Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Баатарцогт: Хангалттай мөрөөдсөн, одоо эхлүүл, оролд, өөдрөг бай

“Улаанбаатар” чуулгын байранд шинэхэн номын сан нээгдэх сургаар тус чуулгыг зорилоо. Зорьсон газраа ирвэл мөнөөх номын сан маань хараахан нээлтээ хийгээгүй гэдгийг чуулгын жижүүр дуулгав. Номын сангийн эзний утасны дугаарыг авч уулзаж ярилцах тухайгаа дуулгавал уриалгахнаар зөвшөөрч байна. Батлан хамгаалах яаманд ажилладаг тэрээр цайны цагаараа зав гарган надтай уулзахыг зөвшөөрсөн юм. Н.Баатарцогт хэмээн өөрийгөө танилцуулсан залуутай ярилцаж суухад өөдрөг үзэл, бүтээлч, хөдөлмөрч зан нь өөрийн эрхгүй бахдал төрүүлсэн. Чуулгын байранд бий болгосон жижигхэн номын сандаа үнэгүй үйлчилгээ бэлтгэл ажлаа хангах тэрээр залуус ч гэлтгүй багачуулд ч санаа тавьж хүүхдийн номын сан байгуулжээ. Нэг дор 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай номын сангаа тэрээр “Юм жижигдэхгүй ээ, цөөн ч гэсэн хүнд л хүрч байвал болох нь тэр” гэсэн. Ирэх долоо хоногт “Улаанбаатар” чуулгын нээлтийн үеэр болох урлагийн тоглолтын тасалбарыг өөрт байгаа номоороо сольж авч болох бөгөөд тэр нь номын сангийн фондыг баяжуулах юм. Эндээс цугласан номноос зарим хэсгийг нь хүүхдийн хорих анги, алслагдсан аймгуудад түгээх гэнэ.

Ийм бүх гэгээлэг үйл хэрэг бүтээхээр зорьж яваа Н.Баатарцогттой ярилцлаа.

-Залуус хэт ашиг хөөцөлдөн, жаахан мөнгөтэй болвол бизнес эрхлэх тухай л бодож байна. Ийм үед номын сан, тэр тусмаа үнэгүй үйлчилдэг гэхээр сонирхол татлаа?
-Номын сан гэхээс илүүтэй соён гэгээрүүлэх төв гэж ойлгож болно. Залуус энд ирж ном уншиж,  элдэв уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж ч болно.
Тэр ч бүү хэл манайд байгаа номыг үйлдвэрийнх нь үнээр худалдан авсан ч болно. Энэ мэт үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьсон учир дан ганц номын сан бус соён гэгээрлийн төв бий болгохыг хүссэн юм. Хэдий жижигхэн ч энэ төв маань залуусын хөл тасрахгүй эрдэм мэдлэгийн их өргөө болоосой гэж хүсч байна. Ер нь, юм жижигддэггүй шүү дээ.

-Ирэх долоо хоногоос нээлтээ хийнэ гэж байсан?
-“Улаанбаатар” чуулгын албан ёсны нээлт ирэх долоо хоногийн дундуур болно. Мэдээж чуулгын байранд үйл ажиллагаа явуулж байгаа учраас номын сангийн нээлтээ ч хамтатгах санаатай. Харин нээлтээс өмнө номын фондоо хараахан бүрдүүлж амжаагүй, ганц нэг дутуу дулимаг ажил байна. Мэдээж шинэ үйлчилгээ учраас бүх зүйл нь шинэлэг байвал гоё шүү дээ.
Тиймээс бусад номын санд байхгүй нэгэн зүйл нэвтрүүлэхээр хичээж байна. Тэр бол электрон ном. “Candle Fire” хэмээх ном уншихад зориулсан зургаан ширхэг таблет мөн дөрвөн “Galaxy Note”-ийг эхний удаад ширээ болгонд байрлуулсан. Энэ нь агуулгын хувьд адил ч багтаамжийн хувьд цаасан номноос хавьгүй илүү давуу талтай. Мөн залуусын цахим боловсролд бага ч гэсэн хөрөнгө оруулах үүднээс ийм төхөөрөмжүүд байрлуулсан юм.

-Цахим номын сан хэлбэрээр ч хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна?
-Гэхдээ уламжлалт цаасан номын соёл гэгч гайхалтай юм байна шүү дээ. Түүнийгээ алдагдуулж болохгүй. Номыг хэрхэн унших, хадгалах гээд соёлд нь суралцаагүй залуус их бий. Тиймээс цаасан ном зайлшгүй байх ёстой. Үүний дээр номын соёлыг орчин үеийн техник технологитой хослуулахыг хичээсэн юм. Тийм ч учраас номын сангийнхаа орчинг утасгүй интернэттэй болгосон. Залуус хүүхдүүд ухаалаг төхөөрөмжийг зөвхөн ном уншихаас гадна өөрөөр ч ашиглах боломжтой. Мөн ханандаа хуруугаараа удирдаж, бичиж тэмдэглэж болохуйц мэдрэгчтэй дэлгэц байрлуулж, түүн дээр номын тэмдэглэл хөтлөх, уншсан номынхоо тухай мэтгэлцэх зэргээр сургалт, халз мэтгэлцээн зохион байгуулах бодолтой байна. Ер нь, манайд нэг ч интерактив номын сан байдаггүй шүү дээ. Эдгээрийг огт хэрэглэж үзээгүй, мэдэхгүй залуус ч цөөнгүй учир техник технологийн хөгжилтэй танилцаг, хэрэглэг гэсэндээ хийж байгаа хэрэг. Дор хаяж л соёлч боловсон үйлчилгээ бий болгоё гэж зорьсон. Ядаж л шалаа паркет байсныг нь хивс болгосон. Яагаад номын санд хивс дэвсч болохгүй гэж. Ирсэн хүмүүсээс номын сангийн төлбөр гэж авахгүй,  ердөө улавчны мөнгөө өгөөд л үйлчлүүлэх боломжтой.

-Цаашид ч гэсэн төлбөр мөнгөгүй үйлчлэх хэрэг үү?
-Аль болох төлбөргүй байлгахаар ажиллаж байна. Эхний ээлжинд тоног төхөөрөмж, тавилга сэлт гээд хамаг л юм нь шинэ болохоор үнэгүй гээд байгаа хэрэг. Яваандаа эд материалд элэгдэл хорогдол үүснэ шүү дээ. Тиймээс төвдөө ном уншдаг, номонд хайртай залуусын цуглааныг нээлттэй зохион байгуулж нэг удаагийн уулзалтаас тодорхой хураамж авч засвар үйлчилгээ, шинэчлэл гээд өөр юу байдаг юм, тэр бүхнээ хийх төлөвлөгөөтэй. Ямартай ч номын сангийн маань үйл ажиллагаа үнэгүй.

-Энэ дайны номын сан байгуулахад хувь хүнээс чамгүй хөрөнгө шаардана байх?
-“Улаанбаатар” чуулгын засвар, шинэчлэл Ерөнхий сайдын багцаар хийгдэж байгаа юм. Ерөнхийдөө энэ бүтээн байгуулалтыг түшиглэж л номын сангаа байгуулсан. Гэхдээ би ганцаараа биш олон хүний тус дэмээр босгосон.

-Номын сан байгуулъя гэсэн санаа хэзээнээс төрөх болов?
-Фэйсбүүкт “Номын хорхой” гэдэг бүлгэм ажиллуулж эхлээд хоёр, гурван ч жил болж байна. Яагаад үнэгүй үйлчилгээтэй номын сан байгуулж болохгүй гэж гэсэн бодол нэг л өдөр төрөөд түүнээс хойш бодож явдаг байлаа. Санаж явбал бүтнэ гэдэгчлэн нэг л мэдэхэд мөрөөдлөө биелүүлж номын сангаа бий болгосон доо.

-Танай номын сангийн бас нэг шинэлэг тал нь хүүхдийн номын сантай  юм?
-Тиймээ, хүүхдүүдээ мартаж болохгүй. Зөвхөн томчууд л номын санд суудаг гэж ойлгож болохгүй. Гагцхүү хүүхдүүдэд ном унших сэдэл төрүүлж чадвал тэд ч гэсэн сайн уншигч байж чаддаг. Ийм учраас номын сангийнхаа орчинд их анхаарал хандуулсан. Шатны доод талын сул зайг тохижуулж жижигхэн буйдан, ширээ байрлуулсан нь хүүхдийн анхаарлыг татах болов уу гэсэндээ хийсэн ажил. Мөн жижигхэн уншлага, цайны ширээ бэлдсэн. Хүүхдүүд өөрт нь таарсан жижигхэн, чамин юманд ихээр татагддаг шүү дээ.
Тиймээс бүхий л юмыг нь аль болох биед нь таарсан эвтэйхнээр шийдсэн. Мөн багачууддаа зориулж лего тоглоом хүртэл бэлдсэн. “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн ихэнх нь залуу гэр бүл байдаг болохоор хүүхдээ дэргэдээ, тав тухтай орчинд байлгахыг хичээдэг. Тиймээс би хүүхдүүдэд зориулсан жижигхэн ч гэсэн орон зай бий болгоё л гэж бодсон юм.

-Магадгүй өдөр өнжүүлэх гэсэн ч болохоор юм?
-Тийм шүү, гэхдээ энд ирсэн багачууд зүгээр нэг үлгэрийн ном уншаад, тоглоод байна гэж бодохгүй байна. Хажууд нь ах, эгч нар нь байгаа болохоор тэднээс сурах юм их бий. Наанадаж л хэдэн оюутан нийлээд элэгдэж, урагдсан хуучин номоо засч сэлбэн, янзалж байгааг нь хараад номын соёлд суралцана шүү дээ.
Одоо манай залуусын дунд ном унших дуртай хэр нь юу уншихаа мэдэхгүй, яаж уншихаа мэдэхгүй нь олон. Дор хаяж л номын тэмдэглэл хөтөлж мэдэхгүй шүү дээ. Цаашлаад урагдсан, хуучирсан номыг хэрхэн яаж ашигладаг юм гэхчлэн бага багаар сургалт явуулъя гэсэн бодолтой байна. Энэ болгон номын соёл юм. Тэгээд ч Улаанбаатар чуулга маань урлагийн газар. Энд цирк, янз бүрийн хөгжим, шатар даам гээд олон ч дугуйлан байна. Урлаг соёлын тоглолт ч болно. Манай номын сангийн уншигчид эдгээрт хамрагдах бүрэн боломжтой. Хуучнаар бол хүүхэд багачуудын ордон гэдэг шиг урлаг соёл, танин мэдэхүйн бүхий л зүйл нь нэг дор төвлөрчихсөн учир соён гэгээрлийн ордон ч гэж нэрлээд байгаа юм. Одоо эхнээсээ янз бүрийн санал ирж байна. “Танайх хэзээ нээгдэх вэ, гоё орчин бүрдүүлж, танайд ирж хичээлээ хийж байя” гэхчлэн. Залуучууд ийм юм хүсдэг болчихсон шүү дээ. Тиймээс л би залууст дутагдаад байгаа орон зайг бага ч гэсэн бий болгохыг хичээсэн юм. Жишээлбэл, доор цайны газар, кафе ч байна. Би өөрөө ч гаднаас ууж идэх юмаа аваад чөлөөтэй орж ирж болно гэж байгаа.

-Сая соён гэгээрэл гэж ярилаа. Соён гэгээрэл гэж чухам юуг ойлгодог вэ?
-Соён гэгээрэл их олон юмны цогцоос бий болдог болов уу гэж боддог. Наад зах нь урлагийн мэдрэмж, хувийн соёл, мэдлэг боловсрол гэх мэт их олон зүйлс нэгдэж байж соён гэгээрэл болох ёстой юм. Эдгээрийн нэг нь л бидний яриад байгаа ном. Харин номын сангийн үйл ажиллагаа тэдгээр соёлыг залууст түгээх хэрэгсэл нь. “Соён гэгээрлийн хамгийн том төв бол номын сан” гэдэг үг ч байдаг шүү дээ.
Дээр хэлснээр ядаж л орж ирэхдээ үйлчлүүлж буй номын сангийнхаа хивсийг завааруулахгүйн тулд улавчаа өмсч цэвэрхэн байх ёстой. Уншиж буй ном, хэрэглэж байгаа зүйлдээ ариг гамтай хандах ёстой, энэ нь хувь хүний соёл. Бие биеэ хүндлэх ёстой, энэ нь харилцааны соёл. Мөн энд янз бүрийн сургалт, сурталчилгаа явагдана. Энэ нь мэдлэг боловсролд нь бага ч гэсэн дэм болж эрдэм мэдлэгийн соёл түгээнэ. Ерөнхийдөө номын сан гэхээс илүүтэй эрдмийн өргөө болгоё гэсэн бодолтой байгаа юм.

-Номын сандаа нэр өгч амжсан уу?
-Ер нь нэрний хувьд интернэтийн группийнхээ нэрээр “Номын хорхой-Номын сан” гээд нэрлэсэн ч болно гэж бодож байгаа. Угтаа, ямар ч хүн өөрийнхөө бүтээн байгуулж байгаа юманд хорхой шавьжны нэр өгдөггүй байх. Гэхдээ яагаад “Номын хорхой” гэж болохгүй гэж, бид чинь залуу хүмүүс шүү дээ...

-Тийм шүү, празит шиг номыг тал бүрээс нь хэмлэж, шим шүүсийг нь сорж амьдарна гэсэн санаа ч байж болох юм?
-Тэгэлгүй яахав, жишээ нь англи хэлээр номонд дуртай, хорхойтой хүнийг “Book worm” буюу номын өт, хорхой гэж нэрлэдэг. Залуус эрдэм мэдлэгт өт, хорхой шиг л шимтэн дурлах ёстой. Ингэж байж л ахиж дэвшинэ шүү дээ.

-Номын фондоо хэрхэн бүрдүүлж байна?
-Үнэнийг хэлэхэд чадах чинээгээрээ арвижуулъя гэсэн ч хөрөнгө мөнгө хаанаа ч хүрсэнгүй. Номын сангийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд бүхий л юм нийлээд 50 гаруй сая төгрөг болсон болохоор зарим нэг зүйл дутуу. Цаашдаа хүмүүсийн хандивласан номоор фондоо бүрдүүлье гэсэн бодолтой байгаа. Ер нь, энэ бүгд ерөөсөө л нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажил юм.

-Жижиг гэлтгүй орчин нөхцөл нь тохилог, дулаахан юм. Наад зах нь үүдний хэсэгт байрлуулсан хувцасны шүүгээнүүд, хүүхдийн номын тавиур үнэхээр сэтгэл гаргасныг илтгэж байна?
-Зохион байгуулалт дизайн талд их анхаарсан. Жишээлбэл, чи бид хоёр өөд өөдөөсөө хараад сууж байна. Номын сангуудаар яваад үзээрэй, хоёр талаасаа суудаг ийм ширээ хаана ч байдаггүй.

-Ийм үнэгүй үйлчилгээтэй номын сан бий болгох хэрэгцээ магадгүй манайд номын сангийн үйлчилгээ муу байгаагаас үүдсэн байх. Төв номын санд очоод карт нээлгэх гэж бөөн төвөг чирэгдэл болдог шүү дээ. Иргэний үнэмлэх байсаар байтал заавал хорооны тодорхойлолт нэхэх гэхчлэн?
-Ер нь бол шаардлагаар л бий болж байгаа зүйл. Би гадаадад сурч байсан болоод ч тэр үү манай Монголд ийм хэрэгцээ эхний ээлжид надад үүссэн. Яагаад заавал номын сангууд цаасан номтой байх ёстой гэж. Түрүүн хэлснээр ном унших зориулалттай цахим төхөөрөмж байрлуулснаар төвөг чирэгдэл багатай. Гэтэл одоогийн хүүхдүүд эдгээр төхөөрөмжөөр тоглоом л тоглоно гэж сэтгэдэг. Гэтэл тийм биш, үүгээр асар олон зүйлийн үүд хаалгыг нээж болно шүү дээ.
Фэйсбүүкт хэд хэдэн номтой холбоотой группууд байгаа юм чинь эдгээрийг бүгдийг нь нэгтгэх хэрэгтэй. Залуус хүчээ хэтэрхий тарамдуулаад байх шиг. Жишээ нь, номын сантай болгохыг шаардан жагсаал цуглаан хийхэд нэг клубийнхэн л очиж байх жишээтэй. Нөгөөдүүл нь оролцдоггүй. Харин хоёр клуб хамтран цуглавал 50, 50-иараа биш нэг дор зуун хүн цуглана шүү дээ. Мэдээж олны хүч оломгүй далай болохоор шийдвэр гаргах түвшний хүмүүст илүү хүчтэй, хурдан хүрнэ. Тэгээд л бидний нөгөө яриад байдаг номын сан бий болгох асуудалд анхаарал хандуулна шүү дээ. Залуусыг хийж бүтээсэн юмгүй хэт улстөрждөг болсон гэдэг. Угтаа, энэ нь улстөржиж байгаа хэрэг биш л дээ. Надад тусалъя гэсэн улс төр, намын хүн ч байна л даа. Гэхдээ л анхнаасаа улс төрөөс ангид, харьяалалгүй байхыг хичээсэн. Заавал улс төртэй хутгалдаж яах юм бэ. Манай залуус олуулаа нийлэхээр улс төр яриад байдаг. Улс төр бишээ, улс төрөөс өөр ярих юм бидэнд зөндөө л байна. Ер нь, их ярихын хэрэг ч байхгүй. Түүний оронд уншиж суусан нь алсдаа тустай. Нийгэм цаг үеэ дагаад бүгд л алтан гургалтай шиг жиргэдэг болсон. Энэ нь хий хоосон улс төрийн нөлөөлөл. Урд урдах ажлаа л хийе л дээ залуусаа. Ууж идэх байлгүй л яахав. Гэхдээ нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэх, уншиж танин мэдэхээ ярья.

-Ном ярьсных номын үнийн тухай хөндөхгүй орхиж болохгүй байх. Хэдий бизнес ч гэлээ номын зах зээлд үнэ хэтэрхий өндөр санагдах юм?
-Нэг талаас бид зах зээлийн нийгэмд амьдрах гэж зовж байна. Нэг зохиолч хоёр жил зүтгэж зүтгэж гаргасан номоо тэр хэмжээгээр нь үнэлэх нь зүйн хэрэг, өөрийнх нь мэдэх асуудал. Тэрхүү номыг нь худалдан авах эсэх нь мөн л уншигчдын хэрэг. Уг нь, ном гэдэг зүйл өндөр үнэтэй байх нь агуулгынхаа хувьд зөв юм. Эрдэм мэдлэг олгож байна гэдэг утгаараа шүү дээ. Харин бид үнийн тухай биш чанарын тухай ярих ёстой. “Хамаагүй, би энэ номыг чинь 20 мянган төгрөгөөр авъя” гээд уншаад сайн мууг нь ялгаж салгах хэрэгтэй.
Харин дараа нь үнэдээ тохирсон сайн ном бичихийг зохиолчдоос шаардах болно. Номын үнэ гэдэг нэгэнт тогтчихсон зүйл. Өснө үү гэхээс буурахгүй. Ер нь өнөөдөр юм бүхний үнэ л өсөөд байна шүү дээ. Сайн ном авъя гэсэн мессежийг нийгэмд өгөх ёстой юм.
Жишээ нь, одоо залуучууд нэг ном уншаад “Өө энэ ёстой тэнэг ном, тааруухан ном” гэдэг. Яагаад тэнэг ном гэж бодож байгаагаа л бичиж илэрхийлэх ёстой. Тэгж байж л номын чанар сайжирна. Одоо номын шүүмж бичдэг хүн үнэхээр ховор болчихсон. Хэн ч шүүмжилдэггүй учраас дуртай нь хүссэнээ бичдэг. Дэлгүүр ороод ном авахад бөөн үг үсгийн алдаатай байх жишээтэй. Тийм ном авсан бол үг үсгийн алдаатай гээд буцаадаг байх ёстой. Залуус тийм шаардлагыг өөрсдөө тавих ёстой юм. Үнэ нэгэнт өссөн учир өөр өнцгөөс энэ ном гээч зүйл рүү “дайрах” цаг нь болсон. Сайн ном хэвлэхийг, уншихыг шаардах болсон. Хамаагүй, үнэхээр сайн ном байвал 20 мянгаар авъя л даа.

-Ийм бүтээлч чанарыг залууст яаж суулгах вэ?
-Энэ болгон хаанаас гарах вэ гэхээр ийм номын санд цугласан залуусаас гарах ёстой юм. 100 залуу цуглаад бүгдээрээ “Сорхугтани хатан”-ыг уншаад дараа нь шүүмжээ ярьж дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ чинь ийм ном байна, зохиолч нь тийм байна гээд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад эхэлбэл нөгөө тааруухан номоо өндөр үнээр үнэлсэн зохиолчид айгаад эхэлнэ. Уншсан номныхоо тухай орцонд хоёр залуу ярих биш энд цуглаад нэгдэн нийлээд ярих ёстой юм. Хамтдаа дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Тэгвэл залуус хүчтэй байж чадна.

-Та яриа эхлэхээс өмнө сурч байсан сургуулиудаа хэлсэн шүү дээ. Гадаадад гурван ч их сургууль дүүргэсэн хүний хувьд мөн залуу хүний хувьд үеийнхэндээ хандаж хэлэх үг байгаа байх?
-Би бусадтай л адил нэгэн байсан. Өөрчлөхийг хүссэн. Тэгээд л хийж эхэлсэн. Залууст хандаж хэлэхэд зүгээр л оролдоод үз. Би нэг найзтайгаа оюутан байхдаа хамтлаг дуучдын клип хийдэг студи байгуулахаар санаа шулуудсан юм. Тухайн үед намайг хүмүүс “Чи барах уу” гэж л байсан. Би зүгээр л оролдоод үзсэн. Хоёр өрөө байр түрээсэлж хүнээс хуучин компьютер, камер худалдаж аваад л. Би машин авч унаад халтуур хийж болох л байсан. Гэхдээ илүү бүтээлч байхыг хичээсэн юм. Тиймдээ ч урлаг соёлын цөөнгүй хамтлаг, дуучдын клипийг хийж байлаа. Мөн Мянганы хөгжлийн сангаас төсөл бичих уралдаан зарлахад нэг найзтайгаа хоёулаа ороод таван мянган ам.долларын санхүүжилт ч авч байлаа. Бараг хоёр жаахан хүүхэд байсан. Би зүгээр оролдоод үзье гэж зориглосон. Алдахаас айгаагүй. Мөрөөдөх хязгаартай. Мөрөөдөөд л суугаад байвал суугаад л байна. Зүгээр л эхлүүл, оролд.

-Үнэнийг хэлэхэд өөрөөс чинь эрч хүч цацарч байна. Ийм өөдрөг байгаа тань халдашгүй, хэний ч өмнө гудайхгүй мэт сэтгэгдэл төрүүлж байна?
-Цацрах нь ч юу юм. Би зүгээр л өөдрөг байхыг хичээдэг. Нийгэм цаг үе, улс орны байдлаас шалтгаалж хүмүүс их гутранги болж байна. Би, болгоно, бүтээнэ гэж зүтгэдэг хүмүүсийн л нэг. Залуус, хүүхдүүдэд хандаж хэлэхэд одоо хангалттай мөрөөдсөн эхлүүл, оролд, өөдрөг бай. Бусад нь аясаараа л болно.

0 Сэтгэгдэл
гайхалтай мундаг залуу байнаа амжилт хүсье
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан