Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль батлагдвал...

Долдугаар сарын 1 гэдэг өдөр Монголын улс төрд хар бараанаар дурсагддаг. Арай өөрөөр дурсагдах, улс төрд нэгэн шинэ хуудас нээх үйл явдал бас л долдугаар сарын 1-нд болж магадгүй нь. УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэх өдрийг хожим энэ цаг хугацаагаар тодотгодог болж ч мэднэ, үгүй ч байх боломжтой.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрэгжүүлэх хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх өөрчлөлтийг УИХ тусгалаа. Гэхдээ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлаагүй гэдгийг тодотгох ёстой. Ямар ч байсан төсөлд цаг хугацаатай холбоотой өөрчлөлт нь гурван сарын дараанаас мөрдөгдөхөөр оров. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ганц гишүүний саналын илүүгээр дээрх заалтыг оруулахаар болсон учир Засгийн газар огцрох боломж бүрдчихлээ, дараагийн сайд нар хэн хэн байх вэ, одоо АН яах бол гэсэн олон таамаг ар араасаа хөвөрч эхэллээ.

Хэрэв өөрчлөлтийг УИХ-аар баталчихвал 17 сайд сонголтын өмнө очно. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүний суудлаасаа буух нь хэд байх бол. УИХ-ын гишүүнээс бус сайдын суудлаа чөлөөлөх нь тодорхой. Маш олон асуулт, таамаг, эргэлзээг төрүүлсэн “давхар дээл” тайлах хуулийн төсөл батлагдлаа гэж үзвэл Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН-ын Засгийн газрын хувь заяа хэрхэх вэ. Эсвэл хуулийн төслийг энэ чигээр нь батлахгүй байх, Ерөнхийлөгч хориг тавих, Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах гээд хэд хэдэн гарц ч харагдаж байгаа юм.

Гарц-1

Засгийн газрыг огц­руулж, тогтворгүй байдал үүсгэхгүйн тулд энэ хуулийг эцэслэн батлагдахаас өмнө санаачлагчийг төслөө татаж авах байх гэсэн таамаг яваа. Хэдийгээр Ерөнхийлөгч Японд эмчилгээ хийлгээд эзгүй байгаа ч ухаалаг төр рүү чиглэх ажлуудынх нь нэг хэсэг болох уг хуулийн төслийг татаж авах боломж бий гэнэ. Яагаад гэвэл энэ хуулийн төслөөс болж одоогийн Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг тасалдуулах зүйл гаргахгүй байхад анхаарна гэдгээ төрийн тэргүүн анх төсөл санаачлахдаа хэлж байсан.
Ерөнхийлөгчийн санаа­чил­сан “давхар дээл” тайлах асуудал Шинэчлэлийн Засгийн газарт нөлөөлөхгүй байх өөр нэг гарц харагдаж буй. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн тухай хуульд “УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавина” гэж заажээ. Тэгэхээр хуулийн төсөлд хэрэгжүүлэх хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэнэ гэж тусгасан хэвээр нь баталбал Ерөнхийлөгч хориг тавих бүрэн үндэслэлтэй. Тэртээ тэргүй сөрөг хүчин МАН Шинэчлэлийн Засгийн газрыг татан унагаах асар их сонирхолтой байгаа энэ үед АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нэмэр болох нь юу л бол.     

Гарц-2

УИХ-ын тухай хуульд бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албыг УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болно гэж заасан. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-т “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн. Энэ хэсэгт 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулж, Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон аж. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр батлагдсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Иймээс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулан батлах юм бол Үндсэн хууль зөрчинө гэсэн үг. Үндсэн хуультай хамтад нь шийдэх ёстой асуудал гэдгийг хуульчид, УИХ-ын зарим гишүүн хэлж буй учраас магадгүй Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж тавих байх. Цэц авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн заалт, хууль хэрэгжиж чадахгүйд хүрнэ. Гэхдээ ҮХЦ бол хамгийн эцсийн шатны арга хэмжээ учир нөөцөнд үлдээхээр тооцоолсон байхыг үгүйсгэхгүй.  

Анхааруулга уу

Олон хүний дүгнэж байгаа шиг Засгийн газрыг огцруулах нь тийм ч амар зүйл биш. Эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн нөхцөлд Засаг солигдох нь ашиггүй нүүдэл. Үргэж алга болсон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж үйлээ үзэж байхад улс төрийн тогтворгүй байдал үүсвэл юунд хүргэхийг хаа хаанаа мэдэж, тооцоолсон байж таарна. Гэхдээ цаг үеэ мэдэрч, олны дуу хоолойг сонсохгүй өөрсдийнхөөрөө зүтгэж болохгүй нь шүү гэдгийг нэг ёсондоо Н.Алтанхуягийн Засгийн газарт сануулж өглөө. Ганцхан гишүүний саналын илүүгээр сайд нарын “давхар дээл”-ийг тайлж болохыг харууллаа. Ажлын таван өдөр хэлэлцээд, зөвлөлдөөд шийдэлд хүрч чадаагүй “Шударга ёс” эвслийн хэн ямар бодолтой явааг энэ санал хураалтаас уншчихлаа. Эрх баригч ч гэсэн асуудлыг өөр өнцгөөс харж болдог гэдгээ АН-ын зарим гишүүний өгсөн санал ойлгууллаа. Заавал элдэв жүжиг, ший тоглохгүйгээр сөрөг хүчин шиг байр сууриа хамгаалж гарч болохыг МАН-ынхан мэдэрсэн байх. Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт орж батлагдах хүртэл үйл явдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Засгийн газарт алдаагаа засах анхааруулга ч өгч буй үйлдэл байж болох. Харин яаж хүлээж авч, хариу үйлдэл үзүүлэхийг анхааралтай ажиглаж, дараа дараагийн алхмаа тооцоолж байгаа нь гарцаагүй.   

0 Сэтгэгдэл
Burmaa awgai batzandan 2 urwagch eh ornoosoo urwaj baina da.
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан