Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Пүрэв: Ардчиллыг хийхэд амархан, бэхжүүлэхэд үнэхээр хүнд юм


Өдгөө 25 жилийн ой нь тохиож буй Монголын Ардчилсан холбооны анхдагчдыг бид урьж, ярилцан, түүхийг нь тэмдэглэн үлдээж байгаа билээ. Уулзсан хүмүүсээсээ нөхдийг нь сураглан асууж, эрсээр л байна. Тэдний нэг болох Муухай Пүрэвээ гуайг хайж, сурагласаар олж уулзлаа. Пүрэвээ гуай ч гэсэн өөр бусад журмын нөхдөө хайж, жинхэнэ партизанууд, анхдагчдаа хаана, юу хийж яваа бол гэж чих тавин суугаа аж.
Анх бид түүнийг Шуурхай Пүрэвээ гэдэг гялалзсан хурдан түргэн хүн юм бодож хайж байсан билээ. Харин тэгтэл Муухай Пүүжээ гэдэг хүн олох ёстой байсныг анхдагчдын нэгнээс сонсч утасны дугаар олж авсан юм. Ингээд тэрээр манай редакцид ирж уулзан, өөрийн түүхээсээ хуваалцлаа.  


-Шуурхай Пүрэвээ гэдэг хүн л хайгаад байлаа. Тэгтэл Муухай Пүрэвээ гуай байж?
-Ардчилсан холбоо маань олон Пүүжээтэй. Хооронд нь ялгаж дуудахын тулд хоч өгсөн хэрэг. Сахал Пүүжээ, Жижиг Пүүжээ, Дарцаг Пүүжээ, тэгээд Муухай Пүүжээ гэж бий дээ.
Муухай гэдэг хочийг талийгаач Тэнгэр Цолмон маань өгсөн. Ардчиллынхан ихэнхдээ хочоороо л дуудуулна. Чингэлтэй дүүргийнхэн маань болохоор намайг Сонгууль гэдэг. Сонгуулийн ажил гээд явж байдаг болохоор л тэгж нэрлэдэг байх. Пүрэвээ гэхээр мэдэхгүй. Сонгууль л гээд байна шүү дээ.

-Сонгууль гэдэг хочтой хүн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөж үзсэн болов уу?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж үзсэн. Сонгино­хайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшсэн. УИХ-ын дэд дарга Цогтой нэг тойрогт өрсөлдөж байв. Би өөрийнхөө хүслээр сонгуулийн ажилд оролцдог. Бүх л сонгуулийн ажилд оролцож явсан.

-Ардчилсан холбооны­хон­той уулзахаар тэр сал­бар зөвлөлийнх гэж то­дотгож ярьдаг. Муухай Пүүжээ гуай аль салбар зөв­лөлөөс Ардчилсан хол­боонд нэгдэв?
-Залуу байгальчдын станц гэдэг байсан юм. Одоо Ардчилсан холбооны байрны ард байгаа сургууль. Нэр нь өөрчлөгдөөд Экологийн боловсролын төв болсон байна. Тэнд 1992 он хүртэл багшиллаа. Хашаагаа даваад Ардчилсан хол­боо руу л ороод ирдэг байлаа. Аж­лын­хаа завсар зайгаар л наашаа гүйчихдэг байж билээ.

-Анх мэдээлэл хаа­наас, хэнээс яаж аваад ард­чилсан хөдөлгөөнд орол­цох болсон хүн бүрийн түүх өөр байдаг. Таны түүх гэвэл?
-Тэнгэр Цолмон гэж найз маань анх энэ тухай хэлсэн. Бид хоёр нэг ангийн найзууд. Тавдугаар сургуулийн нэгдүгээр ангиасаа л хамт байсан. Тэнгэр Цолмонтой нэг өдөр тааралдсан чинь ардчиллын төлөө ингэж явж байна гэв ээ. Удаа ч үгүй Дуурийн театрын урд талбайд том цуглаан болсон юм. Хоёрдугаар сарын 17-ны өдөр. Төр засаг юу ч болоод байгаа нь мэдэгдэхгүй байсан үе. Том том лоозон бариад л жагслаа. Жагсаалд лоозон барих чинь их л зоригтой хүний үйлдэл шүү дээ, тухайн үедээ. Тэнгэр Цолмон найзтайгаа тэр цуглаанд очиход юм юм л бодогдсон. Үр хүүхдүүдийн минь ирээдүй, амьдрал нэг хэвэнд цутгасан загварт орчих вий. Мах, сүүгээ хүртэл оочерлож аваад л. Өдөржин, шөнөжин зүтгээд л байдаг юуны төлөө ингэж яваагаа ч мэдэхгүй. Тийм л хэцүү цаг үе байсан болохоор өөрчлөх ёстой, гадаад дотоод ертөнцтэй танилцаж, эрх чөлөө гэж ярихыг нь сонссон. Тэгээд гурвын гурван хүүхдээ бодоод л энэ үйл хэрэгт зүтгэсэн дээ. Гуравдахь хүү маань 1989 онд төрчихсөн байлаа. Гурвын гурван хүү, эхнэрээ нэг ёсондоо золиослоод ардчиллын төлөө явсан. Хэрвээ тэр үед ямар нэг юм буруугаар эргэсэн бол гэр бүл маань яах байсан бол. Тэр эрсдэлээс айгаагүй тэмцэлд нэгдэж явсандаа одоо баярлаж, бахархаж явдаг. Тэгэхэд би 35-тай байлаа.

-Танай сургууль дээр МоАХ-ны салбар зөвлөл гэж байгуулсан уу. Багш нар нь хэр дэмждэг байв?
-Манай сургуулийнхан дотроо хоёр хуваагдчихсан. Социал демократ, Ардчилсан холбоо гэж. Манай сургуулийн 12 багшийн гурав нь л Ардчилсан холбоог дэмжиж, салбар зөвлөл маягийн юм байгуулсан. Одоогийн 11 дүгээр хороолол дөнгөж баригдаж байсан үе л дээ. Уг нь анх Харчуудын гудамж гэдэг байсан юм. Чингэлтэй дүүрэгтээ МоАХ-г байгуулалцаж явлаа. Ардчилсан холбоонд ороод удаагүй байхдаа Сүхбаатар дүүргийн эмнэлэг дээр 169 дүгээр салбар зөвлөл байгуулагдсан юм. Тэр салбар зөвлөлийг байгуулахад эмч, сувилагч, ажилтнуудад мэдээлэл өгч, ойлгуулах гэж их явсан. Чингэлтэй дүүргийн Цахилгаан, шугам сүлжээний дарга Батчулууны дүү нь Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан юм. Бид хэд л энэ салбар зөвлөлийг байгуулалцсан.
Хоёрдугаар сарын 17-нд цуглаан хийчихээд 18-нд нь Ардчилсан нам байгуулсан. Миний үнэмлэх одоо ч байгаа. Энэ үнэмлэхийг сүүлийн үед хүмүүс хуурамчаар хийдэг болчихож.

-Та ер нь хэр олон жагсаал цуглаанд оролцсон байна вэ?
-Эхлээд жагсаал, цуг­лаанд оролцохоос айдаг бай­лаа. Сүүлдээ цэнхэр тууз гартаа зүүгээд л хам­гаа­лалтад гардаг болсон. Тэр үеийн жагсаал цуглаанд оролцсондоо баярлаж явдаг. Үр хүүхдүүддээ гайхуулж, бахархаж ярьдаг.

-Ардчилсан холбооны үйл хэрэгт зүтгэсэн хүмүүсийг хэлмэгдүүлж ажлаас нь халж байсан л гэдэг. Тэгж айхтар шахаж, хавчсан зүйл харьцангуй бага байсан ч гэж сонсогддог. Та тиймэрхүү зүйлд өртөж байв уу?
-Хувьсгалт нам хүчтэй байсан үе шүү дээ. Бүгд л айдастай байсан. Манай сургуулийн 12 багш дотроос ихэнх нь эсэргүүцэж, тэндээс гурав л дэмжсэн гээд бодоод үзэхгүй юу. 

-Гэрийнхэн чинь юу гэсэн бэ?
-Ерөөсөө л буруу гэдэг байлаа. Зарим ха­маатан садан маань “Чи ардчи­лалд яваад юу авсан юм. Чамайг юугаар гийгүүлэв. Яагаад дарга болдоггүй юм бэ” гэнэ. Би байр авах гэж ардчилсан хөдөлгөөнд зүтгээгүй. Би дарга болох гэж ардчиллын төлөө яваагүй. Луйварчид нь төрд гараасай гэж хүсээгүй шүү дээ. Бид хүний эрх, эрх чөлөөг хүсч, тэмцэж, зүтгэсэн. Түүнээс биш би байртай болъё, сайд, дарга болно гэж ардчиллын төлөө яваагүй.

-Ардчиллын парти­за­нууд гэж яг ямар хүнийг хэлээд байна вэ. Хэн нь партизан, анх­дагч юм гэдийг ялгахаа бай­лаа?
-Өлсгөлөн зарлаж байхад хамгаалалтад гарсан, талбай дээр дэмжиж цугласан, Улс төрийн товчоо огцроход жагсаалд оролцсон хүмүүсийг партизан гэдэг юм. Тэрнээс хойших нь биш шүү.

-Ардчиллын партизан гээд олон л хүн яваад байдаг?
-Үнэхээр партизан мөн үү, биш үү гэдгийг тодруулах гэж байгаа. Хүн бүр би партизан гэдэг. Над мэтээс эхлээд амьд гэрчүүд МоАХ-нд цөөнгүй бий.

-Тухайн цаг үед тэмцэж, зүтгэж явсан хүмүүс нь арын эгнээнд үлдэж, гар бие оролцоогүй мөртлөө дундаас нь хожсон хүмүүс сайн сайхан болчихлоо ч гэж ярьдаг?
-Ухаантай хүн сэтгэж, зоригтнууд нь хийж, зальт­нууд нь завшдаг гэдэг үг бий. Энэ бол үнэн үг. Ухаантнууд нь хийгээд зоригтнууд нь үлдсэн. Үлдлээ гээд надад гомдох зүйл байхгүй. Ардчилсан холбооны ойгоор надад байр өгсөн. Насаараа л гэр хороололд амьдарсан хүн. Гэхдээ би байр авъя гээгүй. Энэ ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсныг минь зохих хэмжээгээрэ үнэлсэн нь энэ. Хамгийн гол нь Монголын ард түмэн эрх чөлөөтэй, сайхан амьдраасай л гэж хүссэн. Харин ингэж замбараагүйтэхийг мэдээгүй л явсан нь алдаа байх. Заримдаа гутрах, харамсах ч үе байх юм.

-Харамсах гэхээр ард­чилсан нийгэм бай­гуу­лаагүй байсан бол дээр байж гэж боддог хэрэг үү?
-Ардчилсан нийгэмд шилжээгүй бол таг харанхуй чигээрээ л үлдэх байсан. Социализмын үед сонин уншлага гэж өглөө бүр 07:00 цагт цуглана. Сонин уншлагадаа ирэхгүй бол өдрийн цалингаас нь хасна. Шөнө нь амарсан болчихоод өдөржингөө ажиллана. Юуны төлөө амьдраад байснаа мэдэхгүй насыг барсан хүн олон. Одоо бол бид яах гэж байгаагаа маш сайн мэднэ. Юуны төлөө яаж яваагаа ч мэдэж байна. Амралтаараа Америк явна гэдгээ мэдэж л байгаа гэсэн үг шүү дээ. Тэр үед юун Америк, Японы тухай ярих. Орос руу гараад бохь авч ирсэн хүн мундагт тооцогддог байлаа. Ардчиллыг хийхэд амархан юм байна. Харин ардчиллыг бэхжүүлнэ гэдэг үнэхээр хүнд юм байна. Луйварчид нь гараад ирчихдэг юм байна. 

-Ардчилсан нийгмийг сонгосны дараа тэр аяараа хэцүү байсан. Тэр хямрал МоАХ-г ч тойроогүй. Хүн бүр л байгаагаа илүүчилж авч үлдсэн гэдэг шүү дээ?
-МоАХ-г авч явна гэдэг хүнд ажил. Ардчилсан хол­бооны дарга байсан Соёл­сүрэнгийн Билэгсайхан “Бид тарах болоогүй, хийх ажлаа дуусаагүй” гээд МоАХ-гоо авч үлдэж байсан. Талийгаач Зоригоос эхлээд МоАХ найман даргатай байсан. Тэднээс Билэгсайхан бол Ардчилсан холбоог бэхжүүлж, авч явахын тулд өөрийнхөө гурван өрөө байраа зарж байсан хүн. Эрх чөлөөний одонг хувийнхаа мөнгөөр санхүүжүүлж, бий болгож байсан. Ер нь, холбооныхоо төлөө зүтгэж явсан хүмүүсээ бид л хэлэхгүй бол өөр хэн ярих билээ. Ардчилсан холбоог цаанаас нь зохион байгуулалттайгаар үгүй хийх гээд байсан юм. Тийм байдлаас авч гарч чадсан. 

-Холбоогоо авч үлдэх гэж хүн бүр л эрвийх дэр­вийхээрээ зүтгэж яв­сныг олон хүн дурсан ярь­даг юм. Хандив өгч байсан уу?
-Ардчилсан холбоондоо хандив өгөх гэж төмөр цуглуулж байсан юмдаг. Тэнгэр Цолмон, Сахал Пүүжээ хоёр маань Хятад руу явж төмрөө тушаагаад 17 мянган ам.доллар авч ирж байлаа шүү дээ. МоАХ-ны данс тооцоо хөтөлдөг нэг дэвтэр байсан юм. Тэрэндээ тэр тэдэн төгрөг хандивласан, тийм юм өглөө гэж бүртгэдэг. Би ГАЗ 53 машины мотор хандивлаж, түүнийг нь зараад МоАХ-ны орлого болгож билээ. Холбооны анхны санхүүгийн дарга Бат-Ирээдүй гэж байсан юм. Бат-Ирээдүй бүгдийг нь бүртгэж аваад, данс тооцоогоо хөтөлнө. Тиймэрхүү маягаар л МоАХ-гоо өөд нь татах гэж явсан. “Шинэ үе” гэдэг сонингоо зарж, МоАХ-ндоо мөнгө цуглуулж ч байлаа.
    
-Саяхан МоАХ-ны анх­дагчдаа тодруулж, хаана ажиллаж, амьдарч байгааг нь тогтоох ажил хийж байгаа дуулдсан. Та тэр уулзалтад очсон уу?
-Анхны дугуй заалны цуглааныхан уулзсан юм. 30-аад хүн л ирлээ. Дахиад ч уулзалдахаар боллоо. Сүүлийн үед Ардчиллын партизан гэж өөрийгөө нэрлэсэн хүн олон болжээ. Тухайн үеийн жагсаал, цуглаанд гар бие зүтгэсэн хүмүүсийг нэг танихгүй нөхөр гарч ирээд л “Та нар юу вэ, хаана байсан юм бэ” гээд байвал манай анхдагчдын дургүй хүрнэ биз дээ. Тийм хүмүүс их байна. Хаанаасаа ч сонссон юм уулзалтад ирчихээд дундуур нь худлаа яриад. Тэгээд бид нэг хүн таван хүнийг гэрчилж, ба­талгаажуулахаар болсон юм.

-Гэрчилнэ гэхээр энэ хүн үнэхээр партизан мөн гэж тодруулж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Дүүрэг дээрх бүрт­гэлийг нь шүүж үзэж байгаа. Манай Чингэлтэй дүүрэгт гэхэд 360 хүн ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэж ирсэн. Тэр дундаас шүүгээд, тодруулаад үзэхээр 48 нь л баталгаажсан. 48-аас нь Ардчилсан холбоонд авч ирээд дахиад шүүхээр 36 нь үлдэж байх жишээтэй. 

-Яагаад урьд өмнө нь ингэж тодруулаагүй юм бол?
-Хүний эрх гэж байна. Энэ ажлыг манай анхдагчид өөрсдөө санаачилга гаргаж хийж байгаа. Цагаан сараар золголт хийхээр таних, танихгүй маш олон хүн ирдэг. Тэгэхээр нь нэг удаа Дарь.Сүхбаатартай бид хэд ярьсан. Хаа хамаагүй хүмүүс орж ирээд л би МоАХ-ны анхдагч, партизан гэдэг болж. Жинхэнэ зүтгэж явсан хүмүүсээ тодруулъя гэж шийдсэн юм.
Бид өөрсдийгөө овойлгож, дөвийлгөх гээгүй. Үнэн үнэнээрээ л байя. Засгийн газрын ордныг Төрийн далбаа бариад тойрох болдог юм байна. Тэгэхэд Төрийн далбаа барих хүн олдоогүй л байхгүй юу. Айгаад барьж чадахгүй. Гэтэл Төрийн далбаа бариад жагссан хүн маань одоо гудамжинд явж байна. Тийм хүмүүсээ л уг нь гаргаж ирмээр байгаа юм.

-Тодруулах ёстой хүмүүсээс сураг нь гарахгүй байгаа нь хэр олон байна вэ?
-Нэлээд хэд байна. Чингэлтэй дүүрэгт л гэхэд хоёр хүн ерөөсөө олдохгүй байгаа. Жишээлбэл, Польш Намжил гэдэг зурагчин залуу МоАХ-нд 15 мянган төгрөг хандивласан юм. Тухайн үеийн 15 мянган төгрөг гэдэг их мөнгө. Тэр хүнийг одоо олохгүй байна. Энэ мэтээр хүмүүсээ олж холбоо барих гээд манай хэд явж байна.  

0 Сэтгэгдэл
polsh namjil um maani bad me xum bolson shyy
Хамгийн их уншсан