холбоо” буюу “FIFA” –ийн эртний спонсор. Энэ хоёр анх 1970 онд гэрээ байгуулж, тогтмол сунгасаар ирсэн. Одоо үйлчилж байгаа гэрээний дагуу “Adidas” нь 2030 он хүртэл “FIFA”-ийн гол ивээн тэтгэгч хэвээр байх юм. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Adidas” нь “Hyundai-Kia Motors”, “Visa”, “Sony”, “Emirates”, “Coca-Cola” компанийн хамт үндсэн ивээн тэтгэгчээр орж байгаа.
1970 оноос хойш дэлхийн аваргын тэмцээн дээр зөв­хөн “Adidas” бөмбөгөөр тоглож байна. Германы энэ давуу байдлыг Америкийн өрсөлдөгч нь яаж ч чадахгүй. Тэмцээний тоглолт эхлэх, гоол орох болгонд камерууд “Adidas”-ын логог хэдэн тэрбум хүнд хүссэн хүсээгүй харуулж сурталчлах болно.

“Nike”-ийн давуу тал нь тоо

“Nike” тоогоороо хүч түрж байгаагийн нэг илрэл нь ивээн тэтгэх үйл ажиллагаа. Бразилийн тэмцээний үеэр түүхэнд анх удаагаа ивээн тэтгэдэг үндэсний шигшээ багийн тоогоор “Nike” нь өрсөлдөгч “Adidas”-аас давж гарна.
“Nike”  нь Бразильд эхлэх гэж байгаа тэмцээний үеэр дараах 10 улсын шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр оролцоно. Эд­гээрт нь: Австрали, Англи, Бразиль, Голланд, Грек, Португаль, АНУ, Хорват,  Өмнөд Солонгос багтжээ. Үндсэн ивээн тэтгэгч нь учраас эдгээр шигшээ багийн тамирчдыг өөрийн үйлдвэрлэсэн хувцас, пүүз, бусад зүйлсээр хангана.
Харин “Adidas” Аргентин, Герман, Испани, Колумб, Мексик, Нигери, Орос, Япон гэсэн найман орны шигшээг ивээн тэтгэнэ.
Энэ хоёртой өрсөлдөгч өөр нэг компани болох “Puma” нь Алжир, Гана, Итали, Камерун, Кот-д’Ивуар, Уругвай, Чили, Швейцарь гэсэн найман улсын шигшээг ивээн тэтгэжээ.

Эднээс хамгийн анхаарал татсан, хамгийн нөлөө бүхий нь тоглолтыг хүлээн авч, зохион байгуулж бай­гаа Бразилийн шигшээ. Иймээс “Nike” энэ дэлхийн аваргын тусламжтайгаар хөлбөм­бөгийн хувцас хэрэглэлийн зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлж, Герман өрсөлдөгчөө шахан №1 болох бүх боломж бий. Хөлбөмбөгийг үндэсний спорт гэж үздэг Брази­лийн зах зээл дээрх спортын хувцас, эдлэлийн зах зээлийн 12,1 хувийг Америкийн компани хянадаг бол “Adidas” ердөө 5,5 хувийг нь эзэлдэг. Тэгээд ч таван удаан дэлхийн аварга болж байсан Бразилийн шигшээ энэ удаад нутаг дээрээ тоглох бөгөөд зургаа дахь удаагаа аварга болохын төлөө бүгдийг хийнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Үнэхээр аварга болж чадвал ивээн тэтгэгч “Nike” компани тэнгэрийн умдаг атга­лаа гэсэн үг. Учир нь зур­гаа дахь удаагаа аварга болвол Бразилийн гэлтгүй Өм­нөд Америкийн зах зээлд эзлэх хувиа огцом нэмэг­дүү­лэх бодит боломжтой болно.
Гэхдээ дэлхийн хэмжээнд энэ хоёртой өрсөлдөж байдаг өөр нэг компани болох “Puma” зүгээр суугаад харахыг хүссэнгүй. 1950 онд Бразиль анх удаагаа дэлхийн аваргын тэм­цээнийг хүлээн авч, зохион байгуулж байх үеийн “эмгэнэлт” түүхийг өгүүлсэн сурталчилгаа явуулаад эхлэв. Тэр үед нутаг дээрээ гарцаагүй ялна гэж байсан Бразиль Уругвайн шигшээ багт ялагдаж хасагдсан нь тухайн үеийн хөлбөмбөгийн ертөнцийг жинхэнэ донсол­госон дуу­лиан­тай үйл явдал бол­сон юм. Ингэснээр энэ удаагийн тэмцээнд Уругвайн багийг ивээн тэтгэж байгаа гэдгээ “Puma” эвтэйхэн онцлоод, өр­сөл­дөгчдөө хөөрхөн чимхээд авсан. Тэгэхээр дэлхийн аваргын тэмцээнд ямар улсын шигшээ ялж, хөлбөмбөгийн хувцас, хэрэглэлийн зах зээлд ямар компани тэргүүлэх вэ гэдэг асуудал нээлттэй хэвээр.

Энэ дашрамд сүүлийн 60 жилд зохиогдсон хөлбөм­бө­гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэний ивээн тэтгэсэн баг хамгийн олон удаа аварга болсон гэдгийг сонирхоод үзэхэд илүүдэхгүй.
Хувцас, хэрэглэлийг нь өмсөж тоглоод аварга болсон шиг­шээ багийн тоогоор “Adidas” гарцаагүй манлайлж байна.
Хоёрдугаарт “Umbro” ор­дог. Энэ ком­панийн хувцсыг өмссөн шигшээ багууд “Nike”, “Puma” хоёрын багуудыг нийлүүлс­нээс олон удаа аварга бол­сон юм. Гэвч Британийн “Umbro” компани дэлхийн хөл­бөмбөгийн түүхэнд нэрээ үлдээгээд одоо сураггүй болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Одоо нэгэнт бусад гурван компанитайгаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж ч үгүй, чадвар ч үгүй болсон.



0 Сэтгэгдэл
Угаасаа адидас нэг номер.Тэр гурван кант бол классик шү дэ.
Хамгийн их уншсан