Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Бодлын үнэр” ханхийх зуур...

Энэ сарын 20-нд тоглогдох “Их эзэн хааны театр”-ын “Бодлын үнэр” модерн балетийн сургуулилалт. Тайзан дээр балетчид хөлөө нухалж, сунгалт, дасгал хийж биеэ халаана. Үзэгчдийн суудлаас Д.Дашлхагва багш микрофоноор тэднийг удирдана. Ингэхдээ тэрээр “Аль хэсгээ явах билээ” хэмээн эелдэгхэн асуухын хажуугаар шавь нараараа хөөрхөн “тоглоом” хийж амжина.

Өнгөрсөн жил нээлтээ хийсэн ч модерн балетын урлагийг таниулж байгаа тус театрын ээлжит тоглолт хуучин хэв маягийг эвдэж, дахин шинэ зүйлийг сонгодог урлагт дурладаг үзэгчиддээ мэдрүүлэхийг зорьж байгаа нь тоглолтын хэсгээс илт. Тоглолтын эхний хэсэгт дэлхийн сонгодог балетуудын пададей буюу хэсгээс тоглогдох аж. “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн пададейг Солонгос улсын Сөүлийн “И Вон Гүг” балетын компанийн гоцлооч Ц.Цолмонбуд, УДЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруултай хамтран бүжих бол “Дон Кихот”-ын хэсгээс “Их эзэн хааны театр”-ын гоцлооч Б.Төгөлдөр, Сөүлийн “И Вон Гүг” балетын компанийн гоцлооч Пак Ён Жинтэй хамтран бүжих юм. Тэднийг тоглолтын тайзан дээр бэлтгэл хийх зуур хөндлөнгийн нүдээр ажин суулаа. Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийнхны овоглодог Д.Дашлхагва багш “Их эзэн хааны театр”-ынхаа тоглолт бүрт шавь нараа урьж оролцуулдаг. Энэ удаа ч гэсэн өөрийн шавь Ц.Цолмонбудыг урьсан нь энэ.

Бэлтгэл эхэллээ. Хөгжим дээр жаахан будилсан ч Д.Дашлхагва багш ямар ч аяыг өөрөө аялаад шавь нарынхаа бэлтгэлийг базаана. Амны хайрцгаа ямар байлгахаас шалтгаалж моно эсвэл стерео дуугарна гэх түүний яриа шавь нарынх нь урмыг сэргээх шиг.
“Дон Кихот”-ын хэсэг. “Төгөлдөр өө чи чулуу залгичихаа юу. Дээшээ үсрээд өг. За одоо хийморьтой, хүчтэй гарч ирнэ шүү. Битгий алх. Тэгэхээр ядарчихсан юм шиг харагдана. Би чиний оронд байсан бол ч...” гээд л шавиараа хийлгэхийг хүсээд байгаа зүйлээ аятайхан ойлгуулж дөнгөнө. Алдаа гаргахад нь андахгүй шоглочихдог хэрнээ алдаагүй бүжих шавь нараа бахархалтайгаар харж зогсоно.
Монголчууд балетыг хүнд дурласан хун, ордны баярт үйл явдал, үлгэрийн амьдралыг тайзнаас тольдох төдийгөөр төсөөлсөөр. Гэтэл модерн балетаар хязгааргүй утгыг гаргаж болдог аж. Бодол бүхэн үнэртэй. Хорон муу бодол хэрхэн үнэртэхийг хүртэл... Сонгодог бүхний дээдийг мэдрүүлдэг балетын урлагаас сайхан, муухай хоёр туйлыг мэдрэх нь нэгээхэн шинэ зүйл аж.

Ц.Цолмонбуд: Балет бол сэтгэл санааны урлаг

Эх орондоо цөөн хоног саатаад буй балетчин Ц.Цолмонбудтай хөөрөлдлөө. Холын хүнээс үг сонс гэдэг. Тиймээс уулзсан багахан хугацааг дэмий өнгөрүүлэхийг хүссэнгүй.

-Сүүлийн үед дэлхийд балетын хөгжил модерн тийш яваад байгаа ч монголчуудын хувьд сонгодог нь хүчтэй хэвээр л байна?
-Аливаа урлаг дэлхийн жишгийг дагах ёстой. Модерн балет сүүлийн үед эрчээ авч байгаа ч Монголд сонгодог балет чиний хэлснээр хүчтэй хэвээр. Энэ нь үзэгчдийн сэтгэл зүйтэй хамаатай болов уу. Модерн балет бүжиглэдэг хүнийг мэргэжлийнх биш сонирхогч гэж ойлгоод, сонгодог балет хийвэл мэргэжлийн бүжигчин гэсэн нүдээр хараад байдаг. Дэлхийн жишгээр бол бүжигчид алийг нь ч бүжиглэдэг болсон. Мэдээж модерн балет бол орчин үеийн урлаг учраас сонгодог урлагийн харуулж чадахгүйг нөхдөг юм шиг санагддаг.
-Модерн балетыг ойлгодог үзэгчдээ бэлтгэх хэрэгтэй юм болов уу тэгвэл...?
-Үзэгчдийг бэлтгэхээсээ илүү тэднийг татах ёстой. Хүүхдүүдэд бага ангиас нь сонгодог урлагийг ойлгуулж, үзүүлж байх хэрэгтэй юм шиг. Нэг үеийг бодоход театрын үзэгчид нэмэгдсэн. Тэд бол багадаа гоё балет үзсэн шүү гэсэн дурсамждаа хөтлөгдсөн хүмүүс. Гэхдээ одоо хүүхдүүдээ л үзүүлэхгүй бол үзэгчид тасарч болно. Багаасаа балет үзээгүй хүүхэд том болоод модерн балетыг ойлгохгүй болов уу.

-Драмын жүжгийн хувьд үзэгчдэд хүрэхээс өмнө найруулагч, жүжигчин хоёр ярилцаад үзэгчид хэзээ ямар мэдрэмж өгөхөө тохирсон байдаг. Модерн бүжгэн жүжиг ч ижил үү?
-Тэгэлгүй яахав, зохиолтой байдаг учраас сэтгэл хөдлөлөө хаана гарахаа төлөвлөнө.

-Тэгвэл энэ удаагийн тоглолтоос таныг үзэгчид хэнээр төсөөлж харах ёстой вэ?
-Энэ удаагийн тоглолтын эхний хэсэгт дэлхийн сонгодог жүжгүүдийн хэсгээс тоглоно. Би “Хунт нуур”-ын пададейд бүжиглэнэ. Модерн балетад ороогүй. Учир нь, солонгос бүжиг дэглээч маань хоёр сарын өмнө ирээд бүх бүжгээ дэглээд, бэлтгэлээ хангачихсан. Солонгос дахь ажил маань амжаагүй учраас оройтож ирсэн.

-“Хунт нуур”-ын пададейд Б.Саруултай хамт бүжиглэнэ. Таны хувьд тэр хэд дэх хар хун бэ?
-Саруултай анх удаа л бүжиглэх гэж байна. Миний хувьд найман жилийн өмнө Монголоос гарсан. Тэр үед Саруул оюутан байсан. Надтай бүжиглэж байгаа хэд дэх хун гэдгийг мэдэхгүй байна.

-“Хунт нуур”-т тийм олон удаа бүжиглэж байсан хэрэг үү?
-Тийм ээ. Тоогоо алдчихсан.

-Ингэхэд балетын урлагт яагаад татагдаад орчихсон юм бэ?
-Анх балет гэж огт мэддэггүй байлаа. Тэгсэн эгч маань телевизээр явсан зарыг ээжид хэлсэн юм билээ. Ээж балетад их дуртай. Нэг л өдөр надаас “Миний хүү балетчин болох уу” гэлээ. Ямар мэргэжил юм бэ гэтэл их гоё мэргэжил ээ л гээд... Тэгээд л Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгсөн. Дуурийн театрт балет үзээд л дурлаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд гурван жил ДБЭТ-т ажлаад Япон явсан юм. Монголоос ирснийг маань сонсоод Орост сургууль төгссөн үү гэж асуудаг байсан. Манайд балетын чиглэлээр төгсөгч цөөн учраас тэгж хүлээж авдаг. Тэр бүрт би Монголд төгссөн гэж хэлэх дуртай.

-Тэгвэл таныг балетчин болоод анх тайзан дээр гарахад ээж тань үзсэн үү. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр их хөгжилтэй дурсамж. Санаанаас гардаггүй юм. Хөгжим бүжгийн коллежид элсээд хоёр жил болж байсан. Жирийн сургуулиар бол долдугаар анги гэсэн үг л дээ. Тэгэхэд анхны том дүрийг ДБЭТ-ын тайзнаа тоглохоор авсан. “Шелкунчик” балетын орос бүжгийн хэсэг. Тэгээд л баярлаад ээжийгээ уриад л, бүжиглэсэн. Эхэндээ маш сайн бүжиглэсэн. Хамгийн сүүлд хөлөө өргөөд 16 удаа эргэх ёстой байсан. Түүнийгээ ч сайн хийсэн болохоор хүмүүс алга ташаад л. Дуусаад суух гэтэл хальтраад уначихсан. Гэтэл ээж “Миний хүү тайзан дээр гараад их гоё хийж байсан чинь онгирчихсон уу” гэж байсан.

-Та яагаад Азийн оронд ажиллахаар сонгосон юм бэ. Сонгодог урлагийн эх өлгий болсон Европыг  зорихыг хүсээгүй гэж үү?
-2003 онд Японд анх олон улсын наадамд оролцсон юм. Тэгээд л таалагдаад гурван жилийн дараа явсан. Гэхдээ  одоо бол Азийн хоёр ч том оронд ажилласан учраас Европод ажиллах санаа бий.

-Гадаадын балетын театрууд өөрийн гэсэн стильтэй байдаг. Таны ажиллаж байгаа театрын хувьд...?
-Ази руу сонгодог урлаг түрж орж ирж байна. Тэр хэрээрээ бүжигчдээс техник шаардах болсон. Гэхдээ аль ч театр нийтлэг шалгуур тавьдаг.

-Монголын олон балетчин дэлхийн театруудад амжилттай бүжиглэж байна. Тэр хэрээрээ туршлага хуримтлуулж буй. Гэхдээ тэд маань эх орондоо танигдах нь цөөн?
-Саяхан нэг сонинд ярилцлага өгсөн. Түүнийг уншсан хүмүүс над руу утсаар ярьсаар л байна. Тэнд юу гэж ярьсан гэхээр балетчин Алтанхуягийг миний ярилцлага дээр битгий оруул гэсэн утгаар бичсэн байсан. Уг нь миний хэлэх гэсэн санаа олон балетчин гадаадад ажиллаж байгаа шүү гэж хэлсэн. Алтанхуяг бид хоёр нэг багшийн шавь. Тэгэхээр бидний хооронд ямар нэг асуудал байхгүй. Хэтэрхий мушгиж бичсэн байна билээ. Хилийн чанадад Монголын үе үеийн олон балетчин ажиллаж байгаа. Тэд чадвартай учраас л тэгж яваа. Монголд байгаа нь ч мундаг.

-Та балетаас өөр юу сонирхдог вэ?
-Балетчин хүнд хориотой олон зүйл бий. Сагс, хөлбөмбөг тоглож болохгүй. Гэхдээ л байрны гадаах сагсны талбайд нууцаар тоглодог байсан.

-Балет танд тайтгарал өгдөг үү. Ихэнх цагаа л бэлтгэл сургуулилалтдаа зориулдаг болохоор ингэж асууж байгаа юм л даа?
-Ууртай үедээ бэлтгэл хийж чаддаггүй. Тийм үед бэлтгэл хийхээр бие хүртэл өөр болчихдог л доо. Балет чинь өөрөө сэтгэл санааны урлаг.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан